Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2022/0717

 

                     

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                      захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гомдол гаргагчийн төлөөлөгч Х.Г

Гомдлын шаардлага: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0299555 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 661 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н

Хариуцагч Т.С, Ц.Б

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн

Хэргийн индекс: 128/2021/0176/З

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Гомдол гаргагч Г ХХК-аас “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.С, Ц.Б нарт холбогдуулан “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0299555 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 661 дүгээр шийдвэрээр:

2.1. Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийг тус тус баримтлан Г ХХК-аас гаргасан “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0299555 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн төлөөлөгч Х.Г дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “... Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн ТУБ Т.С, Ц.Б нар манай компанийн 2016 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0299555 дугаар шийтгэлийн хуудсаар 2016 онд 5608678 регистрийн дугаартай "Тансаг өндөр констракшн" ХХК-аас "бараа, материал худалдан авсан 688,771,825.97 төгрөгийн үнийн дүн бүхий бараа материал худалдан авсан мэтээр хуурамч бичилт хийлгэн, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоос хасч, албан татвар ногдуулах орлогыг бууруулсан" гэх үндэслэлээр 68,877,182.60 төгрөгийн нөхөн татвар, 20,663,182.60 төгрөгийн торгууль, 16,877,182.60 төгрөгийн алданги нийт 106,426,277.20 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч шүүхэд хандсан. Анхан шатны шүүхээс гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхээс нотлох баримтуудыг дутуу үнэлж, процессын ажиллагааг орхигдуулсан гэж үзэж байна.

3.2. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 9 дүгээр нүүр 1-р мөр ... Т ө к ХХК-аас бодит худалдан авалт нэмэгдсэн өртгийн албан татвартай дүнгээр хийсэн болох нь баримтаар тогтоогдохгүй гэж үзсэн талуудын хооронд хийгдсэн гэрээ, анхан шатны ... баримтууд болох төлбөрийн падаан зэрэг нь хэрэгт авагдсан. Мөн талуудын татварын тайлан зэргээр хоорондын бодит худалдан авалт нь тогтоогдож байгаа билээ. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд Т ө к ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, тайлбар, мэдүүлэг авхуулах, тус худалдан авалтын талаар баримт материал гаргуулахаар хүсэлт гаргаж шүүгч захирамж гарган оролцуулахаар болсон хэдий ч тус процессыг орхигдуулсан. Т ө к ХХК-ийг шүүх хуралд оролцуулах нь хэрэгт чухал ач холбогдолтой бөгөөд бидний хооронд хийгдсэн худалдан авалтыг бодит, НӨАТ-тэй худалдан авалт байсныг нотлох чухал ач холбогдолтой юм.

3.3. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 9 дүгээр нүүр 3 дугаар мөр ... анхан шатны баримтуудын кассын зарлагын баримт нь дугааргүй, кассын нярвын гарын үсэггүй, "Тансаг өндөр констракшн" ХХК-ийн кассын орлогын баримт нь ерөхий захирал, ерөнхий нягтлан, шалгасан нягтлан бодогчийн гарын үсэггүй зэрэг анхан шатны баримт Нягтлан бодох бүртгэлийн хуулийн шаардлага хангахгүй ... гэж үзсэн. Хэрэгт авагдсан тус баримтууд нь талуудын эрх бүхий албан тушаалтны гарын үсэгтэй. Тухайн хуулийн этгээд болох "Тансаг өндөр констракшн" ХХК нь баримтын бүрдлийг хэрхэн бүрдүүлж авдаг эсэх талаар нягтлан шалгаагүй байна.

3.4. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 9 дүгээр нүүрний 4 дүгээр мөр ... нийлүүлсэн бараа материалыг ХК гаалийн импортын мэдээгээр импортлоогүй ... гэж үзсэн. Т ө к ХХК нь 2016 онд цагаан будаа импортолсон талаар гаалийн мэдээ ирсэн хангалтгүй бөгөөд өмнөх жилүүдэд импортолсон бараа бүтээгдэхүүнээ манайд зарсан байж болох юм тус асуудлыг мөн мухарлан шалгаагүй байна. Зевхен тухайн оны импортын мэдээнд үндэслэсэн нь хангалтгүй юм.

3.5. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 10 дугаар нүүр 2 дугаар мөр ... нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь дангаар нэмэгдсэн өртгийн албан татвар төлснийг нотлохгүй, худалдан авагч нь борлуулагчид НӨАТ төлснийг хөндлөнгийн этгээд болох банкны гүйлгээ, төлбөрийн нэхэмжлэл, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох мөнгөн хөрөнгийн тайлан, бусад санхүүгийн баримтуудаар нотлох ... гэж үзсэн бөгөөд шүүх анхан шатны баримтуудыг бүрэн үнэлээгүйгээс гадна мөнгөн хөрөнгийн тайлан зэргийг худалдан авалтад оролцогч талуудаас шаардан гаргуулаагүй байна.

Дээрх процессын дутуу ажиллагаануудыг хангаж шүүх хэргийг шийдэх ёстой байсан бөгөөд манай компанийн эрх ашгийг зөрчиж байгаа анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Тус үндэслэлүүдийг харгалзан үзэж шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гомдол гаргагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж  шийдвэрлэлээ.

2.1. Шүүх дараах үндэслэлээр гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

2.2. Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.С, Ц.Б нар Г ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс 2016 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, Татварын хяналт шалгалтын тасгийн даргын 26180400198 тоот томилолтоор 2018 оны 04 дугаар сарын 02-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, 688.771.825.97 төгрөгийн зөрчилд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 0299555 тоот шийтгэлийн хуудсаар 68.877.182.60 төгрөгийн нөхөн татвар, 20.663.154.80 төгрөгийн торгууль, 16.885.939.80 төгрөгийн алданги нийт 106.426.277.20 төгрөгийн төлбөр ногдуулсныг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргажээ.

2.3. Анхан шатны шүүх тус компанийн зөрчлийг өмнө нь эрүүгийн журмаар шалгуулахаар улсын байцаагчийн дүгнэлт бичигдсэн ч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийлгэхээр буцаасан талаар, татварын хяналт шалгалтын томилолт гарч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдсан талаар, мөн зөрчлийн тооцооллын тухайд хэрэгт авагдсан баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байна.   

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/ -ийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна”, 7.1.1-т Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ”, 14 дүгээр зүйлийн 14.1-т Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойшх хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно”, 14.1.1-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн”, 14.5-т “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж, Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1-т “Татвар төлөгч дараахь үүрэг хүлээнэ”, 18.1.1-т татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” гэж тус тус хуульчилжээ.

2.4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Г ХХК нь цахилгаан хөдөлгүүр угсралт, суурилуулалт, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болох нь, түүнчлэн Улаанбаатар төмөр зам Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Улаанбаатар татах хэсэгтэй 2015, 2016 онд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ[1]-ээр урсгал засварын ажил болох агаар шахах компрессорын хөдөлгүүрийн статорын их засварын ажил, цахилгаан моторын их засварын ажил, илчит тэрэгний цахилгаан машины их засварын ажил, мотор, генераторын засварын ажил үйлчилгээ гүйцэтгэсэн болох нь тус тус тогтоогдсон, хэргийн оролцогч нар үүнтэй+ч маргаагүй байна.

Харин хариуцагч нар “тодорхой дүн бүхий дотоодын худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татвартай дүнгээр падаанд бичиж, тайлагнасан байх боловч Т ө к ХХК-аас бодит худалдан авалт нэмэгдсэн өртгийн албан татвартай дүнгээр хийсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэж зөрчилд тооцож, төлбөр ногдуулсныг шүүх үндэслэлтэй гэж үзсэн нь зөв байна.

2.5. Хариуцагч нар нь Г ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс 2016 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, Г ХХК нь Т ө к ХХК-ийн бичсэн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 0022384994 дугаартай падаанаар 105.600.000 төгрөг /НӨАТ-гүй 96.000.000/-ийн, 4 дүгээр сарын 30-ны өдрийн 0023044524 дугаартай падаанаар 391.500.000 төгрөг /НӨАТ-гүй 355.909.090.9/-ийн, 5 дугаар сарын 31-ний өдрийн 0024228510 дугаартай падаанаар 101,350,000 төгрөг /НӨАТ-гүй 92.136.363.6/-ийн, 6 дугаар сарын 30-ны өдрийн 00107623906 дугаартай падаанаар 270,450,000 төгрөг /НӨАТ-гүй 245.863.636/-ийн, 7 дугаар сарын 31-ний өдрийн 00284858387 дугаартай падаанаар 1.000.000.000 төгрөг /НӨАТ-гүй 90.909.090.9/-ийн, 8 дугаар сарын 03-ны өдрийн 435509893 дугаартай төлбөрийн баримтаар 254.960.000 төгрөг /НӨАТ-гүй 231.781.818/-ийн, 10 дугаар сарын 31-ний өдрийн 803300082 дугаартай төлбөрийн баримтаар НӨАТ-гүй 90.720.000 төгрөгийн, 11 дүгээр сарын 30-ны өдрийн 983692714 дугаартай төлбөрийн баримтаар НӨАТ-гүй 147,270,000 төгрөгийн, нийт 1.350.590.000 төгрөгийн худалдан авалтыг 2016 оны 3, 4, 5, 6, 7, 8, 10, 11 дүгээр сарын тайланд тусгасан нь тогтоогдсон, хэргийн оролцогчид энэ үйл баримттай маргаагүй байна.

2.6. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан Г ХХК-ийн Т ө к ХХК-тай 2016 оны 2, 5, 7, 10 дугаар сард холхивч, зэс утас, зэс лист, бура, секц ороомог, якорийн гол зэрэг бараа худалдан авахаар байгуулсан гэрээ[2],  тодорхой нэр төрлийн барааг орлогод авсан[3] бараа материалын орлогын баримт,  бэлэн мөнгөөр төлбөр хийсэн кассын зарлагын баримт, кассын орлогын баримт, касс харилцахын түүвэр[4] зэрэг баримтуудыг үнэлж, дүгнэн “... татвар төлөгчийн бүрдүүлсэн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны эдгээр баримтуудыг кассын зарлагын баримт нь дугааргүй, кассын нярвын гарын үсэггүй, Т ө к ХХК-ийн кассын орлогын баримт нь ерөнхий захирал, ерөнхий нягтлан, шалгасан нягтлан бодогчийн гарын үсэггүй зэрэг анхан шатны баримт нягтлан бодох бүртгэлийн хуулийн шаардлага хангахгүй тул тухайн худалдан авалт нь бодитоор хийгдсэн нь тогтоогдоогүй ...” гэх дүгнэлт, үндэслэлээр маргаан бүхий шийтгэлийн хуудсаар төлбөр ногдуулсан хариуцагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн нь зөв байна.

2.7. Учир нь, хэрэгт авагдсан анхан шатны баримтууд  болох кассын зарлагын баримтуудад ерөнхий захирал, ерөнхий нягтлан бодогч, кассын нярав нарын гарын үсэг байхгүй, кассын зарлагын ордер номергүй байна. Кассын орлогын баримт, касс харилцахын түүврүүдэд хүлээлгэн өгсөн эд хариуцагчийн гарын үсгийн тайлал байхгүй, хүлээн авагчийн гарын үсэг, нэрийн тайлал байхгүй байна.

2.8. Иймд Т ө к ХХК-ийн нягтлан бодох бүртгэлийн кассын зарлага болон орлогын баримтууд нь дугааргүй, кассын нярвын гарын үсэггүй, кассын орлогын баримт нь компанийн ерөнхий захирал, ерөнхий нягтлан, шалгасан нягтлан бодогчийн гарын үсэггүй, кассын зарлагын ордер номергүй, хүлээн авагчийн гарын үсэг, нэрийн тайлал байхгүй байх тул эдгээр баримтыг худалдан авалт бодитой хийгдсэнийг нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй байна гэж анхан шатны шүүх Г ХХК-ийг “нэмэгдсэн өртгийн албан татвартай дүнгээр худалдан авалт хийсэн нь тогтоогдохгүй, төсөвт төлөх татварыг үндэслэлгүйгээр бууруулсан гэж үзэж татвар нөхөн ногдуулсан татварын улсын байцаагч нарыг буруутгахааргүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

2.9. Мөн хэрэгт авагдсан Т ө к ХХК-ийн гаалийн импортын мэдээ[5]-нд  “2015-2016 онд цагаан будаа, үхрийн шир, ямааны арьс, хонины угаасан ноос” зэргийг импортолсон байх тул анхан шатны шүүх “... Г ХХК нь Улаанбаатар төмөр зам Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгт гэрээгээр гүйцэтгэсэн ажил үйлчилгээнд ашигласан гэх ... бараа материалыг Т ө к ХХК гаалийн импортын мэдээгээр импортлоогүй, ... гаалийн импортын мэдээнээс үзэхэд 2015 онд 1,5 тэрбум төгрөгийн цагаан будаа импортолсон, 2015, 2016 онд 630 сая төгрөгийн малын түүхий эдийг хагас боловсруулж оруулсан … Г ХХК-д нийлүүлсэн гэх сэлбэг, хэрэгсэл импортлоогүй, эдгээр сэлбэг хэрэгсэл нь дотоодод үйлдвэрлэгддэггүй тул Т ө к ХХК-ийн хувьд энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаггүй нь тогтоогдсон ...” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

2.10. Дээрх үндэслэлээр гомдол гаргагчийн “... Т ө к ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, тайлбар, мэдүүлэх авхуулах, тус худалдан авалтын талаар баримт материал  гаргуулах ...гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

2.11. Ийнхүү анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан гомдол гаргагч Г ХХК-ийн “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 0299555 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 641 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

  

 

                     ШҮҮГЧ                                                        Т.ЭНХМАА

 

                        ШҮҮГЧ                                                         О.ОЮУНГЭРЭЛ

 

                      ШҮҮГЧ                                                         Н.ХОНИНХҮҮ 

 

 

[1] 2-р хх-ийн 163-176-р хуудас

[2] 1-р хх-ийн 24-34-р хуудас

[3] 1-р хх-ийн 137-165-р хуудас

[4] 1-р хх-ийн 166-219-р хуудас

[5] 3-р хх-ийн 12-13-р хуудас