Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 154

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС    

    Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан иргэний шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Холбоочдын гудамж 4, Төрийн банкны 2 дугаар байрны 3 давхарт байрлах “Хадгаламж банк” ХХК  дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй
    
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг Чулуутын 21-3 тоотод оршин суух Цогтбаатарын Уугантуяад холбогдох

“Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 8.886.700 / найман сая найман зуун наян зургаан мянга долоон зуу / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл ирүүлснийг  2017.01.03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Од, Б.Цогтгэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч  Д.Гантөмөр, хариуцагч Ц.Уугантуяа, түүний өмгөөлөгч Д.Зулаа, нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ оролцов. 
ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнх-Од шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Бид нэхэмжлэлээсээ татгалзахгүй, хариуцагчтай эвлэрэх боломжгүй гэж үзэж байна. Зээлдэгч Б.Жаргал, Ц.Уугантуяа нар хадгаламж банктай 2012.11.3-ны өдрийн №Ц-142 тоот цалингийн зээлийн гэрээг байгуулж 6.000.000 төгрөгийг 2.0 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч нар зээл авснаасаа хойш үндсэн зээлийн төлбөрт 1.261.036.75 төгрөг, зээлийн үндсэн хүүд 657.113.25 төгрөг, нийт 1.918.150.00 төлсөн байна. Зээлдэгч Б.Жаргал нь 2013.10.24-ны өдөр нас барсан тул хамтран зээлдэгч Ц.Уугантуяа нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, авсан зээлээ зээлийн гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул үндсэн зээлийн үлдэгдэл 4.735.963.25 төгрөг, зээлийн хүүний үлдэгдэл 3.471.558.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 676.178.65 төгрөг бүгд 8.886.700 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэсэн. Ц.Уугантуяа энэ зээлээс нэг ч төгрөг авч ашиглаагүй гэж байгаа боловч түүнийг нотлох баримт, хэрэгт байхгүй байгаа. Ц.Уугантуяа хамтран зээлдэгчийн хувьд гэрээний үүргийг бүрэн гүйцэтгэх ёстой гэв.

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогтгэрэл шүүх хуралдаан дээр   нэмж гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б.Жаргал нь нас барснаас энэ зээлийн үүргийн гүйцэтгэлийг хамтран зээлдэгч Ц.Уугантуяагаас шаардаж байгаа. Цалингийн зээлийн гэрээний 3.2, 3.3-т хүлээх үүргийг зааж өгсөн. Ц.Уугантуяа нь гэрээнд заасан үүргээ гүйцэтгэхээс татгалзсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Зээлдэгчийн үндсэн зээл болон зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг 2016.06.30-ны өдрийн байдлаар бодож нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа. Тиймээс 

 


үндсэн зээлийн үлдэгдэл 4.738.963,25 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 3.471.558,35 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 676.178,65 төгрөг, зээлийн нийт төлбөрт 8.886.700,24 төгрөгийг Уугантуяагаас гаргуулж өгнө үү гэв. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Гантөмөр: Энэ хэрэгт хариуцагчаар Уугантуяаг татсан. Хуульд зааснаар нэхэмжлэгч хариуцагчийг өөрөө үзэмжээрээ тодорхойлох эрхтэй. Номинцэцэгийн хувьд гэрээний харилцаа үүсээгүй. Хэргийн харьяаллын хувьд хариуцагчийн оршин суугаа газарт нэхэмжлэлийг гаргасан. Хамтран зээлдэгчийг тухайн хүний гэр бүлийн хүн байна гэсэн хуулийн тодорхойлолт байхгүй. Тодорхой орлоготой байна гэсэн шаардлага л байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т зааснаар гаргасан. Хариуцагч зээлийн гэрээтэй уншиж танилцаагүй, гарын үсэг зурсан гэдэг нь хариуцлагаас чөлөөлөгдөхгүй. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-т хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан. Мөн хуулийн 451 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн. Зээлийн гэрээ бичгээр хийгдсэн учраас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт заасан хэлбэрийг хангасан. Зээлийн гэрээ бол зээлийн төлбөрийг зээлдэгчийн дансанд шилжүүлснээр хүчин төгөлдөр болдог. Зээлийг бэлэн бусаар зээлдэгчийн дансанд олгоно гэж заасан байдаг. Үүний дагуу зээлдэгчийн дансанд 6 сая төгрөг хийсэн. Зээлийн гэрээнд Уугантуяа хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Зээлийн гэрээний 3.3-т хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан байдаг. Зээл олгосон мөнгөн дүнд маргаан байхгүй. Хэрэгт авагдсан баримтаар хамгийн сүүлд 2012 оны 05 дугаар сард зээлийн төлөлт хийгдсэн. Үүнээс хойш зээлийн төлөлт хийгдээгүй. Зээлийн гэрээний хугацаа 24 сар байна гэж тохирсон. Тиймээс хуулийн шаардлага хангасан учраас нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх эрхтэй. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд зааснаар олгосон зээлээ зээлдэгч нь буцаан шаардах эрхтэй. Иргэний хуулийн 8-р зүйлд заасан үндэслэлээр үүрэг үүсэн. Иргэний хуульд хамтран үүрэг гүйцэтгэгчийн талаар зохицуулалт байгаа. Зээлийн гэрээнд 6 сая төгрөгийн төдийг нь Уугантуяа төлнө, төдийг нь Жаргал төлнө гэсэн зүйл байхгүй. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болно гэж заасан байгаа. Тиймээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан үндэслэлээр шүүх шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан байдаг. Зээлийн гэрээ 2014.11.30-ны өдөр хүртэлх хугацаатай  байгуулсан. Тиймээс энэ хугацааг үүрэг гүйцэтгэгч мэдэж байсан. Тодорхой хугацаатай гэрээг нэхэхгүй бол төлөхгүй гэсэн зохицуулалт байхгүй. Үүргийн гүйцэтгэлийг заавал барьцаа хөрөнгөөр хангуулан гэсэн заалт байхгүй. Барьцаа хөрөнгийн жагсаалтад барьцааны эд хөрөнгийн онцгой содон шинжийг тодорхойлоогүй. Одоо тэр газарт очиход барьцааны хөрөнгөнд тусгасан зүйл мөн эсэх талаар нотлогдохгүй. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т зааснаар гэрээ дуусах хугацаанаас эхлэн үүргийг гүйцэтгэлийг шаардах эрх үүсэн. Хөөн хэлэлцэх хугацааг гурван жилээр тооцох юм бол хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 11-р сард дуусна. Гэрээний хугацаа дуусаагүй байхад үүргийн гүйцэтгэлийг шаардах нь үүрэг гүйцэтгэгчийн эрх зүйн байдлыг дордуулна гэв. 

Хариуцагч Ц.Уугантуяа шүүх хуралд ирүүлсэн хариу тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, эвлэрэхгүй. Би 2011 онд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Энержи компанид ажилд орсон юм. Би  талийгаач Б.Жаргалтай садан төрөл болон хувийн ямарч холбоогүй хүн. Түүний ах Батболд надаар гарын үсэг зураад өгчих цалингийн зээл учраас чамд ямарч хамаагүй гэж байгаад зуруулсан. Би энэ зээлнээс 1 ч төгрөг аваагүй. Энэ зээлийн 

 

барьцаа хөрөнгө нь төрөл төрөгсөд нь байгаа. Номинцэцэгийг хариуцагчаар татж тайлбар аваагүй, нотлох баримтын дийлэнх байгаа газрын шүүх хэргийг шийдвэрлэхээр байтал хэргийн харьяалал зөрчиж нэхэмжлэл гаргасан байна. Энэ зээлийг 2012 онд авсан байгаа, надад зээл чинь төлөгдөөгүй гэж нэг ч хүн холбоо бариагүй,  анх 4.000.000 төгрөг авна гэж надад хэлж байсан. Гэтэл одоо 6.000.000 төгрөг болсон байна. Тухайн үед нь нэхэж шаардаж байсан бол би төлөх л байсан шүү дээ гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Зулаа шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн хувьд 2012 оны 11 дүгээр сард Өмнөговь аймагт ажиллаж байхдаа зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Үүнээс хойш 2014 оны 04 дүгээр сард Сүхбаатар аймагт ирсэн. Гэтэл гэнэт буюу 2016 оны 12 дугаар сарын 26-нд Уугантуяад холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргахдаа Уугантуяа руу зээлийн үүргийг гүйцэтгүүлэх талаар хэдэн удаа шаардсан талаар нотлох баримт байхгүй гэнэт нэхэмжилсэн. Талийгаачийн эд хөрөнгийг хураасан байдаг. Гэтэл энэ талаар хураасан баримт байхгүй байна. Уугантуяа 2014 оноос хойш Сүхбаатар аймагт оршин сууж байгаа. Тухайн үед барьж байсан утасны дугаар нь одоо ч байгаа. Удаа дараа шаардсан гэж байгаа боловч түүнийгээ нотлох баримтаа ирүүлээгүй, Уугантуяа руу нэг ч удаа утсаар урьж мэдэгдэж байгаагүй гэж хэлдэг. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэсэн байдаг. Нэхэмжлэгч тал 3 жил 4 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан учраас хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Гол нотлох баримт бол Уугантуяа руу ярьж шаардсан зүйл байдаггүй. Уугантуяагийн хувьд оршин суугаа хаягаа өөрчилсөн, зээл төлөхөөс бултсан зүйл байдаггүй. Тиймээс хөөн хэлэлцэх хугацаа дуусан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Хадгаламж  банк” ХХК  дахь банкны эрх хүлээн авагч, хариуцагч Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг “Чулуутын” 21-3 тоотод оршин суух Цогтбаатарын Уугантуяагаас “зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 8.886.700 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага  гаргажээ.
 
Зээлдэгч Б.Жаргал Хадгаламж банк ХХК-аас 2012.11.30-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан 6 сая төгрөгийн зээл авсан байх ба хамтран үүрэг гүйцэтгэгчээр Ц.Уугантуяа оролцсон болох нь талуудын хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээгээр нотлогдож байна.

Гэрээний үүргийн гүйцэтгэл 8.886.700 төгрөгийн талаар талууд маргаагүй болно.

Зээлдэгч Б.Жаргал 2013.06.15-ны өдөр нас барсан болох нь 2013.10.24-ны өдрийн № 00/001285-162 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна. / хх 14 /

Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл төлсөн банкны баримтуудаар хамгийн сүүлд зээл төлсөн 2013.05.22-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгдээгүй болох нь тогтоогдож байх тул зээлдэгч нас барснаар зээлийн эргэн төлөлт зогсож энэ үеэс зээлдүүлэгчид үүргийг хамтран гүйцэтгэгч Ц.Уугантуяагаас зээлийн үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх үүссэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч энэ эрхээ эдлээгүй байна.

 


Учир нь: Зээлдэгч Б.Жаргалыг нас барснаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 3 жил 6 сарын хугацаанд нэг ч удаа үүргийг хамтран гүйцэтгэгч Ц.Уугантуяагаас шаардаагүй болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Мөн хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.Уугантуяа нь зээлийн гэрээнд хавсаргасан иргэний үнэмлэхийн хаяг, гар утасны дугаараа өөрчлөөгүй болох нь иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын Засаг даргын тодорхойлолт, Мобиком Сүхбаатар салбарын тодорхойлолт зэргээр нотлогдож байх тул Ц.Уугантуяаг зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээсээ зайлхийсэн гэж үзэх үндэслэлгүй байна. на.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа 2014 онд дуусахаар байгаа болохоор хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэж байгааг хүлээн авах боломжгүй байна. Учир нь зээлдэгч нас барснаас зээл эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөхгүй удаж гэрээ хугацаандаа биелэгдэх боломжгүй болсон байхад гэрээний хугацаа дуусах болоогүй гэж шаардах эрхээ эдлэхгүй байх нь нэхэмжлэгч талын буруутай үйлдэл гэж үзлээ.

Иймд 2013.06.22-оос хойш зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн талаар шаардаагүй байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж үзэх үндэслэлтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, Цогтбаатарын Уугантуяад холбогдох “зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 8.886.700 / найман сая найман зуун наян зургаан мянга долоон зуу / төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Хадгаламж  банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний шүүхэд гомдол гаргаж болох ба гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурдсугай.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ             Ш.ОЮУНГЭРЭЛ