Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 45

 

          Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал би        

          Нэхэмжлэгч: Ховд аймгийн Мөст сумын Давст багт оршин суух Хорлоо овогт Нүдэнгийн Баярсүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Мөст сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Л.Тогтохбаярт холбогдох 2015 оны 02 сарын 27-ны А/18 дугаартай Ховд аймгийн Мөст сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай  нэхэмжлэлийг  2017 оны 03 сарын 07-ны  өдөр хүлээн авч хянаад                                                                                                                                                                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Н.Баярсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Би 2003-2007 онд Ховд Их сургуулийг  монгол хэл уран зохиолын багш мэргэжлээр баклаврь зэрэгтэй төгссөн. 2007 оны 09 сарын 01-нээс Монгол хэл уран зохиолын багшаар Мөст сумын 12 жилийн дунд сургуульд багшаар ажилласан. Боловсролын байгуулалгад би 13 жил  тасралтгүй ажилласан байна. 2010 оны 06 сард Монгол улсын Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын тушаалаар 00034444 дугаартай багшлах эрх авсан. 2015 онд  Завхан аймагт болсон 10 жил ажилласан монгол хэл уран зохиолын багш нарын мэргэжил дээшлүүлэх институтын захирлын тушаалаар багшлах эрхийн үнэмлэхээ хугацаагүйгээр сунгуулсан. Би Монгол хэл уран зохиолын хичээл заахын зэрэгцээ 10 ба 11 ангийн сурагчдад сонгон хичээллүүлж, элсэлтийн ерөнхий шалгалтанд шавь бэлтгэн давтлага өгч ХИС-ын монгол хэлний  олимпиадад шавь Л.Бямбацэцэг дэд байр, “Замд мөр бий” эсээ бичлэгийн уралдаанд шавь Д.Бямбазаяа Монгол улсын хэмжээнд амжилттай оролцох зэрэгцээ идэвхи зүтгэл, үр дүнтэйгээр ажиллаж байсан. Энэ хугацаанд хамт олны хүрээлэлд нэр хүнд сайтай, хувийн зохион байгуулалт, ажил төлөвлөлт  гүйцэтгэл сайн идэвхи зүтгэл төдийгүй ажил мэргэжилдээ хандах хандлага, ёс суртахуун, ур чадварын хувьд төлөвшсөн ажиллаж ирсэн. Н.Баярсүрэн нь сургууль сум орон нутгийн хэмжээнд зохиогдсон бүх төрлийн ажилд идэвхитэй оролцохын зэрэгцээ удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай сайн гүйцэтгэж байсан. 2014 онд арга зүйч зэрэг авсан. Боловсрол соёлын газраас арга зүйч багш тэмдэгээр шагнуулсан, 2015 онд сум сурталчлах соёлын өдрүүдэд Ховд аймагт оролцож Боловсролын соёлын газраас эрхэм үйлстэн хүндэт тэмдэгээр, 2011 онд Мөст сумын яруу найргийн тэмцээнээс “Болор цом” авч сумынхаа шилдэг яруу найрагч болж байсан ба одоогоор “Бооржийн давалгаа” утга зохиолын нэгдлийн гишүүнээр үр бүтээлтэй ажиллаж байна. 2016 оноос ХИС-д хэл шинжлэлийн чиглэлээр магистрантурт суралцаж байна. Гэтэл 2015 оны 02 сарын 27-ны А/18 дугаартай Ховд аймгийн Мөст сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж миний Монгол улсын Үндсэн хуулинд заасан хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчлөө. Ховд аймгийн Боловсрол соёлын газрын дарга Ундрах нь бүх сумуудыг монгол хэл уран зохиолын багш нарын сургалттай гэж дансанд төгрөг байршуулан Ховд аймагт ирүүлж, сургалт зохион байгуулаагүй харин мэргэжлийн түвшин тогтоох шалгалт авсан. Шалгалт авч буй хүмүүс нь өөр өөр мэргэжлийн шалгалт авах эрхгүй адил түвшний баклаврь зэрэгтэй хүмүүс байсан. Шалгалтын комисс гадаад хэлний, биеийн тамирын, математикийн багш нар байсан.

         Гэтэл хууль бус комиссын гишүүдийн авсан шалгалтыг үндэслээд Ховд аймгийн Боловсролын газраас Монгол хэлний багш нарын тухай албан бичиг ирүүлж улмаар намайг үндэслэлгүйгээр чөлөөлсөн. 

         Монгол улсын Дээд шүүхийн тайлбарт”.. ажилтан мэргэжил ур чадвар эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох комисс аттестачлалын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт шийдвэр гаргасан байхыг ойлгоно”... гэжээ. 2015 оны 02 сарын 27-ны А/18 дугаартай  Ховд аймгийн Мөст сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлаас чөлөөлсөн тушаалыг өнөөдрийг хүртэл надад гардуулж өгөөгүй, надад эх хувь байхгүй тул би сургуулийн бичиг хэргээс канондсан хувийг 2017 оны 01 сарын 26-нд авсан тул хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж үзэж байна.

          Иймд 2015 оны 02 сарын 27-ны А/18 дугаартай Ховд аймгийн Мөст сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулах,ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж   өгнө үү” гэжээ.

          Зохигчидоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: “Н.Баярсүрэн, Л.Тогтохбаяр бид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлд заасан эрх үүргийн дагуу дараах эвлэрлийн гэрээ байгуулж байна.

         1. Хариуцагч Л.Тогтохбаяр нь 2015 оны 02 сарын 27-ны А/18 дугаартай Ховд аймгийн Мөст сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас Мөст сумын Ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл , уран зохиолын багш Н.Энхжаргалыг өндөр насны тэтгэвэрт гарсны дараа нэхэмжлэгч Н.Баярсүрэнг монгол хэл, уран зохиолын багшийн ажил албан тушаалд томилно.

         2. Нэхэмжлэгч Н.Баярсүрэн нь ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзлаа.

         3. Энэ талаар зохигчид дахин гомдол гаргах эрхгүй  гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Баярсүрэн нь хариуцагч Л.Тогтохбаяраас  2015 оны 02 сарын 27-ны А/18 дугаартай Ховд аймгийн Мөст сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагад харилцан тохиролцож, эвлэрсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын 2017 оны 03 сарын 28-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

Зохигч эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулж байгаа нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

         1. Н.Баярсүрэнгийн нэхэмжлэлтэй Л.Тогтохбаярт холбогдох 2015 оны 02 сарын 27-ны А/18 дугаартай Ховд аймгийн Мөст сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагад зохигчид харилцан тохиролцож,

а/. Мөст сумын Ерөнхий боловсролын сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Н.Энхжаргалыг өндөр насны тэтгэвэрт гарсны дараа нэхэмжлэгч Н.Баярсүрэнг монгол хэл, уран зохиолын багшийн ажил албан тушаалд томилохоор,

б/. Нэхэмжлэгч Н.Баярсүрэн нь ажилгүй байсан хугцааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэж эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн 50% буюу 35100 төгрөгийг улсын төсвөөс, 35100 төгрөгийг хариуцагч Л.Тогтохбаяраас тус тус гаргуулж нэхэмжлэгч Н.Баярсүрэнд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

       4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.