Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/293

 

 

 

 

 

 

 

 

 2021         03        09                                   2021/ШЦТ/293

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, С.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

          иргэдийн төлөөлөгч Э.Алтанзул,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

          улсын яллагч Л.Галав,

          хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Батмөнх,

          шүүгдэгч Б.Б., түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ц. овогт Б.ийн Б.од яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 00000 2945 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, урьд  - Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 110 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 278 дугаар зүйлийн 278.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсэн,

          - Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1706 дугаар захирамжаар биелэгдээгүй үлдсэн 492 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 61 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хугацаа дуусаж суллагдсан, Ц. овогт Б.ийн Б..

 

            Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч Б.Б. нь 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 2 дугаар гудамж, 22 тоотод байрлах нийтийн байрны 202 тоотод иргэн М.Баттөртэй “Д.Дүгэржав ахтай хөзөр нийлж тоглолоо” гэх шалтгааны улмаас маргалдаж, цээжин тус газар  нь нэг удаа хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б. шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Батмөнх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би хохирогчийн төрсөн дүү нь байгаа юм. М.Баттөр нь манай хамгийн том юм. Би Б.Б. гэх хүнийг сайн танихгүй. Манай дээд талын ахынд хааяа ирж мал малладаг гэж сонссон. Тэгэхдээ цалин мөнгө өгдөггүй байсан. Шүүгдэгч Б.Б. манай бага дүүтэй найз гэж сонссон. Би энэ хүүхдийг зүс мэдэх төдий танина. Оршуулгын зардлыг ах дүү нар маань нийлээд хувиасаа гаргасан. Тухайн үйл явдлаас хойш шүүгдэгчийн ар гэрээс нэг ч удаа холбогдоогүй. Байцаагч бид нарыг уулзуулахгүй гэсэн. Бид нар энэ хэрэг явдлыг өөрсдөө асууж тодруулж байж мэдсэн. Бид ахыгаа нас барсныг мэдээгүй. Бид шөнөжингөө ахыгаа хайж эмнэлгээр явж байхдаа нас барсан тухай мэдсэн. Манай ахыг нас барсан талаар хэн ч бидэнд мэдэгдээгүй. Манай ахтай цуг архи уусан Б.Б., Дүгэржав нар манай нутгийн хүмүүс. Тиймээс бие биеэ сайн мэднэ. Б.Б. манай бага дүүгийн найз. Манай ах дүү нарын утасны дугаар Б.Б.од хадгалаастай байх ёстой. Энэ хүмүүсээс хэн нь ч бидэнд мэдэгдэж хэлээгүй. Цагдаагийн дуудлага очиход манай ахын бие нь хөрчихсөн байсан гэсэн. Энэ хүмүүс цагдаад дуудлага өгөөгүй удсанд гомдолтой байна. Манай ах тэр өдөр хөдөө явах гэж байсан. Алтангэрэл гэрчийн мэдүүлгээр морины наймаа хийсэн тул бэлэн манай ахад 600.000 төгрөг байсан гэдэг нь тогтоогдож байгаа. Тэгэхдээ тэр мөнгө нь байгаагүй. Тэнд байсан хүмүүс тэр мөнгийг авах сэдэлттэй байсан байж магадгүй. Хэргийн газрын үзлэгээр 80.000 төгрөг хураагдсан гэж надад танилцуулсан. Тэгэхээр тэр хүмүүс мөнгийг нь авах сэдэлттэй ийм юм болсон гэж бодож байна. Би хэргийн газар очиход тэр гэрийн хивсэн дээр битүү цус гоожсон, цус нь хатаагүй байсан. Тэр хүмүүс цагийн дараа дуудлага өгсөн байгаа юм. Цагдаа нар 6 цаг өнгөрөөд очиход цогцос аль хэдийн хөрчихсөн байсан гэдэг. Ковидтой холбоотойгоор бид нарыг шүүгдэгчтэй ерөөсөө уулзуулаагүй. Шүүгдэгчийн гэр бүлийнхэнтэй нь уулзъя гэхээр эцэг, эх нь салчихсан, ээжтэй нь холбогдоход шүүгдэгчийг өчнөөн гэмт хэрэг үйлдсэн, наад хүүхдээ явуулдаг газар нь явуул, намайг асар их гомдоогоод явсан тул би очиж мэдүүлэг өгөхгүй гэсэн. Тэгээд бид ахыгаа алдсан хүмүүс яах юм бэ, ядаж шүүгдэгчийн хойд эцэг нь Шар хаданд байдаг гэж Дүгэржав хэлсэн. Тэхдээ эцэг, эх нь хаана байдаг талаар бидэнд хэн ч мэдээлэл өгөөгүй. Би одоо л Б.Б.ын царайг харж байна. Би байцаагчид нь хорих ангид очиж Б.Б.той уулзахдаа юу ярьсан, юу болж байгаа талаар надад утсаар мэдэгдээрэй гэж гуйсан. Цагдаа нар ч надтай холбогдоогүй. Би Цагаан сарын дараа хөл хорио гайгүй болсон байхад өөрөө очиж цагдаатай нь уулзаж хавтаст хэрэгтэй нэг удаа танилцсан. Түүнээс хойш нэг ч удаа уулзаж хавтаст хэрэгтэй танилцаагүй. Би баримттай 7.839.734 төгрөг, баримтгүй 1.500.000 төгрөг, нийт 9.939.830 төгрөг нэхэмжилж байгаа. Бид ламд бэлэн мөнгө өгч байгаа тул тэр мөнгө баримтгүй. Бусад бүх зүйлийг баримтжуулж өгсөн. Энэ асуудалд маш их гомдолтой байна. Төрсөн ахыгаа хүнд хорлуулсан тул сэтгэлийн зовуурьтай байдаг.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь, бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 6-16/,

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 17-22/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Батмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн: “Миний төрсөн ах 1970 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Миний ах өглөгч, хүнтэй эвтэй байдаг, их л цайлган сэтгэлтэй хүн байсан. Хүнд их тусархуу, их сайхан сэтгэлтэй хүн байгаа юм. Архи, согтууруулах ундааг бол баяр ёслолын үеэр л хэрэглэдэг байсан. Архи уугаад байх зав чөлөө ч гардаггүй, мал дээр байдаг болохоор их л ажилтай байдаг. Хааяа нэг хот руу замын унаагаар орж ирээд, усанд ороод, хоол хүнсээ бэлтгээд, буцаад явчихдаг. Миний хувьд маш их гомдолтой байна. Миний төрсөн ах мөрөөрөө ажлаа хийгээд явж байдаг байсан. Би ажил явдалд нь гаргасан бүх л зардлаа нэхэмжилж байгаа.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 81-82/,

- Гэрч Ц.Нямхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2020 оны 12 дугаар сарын 07-ны орой 18:30 минутын орчимд орж ирээд дэлгүүрээс авсан хүнсээ гэртээ оруулж тавих үед маш их чимээ гарч байсан. Манай хажуу өрөөний хана нимгэн учир чимээ их сонсогдож байсан. Миний сонссоноор 2-3 эрэгтэй хүмүүс согтуу бололтой маргалдаж байсан. Намайг яг гэртээ орж ирэхэд хажуу өрөөний хүмүүс “хоёулаа хайнаа хагалъя, дахиад нэг үзье” гэж өндөр дуу хоолойгоор орилж ярьж байснаа зодолдож байгаа чимээ гарсан. Мөн нэг эмэгтэй хүн “та нар болиоч ээ, цагдаа дуудна шүү” гэж хэлж байсан. Тухайн үед хажуу өрөөний хүмүүс “уучлаарай эгч ээ” гэж хэлээд 4-5 орчим минут чимээгүй болсон. Гэвч удалгүй бие биенээ “гөлөг минь, лалар минь” гэх мэт үг хэлж байсан. Мөн нэг залуу нь “би хүнд зодуулахаас айхгүй” гэх мэтээр орилж маргалдаад байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 83-84/,

- Гэрч Ш.Шижир-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн “Өнөөдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр манай найз Б.Б. 19 цаг 09 минутад 88973269 дугаарын утаснаас миний 88525250 дугаарын утас руу залгаад, уйлаад “хүрээд ирээч” гэсэн. Би тухайн үед завгүй байна гэж хэлээд утсаа салгасан. Удалгүй дээрх дугаараас 19 цаг 40 минутын орчимд дахиж залгаад “найз нь хүн хутгалчих шиг боллоо” гэж хэлсэн. Тэгээд би Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, 2-ын автобусны буудлын нүүрс, мод худалдаалдаг төвийн хажуу талын түрээсийн байранд 20:00 цагийн орчимд очсон. Б.Б. над руу утсаар “би хүн хутгалчихлаа” гэж хэлээд, уйлаад байсан. Өөр зүйл хэлээгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 86-87/,

- Гэрч Д.Дүгэржавын мөрдөн байцаалтад өгсөн: “Архи ууж дуусаагүй байхад Б.Б. хамт гарсан. Удалгүй Алтангэрэл гэртээ харих болж гэрээс харах гэтэл Б.Б. хамт гарсан. Ойролцоогоор 5 орчим минутын дараа Б.Б. буцаж манай гэрт орж ирсэн. Б.Б.ыг гэрт орж ирэхэд Баттөр бид хоёр хөзөр тоглоод байж байсан юм. Б. гэрт орж ирээд Баттөр бид хоёрын хажууд суугаад хожигдсон хүнийх нь оронд хөзрийн ажил хийх өгч байсан. Тэгтэл Баттөр нь Б.Б. бид хоёрыг нийлж тоглоод байна гэж уурлаад Б.Б.ыг “чи муу шоронгийн банди” гэж хэлтэл Б.Б. “би шоронд банди байгаагүй” гэж тэр хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд би тэр хоёрыг нэг их тоолгүй байж байтал Б.Б. гэнэт л манай гэрийн бор өнгийн модон иштэй хутгыг газарт тавьсан. Тэр үед Баттөрийн цээжнээс цус их хэмжээгээр гарч Б.Б.ын гар нь цус болсон байсан. Баттөр нь Б.Б.од хутгалуулснаас хойш юм яриагүй. Тухайн үед Б., Баттөр нар архи уусан байсан. Гэхдээ ухаанаа алдталаа согтоогүй байсан. Би Б.Б.ыг тавиур дээр байсан хутгыг яаж авсныг хараагүй, нэг мэдэхэд л хутга аваад Баттөрийн цээжинд хутгалчихсан байсан. Хутгалсныхаа дараа Б.Б. найзтайгаа утсаар ярихдаа “би хүн алчихлаа, гурван удаа хутгалчихлаа, намайг ирээд аваач” гэж хэлж байсан. Би хэдэн удаа хутгалсныг нь хараагүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 88-92/,

- Гэрч З.Чулуунцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Өнөөдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 18:00 цагийн орчимд манай дээд айлд их чимээ гарч, таазнаас түжигнэж амраахгүй байсан учир дээд давхарт гарахад хаалга нь бага зэргийн нээлттэй, хаалганы дотор талд газар суусан байдалтай, бие биенийгээ гадагш гаргахгүй гээд байгаа байдалтай байж байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 93-94/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2480 тоот: “Талийгаачийн биед хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээгээр цээжний хөндийд нэвтэрч зүрхний баруун, зүүн ховдол руу нэвтэрсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, дээд уруулд зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1 удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Талийгаачийн цусанд 4,1 промилли, ходоодны шингэнд 5,7 промилли, шээсэнд 4,1 промилли, цөсөнд 3,4 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Талийгаачийн шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна. Талийгаач нь цээжний хөндий рүү нэвтэрч, зүрхний баруун, зүүн ховдол руу нэвтэрсэн хатгагдаж, зүсэгдсэн шархны улмаас үнхэлцгийн хөндийд цочмогоор цус алдаж нас баржээ.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 109-110/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 13404 тоот: “Б.Б.ын биед духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /1-р хх-ийн 120-121/,

- Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1206 тоот: “Б.Б. нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Б.Б. нь тэр үедээ өөрийн хийж байгаа үйлдлийн учир холбогдлыг ойлгон өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Б.Б. нь үйлдэгдсэн хэргийн үйлдлийг зөв тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай байна. Сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай байна.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 217-218/,

- Б.Б.ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Давсны булгийн энд байдаг Эрхбаяр гэх айлд байхдаа урд өмнө нь малыг нь малладаг байсан Дүгэржав ахын 88973269 дугаарын утас руу зүгээр залгаж ярьсан. Тэгсэн Дүгэржав ах “айлд тоглоом тоглож байна, удахгүй харилаа, манайд хүрээд ирэхгүй юу” гэж хэлсэн. Тэгээд ороход Дүгэржав ах, хуурай дүү нь гэх Алтангэрэл, найз нь гэх Баттөр нар 1 шил архи задлаад ууж байсан. Тэгээд тоглохоо ч больсон, архи ч дууссан. Тэгсэн Баттөр нь агсам тавиад, хэл амаар намайг “гарч үзэх үү” гээд заамдаж аваад шанаа руу хоёр удаа цохисон. Тэгэхэд нь би газар унасан. Газарт унахад хажууд бор иштэй хутга байхаар нь аваад Баттөр рүү хатгасан. Би тухайн үед гарт нь хатгасан гэж бодсон чинь цээжинд нь хатгасан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 231-233/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Иргэдийн төлөөлөгч Э.Алтанзул шүүхийн хэлэлцүүлэгт “Б.Б. гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон байна. Гэм буруутай.” гэх саналыг гаргасан болно.

            Шүүгдэгч Б.Б. нь 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 2 дугаар гудамж, 22 тоотод байрлах нийтийн байрны 202 тоотод иргэн М.Баттөртэй “Д.Дүгэржав ахтай хөзөр нийлж тоглолоо” гэх шалтгааны улмаас маргалдаж, цээжин тус газар  нь нэг удаа хутгалж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

    - гэрч Ц.Нямхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн “2020 оны 12 дугаар сарын 07-ны орой 18:30 минутын орчимд ...манай хажуу өрөөний хана нимгэн учир чимээ их сонсогдож байсан. Миний сонссоноор 2-3 эрэгтэй хүмүүс согтуу бололтой маргалдаж байсан. Намайг яг гэртээ орж ирэхэд хажуу өрөөний хүмүүс “хоёулаа хайнаа хагалъя, дахиад нэг үзье” гэж өндөр дуу хоолойгоор орилж ярьж байснаа зодолдож байгаа чимээ гарсан. ... Мөн нэг залуу нь “би хүнд зодуулахаас айхгүй” гэх мэтээр орилж маргалдаад байсан.” гэх /1-р хх-ийн 83-84/,

   - гэрч Ш.Шижир-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн “Өнөөдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр манай найз Б.Б. 19 цаг 09 минутад 88973269 дугаарын утаснаас миний 88525250 дугаарын утас руу залгаад, уйлаад “хүрээд ирээч” гэсэн. Би тухайн үед завгүй байна гэж хэлээд утсаа салгасан. Удалгүй дээрх дугаараас 19 цаг 40 минутын орчимд дахиж залгаад “найз нь хүн хутгалчих шиг боллоо” гэж хэлсэн. ...Б.Б. над руу утсаар “би хүн хутгалчихлаа” гэж хэлээд, уйлаад байсан. Өөр зүйл хэлээгүй.” гэх /1-р хх-ийн 86-87/,

   - гэрч Д.Дүгэржавын мөрдөн байцаалтад өгсөн “...Тэгтэл Баттөр нь Б.Б. бид хоёрыг нийлж тоглоод байна гэж уурлаад Б.Б.ыг “чи муу шоронгийн банди” гэж хэлтэл Б.Б. “би шоронд банди байгаагүй” гэж тэр хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд би тэр хоёрыг нэг их тоолгүй байж байтал Б.Б. гэнэт л манай гэрийн бор өнгийн модон иштэй хутгыг газарт тавьсан. Тэр үед Баттөрийн цээжнээс цус их хэмжээгээр гарч Б.Б.ын гар нь цус болсон байсан. Баттөр нь Б.Б.од хутгалуулснаас хойш юм яриагүй. ...Би Б.Б.ыг тавиур дээр байсан хутгыг яаж авсныг хараагүй, нэг мэдэхэд л хутга аваад Баттөрийн цээжинд хутгалчихсан байсан. Хутгалсныхаа дараа Б.Б. найзтайгаа утсаар ярихдаа “би хүн алчихлаа, гурван удаа хутгалчихлаа, намайг ирээд аваач” гэж хэлж байсан. Би хэдэн удаа хутгалсныг нь хараагүй.” гэх /1-р хх-ийн 88-92/,

   - гэрч З.Чулуунцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн “Өнөөдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 18:00 цагийн орчимд манай дээд айлд их чимээ гарч, таазнаас түжигнэж амраахгүй байсан учир дээд давхарт гарахад хаалга нь бага зэргийн нээлттэй, хаалганы дотор талд газар суусан байдалтай, бие биенийгээ гадагш гаргахгүй гээд байгаа байдалтай байж байсан.” гэх /1-р хх-ийн 93-94/ мэдүүлгүүд,

    - Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2480 тоот “Талийгаачийн биед хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээгээр цээжний хөндийд нэвтэрч зүрхний баруун, зүүн ховдол руу нэвтэрсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, дээд уруулд зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1 удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. ... Талийгаач нь цээжний хөндий рүү нэвтэрч, зүрхний баруун, зүүн ховдол руу нэвтэрсэн хатгагдаж, зүсэгдсэн шархны улмаас үнхэлцгийн хөндийд цочмогоор цус алдаж нас баржээ.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 109-110/,

   -мөрдөн байцаалтад Б.Б.ын яллагдагчаар өгсөн “... Тэгээд тоглохоо ч больсон, архи ч дууссан. Тэгсэн Баттөр нь агсам тавиад, хэл амаар намайг “гарч үзэх үү” гээд заамдаж аваад шанаа руу хоёр удаа цохисон. Тэгэхэд нь би газар унасан. Газарт унахад хажууд бор иштэй хутга байхаар нь аваад Баттөр рүү хатгасан. Би тухайн үед гарт нь хатгасан гэж бодсон чинь цээжинд нь хатгасан.” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б.ыг прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Б.Б.од прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт дүгнэлт гаргахдаа “...Б.Б., Мөнхтөр нарт холбогдох эрүүгийн 1906 0712 7099 дугаартай хэрэгт уг эрүүгийн хэргийг нэгтгэж, нэг тогтоолоор шийдвэрлүүлэх хүсэлтэй байх тул прокурорт буцааж өгнө үү.” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно.” гэж заасан хэдий ч энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.Б., түүний өмгөөлөгчөөс хэргийг нэгтгүүлэх талаар хүсэлт гаргаж байгаагүй байна.  

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Б.ын холбогдсон гэх дээрмийн гэмт хэргийг уг эрүүгийн хэргээс тусдаа хянан шийдвэрлэснээр шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохооргүй байх тул хэргийг нэгтгэхээр мөрдөн байцаалтад буцаах үндэслэлгүй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Батмөнх нь мөрдөн байцаалтад оршуулгын зардалд 9.939.830 төгрөг нэхэмжилснээс бичмэл нотлох баримтаар тогтоогдож буй 7.639.534 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч Б.Б.од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь  харгалзан үзэж, шүүгдэгч Б.Б.од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б.ын урьд цагдан хоригдсон нийт 91 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь хуульд нийцнэ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн модон бариултай хутга 1 ширхэг, Б.Б.ын өмсөж байсан хар өнгийн куртка 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, амь хохирогчийн өмсөж байсан хөх өнгийн цамц 1 ширхэг, майк 1 ширхэг, хар өнгийн цамц 1 ширхэг, хагас  ханцуйтай цамц 1 ширхэг, хүрэм 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Ц. овогт Б.ийн Б.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.од 14 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б.од оногдуулсан 14 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б.ын урьд цагдан хоригдсон 91 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б.оос 7.639.534 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Боржигон овогт Монхорын Батмөнх /РД:УА82060218/-д олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 1.4 дэх заалтад тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн модон бариултай хутга 1 ширхэг, Б.Б.ын өмсөж байсан хар өнгийн куртика 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, амь хохирогчийн өмсөж байсан хөх өнгийн цамц 1 ширхэг, майк 1 ширхэг, хар өнгийн цамц 1 ширхэг, хагас  ханцуйтай цамц 1 ширхэг, хүрэм 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

   8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б.од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                                                                    

                          ДАРГАЛАГЧ,

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Н.ОДОНТУУЛ

                       

                                                    ШҮҮГЧ                                     Д.МӨНХТУЯА                                            

                                                    ШҮҮГЧ                                    С.ПҮРЭВСҮРЭН