Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/82

 

    2021          03            15                                          2021/ШЦТ/82

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч Д.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г-эд холбогдох эрүүгийн 2138000000107 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д.Г.

Шүүгдэгч Д.Г- нь 2021 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Их-Уул 3 дугаар багийн нутаг “Агтын дөрөлж” гэх газар байрлах хашаандаа өөрийн эзэмшлийн Портер загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг асааж хөдөлгөхдөө Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан заалтыг зөрчиж тээврийн хэрэгслийн урд сууж байсан эхнэр Г.А-ыг мөргөсөн зам тээврийн осол гаргаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Д.Г- нь 2021 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Их-Уул 3 дугаар багийн нутаг “Агтын дөрөлж” гэх газар байрлах хашаандаа өөрийн эзэмшлийн Портер загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр хөдөлгөөн хийхдээ  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэг “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгслийн урд сууж байсан эхнэр Г.А-ыг мөргөсөн зам тээврийн осол гаргаж эрүүл мэндэд нь “зүүн гурван хавирганд хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл учруулж, автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

- Гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-7 дугаар хуудас/,

- Мөрдөгчийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

- Хохирогч Г.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч, хохирогчоор өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 14-ний өглөө үүрээр 04 цагийн орчим манай нөхөр Д.Г- өөрийн эзэмшлийн Портер маркийн машинаа асааж халаах гэж гэрээс гарсан юм. Би тухайн үед гэрээс араас нь гараад бие засах гээд сууж байтал гэнэт машин урагш хөдлөөд намайг мөргөсөн. ...надад гомдол санал нэхэмжлэх зүйл алга байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 16, 21-23 дугаар хуудас/,

- Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 14-ний шөнө 04 цаг 35 минутад Бүрэнтогтох сумын Эрүүл мэндийн төвийн 98701872 тоот утсанд тус сумын 3 дугаар багийн нутаг “Агтын дөрөлж” гэх газарт машинд хүн мөргүүлсэн гэх дуудлага ирсэн. ..очиход Г.А- машинд мөргүүлсэн гээд гэртээ хэвтэж байсан. ...Г.А-ын биеийг нь үзэхэд биеийн байдал хүндэвтэр албадмал байдалтай цээжээр хүчтэй өвдөнө гэсэн.. ..тухайн үед нөхөр Д.Г- нь машинаа асаагаад халаах гэж урагш хөдлөөд эхнэрээ мөргөсөн гэж нөхөр нь өөрөө надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

- Гэрч Ж.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 14-ний шөнө 04 цагийн үед байх, би гэртээ унтаж байсан чинь манай хажуу айлын Д.Г- гэх хүний хүүхэд манайд ирээд аав таныг дуудаж байна гэхээр нь яасан юм бол гэхэд аав машинаараа ээжийг дайрчихлаа таныг хурдан хүрээд ирээч гэж байна гэхээр нь Д.Г-ийнд яваад очтол эхнэр Г.А- нь машиных нь хажууд газарт хэвтэж байсан. Тэгэхээр нь Д.Г-ээс юу болов яав гэхэд би машинаа асаагаад халаах гээд урагш хөдөлтөл эхнэрээ дайрчихлаа гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

- Гэрч Б.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 14-ний шөнө 04 цагийн орчимд миний утас дуугарсан. Тэгтэл Д.Г- над руу залгаж яриад “та хурдан хүрээд ирээч би эхнэрээ дайрчих шиг боллоо гэхээр нь би тэр даруйд нь очтол гэрийн гадаа хашаан дотор Д.Г-ийн хөх өнгийн Портер машин зогсож байсан. Уг машины жолооч талын арын дугуй орчим гудас дээр Д.Г-ийн эхнэр хэвтэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,

- Хөвсгөл аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 106 дугаартай: “1. Г.А-ын биед зүүн 3 ширхэг хавирганд хугарал, зүүн шагайн үенд зөөлөн эдийн няцралт, баруун бугалга болон цээжинд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Г.А-ын биед тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 35 дугаар хуудас/,

- Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д.С-н 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “...Ослын үед ... улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.Г- нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дах хэсэгт заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна” гэх магадлагаа /хх-ийн 38-40 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би эхнэрээ миний араас гэрээс гарч ирснийг мэдээгүй машинаа асаагаад хөдлөхдөө дайрчихсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ их гэмшиж байна” гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Б.Алтангэрэлийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 58 дугаар хуудас/,

- Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 59 дүгээр хуудас/,

- Урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 дугаар хуудас/,

- Д.Г-, Г.А- нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 61 дүгээр хуудас/,

- Д.Г-ийн В ангиллын .... дугаарын жолоочийн үнэмлэхний хуулбар /хх-ийн 62 дугаар хуудас/,

- Киа Пронтер маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 63 дугаар хуудас/,

- Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2020 оны тооллогын баримтын хуулбар /хх-ийн 64-67 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй, хууль зүйн мэдлэг дутмаг байдал, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажлыг хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Д.Г- нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч Д.Г- нь 2021 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Их-Уул 3 дугаар багийн нутаг “Агтын дөрөлж” гэх газар байрлах хөдөлгөөнд зориулагдаагүй замын зэргэлдээх нутаг дэвсгэр болох хашаандаа өөрийн эзэмшлийн Портер загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг асааж хөдөлгөөн хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэг “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгслийн урд сууж байсан эхнэр Г.А-ыг мөргөсөн зам тээврийн осол гаргаж эрүүл мэндэд нь “зүүн гурван хавирганд хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл учруулж, автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн болох нь шүүх хуралдааны явцад шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн нь дээрх гэмт хэргийг болгоомжгүй гэм буруутайгаар, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, ослоос үүдэн гарах хохирлыг багасгахад чиглэсэн үйл ажиллагааг зөрчсөн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний эрүүл мэндэд хохирол учруулж төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газрын үзлэг, гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгчийн мэдүүлж байгаа “...Би эхнэрээ миний араас гэрээс гарч ирснийг мэдээгүй машинаа асаагаад хөдлөхдөө дайрчихсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 54/-ээс үзвэл Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэг “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг гэм буруутайгаар зөрчсөн нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна. 

Шүүгдэгч Д.Г-ийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Г.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16/, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хохирогч Г.А-, Д.Г- нар “..эмчилгээний зардалд 400.000 төгрөг авсан цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэх эвлэрлийн гэрээ байгуулсан /хх-ийн 68/ зэргийг үндэслэн энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хавтаст хэргийн 79 дүгээр хуудаст баримтжуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 1.700 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулах нь зүйтэй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Г-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, хохирол төлбөрийг төлсөн байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Д.Г- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч Д.Г-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлж, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан /хх-ийн 73/, хяналтын прокуророос шүүгдэгч Д.Г-эд “500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” санал гаргасныг яллагдагч хүлээн зөвшөөрч, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлснийг харгалзан шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-эд оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-эд оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.Г-эд оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 1.700 /нэг мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                М.ЭРДЭНЭ-ОЧИР