Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/330

 

 

 

 

 

 

 

 

 

  2021        03          12                                        2021/ШЦТ/330

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

шүүгдэгч С.Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт С.ын Б.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 04338 0162 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тэсэлгээчин мэргэжилтэй, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн туслан гүйцэтгэгч “Эрхэт түнш” ХХК-д тэсэлгээчин ажилтай, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт оршин суудаг, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 134 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, Б. овогт С.ын Б..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 28-ны шөнө 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Моника” баарны гадна хувийн таарамжгүй харилцааны улмаас шууд санаатай үйлдлээр А.Амарсайхантай маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                        /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч А.Амарсайханы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Моника” бааранд үл таних залуутай маргалдсан. Бид хоёрыг баарны хамгаалагч нар гадаа гаргасан. Тухайн залуу нь найз  нарынхаа хамт явж байсан. Тэр залууг найз нар нь машинд суулгасан. Би найзтай нь юм яриад зогсож байсан. Би “Банана” баар луу ороод эргээд гараад ирсэн. Би тэр хүмүүс дээр очоод уулзах гэхэд надтай маргалдсан залуу миний нүүрэн хэсэгт цохисон. Тэр залуу мөн дахин миний нүүрэн хэсэгт гараараа цохисон. Миний хамраас цус гараад байсан. Мөн миний шүд хөдөлсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 10/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 12454 тоот: “А.Амарсайханы биед баруун талын гайморовын хөндийн урд, арын ханын хугарал, баруун хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салстад шарх, язралт, зөөлөн эдийн няцрал, 3 шүдний сулрал, буйланд цус хуралт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 23-24/,

- С.Б.гийн яллагдагчаар өгсөн: “Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

С.Б. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 28-ны шөнө 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Моника” баарны гадна хувийн таарамжгүй харилцааны улмаас шууд санаатай үйлдлээр А.Амарсайхантай маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч А.Амарсайханы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Моника” бааранд үл таних залуутай маргалдсан. Бид хоёрыг баарны хамгаалагч нар гадаа гаргасан. Тухайн залуу нь найз  нарынхаа хамт явж байсан. Тэр залууг найз нар нь машинд суулгасан. Би найзтай нь юм яриад зогсож байсан. Би “Банана” баар луу ороод эргээд гараад ирсэн. Би тэр хүмүүс дээр очоод уулзах гэхэд надтай маргалдсан залуу миний нүүрэн хэсэгт цохисон. Тэр залуу мөн дахин миний нүүрэн хэсэгт гараараа цохисон. Миний хамраас цус гараад байсан. Мөн миний шүд хөдөлсөн.” гэх мэдүүлэг,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 12454 тоот: “А.Амарсайханы биед баруун талын гайморовын хөндийн урд, арын ханын хугарал, баруун хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салстад шарх, язралт, зөөлөн эдийн няцрал, 3 шүдний сулрал, буйланд цус хуралт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.” гэх дүгнэлт, 

- С.Б.гийн яллагдагчаар өгсөн: “Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.Б.г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч С.Б.д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хохирогч А.Амарсайхан баримтаар 154.700 төгрөгийн хохирол нэхэмжилсэн байх тул шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож, хохирогчийн энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич  нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч С.Б.д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж, шүүгдэгчид 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б. овогт С.ын Б.г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б.д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  С.Б.д оногдуулсан 800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Б. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар С.Б.гээс 154.700 төгрөгийг гаргуулан хохирогч Цонхи овогт Аюулгүйн Амарсайхан /РД:УК94060650/-д олгосугай.

            6. Хохирогч А.Амарсайхан нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

           7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА