Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2022/0730

 

                             

 

 

 

 

 

 

 

 

 

                                 Ю.Ц  нэхэмжлэлтэй

                                      захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч Ч.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 18/А 1260314 дугаар акт, мөн өдрийн 95/А1260314, 96/А1260314, 97А/1260314 дугаар “Зөрчил арилгах тухай албан шаардлагуудыг хүчингүй болгуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 22 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

НэхэмжлэгчЮ.Ц

Хариуцагч Ч.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн

Хэргийн индекс: 117/2022/0018/З

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. НэхэмжлэгчЮ.Ц нь Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудитор Ч.Б холбогдуулан “Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 18/А 1260314 дугаар акт, мөн өдрийн 95/А1260314, 96/А1260314, 97А/1260314 дугаар “Зөрчил арилгах тухай албан шаардлагуудыг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 22  дугаар шийдвэрээр:

2.1. “Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.36, 16 дугаар зүйлийн 16.5.5, Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.4, 51.2, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 57.2.4, 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 48 дугаар зүйлийн 48.3.1, 112 дугаар зүйлийн 112.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Дундговь аймаг дахь Политехник коллежийн захиралЮ.Ц гоос гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 18/А1260314 дугаартай Төлбөр барагдуулах тухай актын 1 дэх заалт болон мөн өдрийн 97/А1260314 дугаар Зөрчил арилгах тухай албан шаардлагыг хүчингүй болгож, үлдэх шаардлага буюу Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 18/А1260314 дугаартай Төлбөр барагдуулах тухай актын 2, 3, 4, 5 дах заалт, мөн өдрийн 95/А1260314, 96/А1260314 дугаар албан шаардлагуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Ч.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

Захирал өөртөө тушаал гарган тэтгэмж авч, хувийн ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргасан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т /Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно/ зорчсон нь илт тодорхой боловч, үүнийг буруутгах боломжгүй гэж үзсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. 2. Шүүхийн шийдвэрт Политехникийн коллежийн ЗахиралЮ.Ц нь тэтгэмж авах эрх үүсэж байгаа, шаардагдах зардлыг байгууллагын төсөвт тусгах асуудлыг шийдвэрлэж өгөх талаар хандсан мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан бичгийн хавсралтаар ирүүлсэн төсвийн хуваарьт үндэслэн тушаал гаргаж, өөртөө тэтгэмж олгосон нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-т батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах гэж заасантай нийцсэн гэж дүгнэв гэж үзсэн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь төсвийн хуваарь ирүүлсэн албан бичиг нь тэтгэмж олгох тухай захиргааны акт биш бөгөөд энэ нь захирал өөртөө тэтгэмж олгох, өөрт нь хамаарал бүхий тушаал гаргахыг зөвшөөрсөн тухай биш юм. Нөгөөтэйгөөр тус төсвийн хуваарьт үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар Политехникийн коллежийн захиралд тэтгэмж олгох нь зүйтэй байлаа. Мөн тус зөрчилтэй ижил тохиолдол буюу Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 18/А1260314 дугаартай "Төлбөр барагдуулах тухай" актын 3 дэх заалт буюу сайдын тушаал, шийдвэргүйгээр үр дүнгийн урамшуулал олгосон төлбөрийн актыг тус шүүхийн шийдвэрээр хүчинтэй үлдээснийг энд дурдах нь зүйтэй байна. 3. Хариуцагч намайг тус шүүхийн шийдвэрт Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т зааснаар багш нь Боловсролын тухай хуульд заасан хангамжаар хангагдана гэж заасан байдаг боловч энэ хүн багшаар ажилладаггүй, иймд Боловсролын хуулийн 43.1-д зааснаар тэтгэмж авах эрх үүсэхгүй гэх тайлбартаа үндэслэж уг асуудлаар Дундговь аймаг дахь Политехник коллежийн дээд шатны байгууллагын харьяалах аудитын байгууллагаар аудит хийлгэх замаар маргах эрх нь нээлттэй болно гэж үзсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь тус тэтгэмж олгох тухай тушаалыг дээд шатны байгууллага нь бус Политехникийн коллежийн захирал гаргасан, мөн тус байгууллагын төсвөөс зарцуулагдсан тул манай аудитын газраас тус коллежид аудит хийж, төлбөрийн акт тогтоосон нь үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүх хурлын үеэр Политехникийн коллежийн захирал нь тус байгууллагад багшаар ажилладаггүйгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ нь Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т /Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, түүнтэй адилтгах мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын багш нь Боловсролын тухай хуулийн 43.1-д заасан баталгаагаар хангагдахаас гадна түүнд 5 жил тутамд нэг удаа 10 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа сургалтын байгууллагаас олгоно./ зааснаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв /Тухай үеийн хуучин нэршлээр/ -ийн захирал нь Боловсролын тухай хуульд заасан баталгаагаар хангагдахгүй, мөн захирал өөртөө тушаал гарган тэтгэмж авч, хувийн ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргасан нь нотлогдож байхад нэхэмжлэлийг шаардлагыг хангасан гэж үзэн төлбөрийн актыг хүчингүй болгож байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 сарын 17- ны өдрийн 117/ШШ2022/0022 дугаар шийдвэрийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан гэж үзсэн хэсгийн Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 18/A1260314 дугаартай "Төлбөр барагдуулах тухай" актын 1 дэх заалтыг хүчингүй болгосон шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

1. Анхан  шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэгтэй холбогдуулан хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн гүйцэд бүрдүүлээгүй, хууль зүйн дүгнэлт бүрэн хийгээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2. НэхэмжлэгчЮ.Ц Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 18/А 1260314 дугаар акт, мөн өдрийн 95/А1260314, 96/А1260314, 97А/1260314 дугаар “Зөрчил арилгах тухай” албан шаардлагуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.1. Анхан шатны шүүх Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 18/А 1260314 дугаар актын 1 дэх заалт болон мөн өдрийн 97/А1260314 дугаар “Зөрчил арилгах тухай” албан шаардлагыг тус тус хүчингүй болгож, энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн бусад шаардлага болох Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 18/А1260314 дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актын 2,3,4,5 дахь заалт, мөн өдрийн 95/А1260314, 96А/1260314 дугаар албан шаардлагуудыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

2.2. Хариуцагчаас шүүхийн шийдвэрийн Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 18/А 1260314 дугаар актын 1 дэх заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн хэсгийг зөвхөн эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байх боловч давж заалдах шатны шүүх хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт ач холбогдолтой, хамаарал бүхий баримтыг эргэлзээгүйгээр хангалттай цуглуулж, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлд бүрэн дүүрэн хууль зүйн дүгнэлт хийгээгүй байх тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2.3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 18/А 1260314 дугаар акттай холбоотой нэхэмжлэлийн шаардлагын тухайд тус актын Тогтоох нь” хэсгийн 1 дэх заалтаар Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж авсан 5.974.900.00 төгрөгийг нөхөн төлүүлэх”-ээр төлбөр ногдуулсан нь үндэслэлгүй” гэж дүгнэсэн байх боловч нэхэмжлэлийн тус шаардлагатай холбогдуулан хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтуудыг бүрэн гүйцэд цуглуулж, баримтад үндэслэн дүгнэлт хийгээгүй гэж үзэхээр байна.

2.4. Хариуцагч актын тус хэсгээр төлбөр ногдуулах болсон үндэслэлийг “... захирал өөрийн тушаалаар өөртөө хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж авсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.1 дэх заалтыг зөрчсөн, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн

43.1.7-д заасныг зөрчсөн, өөртөө тушаал гаргаж тэтгэмж авах хууль зүйн үндэслэлгүй, мөн багшаар ажиллаж байгаа бол тэтгэмж авах боломжтойЮ.Ц нь захирал мөн боловч сургуульдаа багшилдаггүй тул тэтгэмж авах үндэслэлгүй...” гэж тайлбарласан байна.

            2.5. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын тус хэсэгтэй холбогдуулан “... захирал Ю.Ц нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санхүү, хөрөнгө оруулалтын газарт 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 68 дугаар албан бичиг, хувийн өргөдлөөр тэтгэмж авах эрх үүсч байгаа, шаардагдах зардлыг байгууллагын төсөвт тусгах асуудлыг шийдвэрлэж өгөх талаар хандсан ... сайдын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1/166 дугаар албан бичгийн төсвийн хуваарь хүргүүлэх хавсралтаар хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмжид 50.026.000 төгрөгийг баталж, энэ хуваарьт үндэслэн ... захирал ... дугаар тушаалаар ... багш, захиралд тэтгэмж олгосон нь батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах гэж заасантай нийцсэн ...” гэж дүгнэсэн байна.

2.6. Шүүх хариуцагчийн “Ю.Ц захирал өөртөө тушаал гаргаж тэтгэмж авсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.1 дэх заалтыг зөрчсөн, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-д заасантай нийцэхгүй, хууль бус гэж маргасан үндэслэлд огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна.

2.7. Түүнчлэн хэрэгт нэхэмжлэгч Ю.Ц гоос Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санхүү, хөрөнгө оруулалтын газарт 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 68 дугаар албан бичиг[1], хувийн өргөдөл[2]-өөр тэтгэмж авах эрх үүссэн тул тэтгэмж авах хүсэлтэй байгаа талаар хандсаныг илэрхийлэх баримтууд авагдсан байх боловч тус яамнаас нэхэмжлэгч Ю.Ц д сургуулийн захирлынх нь хувьд бусад багш нартай адил тэтгэмж авах боломжтой гэж үзэж зөвшөөрсөн болохыг нотолсон баримт авагдаагүй, шүүх энэ талаар тодруулах ажиллагаа хийгээгүй атлаа дээрх дүгнэлтийг хийсэн нь үндэслэлтэй болоогүй байхаас гадна шүүхийн үнэлсэн баримт болох төсвийн хуваарь гэх баримтад нийт үнийн дүн тусгагдсан, нэхэмжлэгчийн хүссэн тэтгэмжийн зардал тусдаа тусгагдаагүй, яамны мэргэжилтнээр ирсэн цахим захидалд мөн энэ талаар тусгагдаагүй буюу нэхэмжлэгчийн өөртөө авахыг хүссэн тэтгэмжийн зардал төсвийн хуваарьт багтсан эсэх асуудал тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж заасантай нийцэхгүй, давж заалдах шатны шүүх энэ талаарх хэргийн үйл баримтыг нөхөн тодруулж, хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.  

2.8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасны дагуу шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгож буй нотлох баримтыг хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлийг дэмжигдэж эсхүл няцаагдаж байгаа талаас нь үнэлж дүгнэж буй байдлыг шүүхээс тухайн маргаж буй асуудлаар шийдвэр гаргаж байгаа үндэслэл болсон хууль эрх зүйн хэм хэмжээг хэргийн нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж байгаагааа тусгах үүрэгтэй.

2.9. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын тус хэсгийг хангаж шийдвэрлэсэн атлаа “... хариуцагч нь Мэргэжлийн боловсролын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т багш нь Боловсролын тухай хуульд заасан хангамжаар хангагдана гэж байдаг боловч энэ хүн багшаар ажилладаггүй, ... Боловсролын тухай хуулийн 43.1-т зааснаар тэтгэмж авах эрх үүсэхгүй, Боловсролын тухай хуулийн 43.1.7-д ... заасан тул тэтгэмж олгогдохгүй ...” гэх тайлбартаа үндэслэж, уг асуудлаар Дундговь аймаг дахь Политехникийн коллежийн дээд шатны байгууллагын харьяалан аудитын байгууллагааг аудит хийлгэх замаар маргах эрх нь нээлттэй ... “ гэж нэхэмжлэлийн шаардлагын тус хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй зөрүүтэй логик уялдаагүй байдлаар дүгнэсэн, уг дүгнэлтийг хийх болсон  хууль хууль зүйн үндэслэлийг тайлбарлаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2.10. Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 18/А 1260314 дугаар актын Тогтоох нь хэсгийн 3 дахь заалтаар “Тушаал шийдвэргүйгээр олгосон 5,142,969.00 /Таван сая нэг зуун дөчин хоёр мянга есөн зуун жаран ес/ төгрөгийн үр дүнгийн урамшууллыг ... нөхөн төлүүлэх”-ээр тогтоосон байх боловч зөрлийн талаар дүгнэх хэсэгт Тушаал шийдвэргүйгээр 1.590.826.00 төгрөгийн үр дүнгийн урамшуулал олгосон” гэж  зөрүүтэй байдлаар бичигдсэн, нэхэмжлэгч энэхүү зөрүүтэй байдлаар тогтоох хэсэгт бичигдсэнтэй маргаагүй байх бөгөөд хариуцагчаас давж заалдах гомдолдоо “... тушаал шийдвэргүйгээр үр дүнгийн урамшуулал олгосон төлбөрийн актын 3 дахь заалтыг шүүх хүчинтэй үлдээсэн” гэж бичсэн байх боловч давж заалдах шатны шүүх хуралдаанд “тус актын Тогтоох нь хэсэгт бичигдсэн үнийн дүнгээр тооцож нөхөн төлүүлнэ” гэсэн агуулгатай тайлбар гаргасан байна.

2.11. Шүүх маргааны бүхий 18/А 1260314 дугаар актын Тогтоох хэсгийн 3 дахь заалтын зөрчлийн үнийн дүн зөрүүтэй байдлаар тусгагдсан нь шүүхээр уг хэрэг шийдвэрлэгдэж шүүхийн шийдвэр биелэгдэх явцад зөрчилтэйтэй нөхцлийг үүсгэхээр байхад хариуцагчаас энэ тодруулж аль үнийн дүнгээр тооцож төлбөр төлүүлэх талаар бичгээр тайлбар гаргуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

2.12. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн бусад шаардлага болох “Төлбөр барагдуулах тухай” 18/А 1260314 дугаар актын “Тогтоох нь” хэсгийн 2 дахь заалтаар “Цалингийн тооцооллыг буруу хийж, илүү олгосон 112,306.00 төгрөгийг /Нэг зуун арван хоёр мянга гурван зуун зургаа/ төгрөгийг, Цалингийн зэрэглэлийг буруу тогтоож, илүү олгосон 562,577.00 /Таван зуун жаран хоёр мянга таван зуун далан долоо/ төгрөгийг нөхөн төлүүлэх, 95А/1260314, 96/А1260314 дугаар албан шаардлагуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, нэхэмжлэгчээс шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй тул шийдвэрий эдгээрт холбогдох хэсэгт дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болохыг, шүүхийн шийдвэр хэлбэр, бичиглэлийн хувьд маргаан бүхий актын үнийн дүнг буруу бичсэн, ХЯНАВАЛ хэсгийн дугаарлалт эмх цэгцгүй, зөв дараалалгүй байгаа нь Монгол Улсын дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлалыг батлах тухай” 29 дүгээр тогтоолын 8 дугаар хавсралт “Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал”-ын 2.2, 2.3, 3.4-т нийцээгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                       Т.ЭНХМАА

 

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

 

[1] Хавтаст хэргийн 119 дүгээр хуудас

[2] Хавтаст хэргийн 120 дугаар хуудас