Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/01678

 

Н.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 163 дугаар шийдвэр

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 34 дүгээр магадлалтай

Н.Оийн нэхэмжлэлтэй

“Х” ХХК-ийн С, “М” ХХК-ийн Ст тус тус холбогдох

Даатгалын нөхөн төлбөр 100 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Н.О, түүний өмгөөлөгч Л.Доржпүрэв нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв, хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Отгондаваа, М.Энхсаруул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Н.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн Н.О би 2017 оны 04 сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь “Х” ХХК-иас эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх зорилгоор 100 000 000 төгрөгийн зээл авсан, энэ зээлийг авахад “Х” ХХК нь “М” ХХК-ийн зуучлагч болж надтай гэрээ байгуулсан юм. 2017 оны 04 сарын 07-ны өдөр Хүнд даацын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээт баталгаа хийж миний өмчлөлийн VOLYO маркийн YU2G4CEA54B367147 арлын дугаартай машиныг 100 000 000 төгрөгөөр үнэлж даатгаж 950 000 төгрөгийн хураамж аваад “М” ХХК-ийн дансруу хийлгэсэн билээ. ...Манай машин 2017 оны 08 сарын 17-ны өдөр Орос улсад Новосибирск хотоос бараа тээвэрлэх гэж яваад осолд орж эвдэрч, ашиглагдахгүй болж хохирсон юм. Би машин осолд орж хохирол гарсан талаар “М” ХХК, зуучлагч “Х” ХХК-д нэн даруй мэдэгдсэн юм. Миний бие “М” ХХК-иас даатгалын нөхөн төлбөр 100.000.000 төгрөг авах хүсэлт гаргаж, өөрийн биеэр уулзахад “М” ХХК нь нөхөн төлбөр олгохгүй, даатгалын гэрээнд заахдаа Монгол улсын нутаг дэвсгэрийн гадна учирсан хохиролд нөхөн төлбөр олгохгүй гэж заасан байгаа гээд нөхөн төлбөр олгохгүй байгаа юм. ... “М” ХХК-ийн зуучлагч “Х” ХХК нь энэ заалтаа хэлж тайлбарлаж өгөөгүй, уншуулаагүй бөгөөд ийм заалт байгаа гэж бидний санаанд огт ороогүй юм. Даатгалын гэрээнд гарын үсэг зурах үед ажлын цаг дуусч, банк хаах үе болсон байсан бөгөөд гэрээнд гарын үсэг зураарай гэхээр нь зурсан болно. ...Үндэслэлгүй заалт гэрээндээ оруулаад тэр заалтаа баримтлаад нөхөн төлбөр олгохгүй байгааг буруутай гэж үзэж байна. ...Монголд байгаа юм чинь Монголынхоо л даатгалын компаниар даатгуулсан. Орост гарсан осолд хохирол тооцохгүй талаар гэрээнд заасныг би анзаараагүй, гэрээтэй сайн танилцаж амжаагүй, ажил тарах дөхөж байсан, хурдал гэж шаардаж шахаад байхаар нь гарын үсгээ зурчихсан. Иймд даатгуулсан үнийн дүн болох 100 000 000 төгрөгөө авах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Даатгалын тухай хуулийн 2.1-д Даатгалын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Компанийн тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ, 16 дугаар зүйлд Тусгай зөвшөөрөлгүйгээр даатгалын үйл ажиллагаа эрхлэхийг хориглох, 16.1-т Энэ хуулийн 16.3, 17.2-т зааснаас бусад этгээд Зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр Монгол Улсад болон Монгол Улсаас гадаад улсын нутаг дэвсгэрт даатгалын үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно. Эдгээр заалтуудыг үндэслэн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулах тул Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг аваад, хуулийн заалтад нийцүүлэн “М” ХХК нь зөвхөн Монгол улсад даатгалын үйл ажиллагаа үзүүлж байгаа. Хүнд даацын тээврийн хэрэгслийн даатгалын 8041840003 тоот гэрээний 12.2.21-т Гэрээнд тусгайлан заагаагүй бол Монгол улсын нутаг дэвсгэрээс гаднах хохирол нь даатгалын нөхөн төлбөрт хамаарахгүй талаар тусгаж өгсөн. “Х” ХХК-ийн эзэмшлийн VOLVO FBFH маркийн СЭА-1099 автомашиныг Сандаг овогтой Ганбат нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодон явахдаа 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 02 цагийн орчим Иркутск хотыг чиглэсэн Байкаль Р258 авто зам дээр гүүрэн дээрээс унаж зам тээврийн осол гаргасан болохыг Оросын холбооны улсын Кабаск дүүрэг хариуцсан Дотоод явдлын Яамны дэргэдэх Замын цагдаагийн газрын ослын акт, захиргааны зөрчил ногдуулах захиргааны шийтгэлийн 18810003170390066209 тогтоолоор нотлож байна. Энэ нь хүнд даацын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 12.2.21-т ...Монгол улсын нутаг дэвсгэрээс гаднах хохирол гэдэгт хамаарч байгаа. Нэхэмжлэгч Н.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ослын огноог зөрүүтэй мэдээлсэн байдаг. “М” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын зуучлалын эрх авсан “Х” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж ажилладаг. Зээлийн барьцааны зүйл болох VOLVO маркийн автомашиныг хүнд даацын автомашины даатгалд даатгаж, даатгалын гэрээний баталгааг 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгч Н.От өгсөн байдаг. Даатгалын гэрээт баталгаанд хоёр тал гарын үсэг зурсан нь уг гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгоно. Нэхэмжлэгч Н.О нь нэхэмжлэлдээ ...би даатгалын гэрээг хийх үед гадаад улсад үйлчлэхгүй даатгал гэдгийг мэдээгүй, энэ заалтаа надад тайлбарлаж хэлээгүй, уншуулаагүй гэдэг. Үүнийг нотлох боломжгүй. ...Нэхэмжлэлийн шаардлага болох 100 000 000 төгрөгөөр хохирсон гэдэг нь нотлогдохгүй байна. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.3-т хохирол үнэлэгчийн бичгээр гаргасан дүгнэлт, акт, материалыг үндэслэн нөхөн төлбөрийг олгох тул үнэлгээний баримт хэргийн материалд алга. Гэтэл нэхэмжлэгч зээлийн хөрөнгөө нэмэгдүүлэхээр авсан зээлийн мөнгөн дүнгээ нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Тухайн машиныг барьж явсан С.Ганбат нь замын хөдөлгөөний заалтыг зөрчиж осол гаргасан, даатгалтай автомашинд хохирол учруулсан. Гэтэл Н.О нь С.Ганбатаас хохирлоо нэхэмжилсэн зүйл алга. Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 12.2.1-т ...согтуугаар болон мансууруулах бодис хэрэглэсэн үедээ жолоодсоноос үүдэн гарсан хохирлыг даатгагч компани нөхөн төлөхөөс татгалзана гэж заасан. “Х” ХХК-иас зээл авахад “М” ХХК-д даатгуул гэсэн гэдэг. Тэгвэл жолоочийн хариуцлагын даатгал, үл хөдлөх хөрөнгийн даатгал нь “Монгол даатгал” ХХК-д даатгуулсан байдгаас харахад тулган шаардсан зүйл байхгүй, сонгох боломжоор хангасан гэж ойлгоно. Монгол даатгал ХХК-ийн жолоочийн хариуцлагын даатгалын 17041301700782 тоот гэрээнд тус автомашиныг  Монгол улсад барих эрх бүхий жолооч нь Н.О, Гантулга, Энхбаатар гэх хүмүүсийн нэр бий. Харин тухайн үед орос улсад машиныг жолоодож явсан С.Ганбатын нэр байхгүй. Жолоодох эрхтэй хүн байсан эсэх нь нотлогдохгүй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр даатгагчид гэрээний үүрэг үүсээгүй, нотлогдохгүй байх тул ИХШХШТХ-ийн 117 дугаар зүйл заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Х” ХХК-ийн Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Н.О нь 2017 онд бизнесийн хөрөнгө оруулалтын зээл авсан. Энэ зээлийг авахад Зээл авах журам-ын дагуу хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг барьцаанд авах ёстой байдаг. Ингээд Н.Оийн нэр дээр байсан VOLVO маркийн автомашиныг банкны нэр дээр шилжүүлж даатгалын гэрээгээр даатгуулсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ даатгалын компанийг “М” ХХК-ийг сонго гэж тулгасан нь худлаа. “Х” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсны дагуу даатгалын нэр бүхий компаниудтай гэрээ хийж тэдгээрийг төлөөлөх эрхтэй. “Х” ХХК-ийн ажилтантайгаа байгуулсан нууцын гэрээ болон, ажилчдын хөдөлмөрийн гэрээнд аливаа иргэн, хуулийн этгээдийг төлөөлөх, даатгалын байгууллагыг төлөөлж нөхөн төлбөр олгох, тогтоох, санал болгохыг хатуу хориглосон байдаг. Иймд манай ажилтан “М” ХХК-ийг санал болгоогүй. Түүнийг гэрчүүд нотлоно. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 163 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар “М” ХХК-ийн С, “Х” ХХК-ийн Саас даатгалын нөхөн төлбөр 100 000 000 төгрөг гаргуулах тухай Н.Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс 657 950 төгрөгийг нөхөн гаргуулж орон нутгийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 34 дүгээр магадлалаар: Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 163 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Нэхэмжлэгч Н.О нь шүүгчийн 2018 оны 05 сарын 03-ны өдрийн 791 дугаартай захирамжаар давж заалдах гомдол гаргахдаа төлөх тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Н.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 34 дүгээр магадлалыг хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэгч талаас энэ гомдлыг гаргаж байна.

...Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 63, 64-р зүйлүүдийг хэрэглэвэл зохих байсныг хэрэглээгүй, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37-р зүйлийн 37.2-т заасан заалтыг хэрэгжүүлээгүйн улмаас хэргийг хууль зүйн дагуу зөв шийдвэрлээгүй гэж үзэж байна. ...Даатгалын гэрээ 2017 оны 4-р сарын 7-ны өдөр байгуулагдсан байгаа юм. /14-18х/. Энэ даатгалын гэрээг “М” ХХК-ийн зуучлагч болох “Х” ХХК хийсэн байдаг.

Гэтэл энэ гэрээг хийх цаг үед “М ХХК нь “Х” ХХК-д зуучлал хийх төлөөллийн эрх олгоогүй байсан юм. Даатгалын зуучлалын эрх олгосон тухай баримт хэргийн материалд байхгүй юм. Иймд Иргэний хуулийн 63, 64-р зүйлд зааснаар зуучлалын төлөөлөх эрх олгоогүй байхад “Х” ХХК нь “М” ХХК-ийн зуучлагч нь болж гэрээ хийсэн нь хууль зөрчсөн үйлдэл.

Гэтэл энэ хууль зөрчсөн үйлдлийг анхан шатны болон давж заалдах шатны шүүх мэдсэн атлаа зөрчлийг арилгахгүйгээр энэхүү хууль зөрчиж байгуулсан тус гэрээнд байгаа “Гадаад улсад болсон эрсдэлийг даатгалын компани хариуцахгүй гэсэн” заалтыг баримталж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь хуулийн үндэслэлгүй юм. Шүүхийн энэ шийдвэр, магадлалаас дүгнэлт хийж үзэхэд аливаа төлөөлөх эрх олгогдоогүй хүн, байгууллага ямар нэгэн гэрээ хэлцлийг бусдын нэрийн өмнөөс хийгээд яваад байж болох юм шиг буруу жишиг тогтоож байна гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх хурал дээр хариуцагч “М” ХХК-ийн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн өмгөөлөгч асуухдаа “Танай “М” ХХК “Х” ХХК-д даатгалын зуучлалын төлөөлөх эрх олгоогүй, танай компани “Х” ХХК хоёрын хооронд хамтран ажиллах гэрээ тухайн даатгалын гэрээ хийх үед хийгдээгүй байсан байна. Энэ талаараа ярина уу гэж асуухад “М” ХХК-ийн төлөөлөгч хариулахдаа: Даатгалын энэ гэрээ хийх үед “Х” ХХК-д зуучлалын эрх олгосон баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй гэдгээ хэлсэн юм. Анхан шатны шүүх хурал дээр ч бас “Х” ХХК-ийн төлөөлөгч мөн адил тайлбарлаж байсан. Энэ бүгд шүүх хурлын тэмдэглэл болон бичлэгт тусгагдсан байгаа. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37-р зүйлийн 37.2-т зааснаар хариуцагчийн тайлбар нь нотлох баримт болж байгаа. Шүүх хурлын явцад хариуцагч тал өөрөө зуучлалын эрх олгосон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй гэдгээ тайлбарлаж байгаа нь даатгалын гэрээ нь хууль зөрчсөн гэдэг нь тодорхой болсон. Гэтэл энэ хууль бус даатгалын гэрээний “Гадаад улсад гарсан эрсдэлийг даатгалын компани хариуцахгүй” гэсэн заалтыг шүүх баримтлах ёсгүй байсан. Шүүх иргэн хүнийг “Та өөрөө гэрээнд гарын үсгээ зурсан байна” гэж буруутгахаасаа илүүтэйгээр хариуцагч тал болох 2 компанийг хуульд нийцээгүй гэрээ хийсэн байна гэж үзсэн бол шударга шийдвэр болох байсан гэж үзэж байна. Шүүх эсвэл “Х” ХХК ямар учраас зуучлагч болж гэрээ хийсэн талаар тодруулах шаардлагатай гэж үзэж шүүх хурлыг хойшлуулж шийдвэрлэх байсан гэж үзэж байна. Даатгалын гэрээг 2017 оны 4-р сарын 6-ны өдөр хийсэн байхад үүнээс хойш 2 сарын дараа буюу 2017 оны 6-р сарын 01-ний өдөр хийсэн “Даатгалын зуучлалын үйлчлэлээр хамтран ажиллах гэрээ” гэсэн “М” ХХК, “Х” ХХК хоёрын хооронд хийсэн нэг гэрээ байдаг. /90-92х / Энэ нь даатгалын гэрээ хийх үед “Х” ХХК-д даатгалын зуучлагч хийх эрх олгоогүйг нотлон харуулж байна. Хариуцагч нар болохоор энэ зөрчлөө тодруулахгүйн тулд “Нэхэмжлэгч нь гэрээг хүчингүй болгох нэхэмжлэл гаргаагүй гэж тайлбарладаг. Шүүх зуучлалын төлөөлөх эрх олгогдоогүй байхад гэрээ хийсэн зөрчлийг мэдсээр байж мөн л хариуцагч нартай адилхан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргаагүй гэж үзсэн нь хуулийг зөв хэрэгжүүлэх үүрэгтэй шүүх үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Шүүх хуулийн үндэслэлтэй шийдвэр гаргахын тулд гэрээний доторх заалтыг харах нь чухал биш харин уг гэрээ нь өөрөө хуульд нийцсэн үү гэдгийг түрүүлж харах нь чухал гэж үзэж байна.

Даатгалын гэрээ нь анхнаасаа хуульд нийцээгүй гэрээ юм. Иймд хуульд нийцээгүй гэрээ хийсэн хариуцагч нар учирсан хохирлыг арилгах үүрэгтэй гэж үзэж байна. Мөн энэ хэрэгт чухалчлан анхаарах нэг зүйл бол “Х” ХХК нэхэмжлэгч Н.От, мөн хуульд заасан төлөөлөх эрх олгоогүй мөртлөө “Х” ХХК өөрийнхөө төлөөлөгч болгож “Х” ХХК-ийн нэрийн өмнөөс оролцуулж, даатгалын гэрээнд даатгуулагч нь “Х” ХХК болж, даатгагч нь “М” ХХК болж гэрээнд гарын үсэг зурагдсан байгаа юм. Ийнхүү “Х” ХХК-ийг төлөөлүүлж Н.Оээр гэрээнд гарын үсэг зуруулсан үйлдэл нь мөн л Иргэний хуулийн 63, 64 -р зүйлүүдийг зөрчсөн үйлдэл. Эдгээр хууль зөрчсөн зүйлүүдээс гадна Даатгалын гэрээнд гарын үсэг зурсан гээд байгаа Хашчулуун гэдэг хүн гэрээ хийх үед байгаагүй, гарын үсэг нь хэвлэгдээд ирдэг юм гэж шүүх хурал дээр хариуцагч талаас тайлбарласан, зөвхөн гадаадад тээвэр хийнэ гэж зээлийн хүсэлт материалаа өгөхөд “Х” ХХК хүлээн авч 100 000 000 төгрөгийн зээл олгоод, “Х” ХХК өөрөө даатгалын зуучлагч болж даатгалын гэрээ хийж, Н.Оээс 950 000 төгрөгийн төлбөр хураамж авсан мөртлөө дараа нь болохоор гадаад улсад гарсан эрсдэлийг хариуцахгүй гэж байгаа, “Х” ХХК зээл олгож байгаа мөртлөө зээл хүсэгч Н.Оийн авто машиныг өөрийнхөө өмчлөлд шилжүүлэн авч, машины гэрчилгээ бичиг баримтад өмчлөгч нь “Х” ХХК гэж бичигдэж баталгаажсан, тэгээд “Х” ХХК өөрийнхөө өмчлөлийн машиныг өөрөө даатгалын зуучлагч болж даатгасан ... гэх зэрэг их олон зөрчилтэй зүйлүүд илэрхий байсаар байхад шүүх анхаарч үзээгүй, энэ талаар дүгнэлт огт хийгээгүй. Нэхэмжлэгч Н.Оийн /одоо “Х” ХХК-ийн өмч болсон байгаа/ машин нь гадаад улсад эвдэрсэн тул зээлээ төлж чадахгүйд хүрч хэцүү байдалд орсон, гэтэл “Х” ХХК нь тэр машиныг нь өөрийнхөө өмчлөлд шилжүүлж авсан мөртлөө даатгалын нөхөн төлбөрийг “М” ХХК-иас авах талаар хөөцөлдөхгүй байсан тул Н.О арга буюу шүүхэд хандсан байдаг. Нэхэмжлэгч нь машины хохирлоо үнэлүүлж тогтоолгох гэхээр үнэлгээний компанид үйлчилгээний хөлс гэж их төлбөр төлөх шаардлагатай болсон, надад тэр төлбөрийг төлөх мөнгө байхгүй болохоор хохирлын үнэлгээгээ тогтоолгож чадаагүй юм гэж нэхэмжлэгч учир байдлаа шүүхэд хэлж тайлбарлаад байхад анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн энэ тайлбарыг мэдсээр байж нэхэмжлэгч хохирлын нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх байсан гэж шийдвэр, магадлалдаа бичиж байгаа нь тохиромжгүй байгаа юм. Иргэн хүн хохироод аргагүйн эрхэнд шүүхэд эрхээ хамгаалуулахаар хандаж байхад энэ байдлыг шүүх энэрэнгүй зарчмын үүднээс ойлгох ёстой байсан гэж үзэж байна. Шүүх харин “Х” ХХК-ийг “танай банк бусдын машиныг барьцаанд авч зээл олгох нэрийдлээр өөрийнхөө өмчлөлд авах эрхийг хуулиар олгосон уу? гэж асуух байсан гэж үзэж байна. Мөн машиныг өөрийнхөө өмчлөлд шилжүүлээд авсан байж танай банкны өмчлөлийн машин гадаад улсад эвдэрсэн байхад яагаад өөрийнхөө машины даатгалын нөхөн төлбөрийг хөөцөлдөхгүй байна вэ?” гэж асуух байсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас давж заалдах шатны шүүхэд бичсэн гомдолдоо болон шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хохирч байгаа талаараа тодорхой бичсэн байгаа билээ. Бидний энэ гаргаж буй гомдлыг хүлээн авч Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 34 дугаартай магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Н.Оийн нэхэмжлэлтэй “Х” ХХК-ийн С, “М” ХХК-ийн Ст холбогдох даатгалын нөхөн төлбөр 100 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Н.О нь “Х” ХХК-ийн С, “М” ХХК-ийн Ст холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 100 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар Н.О нь өөрийн өмчлөлийн хүнд даацын автомашинаар ОХУ болон Казахстан улсаас бараа тээвэрлэх бизнес эрхэлдэг. Тэрээр эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх зорилгоор 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Хтай Зээлийн гэрээ байгуулж, 100 000 000 төгрөгийн зээл авахад Х тээврийн хэрэгслийг нь барьцаалах зорилгоор өөрийн өмчлөлд шилжүүлж, улмаар автомашиныг даатгуулах шаардлага тавьсныг үндэслэн Хаар зуучлуулан 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр “М” ХХК-тай Хүнд даацын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээт баталгаа байгуулж, VOLVO маркийн хүнд даацын автомашиныг 100 000 000 төгрөгөөр үнэлж, даатгалын хураамжид 950 000 төгрөгийг Мын дансанд шилжүүлсэн байна.

Нэхэмжлэгч нь 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ОХУ-ын Новосибирск хотоос бараа тээвэрлэж яваад осолд орж, тээврийн хэрэгсэл эвдэрч, ашиглагдахгүй болсон тул учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр “М” ХХК-д хандсан, “М” ХХК нь Монгол улсын хилийн гадна учирсан хохирлыг нөхөн төлөхгүй гэж маргасан үйл баримт тогтоогджээ.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлд заасан Даатгалын гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Даатгалын зүйл болох тээврийн хэрэгсэл 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Монголоос ОХУ-ын Кемерово хот хүрэх чиглэлд явж байгаад Байкал Р258 зам дээр эсрэг урсгалаас ирсэн тээврийн хэрэгслээс зайлах үйлдэл хийх үедээ замын гүүрний хаалтыг давж, гүүрнээс унаж зам тээврийн осолд орж, даатгалын тохиолдол бий болсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Даатгуулагчид даатгалын тохиолдол бий болсон талаар зохигчид маргаагүй, гагцхүү тухайн даатгалын тохиолдол нь гэрээний 12.2.21.-д заасан даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан үндэслэлд хамаарсан, гэрээний зохицуулалт хууль зөрчөөгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь талуудын тохиролцоонд үндэслэгдсэн, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Талуудын байгуулсан гэрээний 12 дугаар зүйлийн 12.2.-т “Тухайн даатгалын онцлогтой холбоотой дараах тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг олгохоос татгалзана” гэж, 12.2.21.-д “гэрээнд тусгайлан заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрээс гаднах хохирол” гэжээ.

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.-д даатгагч нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно гэж зохицуулсан тул талуудын тохиролцоо хууль зөрчөөгүй гэж үзнэ.

Түүнчлэн Монгол улсын хууль тогтоомж Монгол Улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр үйлчлэх бөгөөд Даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.-д “Монгол Улсад оршин суугч хувь хүн, хуулийн этгээд Монгол Улсын нутаг дэвсгэрт буй эд хөрөнгөө ...даатгуулна.” гэж зохицуулсан тул Монгол Улсын хилийн гадна байсан хөрөнгөд учирсан хохирол даатгалын нөхөн төлбөрт хамаарахгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Нэгэнт даатгалын нөхөн төлбөрийг олгох үндэслэлгүй тул хохирлын хэмжээний талаар маргах нь үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...Х нь зуучлалын эрхгүй байхдаа даатгалын зуучлалын үйлчилгээ үзүүлж, даатгалын гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн үйлдэл...” гэжээ.

Хэрэгт “Х” ХХК, “М” ХХК-иудын хооронд байгуулагдсан 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн “Даатгалын зуучлалын үйлчилгээгээр хамтран ажиллах №802 дугаартай гэрээ” авагдсан байх бөгөөд тус гэрээгээр Хинд эрх бүхий байгууллагаас олгогдсон даатгалын зуучлалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг үндэслэн өөрийн салбар, нэгжээр дамжуулан харилцагч иргэн, хуулийн этгээдийг даатгалд даатгуулахад банк даатгагч болон даатгуулагчийн хооронд Даатгалын зуучлалыг үйлчилгээг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулжээ.

Талууд 2015 оноос хамтын үйл ажиллагаатай байсан гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй, зохигчдын хооронд байгуулагдсан 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Хүнд даацын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээт баталгаа” гэрээний 1.1.3. дахь заалтад Хыг “даатгалын зуучлагч” гэж тодорхойлсон, тус гэрээг “М” ХХК хүлээн зөвшөөрсөн, хүчин төгөлдөр гэжээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.-т зааснаар талууд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх тул “Х” ХХК-д даатгалын зуучлагчийн эрх олгоогүй байхад даатгалын гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэх нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж,  үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1., Даатгалын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангажээ.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянаж, өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцжээ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулахыг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 163 дугаар шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 34 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.О, түүний өмгөөлөгч Л.Доржпүрэв нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.-т зааснаар нэхэмжлэгч Н.О нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1286 дугаар захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                    Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                              Х.ЭРДЭНЭСУВД