Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2022/0729

 

                        

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             Ч.Б нарын нэхэмжлэлтэй

                                      захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль, орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А-266 дугаар “БЛМ тур” ХХК-д газар ашиглах зөвшөөрөл өгсөн тушаалыг хүчингүй болгуулах, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд холбогдуулан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцат 18-1-5 тоот, Б.Гарамхандын Арцат 18-2-32, Б.Одбаатарын Арцат 18-2-31 тоот хаягт байрлал бүхий газруудад газар ашиглахаар гаргасан өргөдлийг үндэслэлгүйгээр 5 удаа хүлээн аваагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, бидний газар ашиглахыг хүссэн өргөдлийг хүлээн авах, зөвшөөрөл гаргахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 666 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ч.Б ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Б.Г,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2022/0492/З

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Ч.Б , Ч.Б, Б.Г, Б.О нараас Байгаль, орчин, аялал жуулчлалын сайд, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд тус тус холбогдуулан “Байгаль, орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А-266 дугаар “БЛМ тур” ХХК-д газар ашиглах зөвшөөрөл өгсөн тушаалыг хүчингүй болгуулах, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд холбогдуулан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцат 18-1-5 тоот, Б.Гарамхандын Арцат 18-2-32, Б.Одбаатарын Арцат 18-2-31 тоот хаягт байрлал бүхий газруудад газар ашиглахаар гаргасан өргөдлийг үндэслэлгүйгээр 5 удаа хүлээн аваагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, бидний газар ашиглахыг хүссэн өргөдлийг хүлээн авах, зөвшөөрөл гаргахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах”-аар маргаж байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 666  дугаар шийдвэрээр:

2.1. “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 36 дугаар зүйлийн 36.1, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 44 дүгээр зүйлийн 44.8-д заасныг тус тус баримтлан Ч.Б , Ч.Болор нараас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А-266 дугаартай БЛМ тур ХХК-д газар ашиглах зөвшөөрөл өгсөн тушаалыг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нараас Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд холбогдуулан гаргасан Ч.Б , Ч.Болор нарын Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцат 18-1-5 тоот, Б.Гарамхандын Арцат 18-2-32, Б.Одбаатарын Арцат 18-2-31 тоот хаягтай газруудад газар ашиглахаар бидний гаргасан өргөдлийг үндэслэлгүйгээр 5 удаа хүлээн аваагүй хариуцагчийн эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, бидний газар ашиглахыг хүссэн өргөдлийг хүлээн авах, зөвшөөрөл гаргахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан Б.Г, Б.О нараас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А-266 дугаартай “БЛМ” тур ХХК-д газар ашиглах зөвшөөрөл өгсөн тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Анхан шатны шүүх Нэхэмжлэлийг удаа дараа үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон" нь талуудын тэгш байдлыг хангаж чадаагүй нь “ Үндсэн хууль болон "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль"-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 заалтыг зөрчсөн байдаг. Уг хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч нь гуравдагч этгээдийн багш гэсэн нь уг хэргийг шийдвэрлэхдээ шүүгч өөрөө татгалзах үндэслэл болох бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.3 зөрчсөн байдаг. "БЛМ тур ХХК нь маргалдаж буй Богдхаан уулын Дархан цаазат газар газар ашиглах гэрчилгээ 2015 онд гаргуулж авахад бид ялангуяа Болдбаатар би уг газар амьдарч л байсан би 2013 оноос газар ашиглах хүсэлтээ өгсөн боловч миний хүсэлтийг огтхон хүлээж аваагүй, уг нь хүсэлтийг хүлээж аваад татгалзсан шалтгаанаа бичиж өгөх үүрэгтэй боловч надад байнга шалтгаан тоочиж нэгдсэн айлуудын судалгаа гаргасны дараа, замын ажлын дараа гэдэг шалтгаанууд тоочиж намайг хуурч байгаад “БЛМ” тур ХХК-ийн хүсэлтийг хүлээн авсан байгаа нь Монгол улсын иргэн намайг Үндсэн хуульд заасан эрх болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 заалтыг зөрчсөн байдаг.

3.2. БЛМ тур ХХК нь уг газрын ашиглах зөвшөөрлийг авах үед Болдбаатар би уг газраа амьдарч л байсан энэ нь хэрэгт авагдсан сансрын зургаар 2013 оноос манай гэр одоог хүртэл байж л байгаа, мөн миний иргэний үнэмлэх хорооны тодорхойлолтоор тогтоогддог би энэ газраа амьдраад арваад жил болж байна энэ хавийн хороо, нийгмийн ажилтан айлууд бүгд л мэдэж байгаа, гэтэл энэ газар хүмүүс удаан жил амьдраад байхад газар ашиглах зөвшөөрлийг өгөхдөө бусад хүмүүс тэнд амьдарч байгаа газар хээрийн үзлэг хийхгүй давхцуулан олгож байгаа нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 заалтыг зөрчсөн байдаг. Мөн БЛМ тур ХХК нь газар ашиглах зөвшөөрөл аваад уг газар ямарч ажиллагаа хийхгүй, ямарч бүтээн байгуулалт байхгүй манай дөрвөн айлын газраас гадна маш том талбай байгаа боловч огт ямарч үйл ажиллагаа явуулахгүй байхад газар ашиглах зөвшөөрлийг цуцлахгүй байгаа нь Байгаль орчны яам болон Хан-Уул дүүргийн Засаг дарга нар нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 заалтыг зөрчсөн байдаг.

3.3. Энэ хэргийн шүүх хуралд гэрчээр оролцсон Богдхан уулын Дархан цаазат газрын захиргааны дарга байсан Д, Л нар нь Б-ыг хараад таньж байна газар хөөцөлдөөд явж байсан хүн байна гэсэн, мөн уг газар Болдбаатар удаан хугацаанд амьдарч байсантай маргадаггүй гэтэл шүүх уг гэрчүүдийн мэдүүлгүүдийг зөвхөн гуравдагчид ашигтай хэсгийг нотлох баримт болгон үнэлж байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 заалтыг зөрчсөн байдаг. Мөн Богдхан уулын Дархан цаазат газрын Захиргаа, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон бусад газруудаас бүрдсэн газар ашиглах хэсэг байгуулан ажиллаж байхад Болдбаатарыг уг газраа амьдарч байсан уг газрын талаар хүсэлтээ илэрхийлэн уг газрын ашиглах зөвшөөрөл хүсч байсныг гэрчлэх уг комиссоос нэр заан хоёр хүн гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх удаа дараа үндэслэлгүйгээр татгалзсан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3 заалтыг зөрчсөн. Иймд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 сарын 13- ны өдрийн дугаар 128/ШШ2022/0666 шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

1. Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тодруулж, маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх үүргээ хангалттай гүйцэтгээгүй нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцээгүй, энэхүү зөрчилтэй байдал нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ч.Б , Ч.Б, Б.Г, Б.О нараас “Байгаль, орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А-266 дугаар “БЛМ тур” ХХК-д газар ашиглах зөвшөөрөл өгсөн тушаалыг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нараас Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд холбогдуулан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцат 18-1-5 тоот, Б.Г-ын Арцат 18-2-32, Б.Одбаатарын Арцат 18-2-31 тоот хаягт байрлал бүхий газруудад газар ашиглахаар гаргасан өргөдлийг үндэслэлгүйгээр 5 удаа хүлээн аваагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, бидний газар ашиглахыг хүссэн өргөдлийг хүлээн авах, зөвшөөрөл гаргахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах” нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “... 2012 оноос уг газарт гэр барьж, зарим нь шон хатгаж, газар ашиглах хүсэлтээ Богдхан уулын хамгаалалтын захиргаанд холбогдох баримтуудын хамт өгч ирсэн ... 2015 оны 08 дугаар сарын 14-нд “Геоботаник” ХХК-аар кадастр хийлгүүлэхэд энэ газар өмнө нь кадастр хийлгүүлж байгаагүй юм байна, та бүхэн анх хийлгэж байна гэж байсан ... хамгаалалтын захиргаа одоохондоо энэ газрыг иргэдэд өгөхгүй байгаа гээд өргөдлийг аваагүй ... 2019 онд замын трасс орно гэсэн тул 2020 онд өргөдлөө дахин өгсөн ... гэтэл “БЛМ тур” ХХК-ийн өргөдөл давхацсан гээд аваагүй ... бид энэ газарт амьдарч байгааг мэдсээр байж, мөн удаа дараа хүсэлт өгөхөд авдаггүй байсан атлаа тус компанид газар ашиглуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна ...” гэж тайлбарлажээ.

2.1. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “... яам нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны шууд харьяалах дээд шатны байгууллага ... эдгээр иргэдээс яаманд хандаж гомдол гаргаж байгаагүй ...” гэж, Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа “... нэхэмжлэгч нар хамгаалалтын захиргаанд газар ашиглах талаар хүсэлт өгч байсан эсэх нь тодорхойгүй, хамгаалалтын захиргааны цахим болон цаасан суурьт архивт нэхэмжлэгч нараас газар ашиглах талаар хүсэлт өгсөн гэх баримт байхгүй ... сайдын 2015 оны А/266 дугаар тушаалаар “БЛМ тур” ХХК-д Арцатын аманд 0,5 га газар ашиглах эрх олгосон байх тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг үндэслэн давхцуулж газар ашиглах эрх олгох боломжгүй ...” гэж тус тус нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.

2.3. Нэхэмжлэгч нар “маргаан бүхий газар дээр 2012 оноос нүүж ирэн өнөөдрийг хүртэл амьдарч байгаа, тухайн үед уг газар сул чөлөөтэй байсан бөгөөд газар ашиглах хүсэлтээ илэрхийлж байсан” гэж маргасан байх бөгөөд  “... гуравдагч этгээдэд газар ашиглуулах шийдвэр гаргахаас өмнө тухайн газар амьдарч байсан” гэсэн үндэслэлтэй холбогдуулан шүүх Байгаль, орчин аялал жуулчлалын яамнаас маргаан бүхий газрын 2010 оноос хойших хугацааны агаар сансрын зураг[1]-ийг гаргуулан хэрэгт хавсаргасан байх боловч Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас 2015 онд нэхэмжлэгч нарын амьдарч байсан хороог хамруулан ажлын хэсэг гарч судалгаа хийсэн талаарх баримтыг бүрэн гүйцэд тодруулан шалгаж үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр “эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр газрыг ашиглаж байгаа нь гуравдагч этгээдэд олгогдсон газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэл болохгүй” гэж дүгнэсэн нь буруу байна.

2.4. Нэхэмжлэгч Ч.Б аас “... тухайн газарт оршин сууж байсан иргэдийн газар ашиглах эрхийг баталгаажуулахаар ажлын хэсэг гарч ажиллаж байхдаа манай газар дээр ирсэн, кадастрын зураг хийлгэсэн, гэвч өргөдлөө өгөхөөр очиход аваагүй ...” гэж тайлбарласан, хэрэгт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/235 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт орж ажилласан Н.Эрдэнэбилэгийн “... газрын хэмжилт хийсэн. Хэмжилт хийсний үндсэн дээр хамгаалалтын захиргаанд газар баталгаажуулахаар хүсэлт илгээдэг байсан. Давхцалгүй иргэдийн асуудлыг шийдсэн, давхцалтай иргэдийн асуудлыг шийдвэрлээгүй. Тухайн үед шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлж байсан ...” гэх гэрчийн мэдүүлэг авагдсан байна.

2.5. Хэрэгт нэхэмжлэгч Ч.Б болон дээрх гэрчийн тайлбар, мэдүүлэгт дурдагдаж буй Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А-235 дугаар тушаал, тус тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн үйл ажиллагааны төлөвлөгөө авагдсан байх боловч ажлын  хэсгийн төлөвлөгөөнд тусгагдсан “судалгаанд хамрагдсан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны айл өрхийн судалгаа, тус хорооны иргэдийн нэрсийг газар дээр тулгаж баталгаажуулан кадастржуулах, иргэдтэй Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны удирдлага уулзалт хийх, талбайн хэмжилт газар дээр нь хийх, кадастрын зургийг мэдээллийн санд оруулах, олон нийтэд тухай бүр мэдээлэл өгөх, сурталчлах” зэрэг үйл ажиллагаанд нэхэмжлэгч нар хамрагдсан эсэх асуудал тодорхойгүй, энэ талаарх баримтыг шүүх цуглуулаагүй, үүнтэй холбоотой үйл баримтыг тодруулан шалгаж дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 34.3-т “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй”, 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасантай тус тус нийцээгүй байна.

2.6. Нэхэмжлэгч Ч.Б аас “... шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ... 2013 оноос хүсэлтээ өгсөөр байхад огт хүлээж аваагүй, бичгээр татгалзсан шалтгаанаа ч бичиж өгдөггүй, нэгдсэн судалгаа гарсны дараа, замын ажлын дараа гэж шалтгаанууд тоочиж байгаад “БЛМ тур” ХХК-ийн хүсэлтийг хүлээн авсан нь ... мөн уг газар удаан хугацаанд амьдарч байсантай Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга удирдах ажилтнаар ажиллаж байсан хүмүүс маргадаггүй, “газар хөөцөлдөөд явж байсан хүн байна гэж” хэлдэг, шүүх эдгээр гэрчүүдийн мэдүүлгийн гуравдагч этгээдэд ашигтай хэсгийг л нотлох баримт болгон үнэлж байгаа нь тус тус Үндсэн хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 / Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа /цаашид "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа" гэх/ нь хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал, хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана/ гэж заасныг зөрчсөн ...” гэх давж заалдах гомдол гаргажээ.  

2.7. Хэрэгт “БЛМ тур” ХХК-ийн аялал жуулчлалын цогцолбор барилгын эскиз зураг /үйлчилгээний хэсэг бүхий зочид буудал[2] барихаар төлөвлөгдсөн/, холбогдох бусад баримтууд авагдсан байна.

2.8. Иймд шүүх Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын ... хязгаарлалтын бүс, ... газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэсний дагуу гуравдагч этгээд “БЛМ тур” ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгосон /ашиглах талбайдаа аялал жуулчлалын чиглэлээр барилга байшингийн цогцолбор барихаар төлөвлөсөн буюу 1 дүгээр давхарт нь үйлчилгээний хэсэг, 2-10 дугаар давхар нь Зочид буудал /Hotel/ барих төсөл, эскиз зураг гаргаж хянан баталгааны шатанд яваа/-г тухайн газар түрүүлж амьдарч байсан гэж маргаж буй иргэдийн оршин сууж байгаа газраа “хашааны” зориулалтаар ашиглах эрхээс илүү хамгаалагдах ёстой гэж үзэх эсэх, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан шударга ёс, тэгш байдлын зарчимд нийцэх эсэх талаар үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагатай байна.

2.9. Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 666 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                                       Т.ЭНХМАА

 

ШҮҮГЧ                                                                        Н.ХОНИНХҮҮ

 

 

[1] Хэргийн 2 дугаар хавтас, 82-94 дүгээр тал

[2] Хэргийн 1 дүгээр хавтас, 200-2015 дахь тал