Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сандагдоржийн Төмөрбат |
Хэргийн индекс | 128/2018/0673/З |
Дугаар | 797 |
Огноо | 2018-12-10 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 797
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны гутгаар танхимд нээлттэй, Ю Э Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Ю Э Д” ХХК-ийн эзэмшлийн хашааг нураасан үйлдлийг захиргааны акт гэж тооцож байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгуулах” шаардлага бүхий Н Г а-д холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н Г а орлогч дарга Д.Н гэгч нь хуулиар олгогдсон эрх мэдэлгүй атлаа “Н У” ХХК-ийн хүсэлтээр нэгхэн өдрийн дотор буюу 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 02-06/2075 дугаар албан бичгээр мэдэгдэл хүргүүлэн манай компанийн хашааг буулгаж, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн дотор зөрчил арилгахыг мэдэгдсэн ч компанийн зүгээс Нийслэлийн Засаг дарга болон холбогдох байгууллагад хандан энэхүү мэдэгдлийн талаар гомдол хүсэлтүүдээ гаргасан болно.
Гэтэл Н Г а мэргэжилтэн Б.В нь 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 30 минутанд ямар ч бичиг баримт үзүүлэхгүйгээр 2 ачааны машинтай, хөлсний 6 этгээдүүдийг дагуулан албан бус байдалтайгаар “Н У” ХХК-ийн эрх ашгийн төлөө манай компанийн эд хөрөнгөд халдаж эвдэн сүйтгэж, хашааг хууль бусаар нураасан үйлдэл гаргасан.
Дээрх Н Г а орлогч дарга Д.Н, мэргэжилтэн Б.В нараас улбаатай Н Г а-ны хууль бус үйлдлүүдийн талаар Нийслэлийн Засаг даргад 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 18052401 дугаар албан бичгээр гомдол гаргасан боловч өнөөх Н Г а-аас 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 01-04/3002 албан бичгээр хариу өгсөнийг бидний зүгээс эс зөвшөөрч шүүхэд хандаж байна.
Бидний зүгээс мэргэжилтэн Б.В-д энэ хууль бус байдлын талаар тухайн үед хэлэхэд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/168 дугаар захирамжийг үндэслэж байгаа гэсэн боловч Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 83 дугаар зүйлийн 83.1.4 дэх хэсэг, мөн хуулийн 9******* зүйлийн 91.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх захирамжийг манай компанид огт танилцуулаагүй, /захирамж болон хавсралтад манай компанийн талаар огт дурдаагүй/ хуульд заасан сонсох ажиллагаа хийгээгүй, гомдол хүсэлтийг харгалзалгүй компанийн хөрөнгөөр барьж байгуулсан хашааг хүч хэрэглэн хууль бусаар буулгаж компанид эдийн засгийн хохирол учруулсан нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа тул манай компанийн эзэмшлийн хашааг нураасан үйлдлийг захиргааны акт гэж тооцож байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/895 дугаар захирамжаар “Ю Э Д” ХХК-нд С******* дүүрэг, ******* хорооны нутаг дэвсгэрт ******* баруун эрэгт байршуулан нэгж талбарын ******* дугаар бүхий 768 м.кв газрыг худалдаа үйлчилгээ, конторын зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн гэрээ байгуулж гэрчилгээ олгосон байдаг.
“Н У” ХХК-ийн өөрийн эзэмшлийн газраасаа хэтрүүлэн нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй хашаа барьсан зөрчлийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас газар чөлөөлөх мэдэгдэл хүргүүлсний дагуу тус компани нь нийтийн эзэмшлийн зам талбайг хааж өөрийн барьсан байсан бетон хашааг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасны дагуу 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр зөрчлөө арилгасан боловч “Ю Э Д” ХХК нь эзэмшил газраасаа хэтрүүлэн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр буулгасан хашааны ором дээр нийтийн эзэмшлийн зам талбайг хааж хашаа барьсныг манай албанаас 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 02-06/2075 дугаар албан бичгээр нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй хашаа барьсан зөрчлөө арилгахыг даалгуулж 1 хоногийн хугацаатай мэдэгдэл хүргүүлсний дагуу 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр СБД-ийн Г а-тай хамтран зөвшөөрөлгүй барьсан хашааг холбогдох хууль тогтоомжийн дагуу буулгах арга хэмжээг авсан.
Иймд зөвшөөрөлгүй барьсан хашааг хууль дүрмийн дагуу чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх “Ю Э Д” ХХК-ийн Н Г а-д холбогдуулан гаргасан хашаа нураасан үйлдлийг хууль бус болохыг тогтоох, хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь “хариуцагч хашаа нураах шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй, хариуцагчид гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй байхдаа шийдвэрээ гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашгийг зөрчсөн” гэж маргасан.
Нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/895 дугаар захирамжаар “Ю Э Д” ХХК-д С******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ, конторын зориулалтаар 767 м.кв талбайг 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн бөгөөд нэхэмжлэгч нь уг газартаа зориулалтын дагуу барилга барьсан байна.
Н Г а-ны 2018 оны 04 дүгээр сарын 25-ний өдрийн 02-06/2075 дугаар албан бичгээр зохих зөвшөөрөлгүйгээр өөрийн эзэмшиж байгаа газрын талбайн хэмжээг хэтрүүлэн илүү талбай ашиглаж, нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй хашаа барьж авто зогсоол хийсэн зөрчлийг арилгаж, газар чөлөөлөхийг мэдэгдсэн бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Н Г а “Ю Э Д” ХХК-ийн барьсан хашааг буулгаж, газрыг чөлөөлжээ.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-д “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-т ”Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасныг нэхэмжлэгч “Ю Э Д” ХХК зөрчиж эзэмшил газраас хэтрүүлэн хашаа барьж, автомашины зогсоолын зориулалтаар ашиглаж байсан болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон болно. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд эрх бүхий захиргааны байгууллагын шийдвэргүй, газар эзэмших эрхийн гэрчилгээгүй маргаан бүхий газрыг хашаалсан тухайгаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэхүү үйл баримтын талаар маргаагүй болно.
Иймд Н Г а-ны 2018 оны 04 дүгээр сарын 25-ний өдрийн 02-06/2075 дугаар албан бичгээр “Ю Э Д” ХХК-д өгсөн мэдэгдэл болон газар чөлөөлсөн ажиллагаа нь Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж заасан хуулийн зохицуулалтад нийцсэн гэж шүүхээс дүгнэлээ.
Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/980 дугаар захирамжаар С******* дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт “Ю Э Д” ХХК-ийн хууль бусаар эзэмшиж байсан газрыг хамруулан нийт 1939 м.кв газрыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт хатуу хучилттай авто замын зориулалтаар эзэмшүүлсэн байна. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхээс хийсэн газрын үзлэгээр “Ю Э Д” ХХК-ийн үйлчилгээний барилга болон “М” орон сууцны дундуур хатуу хучилттай авто замын ажил хийгдэж байгаа болох нь тогтоогдсон тул хэн нэгэн этгээдийн эзэмшил, ашиглалтад байхгүй байгаа газрыг нийтийн эзэмшлийн зориулалтаар ашиглахаар гаргасан төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг буруутгах боломжгүй.
Мөн “Ю Э Д” ХХК 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 16 дугаар албан бичгээр Н г а-д барилга байгууламжийн орчны газар болох 547,31 м.кв газар нэмж эзэмших хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2018 оны 1******* сарын 27-ны өдрийн А/111******* захирамжаар нийтийн эзэмшилд шилжүүлсэн газарт хамаарахгүй хэсэг болох 333 м.кв орчны газрыг тус компанид эзэмшүүлэхээр шийдвэрлэж нэхэмжлэгч нь нийт 1100 м.кв газар эзэмших болсон байна.
Иймд Н Г а-аас хууль бусаар эзэмшсэн газрыг чөлөөлөх мэдэгдлийг хуульд заасны дагуу “Ю Э Д” ХХК-д хүргүүлж, тухайн газрыг чөлөөлсөн, нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу нийтийн эзэмшил газарт хамаараагүй орчны газрыг эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан байх тул “хариуцагч нь хашаа нураах шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй, хариуцагчид гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй байхдаа шийдвэрээ гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашгийг зөрчсөн” гэх нэхэмжлэгчийн тайлбар, мэтгэлцээн нь үндэслэлгүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасныг баримтлан “Ю Э Д” ХХК-иас Нийслэлийн Газрын албанд холбогдуулан гаргасан “Ю Э Д” ХХК-ийн эзэмшлийн хашааг нураасан үйлдлийг захиргааны акт гэж тооцож байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 5******* зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ТӨМӨРБАТ