| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2020/0670/Э |
| Дугаар | 1210/ШЦТ/2020 |
| Огноо | 2020-12-10 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Чинзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 1210/ШЦТ/2020
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Б.Чинзориг,
насанд хүрээгүй иргэний нэхэмжлэгч А.Х-, А.Хт-нарын хууль ёсны төлөөлөгч Г.Э,
шүүгдэгч Ч.Ц-, түүний өмгөөлөгч М.Үүрийнтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.
Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ч-ын Ц-т холбогдох 200300 407 0326 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1960 оны 3 дугаар сарын 01-ний өдөр, Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Дашчойлон хийдэд харуулын ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны ... тоотод оршин суух хаягтай, урьд
Завхан аймгийн шүүхийн 1981 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 48 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88/б, 168/б, 169/в дэх хэсэгт зааснаар 13 жилийн хорих ялаар,
Орхон аймгийн сум дундын шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн,
Б овогт Ч-ын Ц- /РД:ИО6003-/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Ч.Ц- нь 2020 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 12 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлтийн замд Субару Самбар маркийн ...УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалт “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн хэлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” Мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.3. Хэвтээ тэмдэглэлийг дараахь зориулалтаар хэрэглэнэ: 1.2. (үргэлжилсэн өргөн шугам)-зорчих хэсгийн захыг тэмдэглэнэ. 1.4 1.1-1.3, 1.15а-1.15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас ...СЭА улсын дугаартай Хьюндай Соната-6, ...УАА улсын дугаартай Тоёота приүс маркийн тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдөж, ...СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч А.Х-, А.Хт-нарын эрүүл мэнд хөнгөн, Д.С-ийнэрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
1. 2020 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх11-22/,
2. Хохирогч Д.С-ийн“...Би тэр өдөр 12 цаг 30 минутын орчим манай хөрш Мөнхөөгийн Соната-6 маркийн автомашинтай Сэлэнгээс ирж яваад 22-н товчоо өнгөрөөд явж байхыг би харж байсан. Тэгээд цаашаа явж байхад буюу тухайн осол болох үед зүүрмэглэсэн явсан учир зам тээврийн осол юунаас болж гарсныг мэдээгүй. Нэг мэдэхэд түс тас хийх чимээ гараад миний сууж явсан автомашин машинтай мөргөлдөөд зогссон байсан. Тэгээд би машин дотроо нилээн удаан суусан. Тэгж байгаад би машинаасаа буугаад агаарт гараад тухайн үед амьсгаа авч болохгүй цээжин дээр бөөн юм дарсан юм шиг хөндүүрлээд байсан. Тэгээд удалгүй цагдаа, түргэний машин ирээд эмч намайг үзээд амьжиргаа цагаан машины жолооч болон миний машинд сууж явсан 2 хүүхдийн хамт түргэний машинтай гэмтлийн эмнэлэг дээр ирсэн...” гэсэн мэдүүлэг /1хх35/,
3. Иргэний нэхэмжлэгч Ж.Л-ын: “...би осол болох үед хажууд нь байгаагүй. Миний төрсөн эгч Ж.Н манай ээжийг Хужиртын сувилалд хүргэж өгөх гээд машин авсан. Ослын улмаас машины зүүн хойд хаалга чихэгдсэн, зүүн хойд крыло чихэгдсэн, хойд тэвш гулзайсан, хойд буфер зурагдсан...” гэсэн мэдүүлэг /1хх50/
4. Насанд хүрээгүй гэрч А.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 13 цагийн орчим дүүтэйгээ Соната-6 маркийн автомашинтай 22-ын товчоо өнгөрөөд явж байсан чинь 1 дүгээр эгнээнээс нэг амьжиргаа цагаан ачааны машин дарж орж ирсэн. Тэгээд жолооч ах нь сигналдаад тоормосоо гишгээд карданаа татсан. Тэгээд амьжиргаа цагаан машин замын голын цагаан зураасыг давж байхад нь нөгөө урсгалд нь ямар ч машин байгаагүй тэр машиныг миний сууж явсан машин мөргөсөн. Тэгээд хүмүүс нь цагдаа эмч дуудсан...” гэсэн мэдүүлэг /1хх30/,
5. Гэрч Ж.Н-ын“...би тэр өдөр 12 цаг 30 минутын орчимд ...УАА улсын дугаартай Приүс 30 маркийн автомашин жолоодоод Эмээлтийн замд урдаасаа хойшоо чиглэлтэй хотоос гарч явж байхад өөдөөс 1 дүгээр эгнээнд явж байсан амьжиргаа цагаан ачааны машин ямар ч дохио өгөөгүй буцаж эргэх үйлдэл хийсэн. Тухайн үед би тэр машиныг 2 дугаар эгнээ рүү ямар аймар ороод үргэлжилсэн цагаан шугам давж эргэдэг юм бэ гэж бодоод явж байтал ачааны машины хойноос явж байсан Соната маркийн суудлын автомашинтай мөргөлдөөд урдаас хийсээд ороод ирсэн. Тэгээд би хараад замаас зайлж амжаагүй байхад тэр амьжиргаа цагаан машин миний машины зүүн хойд хэсэг рүү мөргөөд зогссон. Тэгээд би буугаад хамгийн эхлээд машинаа тойроод харсан чинь манай машины хойд хэсэг цөмөрсөн байсан...” гэсэн мэдүүлэг /1хх59-60/,
6. Насанд хүрээгүй гэрч Г.Э-ийн“...2020 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 13 цагийн орчимд дүүтэйгээ Соната-6 маркийн машинтай 22-ийн товчоо өнгөрөөд явж байсан чинь нэгдүгээр эгнээнээс амьжиргаа цагаан ачааны автомашин дарж орж ирсэн. Тэгээд жолооч ах сигналдаад тооромзоо гишгэсэн. Тэгээд амьжиргаа цагаан машин замын голын цагаан зураас давж байхад нь миний сууж явсан машин мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /1хх30/,
7. Гэрч Ж.Цэрэндаваагийн “...тухайн осол 11 цаг 50 минутанд болсон гэж бодож байна. Эхлээд машин ирж байна гэж мэдээгүй. Ээж, эгч 2 яанаа гээд дуугархад мэдсэн. Эгчийг машинаа баруун тийш дарахад машин ирж байгааг мэдсэн. Тэгээд удалгүй ирээд мөргөсөн. Эгч бид 2 машинаас гараад буруутай жолооч дээр очсон. Миний сууж явсан машины зорчигч нар гэмтээгүй...” гэсэн мэдүүлэг /1хх67/,
8. Гэрч Ц.Ц-ийн“...би охин, 2 хүү, зээ охины хамт Хужиртын рашаан сувилалын газарт амрах гээд охин Насанжаргалаар хүргүүлэх гээд хотоос гарч явсан. Тэгсэн Эмээлтийн замаар явж байгаад Монсуль гээд ШТС-ын баруун талын замаар өгсөж байтал өөдөөс 1 дүгээр эгнээнд явж байсан амьжиргаа цагаан автомашин шууд зүүн гар тийш колонк руу эргэтэл 2 дугаар эгнээнд явж байсан жижиг суудлын автомашинтай мөргөлдөөд нөгөө амьжиргаа цагаан автомашин эргэлдэж орж ирээд манай машиныг ирж мөргөөд зогссон...” гэсэн мэдүүлэг /1хх69/
9. Гэрч Б.М-ын“...2020 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 12 цаг 47 минутын орчимд би төрсөн дүү Б.Мөнхбаярын эзэмшилд байдаг мөнгөлөг саарал өнгийн Соната 6 маркийн ...СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон кабиндаа танил болох Сараа, мөн 7 наснаас 12 насны насанд хүрээгүй 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сант сумаас Улаанбаатар орох зорилгоор Сонгинохайрхан дүүргийн нутаг Эмээлтийн замд ертөнцийн зүгээр хойноосоо урагшаагаа чиглэлтэй, зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр ойролцоогоор 70-80 орчим км/ц-ийн хурдтай явж байх үед миний явж буй урсгалын зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр жижиг цагаан ачааны машин нь явж байгаа харагдсан. Тэгээд тухайн машин руу тулж ирэх үед гэнэт л замын зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнээс зүүн гар тийшээгээ эргээд л ороод ирсэн. Тэгэхээр нь би харсан даруйдаа тоормозоо гишгэсэн боловч тухайн машиныг мөргөсөн юм...” гэсэн мэдүүлэг /1хх80/
10. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 8353 дугаар “А.Х-ын биед уруулд шарх, баруун даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...”гэсэн дүгнэлт /1хх110/,
11. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 8352 дугаар “...А.Хт-ынбиед тархи доргилт, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /1хх115/
12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 8358 дугаар “...Ч.Ц-ын биед зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /1хх120/
13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 8363 дугаар “Д.С-ийнбиед өвчүү ясны далд хугарал, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /1хх123/
14. Мөрдөгчийн магадлагаа “...S.Sambar маркийн ...УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч.Ц- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалт “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” Мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.3. Хэвтээ тэмдэглэлийг дараахь зориулалтаар хэрэглэнэ: 1.2. (үргэлжилсэн өргөн шугам)-зорчих хэсгийн захыг тэмдэглэнэ. 1.4 1.1-1.3, 1.15а-1.15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно...” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
- Соната 6 маркийн ...СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Мнь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
- Приүс 30 маркийн ...УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.Ннь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
- Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ, техникийн байдал болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...” гэсэн /1хх171/,
15. Шүүгдэгч Ч.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлтийн замаар 2020 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 12 цаг өнгөрч байхад би өөрийн эзэмшлийн S.Sambar маркийн ...УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ганцаараа баруунаасаа зүүн тийшээ чиглэлд явж байгаад замын 2 дугаар эгнээнээс зүүн гар тийшээ буюу хойшоо эргэх үйлдэл хийсэн. Эргэх болсон шалтгаан гэхээр замын хойд талын колонк орж бензин авах гэж байсан юм. Замын 2 дугаар эгнээнээс 1 дүгээр эгнээ рүү эргэхдээ би гэрлэн дохио өгөлгүй шууд эргэсэн. Эргэх үедээ 2 дугаар эгнээнд чигээрээ явж байсан автомашинтай мөргөлдсөн. Уг осол миний буруутай үйлдлээс болсон, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /1хх203/
16. Тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх106/
17. Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /1хх107/
18. Иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх104/
19. Оршин суугаа хаягийн тодорхойлолт /1хх103/
20. Жолоодох эрхийн лавлагаа /1хх105/
21. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх204/
22. Иргэний нэхэмжлэгч нарын хохирлын баримтууд /1хх 37-38, 130-143/
23. Хохирогч Д.Сд хохирол төлсөн баримт /1хх39-44/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн байдлыг бүрэн нотлон тогтоосон гэж дүгнэсэн.
Гэм буруугийн дүгнэлт:
Шүүгдэгч Ч.Ц- нь 2020 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 12 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлтийн замд Субару Самбар маркийн ...УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хориглосон давхар цагаан шугамыг давж нэвтрэн эсрэг урсгал руу орж тухайн урсгалд явсан ...СЭА улсын дугаартай Хьюндай Соната-6, ...УАА улсын дугаартай Тоёота приүс маркийн тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдөж, ...СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч А.Х-, А.Хт-нарын эрүүл мэндэд хөнгөн, Д.С-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч, мөрдөгчийн магадлагаа, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Энэхүү ослын улмаас хохирогч Д.С-ийнэрүүл мэндэд “...өвчүү ясны далд хугарал, цээжинд цус хуралт...” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь шинжээчийн 8363 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад А.Алтанжолоогийн 91 дугаартай магадлагаа болон улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтээр шүүгдэгч Ч.Ц- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалт “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” Мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.3. Хэвтээ тэмдэглэлийг дараахь зориулалтаар хэрэглэнэ: 1.2. (үргэлжилсэн өргөн шугам)-зорчих хэсгийн захыг тэмдэглэнэ. 1.4 1.1-1.3, 1.15а-1.15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно...” гэсэн заалтуудыг зөрчсний улмаас осол гаргажээ.
Харин Соната 6 маркийн ...СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Приүс 30 маркийн ...УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.Ннь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ, техникийн байдал болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...” гэсэн магадлагаагаар тус тус тогтоогдсон гэж дүгнэлээ.
Мөн Ч.Г-аасСубару Самбар /Subaru Sambar/ маркийн ...УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2020 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 0853 дугаартай бэлэглэлийн гэрээгээр Ч.Ц-т шилжүүлсэн байх бөгөөд, шүүгдэгч нь тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр бүртгүүлээгүй нь түүнийг тухайн тээврийн хэрэгслийн зээмшигч биш гэж үзэх үндэслэлгүй байна.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын бүрэлдэхүүний шинж нь жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байх, мөн тухайн буруутай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хуульд заасан хохирол, хор уршиг учирсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч Ч.Ц- нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх тул улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон, тус зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
А.Хт-ынэрүүл мэндэд “...тархи доргилт, баруун өвдөгт цус хуралт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл, А.Х-ын эрүүл мэндэд “...уруулд шарх, баруун даланд цус хуралт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл тус тус учирсан болох нь хавтаст хэргийн 115, 120 дугаар хуудсан дахь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байгаа, дээрх хүмүүсийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр асуусан нь хууль зүйн үндэслэлтэй боловч иргэний нэхэмжлэгчээр тогтоолгүй ирүүлсэн, мөн дээрх хүмүүс нь бага насны хүүхдүүд байгаа тул шүүхээс тэдний хууль ёсны төлөөлөгч Г.Эыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгчээр тогтоож хэрэг хянан хэлэлцэх ажиллагаанд оролцуулсан болно.
600,195 төгрөг нэхэмжилснийг төлсөн болох нь хавтаст хэргийн /2хх5-6/ баримтуудаар тогтоогдсон.
Иргэний нэхэмжлэгч нарт учирсан хор уршиг төлөгдөөгүй байна.
Иймд гэмт хэргийн улмаас эрүүл мэнд болон эд хөрөнгөөрөө хохирсон иргэний нэхэмжлэгч нарт баримтаар нотлогдож буй дараах зардлыг гаргуулахаар шийдвэрлэлээ.
Үүнд:
- иргэний нэхэмжлэгч нарын хууль ёсны төлөөлөгч Г.Э-дбаримт /1хх37-38/-аар нэхэмжилж буй хохирлын 550,000 төгрөгийг,
- иргэний нэхэмжлэгч Ж.Л-дхөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдсан 1,390,000 төгрөг, тээврийн хэрэгсэлд үнэлгээ, оношилгоо хийлгэсний төлбөр 132,000 төгрөгийг нэмж тооцон, нийт 1,522,000 төгрөг,
- иргэний нэхэмжлэгч Б.М-тхөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдсан 2,795,000 төгрөг, тээврийн хэрэгсэлд үнэлгээ хийлгэсэн 100,000 төгрөг нийт 2,895,000 төгрөгийг тус тус шүүгдэгч Ч.Ц-аас гаргуулж, иргэний нэхэмжлэгч нарт олгуулах.
Мөн гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан хохирогч Д.С, иргэний нэхэмжлэгч А.Х-, А.Хт-нарын хууль ёсны төлөөлөгч Г.Э нар цаашид эрүүл мэндтэй холбоотой гарах зардлын баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурьдаж байна.
Эрүүгийн хариуцлага:
Улсын яллагч: Шүүгдэгч Ч.Ц-т 700 нэгжтэй тэнцэх торгуулийн ялын санал гаргасан.
Шүүгдэгч Ч.Ц-, түүний өмгөөлөгч нар: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, хохирогчид учирсан хохирлыг төлсөн, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа бөгөөд энэ байдал нь жолоочийн хариуцлагын даатгалаас 5 орчим сая төгрөг авах, мөн шүүгдэгч ажил эрхэлдэг учраас цалингаасаа төлөх бүрэн боломжтой зэргээр тогтоогдож байгаа, анх удаа тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэргийг харгалзан торгуулийн ялын доод хэмжээгээр ял оноож өгнө үү гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.
Шүүгдэгч Ч.Ц-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, мөн улсын яллагчийн ялын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан боловч эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай юм.
Шүүгдэгч Ч.Ц- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хувийн байдлын хувьд 60 настай, үйлдсэн гэмт хэрэг нь болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг онцлоготой, урьд 2 удаа ял шийтгэл эдэлж байсан, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа талаарх өмгөөлөгчийн дүгнэлт, ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан Ч.Ц-т 700 нэгжтэй тэнцэх 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний болон жолооны бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирол төлөгдөөгүй болохыг шийтгэх тогтоолд дурьдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Ч-ын Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Ц-ыг 700 нэгжтэй тэнцэх 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Ч.Ц-т үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ч.Ц-т мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Ч.Ц-таас нийт 4,967,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч нарын хууль ёсны төлөөлөгч Г.Э-д550,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ж.Л-д1,522,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.М-т2,895,000 төгрөгийг тус тус олгож, хохирогч Д.С, иргэний нэхэмжлэгч А.Х-, А.Хт-нар эрүүл мэндтэй холбоотой цаашид гарах зардлын нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, Ч.Ц-ын иргэний болон жолооны бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ