| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 186/2020/0841/э |
| Дугаар | 2021/ШЦТ/119 |
| Огноо | 2021-02-09 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | А.Ариунаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ,
Улсын яллагч: А.Ариунаа,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Баяржаргал,
Шүүгдэгч Т.Д түүний өмгөөлөгч У.Түвшинжаргал, Б.Дима, нарыг оролцуулан тус шүүхийн танхим хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дэгдээ овогт Түмэнжаргалын Д холбогдох эрүүгийн 20030005310457 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Хөлөг авто засварын газарт засварчин ажилтай, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 36 дугаар гудамжны 135 тоотод оршин суух албан ёсны хаягтай боловч Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, 20-6796 тоотод оршин суудаг, Ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, Дэгдээ овогт Т Д, /РД:КК94040417/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: / яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Т.Д нь 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 16 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр байрлах “Цахим Ам” хүнсний дэлгүүрийн урд замд “Volkswagen Polo” маркийн 72-10 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т заасан заалтыг зөрчиж ухрах үйлдэл хийсний улмаас явган зорчигч Б.Эрдэнэчимэгийг мөргөж, түүний амь нас хохирсон гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2003005310457 тоот эрүүгийн хэргээс:
Шүүгдэгч Т.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэрэг явдал болоод 3 сар болж байна. Энэ хугацаанд эдгээр хүмүүс нэг ч удаа холбоо барьж уучлалт гуйгаагүй. Мөн хохирол төлбөр төлөх талаар ямар ч санаачилга гаргаагүй. Мөн өнөөдрийг хүртэл хохирол төлбөр огт төлөөгүй байна. Иймд миний зүгээс гомдолтой байна гэв.
Хууль ёсны төлөөлөгч Ю.Баяржаргалын “...Би тэр даруй эмнэлэг дээр яваад очих үед ээж маань ухаан нь орж гараад байж байсан. Цэргийн эмнэлэг яаралтай Гэмтлийн эмнэлэгт үзүүл гэхээр нь Гэмтлийн эмнэлэг рүү шилжүүлсэн. Гэмтлийн эмнэлэг дээр ээж маань очоод удаагүй 30-40 минутын дараа нас барсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 26 хуудас/
Гэрч Ч.Сайханчулууны “...Ослыг би хараагүй осол болсны дараа хохирогчийн автомашин доороос татаж гаргаад жолооч толгой хэсгээс нь бариад сууж байхад нь ослын газарт очсон...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 35 хуудас/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Энхцолмонгийн “1.Талийгаач Б.Эрдэнэчимэгийн цогцост өвчүү ясны хоёрлосон хугарал, баруун талын 1-9-р хавирга, зүүн талын 1-11-р хавирганы далд хугарал, цээжний хөндийн цус хуралдалт /100 мл/, умдаг ясны баруун, зүүн салаа, ууцны олон яс уулзах үений хоёр талын аарцгийн цагариг тасарсан хугарал, бүсэлхийн 3-р нугалмын арын сэртэн, баруун богтос, шуу, зүүн атгаалын далд хугарал, дух, баруун зулай, чамархайн хуйхны дотор гадаргуу, баруун чамархайн булчингийн цус хуралт, уушгины уг, элэгний хадуур, дугуй хэлбэрийн холбоос, цөсний хэвтэшний цус хуралт, дух, хамрын нуруу, хоёр нүдний доод зовхи, хацар, хамрын баруун угалз, эрүү, зүүн сарвуу, зүүн өвдөг, ууцны зулгаралт, баруун бугуйн үе, зүүн мөр, баруун бугалга, тохой, бэлэг эрхтэн, зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал зам тээврийн ослын үед босоо болон хэвтээ байрлалд мөргөгдөх, дайрагдах үед үүснэ. 6. Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ...” гэх 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2343 дугаартай дүгнэлт, /хавтаст хэргийн 73-78 хуудас/
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчийн магадалгаа дахь 1 .Жолооч Т.Даваажаргал нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14 дэх заалт “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.” гэсэн магадалгаа, /хх-ийн 86-87 хуудас/
Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын лавлагааны хуудас, /хавтаст хэргийн 5 хуудас/
2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хавтаст хэргийн 8-13, 16-17 хуудас/
Цогцсын гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хавтаст хэргийн 19-22 хуудас/
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл дэх “...Энэ үед урдаасаа чиглэлд цагаан саарал өнгийн малгай, хар богино хувцастай настай эмэгтэй хүн зүүн гартаа жижиг зүйл барьсан алхаад автомашины зүүн талаар яваад хойд дугуйны харалдаа очих үед 16:51:57 цагт автомашин хойшоо ухрах үйлдэл хийж хойд дугуйгаараа зүүн хойд хөл рүү нь 16:59:39 цагт мөргөж газар унагааж, 16:52:04 цагт автомашин зогсож ухрах үйлдлээ дуусгаад урагшаа буюу зүүн чиглэлтэй 15:52:05 цагт хөдөлнө, энэ үед автомашинд мөргүүлсэн хүн баруун хойшоо харан хэвтэж байгаад автомашиныг өөр лүү нь хөдлөх үед зүүн тийшээ эргэж босох үйлдэл хийх үед нь автомашин урд хоёр дугуйгаараа дээгүүр нь 16:52:11 цагт гарч зогсоод 15:52:18 цагт жолооч автомашинаас бууж зүүн талд газар өвдөглөн автомашины доогуур харж хүн мөргөснөө мэдэж баруун талаар нь гүйн очиж мөргөж дайрсан хүнээ автомашины доогуур доод талаас татан гаргаж байлаа...” гэх тэмдэглэл, /хавтаст хэргийн 24 хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Днь 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 16 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр байрлах “Цахим Ам” хүнсний дэлгүүрийн урд замд “Volkswagen Polo” маркийн 72-10 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т заасан заалтыг зөрчиж ухрах үйлдэл хийсний улмаас явган зорчигч Б.Эрдэнэчимэгийг мөргөж, түүний амь нас хохирсон болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Баяржаргалын...Гэмтлийн эмнэлэг дээр ээж маань очоод удаагүй 30-40 минутын дараа нас барсан...гэсэн мэдүүлэг /хх 26/...гэрч Ч.Сайханчулууны...хохирогчийн автомашин доороос татаж гаргаад жолооч толгой хэсгээс нь бариад сууж байхад нь ослын газарт очсон...гэсэн мэдүүлэг.../хх 35/...камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2343 дугаартай дүгнэлт, Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл...энэ үед урдаасаа чиглэлд цагаан саарал өнгийн малгай, хар богино хувцастай настай эмэгтэй хүн зүүн гартаа жижиг зүйл барьсан алхаад автомашины зүүн талаар яваад хойд дугуйны харалдаа очих үед 16:51:57 цагт автомашин хойшоо ухрах үйлдэл хийж хойд дугуйгаараа зүүн хойд хөл рүү нь 16:59:39 цагт мөргөж газар унагааж, 16:52:04 цагт автомашин зогсож ухрах үйлдлээ дуусгаад урагшаа буюу зүүн чиглэлтэй 15:52:05 цагт хөдөлнө, энэ үед автомашинд мөргүүлсэн хүн баруун хойшоо харан хэвтэж байгаад автомашиныг өөр лүү нь хөдлөх үед зүүн тийшээ эргэж босох үйлдэл хийх үед нь автомашин урд хоёр дугуйгаараа дээгүүр нь 16:52:11 цагт гарч зогсоод 15:52:18 цагт жолооч автомашинаас бууж зүүн талд газар өвдөглөн автомашины доогуур харж хүн мөргөснөө мэдэж баруун талаар нь гүйн очиж мөргөж дайрсан хүнээ автомашины доогуур доод талаас татан гаргаж байлаа...” гэсэн тэмдэглэл, /хх-24/, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчийн магадалгаа дахь 1 .Жолооч Т.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14 дэх заалт “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.” гэсэн магадалгаа, /хх-ийн 86-87 хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Т.Д Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас явган зорчигчийг мөргөж түүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, түүнийг гэм буруутай гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ гэж шүүх дүгнэлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Т.Д Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас явган зорчигчийг мөргөж түүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Дээрх гэмт хэрэг гарахад жолооч Т.Д нь замын хөдөлгөөнд хэт хайхрамжгүй оролцсон, холбогдох хууль, дүрмийг баримтлах талаар ёс суртахууны зөв дадал хэвшээгүй нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах заалтад заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулсан боловч оршуулгын зардал болох 11.119.353 төгрөгийг төлөөгүй байх тул шүүгдэгч Т.Д гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Баяржаргалд олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Д “В” ангиллын 1299850 дугаартай жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна.
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар тогтов.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дэгдээ овогт Т Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас явган зорчигчийг мөргөж түүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Т.Д оногдуулсан 1 /нэг/ 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай
5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарсугай.
6. Шүүгдэгч Т.Д “В” ангиллын 1299850 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Т.Д 11.119.353 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Баяржаргалд олгосугай.
8. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Т.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА