Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 182/ШШ2017/00739

 

  

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

 Нэхэмжлэгч:  Д.Б-,

Нэхэмжлэгч: Ш.Т- нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д.Д-,

Хариуцагч: Б.О-

Хариуцагч: Д.П нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 10,485,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б-, Ш.Т-, хариуцагч Б.О- Д.Д-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Б-, Ш.Т- нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Д.Д-, Д.П, Б.О- нартай 2015 оны 05 сарын 31-ний өдөр Амины орон сууц барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажлын хөлсийг 10,000,000 төгрөгөөр, дээврийн ажлыг 5,000,000 төгрөгөөр тохирч 2015 оны 06 сарын 08-ны өдөр 3,000,000 төгрөг, 2015 оны 07 сарын 28-ны өдөр 4,000,000 төгрөг нийт 7,000,000 төгрөг төлсөн. Үлдэх 8,000,000 төгрөгийг шатны ажлыг хийж дуусгахаар төлнө. Барилгын ажил гүйцэтгэх гэрээ энэ зээлтэй хамаагүй. Барилгын ажил хийж байхдаа биднээс 2015 оны 7 сарын 10-ны өдөр 5,000.000 төгрөгийг нэг сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй авсан. Зээлийн хүү 2,605,000 төгрөг болсон байгаа. 2015 оны 8 сарын 26-ны өдөр 1,500,000 төгрөг, 2015 оны 9 сарын 12-ны өдөр 400,000 төгрөг, 2015 оны 11 сарын 12-ны өдөр 110,000 төгрөгийн үнэтэй автомашины аккумляторыг зээлээр авсан тул 10,485,200 төгрөгийг гаргуулна гэв.

Хариуцагч Д.Д-, Б.О- нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид гэр бүлээрээ 3 давхар барилгын ажлыг 2015 оны 05 сарын 31-ний өдөр Амины орон сууц барилгын ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулж ажлын хөлсийг 10,000,000 төгрөгөөр, дээврийн ажлыг 5,000,000 төгрөгөөр амаар тохирч хийсэн. Шатны ажил жаахан дутуу байгаа энэ талаар маргахгүй. Бүтэн 3 давхар байшин бариулаад өгсөн хөлсөө өнөөдөр хүүтэй мөнгө зээлсэн мэтээр хүүгийн хамт нэхэж байгааг үнэхээр гайхаж байна. Ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлс 15,000,000 төгрөгөөс 14,715,000 төгрөг авсан. Зээл авч байгаагүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

  

Нэхэмжлэгч Д.Б-, Ш.Т- нар хариуцагч Д.Д-, Д.П. Б.О- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,485,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Д.Д-, Д.П. Б.О- нар зээлийн гэрээ байгуулж, мөнгө аваагүй, ажлын хөлс авсан гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Б-, Ш.Т- нар шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн гэрээний үүрэгт 7,770,200 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,605,000 төгрөг, аккумляторын үнэ 110,000 төгрөг нийт 10,485,200 төгрөг гаргуулахаар шаардаж, 2015 оны 7 сарын 10-ны өдөр 5,000.000 төгрөгийг 3 хувийн хүүтэй, нэг сарын хугацаатай авсан тул өнөөдрийг хүртэлх төлөгдөөгүй хүүгийн төлбөр 2,605,000 төгрөг, 2015 оны 8 сарын 26-ны өдөр 1,500.000 төгрөг, 2015 оны 9 сарын 12-ны өдөр 400.000 төгрөг хүүгүй зээлүүлсэн гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа зээлийн гэрээний үүрэгт 10,485,200 төгрөг гаргуулахаар тодорхойлж, Амины орон сууц барилгын ажил гүйцэтгэх гэрээний хөлс 7,000,000 төгрөг бэлнээр төлсөн бөгөөд үлдэх 8,000,000 төгрөгийг барилгын зарим ажлыг хийж дуусгахаар төлнө гэж мэтгэлцэж байна.

 

Хариуцагч Д.Д-, Б.О- нар нэхэмжлэгч Д.Б-, Ш.Т- нараас 2015 оны 7 сарын 10-ны өдөр 5,000.000 төгрөг, 2015 оны 8 сарын 26-ны өдөр 1,500.000 төгрөг, 2015 оны 9 сарын 12-ны өдөр 400.000 төгрөг, 2015 оны 11 сарын 12-ны өдөр 110.000 төгрөгийн үнэтэй автомашины аккумлятор авсан талаараа маргахгүй зөвшөөрч, харин 2015 оны 05 сарын 31-ний өдөр Амины орон сууц барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажлын хөлсийг 10,000,000 төгрөгөөр, дээврийн ажлыг 5,000,000 төгрөгөөр амаар тохирч барилгын ажлыг гүйцэтгэж, 2015 оны 06 сарын 08-ны өдөр 3,000,000 төгрөг, 2015 оны 07 сарын 28-ны өдөр 4,000,000 төгрөг, 2015 оны 8 сарын 26-ны өдөр 1,500.000 төгрөг, 2015 оны 9 сарын 12-ны өдөр 400.000 төгрөг, 2015 оны 11 сарын 12-ны өдөр 110.000 төгрөгөөр тооцож автомашины аккумлятор нийт 14,715,000 төгрөг авсан гэж тайлбарлаж байгааг нэхэмжлэгч нар үгүйсгэж чадахгүй байна.

 

  Нэхэмжлэгч Д.Б- 2015 оны 7 сарын 10-ны өдөр 5,000.000 төгрөгийг 3 хувийн хүүтэй, нэг сарын хугацаатай өгсөн үндсэн зээл 3,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,605,000 төгрөг шаардсан боловч зээлийн гэрээ байгуулсан болохоо баримтаар нотлоогүй, зээл олгосон гэх /хх-ийн 3 талд/ авагдсан баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд талуудын хооронд зээлийн гэрээний үүрэг үүсээгүй болох нь  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 09-ны өдрийн 102/ШЗ2016/01076 дугаартай шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт “Нэхэмжлэгч Д.Б-, Ш.Т- нар хариуцагч Д.Д-, Д.П. Б.О- нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 9,610,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, хариуцагч нарын тайлбараар тогтоогдсон гэж үзлээ.

 

Иймд хариуцагч Д.Д-, Д.П. Б.О- нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10,485,200 төгрөг гаргуулах тухай Д.Б-, Ш.Т- нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Талууд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын аманд байрлах 12х12 хэмжээтэй 3 давхар Амины орон сууцны барилгын ажлын гүйцэтгэл, чанар байдлын талаар болон, хариуцагчийг эрэн сурвалжилхад гарсан зардлаа жич нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагч Д.Д-, Д.Пг итгэмжлэлээр төлөөлөн /хх-ийн 13 талд/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүх хуралдаанд оролцож байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дах хэсэгт заасан зохицуулалттай нийцсэн гэж үзнэ.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                   ТОГТООХ НЬ:  

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг баримтлан хариуцагч Д.Д-, Д.П. Б.О- нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10,485,200 төгрөг гаргуулах тухай Д.Б-, Ш.Т- нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б-, Ш.Т- нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182,712 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.НАРАНГЭРЭЛ