| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2017/02060/И |
| Дугаар | 1463 |
| Огноо | 2017-04-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 1463
| 2017 оны 04 сарын 26 өдөр | Дугаар 101/ШШ2017/01463 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүрэг, 4 хороо, Доржийн гудамж, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хүсэлттэй,
“Баянзүрх дүүрэг, 2 хороо, Нийтийн байр 4 тоотод оршин суух, Цагаанцоожийн Бямбаабаатар /ЦЖ75110918/-ыг архины албадан эмчилгээнд явуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч М.Аяатбек, гуравдагч этгээд Б.Бямбаабаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өнөржаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн төлөөлөгч Т.Аяатбек шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Бямбаабаатар нь тус дүүргийн нутаг дэвсгэр дээр байнга архидан согтуурч, удаа дараа эрүүлжүүлэгдэж, нийтийн хэв журам байнга зөрчиж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, архинд донтох өвчтэй байх тул согтууруулах, мансууруулах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг үндэслэн, 6 дугаар зүйлийн 6.3-д зааснаар архины аладбан эмчилгээнд явуулж өгнө үү...” гэв.
Гуравдагч этгээд Б.Бямбаабаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архины албадан эмчилгээнд явах хүсэлгүй байна. Би Төв аймгийн Шаамар суманд уурхайд хамгаалагч хийдэг, одоо ажилруугаа буцах ёстой гэв.
Хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс нь Б.Бямбаабаатарыг архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Б.Бямбаабаатар нь архинд донтох өвчний 2 дугаар зэрэгтэй гэсэн оноштой болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Б.Бямбаабаатар нь “Архины албадан эмчилгээнд явах хүсэлгүй байна” гэж шүүх хуралдааны явцад тайлбарлаж байх боловч орчиндоо тайван бус байдлыг бий болгодог, байнга архидан согтуурдаг болох нь зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтаар тогтоогдож байх бөгөөд Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар сайн дураар эмчлүүлэхээс татгалзсан гэж үзэхээр байна.
Согтуурах, мансуурах донтой, өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-т зааснаар Б.Бямбаабаатар нь архинд донтох өвчтэй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд эрүүлжүүлэгдэж, нийгмийн хэв журам зөрчиж байсан, мөн сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн нь шүүх хуралдааны явцад гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Иймд Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн гаргасан хүсэлтийг хүлээн авч Б.Бямбаабаатарыг архины албадан эмчилгээнд явуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, Согтуурах, мансуурах донтой, өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасныг баримтлан Цагаанцоожийн Бямбаабаатар /ЦЖ75110918/-ыг архины албадан эмчилгээнд явуулсугай.
2. Б.Бямбаабаатарыг архины албадан эмчилгээний газарт хүргэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч түүний өмгөөлөгч буюу төлөөлөгчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ