Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 12

 

Б.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Б.Дамба, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Э.Ууганзаяа , шүүгдэгч Б.Б, хохирогч Д.Д, нарийн бичгийн дарга А.Тамираа нарыг оролцуулан

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Бд холбогдох эрүүгийн 1835000280040 дугаартай хэргийг хохирогч Д.Дгийн давж заалдсан журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1996 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Увс аймаг, Улаангом суманд төрсөн, эмэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5, аав, ээж, эгч, дүүгийн хамт Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багт оршин суух, Цагаагчин овогт Б.Б нь бусадын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: . Шүүгдэгч Цагаагчин овогт Бы Бд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд-д 350 /гурван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Баас 64.240 төгрөг гаргуулж хохирогч Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багт оршин суух Цорос овогт Д.Д /ОО95050320/-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар хохирогчийн нэхэмжлэлээс 705.576 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Бд-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тус тус заан шийдвэрлэжээ.

Хохирогч Д.Д нь давж заалдах гомдолдоо: ” Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

... Б.Б-аар зодуулж миний биед хөнгөн гэмтэл учирсан. Толгойн орой хэсгийн үс, дагз хэсгийн үс зулгаралтын улмаас үсгүй болж, толгой маш их өвддөг болсон.

Тиймээс миний бие Б.Б-д маш их гомдолтой байна. Хүн зодож биед гэмтэл учруулчихаад уучлалт гуйдаггүй, хохирол төлөөгүй, шүүхэд хүртэл би зодоогүй гэж хэлсэн байна.

Миний бие шүүх хуралд орж зодсон тухай, уучлалт гуйгаагүй талаар мэдүүлэг өгөх байсан боловч намайг хуралд оролцуулаагүй тул би анхан шатны шүүх хурлыг дахин хийлгэж хэлэлцүүлмээр байна.

Гомдлыг минь хүлээн авч дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд хэргийг буцааж өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй, хэргийн бүрдэлийн хувьд маргаангүй тул анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.Дгийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа , шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг үндэслэж, хохирогч Д.Д-гийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий болсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 01 дүгээр сарын 07-ны шөнө Увс аймаг, Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Хяргас нуур “ караокены байранд хохирогч Д.Дг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :

Хохирогч Д.Дгийн “...Хяргас нуур караокед бид архи ууж байсан ба Ууганзаяатай би маргалдаж байснаа зарим хэсгийг нь санаж байна.Түүний дараа Бадмаа намайг үсдэж дараад миний дээр гарч суугаад татаж сэгсрээд байсан. Би босох гэсэн боловч чадахгүй байсан юм. Намайг үсдэж байхад хүн салгасан” гэх мэдүүлэг,

Гэрч С.Ууганзаяагийн “...Д.Д орилж хашгираад надтай маргалдаж миний үсийг зулгаагаад тавихгүй байсан тул тэнд байсан хүмүүс салгасан.Тэр үед Бадмаа намайг өмөөрч Д.Дг “Чи яагаад миний найзыг янхан гэж хэлдэг юм бэ. Чи тийм ариун амьтан уу гэж хэлээд Д.Дг үсдэж байгаад дээш, доош дарж татахад Д паарны төмөрт толгойгоо цохиулсан. Б.Бадмаа Д.Дг нэлээн цохиж зодсон ба бид нар салгах гээд дийлээгүй” гэх мэдүүлэг,

Гэрч О.Цолмонбаярын “...Би Баа, Д.Д хоёрыг зодолдож байхад байгаагүй, гадна бие засаж байсан. Намайг орж ирэхэд Д.Дгийн үс нь арзайчихсан байсан. Өөр ямар нэг ил харагдах гэмтэл, шарх байгаагүй“ гэх мэдүүлэг,

Гэрч Т.Отгонсайханы “...Б.Бадмаа гэдэг охин Д.Дг үсдэж шалан дээр дараад нэг, хоёр үснээс нь татаад сэгсэрсэн Д..Д босч ирээд зогсоход Б.Б гэгч нь Д.Дг түлхэхэд Д.Д шалан дээр хойшоо савж унасан” гэх мэдүүлэг,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн “Д.Дгийн биед тархины доргилт, толгойн үс халзарсан, баруун гарын шууны хэсэгт хар хөхөрсөн, баруун бугалганы дотор талд улайлт, толгойн хуйханд эмзэглэлтэй зөөлөн эдийн гэмтэл үүссэн байна.

Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэсэн 68 дугаартай дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон, анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн, уг дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Мөрдөн байцаалт, шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан байх ба шүүхээс бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал гараагүй байна.

Б.Б нь хохирогч Д.Дг “найз Ууганзаяатай маргасан  ” гэх шалтгаанаар буюу тодорхой сэдэлттэйгээр зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан буюу  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Хохирогч Д.Дгийн “...Миний бие Б.Бд маш их гомдолтой байна. Мөн  анхан шатны шүүх хуралдаанд намайг оролцуулаагүй тул дахин шүүх хуралдааныг хийж өгнө үү “ гэх гомдлын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаж үзвэл:

Анхан шатны шүүх Б.Бд  холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч, 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлэхдээ шүүх хуралдааныг 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хийхээр товлож, уг хуралдаанд хохирогч Д.Дг ороцуулахаар тогтоож, шүүх хуралдааны товыг мэдэгдэхийг шүүгчийн туслах Г.Чойномд даалгаж шийдвэрлэсэн байна.

Дээрхи шүүгчийн захирамжийн дагуу хохирогч Д.Дд шүүх хуралдааны товыг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр мэдэгджээ. / хх-ийн 107 тал/

Хохирогч Д.Д нь шүүх хуралдааны товыг мэдэгдсэнээс хойш шүүх хуралдаан болох хүртэл шүүх хуралдаанд биечлэн оролцох талаар шүүхэд ямар нэгэн хүсэлт ирүүлээгүй, товлосон шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 1-т “ анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох тухай бичгээр хүсэлт гаргасан нөхцөлд хохирогчийг оролцуулан”,2-т “ хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй “гэж тус тус заасан байх бөгөөд хохирогч Д.Д нь шүүх хуралдаанд оролцох тухай бичгээр хүсэлт гаргаагүй, хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй  тул шүүх хуралдааныг явуулсан нь хуулийн шаардлагад нийцсэн байна.

Анхан шатны шүүхээс Б.Бд оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хохирогч Д.Дгийн  давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.Дгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.ЖАМБАЛСҮРЭН

                                     ШҮҮГЧИД                         Б.ДАМБА

                                                                              Н.МӨНХЖАРГАЛ