| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2021/0230/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/328 |
| Огноо | 2021-03-12 |
| Зүйл хэсэг | 24.5.2., |
| Улсын яллагч | Б.Уранцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/328
2021 03 12 2021/ШЦТ/328
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,
улсын яллагч Б.Уранцэцэг,
шүүгдэгч Ж.Төгсмандах, түүний өмгөөлөгч С.Батдэлгэр, М.Хандармаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ш. овогт Ж.ы Төгсмандахад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2006 03803 2806 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөгжмийн удирдаач мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 011 дүгээр ангид Соёл, хүмүүжлийн албаны дарга ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суух бүртгэлтэй, Ш. овогт Ж.ы Төгсмандах.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Төгсмандах нь 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Тэнгэр” худалдааны төв дээр Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Нэн ховор амьтанд ... борцгор хотон ... зэрэг амьтан хамаарна...” гэх заалтад хамаарах Борцгор хотон шувууны хошууг худалдах гэж байсан бөгөөд нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Төгсмандах мэдүүлэхдээ: “Намайг Ж.ы Төгсмандах гэдэг. Би 1980 онд төрсөн. Би эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Миний эхнэр ахлах дэслэгч цолтой, төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт клиник эм зүйч ажил эрхэлдэг. Би 0-4 насны 3 хүүхэдтэй. Миний эхнэр одоогоор хүүхэд асрах чөлөөтэй гэртээ байгаа. Би 1995 оноос хойш Зэвсэгт хүчинд ажиллаж байна. Анх 15 настайдаа Зэвсэгт хүчний 120 дугаар ангийг хөгжмийн салаанд сурагчаар ороод түүнээс хойш одоог хүртэл армид 25 жил ажиллаж байна. Би энэ хугацаанд хэрэг төвөг гаргаж байгаагүй. Би 2012 онд өөрийн буруутай үйлдлээс болж машинтайгаа осолдож байсан. Би бусдад хор хохирол учруулж байгаагүй. Би хошууч цолтой, Зэвсэгт хүчний 011 дүгээр ангид Соёл хүмүүжлийн албаны даргын албан тушаал эрхэлдэг. Би Өмнөд Судан улсад 2 удаа, Афганистан улсад 1 удаа үүрэг гүйцэтгэсэн. Би 2018 оны 09 дүгээр сараас 2019 оны 10 дугаар сарын хугацаанд Өмнөд Судан улсад 2 дахь удаагаа үүрэг гүйцэтгээд ирэхдээ энэ шувууны хошууг авч ирсэн. Тухайн үед би хуулийн талаар мэдлэг дутуу, мөн үүрэг гүйцэтгэж явсан цэргүүдийн ярианаас энэ хошуу нь уяачдад хэрэгтэй байдаг гэдгийг сонсож, худалдаж авсан. Энэ хошууг цэргийн баазын гадаа харуулын цэг дээр хүүхдүүд авч ирж зардаг байсан. Тухайн үед нь би аваагүй. Харин Жуба гэх хотын зах дээр Мөнхбаяртай цуг явж байхдаа авсан. Тухайн үед Мөнхбаяр миний жолоочоор явж байсан. Би тэр хошууг зах дээр ил зарж байсан болохоор зүгээр байх гэж бодоод авсан. Би тухайн шувууны хошууг нуух сэдэлгүйгээр гар цүнхэндээ хийж Монгол улсын хилээр оруулж ирсэн. Биднийг Монгол улсын хилээр нэвтрэхэд хилийн цэргийнхэн шалгадаггүй. Бид талбай дээр дарга нартай уулзаад тэндээсээ шууд автобусанд суугаад Зэвсэгт хүчний 303 дугаар анги руу явсан. Би тэндээс шууд ачаа бараагаа аваад би гэр рүүгээ явсан. Манай аав Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат хүн бөгөөд аавын найз нөхөд нь морь уядаг бол бэлэг болгоод өгье гэсэн бодолтой байсан. Би ажиллагааны мөнгөөрөө байрны урьдчилгаа хийсэн. Манай эхнэрийн арван жилийн ангийн хүүхэд хувиараа тавилга хийдэг. Манай эхнэрийн тэр найз нь морь мал сонирхдог, би найзаасаа асуугаад үзье гэхэд нь би дэмий байлгүй дээ гэж хэлсэн. Манай эхнэр тэр найзтайгаа гал тогооны өрөөний тавилгыг хийсэн хөлсөнд тэр шувууны хошууг өгөхөөр ярилцсан. Тэгэхэд найз нь “манай эхнэр төрөх гэж байгаа тийм боломж байхгүй, харин би зараад өгье” гэж хэлсэн байсан. Тэгээд манай эхнэрийн найзын дүү нь фейсбүүкт зар тавьсан байсан. Би энэ тухай мэдээгүй. Магнайбаяр гэх залуу над руу залгаад “орой чам руу хүн ярих байх, тэгэхэд нь чи шувууны хошууг хүргээд өгөөрэй” гэсэн. Би тэр хүний таньдаг хүн юм байх гэж бодсон. Би хамгийн гол нь тэр хошууг борцгор хотон эсвэл цагаан хотон шувууных гэдгийг нь мэдээгүй. Тиймээс мэдлэггүйгээсээ болоод би тэр хошууг аваачиж өгсөн. Тэгээд би цагдаа нарт баригдаад явж байхдаа маш их сандарсан. Би шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Борцгор хотон шувууны тухай интернэтээс хайхад тухайн шувуу нь Этиоп улсад өвөлждөг гэж байсан. Этиоп улс нь Судан улстай хил залгаа байдаг. Судан улсад үүрэг гүйцэтгэж явахад тэндхийн хүмүүс энэ борцгор хотон шувуу гэж зааж өгч байсан. Тэгэхэд уг шувуу Африк тивд очдоггүй, цагаан хотон шувуу нь Монгол оронд нутагладаг гэж шинжээчийн дүгнэлт гарсан. Би аль нь хаана нутагладаг гэдгийг сайн мэдэхгүй. Тиймээс шинжээчийн дүгнэлтийг ойлгохгүй байгаа. Би хуулиар хориглосон эд зүйлийг авч ирсэн гэдгээ ойлгож, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Би Уранцэцэг прокурортой хохирол төлбөрийг нь барагдуулах талаар ярилцсан. Тэгэхэд энэ асуудал дээр эдийн засгийн үнэлгээ хийгддэг гэсэн. Би тэр шувууг агнаагүй, агнасан эсэхийг ч тогтоох боломжгүй. Цагдаа нар нь хэлэхдээ толгойг нь бяцлаад зардаг гэж хэлсэн. Би энэ талаар мэдэхгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Иргэний нэхэмжлэгч Ц.Цолмонбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Борцгор хотон шувуу нь Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан нэн ховор амьтны жагсаалтанд орсон. Тус хуулийн 7.2-т зааснаар нэн ховор амьтныг төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрлөөр эрдэм шинжилгээний ажилд гүйцэтгэх зориулалтаар агнан барьж болно гэж заасан байдаг. Амьтны тухай хуулийн 37.1-д “Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ”, 37.2-т “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно”, 37.3-т “энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн түүхийн эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна гэж заасан байдаг. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр Борцгор хотон шувууг 6.570.000 төгрөгийн үнэлгээтэй байдаг тул зохих журмын дагуу амьтны аймагт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21/,
- Эрүүгийн мөрдөгч, дэслэгч Б.Энх-Одын “Эртний эдлэл авна, зарна гэсэн зар дээр Борцгор хотон шувууны хоёр хошуу зарна гэсэн мэдээллийг авч шалгахад иргэн Ж.Төгсмандах нь биедээ Борцгор хотон шувууны хоёр хошууг авч, бусдад борлуулах гэж байсныг илрүүлэв.” гэх илтгэх хуудас /хх-ийн 4/,
- Биологийн хүрээлэнгийн Шувуу, шавж судлалын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Энхтуяагийн “...1.Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг эд мөрийн баримт нь Хотонгийнхон овгийн 1 бодгаль Борцгор хотон шувууны хошуу /толгойн араг, хошууны дээд хэсгийн хамт/ болон 1 бодгаль Цагаан хотон шувууны хошуу /толгойн араг, хошууны дээд хэсгийн хамт/ болохыг тогтоолоо. 2.Борцгор хотон шувууны хошууны урт 32 см, нийт урт 42.5 см хэмжээтэй. Цагаан хотон шувууны хошууны урт 31 см, нийт урт 40 см хэмжээтэй. 3.Борцгор хотон шувуу нь Монгол оронд өндөглөн зусдаг, нэн ховор нүүдлийн шувуу. Их нууруудын хотгорын цөөн нууранд үрждэг. Говийн нуур, цөөрмүүдээр нүүдлийн үедээ ховор тохиолддог. 4. 2 зүйл шувууны хошуугаар агнагдсан цаг хугацаа, нас, хүйсийг тодорхойлох боломжгүй. 5. Борцгор хотон шувуу нь Монгол орны улаан номонд бүртгэлтэй. Мөн Амьтны тухай хуулийн 7.1-д зааснаар нэн ховор зүйлийн жагсаалтанд орсон байдаг. Дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан дансны шалгуураар олон улсын хувьд “эмзэг”, Монгол орны хувьд “устаж болзошгүй” зэрэглэлд хамаарна. Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн нэгдүгээр хавсралтанд бүртгэлтэй. 6. Цагаан хотон шувуу нь Дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан дансны ангиллаар “анхааралд өртөхөөргүй” ангилалд хамаарна. Манай оронд тэмдэглэгдээгүй тул экологи-эдийн засгийн үнэлгээ байхгүй. 7.Борцгор хотон шувууны экологи-эдийн засгийн үнэлгээ Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-нд тусгагдсанаар 6.570.000 төгрөг байна.” гэх дүгнэлт /хх-ийн 25-26/,
- Шинжээч Б.Энхтуяагийн өгсөн: “...тухайн дүгнэлтийг гаргуулахаар шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг шувууны хошуу нь гадна талын харагдах байдлаасаа болон шувуу судлалын содон шинж тэмдгүүдээр Борцгор хотон, Цагаан хотон шувууны хошуунууд болох нь ямар нэгэн эргэлзээгүй тогтоогдож байсан. Борцгор хотон шувууны экологи-эдийн засгийн үнэлгээг Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-нд тусгагдсанаар 6.570.000 төгрөгөөр тогтоож өгсөн байдаг ба эр, эм бодгаль өөр өөр үнэлгээтэй байдаггүй. Борцгор хотон шувуу нь Өмнөд Судан улсад нүүдэллэж болон суурьшин амьдарч байсан тохиолдол одоогоор бүртгэгдээгүй байна.” гэх мэүүлэг /хх-ийн 29-32/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 97/,
- Биологийн хүрээлэнгийн Шувуу, шавж судлалын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Идэрбат, Б.Отгонбаяр, Б.Энхтуяа нарын гаргасан шинжээчийн дүгнэлт /хх-ийн 98-99/,
- Ж.Төгсмандахын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 40-46/,
- Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 48/,
- Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 51/,
- Дипломын хуулбар /хх-ийн 53-57/,
- Гэрч Ш.Мөнхбаярын өгсөн “...Ж.Төгсмандахтай хамт зах орж бэлэг дурсгалын зүйл авч байхад Ж.Төгсмандах нэг худалдагчтай нь англи хэлээр ярьж байснаа нэг амьтны урт хошуу хоёрыг худалдаж авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 106/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Ж.Төгсмандах нь 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Тэнгэр” худалдааны төв дээр Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Нэн ховор амьтанд ... борцгор хотон ... зэрэг амьтан хамаарна...” гэх заалтад хамаарах Борцгор хотон шувууны хошууг худалдах гэж байсан бөгөөд нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Иргэний нэхэмжлэгч Ц.Цолмонбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Борцгор хотон шувуу нь Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан нэн ховор амьтны жагсаалтанд орсон. Тус хуулийн 7.2-т зааснаар нэн ховор амьтныг төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрлөөр эрдэм шинжилгээний ажилд гүйцэтгэх зориулалтаар агнан барьж болно гэж заасан байдаг. Амьтны тухай хуулийн 37.1-д “Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ”, 37.2-т “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно”, 37.3-т “энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн түүхийн эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна гэж заасан байдаг. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр Борцгор хотон шувууг 6.570.000 төгрөгийн үнэлгээтэй байдаг тул зохих журмын дагуу амьтны аймагт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг,
- Эрүүгийн мөрдөгч, дэслэгч Б.Энх-Одын “Эртний эдлэл авна, зарна гэсэн зар дээр Борцгор хотон шувууны хоёр хошуу зарна гэсэн мэдээллийг авч шалгахад иргэн Ж.Төгсмандах нь биедээ Борцгор хотон шувууны хоёр хошууг авч, бусдад борлуулах гэж байсныг илрүүлэв.” гэх илтгэх хуудас,
- Биологийн хүрээлэнгийн Шувуу, шавж судлалын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Энхтуяагийн “...1.Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг эд мөрийн баримт нь Хотонгийнхон овгийн 1 бодгаль Борцгор хотон шувууны хошуу /толгойн араг, хошууны дээд хэсгийн хамт/ болон 1 бодгаль Цагаан хотон шувууны хошуу /толгойн араг, хошууны дээд хэсгийн хамт/ болохыг тогтоолоо. 2.Борцгор хотон шувууны хошууны урт 32 см, нийт урт 42.5 см хэмжээтэй. Цагаан хотон шувууны хошууны урт 31 см, нийт урт 40 см хэмжээтэй. 3.Борцгор хотон шувуу нь Монгол оронд өндөглөн зусдаг, нэн ховор нүүдлийн шувуу. Их нууруудын хотгорын цөөн нууранд үрждэг. Говийн нуур, цөөрмүүдээр нүүдлийн үедээ ховор тохиолддог. 4. 2 зүйл шувууны хошуугаар агнагдсан цаг хугацаа, нас, хүйсийг тодорхойлох боломжгүй. 5. Борцгор хотон шувуу нь Монгол орны улаан номонд бүртгэлтэй. Мөн Амьтны тухай хуулийн 7.1-д зааснаар нэн ховор зүйлийн жагсаалтанд орсон байдаг. Дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан дансны шалгуураар олон улсын хувьд “эмзэг”, Монгол орны хувьд “устаж болзошгүй” зэрэглэлд хамаарна. Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн нэгдүгээр хавсралтанд бүртгэлтэй. 6. Цагаан хотон шувуу нь Дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан дансны ангиллаар “анхааралд өртөхөөргүй” ангилалд хамаарна. Манай оронд тэмдэглэгдээгүй тул экологи-эдийн засгийн үнэлгээ байхгүй. 7.Борцгор хотон шувууны экологи-эдийн засгийн үнэлгээ Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-нд тусгагдсанаар 6.570.000 төгрөг байна.” гэх дүгнэлт,
- Шинжээч Б.Энхтуяагийн өгсөн: “...тухайн дүгнэлтийг гаргуулахаар шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг шувууны хошуу нь гадна талын харагдах байдлаасаа болон шувуу судлалын содон шинж тэмдгүүдээр Борцгор хотон, Цагаан хотон шувууны хошуунууд болох нь ямар нэгэн эргэлзээгүй тогтоогдож байсан. Борцгор хотон шувууны экологи-эдийн засгийн үнэлгээг Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-нд тусгагдсанаар 6.570.000 төгрөгөөр тогтоож өгсөн байдаг ба эр, эм бодгаль өөр өөр үнэлгээтэй байдаггүй. Борцгор хотон шувуу нь Өмнөд Судан улсад нүүдэллэж болон суурьшин амьдарч байсан тохиолдол одоогоор бүртгэгдээгүй байна.” гэх мэүүлэг,
- Биологийн хүрээлэнгийн Шувуу, шавж судлалын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Идэрбат, Б.Отгонбаяр, Б.Энхтуяа нарын гаргасан шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Ж.Төгсмандахыг нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас “...борцгор хотон шувууны хошууг Өмнөд Судан улсаас авч ирсэн, ...хошууг гадаадаас авч ирсэн тул Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй, ...уг гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан тул гэмт хэрэгт тооцохгүй...” гэж тайлбарлан маргаж байна.
Ж.Төгсмандах 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...Тэр захаас авсан гэдгийг нотлох баримт байхгүй. Би олуулаа явж байгаад зах дотор тараад би модоор хийсэн сүүдрэвч дотор ороод авч байсан. Би хотон шувууны 2 хошуу худалдан авсан талаар хүнд хэлээгүй. Монголд ирээд гааль дээр шалгуулахгүй, шууд автобусанд суугаад явсан.” гэж мэдүүлэх боловч 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн прокурорт гаргасан хүсэлтдээ “...худалдан авсныг Ш.Мөнхбаяр, М.Эрдэнэтөгс, Г.Мөнхбаяр, Б.Лхагва нар нотолно.” гэсэн нь ойлгомжгүй бөгөөд Өмнөд Судан улсад Ж.Төгсмандахтай хамт үүрэг гүйцэтгэж явсан Ш.Мөнхбаярын “...Ж.Төгсмандах уг хотон шувууны хошууг зах дээрээс худалдаж авсан.” гэх мэдүүлэг, Ж.Төгсмандахын “...би гар цүнхэнд хийгээд үүрчихсэн, тэгээд шалгуулааагүй.” гэх мэдүүлэг зэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг үгүйсгэх үндэслэл бүхий нотолгоо биш гэж үзэхийн зэрэгцээ уг хотон шувууны хошууг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн эсэхтэй холбоотой үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй байна.
Нөгөөтээгүүр, шинжээч Б.Энхтуяагийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өгсөн мэдүүлэгт “...Борцгор хотон шувуу Өмнөд Судан улсад нүүдэллэн очиж байсан зүйл одоогоор бүртгэгдээгүй байна. Ер нь Өмнөд Судан улсад Борцгор хотон шувуу байдаггүй.” гэж мэдүүлсэн, мөн шинжээч нарын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлтэд “...Борцгор хотон шувуу нь Монгол оронд өндөглөн зусдаг, нэн ховор нүүдлийн шувуу. Борцгор хотон шувууны дэлхийн тархалт нь Хятад, Энэтхэгийн өмнөд хэсэг, Улаан тэнгист өвөлждөг, Орос, Иран, Ирак, Пакистан, Казакстан зэрэг улсууд, төв Европоор зусдаг.” гэсэн зэрэг нь Ж.Төгсмандахын мэдүүлж байгаачлан “...борцгор хотон шувууны хошууг Өмнөд Судан улсаас авчирсан...” гэх үйл баримтыг үгүйсгэх шалтгаан болж байх тул “...Амьтны тухай хууль, Эрүүгийн хууль нь Монгол Улсад нүүдэллэн ирсэн нэн ховор шувууг хамгаалах зорилготой бөгөөд гадаад улсаас авч ирсэн шувууны түүхий эдэд хамаарахгүй, ...гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан” гэх утга агуулга бүхий шүүгдэгчийн өмгөөлөгч нарын тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.
Иймд шүүгдэгч Ж.Төгсмандахад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх үзэв.
Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөн тогтооно.” гэж, 37.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна.” гэж, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад “борцгор хотон шувууны экологи-эдийн засгийн үнэлгээ 6.570.000 төгрөг байна” гэж тус тус зааснаар Нийслэлийн Байгаль орчны газарт 13.140.000 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Ж.Төгсмандахад ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу 0-4 насны буюу бага насны 3 хүүхэдтэй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийн ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг хотон шувууны хошууг хэрэгцээний дагуу Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнд шилжүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 150.000 төгрөг төлөгдсөн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш. овогт Ж.ы Төгсмандахыг нэн ховор ан амьтны түүхий эдийг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.Төгсмандахад 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ж.Төгсмандахад оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Ж.Төгсмандах нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Ж.Төгсмандахаас 13.140.000 төгрөгийг гаргуулан хохирогч Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчны газар /РД:9077049/-т олгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг хотон шувууны хошууг хэрэгцээний дагуу Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнд шилжүүлсүгэй.
6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлөгдсөн болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж.Төгсмандахад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА