Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 44

 

            Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Алтай суманд 1957 оны 07 сарын 10-нд төрсөн, 60 настай, эрэгтэй, Алтай сумын  Барлаг багт оршин суух, /РВ: ПА57071012/ Халзанаахан овогт  Бямбаагийн Цэрэндоржийн  хүсэлттэй,

Хөдөлмөрийн дэвтэрийн эзэмшигчээр тогтоож, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн  хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гарагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бааст, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Алтангэрэл нар  оролцов.

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Цэрэндорж шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1957 онд төрсөн, 60 настай. Би 1972 оны 01 дугаар сарын 02-ны өдрөөс  1975 оны 04 сарын 30-ны өдрийг дуустал  Ховд аймгийн Алтай  сумын  “Алтай хөгжил нэгдлийн”  Барлаг бригадад малчин,1975 оны 05 сарын 19-нөөс 1978 оны 06 сарын 20 хүртэл Улаанбаатар хотод Барилгын цэргийн 110 дугаар ангид цэргийн алба хаасан.  1979 оны 01 сарын 01-нээс 1989 оныг дуустал Алтай  сумын Барлаг бригадад малчнаар  ажилласан. Би 1972 оноос 1990 он хүртэл эмэг эх Баясгалангийн Хулганы нэрээ овоглож байгаад 1991 онд овогоо сольж өөрийн өсгөсөн эх  Хулганы  Бямбаагаар овоглосон юм. Иймд 1974, 1980 оны хөдөлмөрийн дэвтэрийн нэр Хулгана овогтой Цэрэндорж гэж бичигдсэн байгаа тул уг хөдөлмөрийн дэвтэрийн эзэмшигчээр тогтоолгох, мөн ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгож шийдвэр гаргуулах шаардлагатай байна гэсэн.

Иймд миний шүүхэд ирүүлсэн баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

          Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  П.Бааст  шүүхэд  гаргасан тайлбартаа: “Б.Цэрэндорж нь 1972 оноос 1975 он хүртэл Алтай сумын Барлаг бригадад малчнаар ажиллаж байгаад цэргийн албанд яваад 1978 онд ирж дахин тус бригадад малчнаар 1990 оныг дуустал ажилласан. Би тухайн үед тус бригадад малын бага эмчээр ажиллаж байсан. Б.Цэрэндорж нь эмэг эх Хулганаагийн нэрээр овоглож байгаад  сүүлд төрсөн эх Бямбаагийн нэрээр овоглосон юм.  Иймд  хөдөлмөрийн дэвтэрийн эзэмшигчээр тогтоож , 1972-1975, 1978-1990 оны хооронд Алтай сумын Барлаг бригадад малчнаар  ажиллаж  байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

           Б.Цэрэндорж нь бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоож, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар тус тус шаардах эрхтэй байна.

            Б.Цэрэндоржийн шүүхэд хандаж гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хүсэлт гаргагч  Б.Цэрэндорж нь Алтай  сумын “Алтайн хөгжил” нэгдлээс 1975 оны 03 сарын 03-ны өдөр олгосон №0719 дугаартай, 1981 оны 06 сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч мөн болох,

 Түүний 1972 оны 01 сарын 01-ний өдрөөс 1975 оны 05 сарын 19-ний өдөр хүртэл, 1978 оны 07 сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Алтай сумын “Алтайн хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь:

- түүний шүүхэд гаргасан хүсэлт

            -Хүсэлт гаргагч Б.Цэрэндоржид 1975 оны 03 сарын 03-ны өдөр олгосон  1972 оны 01 сарын 01-нээс 1975 оны 10 сарын 30-ны өдрийг дуустал бичилттэй хөдөлмөрийн дэвтэрт “ Нэгдлийн зөвлөлийн 1973 оны 01 сарын 02-ны хурлын тогтоолоор 3 дугаар бригадад малчнаар авч ажиллуулав” гэж тэмдэглэгдсэн,

           -1981 оны 06 сарын 01-ний өдөр олгосон 1981 оны 01 сарын 01-нээс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал бичилттэй хөдөлмөрийн дэвтэрт “Тус нэгдлийн даргын 1981 оны 06 сарын 01-ний  өдрийн 19 дүгээр тушаалаар Барлаг  бригадад малчнаар авч ажиллуулав” гэж тэмдэглэгдсэн,

 - Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2017 оны 03 сарын 15-ний  өдрийн 323 тоот:”Ховд аймгийн Алтай   сумын 3-р бригадын 1972- 1975,1978-1990  оны 70-р дансыг хуулбарлан хавсралтаар хүргүүлэв” гэх лавлагаа,

 -Гэрч  Т.Идэш шүүхэд  гэрчээр өгсөн: “Б.Цэрэндорж  нь Алтай сумын “Алтайн хөгжил” нэгдлийн Барлаг бригадад 1972-1975 он хүртэл малчнаар ажиллаж байгаад  цэргийн албанд явсан. Цэргийн албыг 1978 онд хааж ирээд тус багт дахин малчнаар ажиллаад 1993 онд Их хувьчлал болсон. Хувьчлалаар нэгдлээс мал авч  Торгон сүргийн малыг 1994 оныг дуустал малласан байсан” гэх мэдүүлэг

-Гэрч  Ж.Эрдэнэбаатар шүүхэд  гэрчээр өгсөн: “Б.Цэрэндорж  бид хоёр нь 1970 онд 4-р ангиа төгсөөд хөдөө мал маллахаар гараад  би сургуульд буцаж орсон. Б.Цэрэндорж  Алтай сумын “Алтайн хөгжил” нэгдлийн Барлаг бригадад 1972-1975 он хүртэл малчнаар ажиллаж байгаад  цэргийн албанд явсан. Би цэргийн албанаа  1979 онд халагдаж ирэхэд  Б.Цэрэндорж нь тус багт адуучин, малчнаар ажиллаж байсан.  Би  1979 оноос эхлэн Алтайн хөгжил нэгдлийн жолооч, 1985-1996 он хүртэл Худалдаа бэлтгэл ангид жолооч, манаач аж, ахуйн эрхлэгчээр ажиллаж байсан”  гэх мэдүүлэг,

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баастын “...Би тухайн үед тус бригадад малын бага эмчээр ажиллаж байсан. Б.Цэрэндорж нь эмэг эх Хулганаагийн нэрээр овоглож байгаад  сүүлд төрсөн эх Бямбаагийн нэрээр овоглосон юм....” гэх мэдүүлэг   зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

          Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

            Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар  Халзанаахан овогт  Бямбаагийн Цэрэндоржийг 1975 оны 03 сарын 03-ны өдөр Ховд аймгийн Алтай  сумын “Алтайн хөгжил” нэгдлээс олгосон №0719 дугаартай “Хөдөө Аж Ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр 1974 он” гэсэн бичвэр бүхий улаан өнгийн хөдөлмөрийн дэвтэр, 1981 оны 06 сарын 01-ний өдөр Ховд аймгийн Алтай  сумын “Алтайн хөгжил” нэгдлээс олгосон “Хөдөө Аж Ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр 1980 он” гэсэн бичвэр бүхий улаан өнгийн хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож,

              1972 оны 01 сарын 01-ний өдрөөс 1975 оны 05 сарын 19-ний  өдөр хүртэл, 1978 оны 07 сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Алтай  сумын “Алтайн хөгжил ” нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.        

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.