Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 00093

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Монгол улсын иргэн, 0000 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрсөн, эрэгтэй, 00 настай, тусгай дунд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, малчин, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, Цэцэн сартуул овогт *******/РД:ИД-/-ийн хүсэлттэй, ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч *******, нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ... Би 1981 онд Дорнод аймгийн хөдөөд аж ахуйн техникумыг малын эмч мэргэжлээр төгсөөд 1981 онд Хэнтийд хуваарилагдаж Баян-Адарга сумын Улаан-Од нэгдлийн Сайхан бригадын малын эмчээр 1981 оны 07 дугаар сарын 15-ний өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 15-ний өдөр хүртэл ажиллаж байгаад ар гэрийн гачигдлаар Завхан аймгийн Дөрвөлжин суманд шилжин 1982 оны 09 дүгээр сарын 05-ний өдрөөс 2 дугаар 5 жилийн Цогт бригадад малын эмчээр томилогдон тасралтгүй 1994 оныг дуустал ажилласан. Тэр үед малчдад малыг түрээсийн гэрээгээр маллуулдаг байсан. Надад түрээсийн захирагч гэдэг албыг 1993 оноос давхар хариуцуулж цалин хөлсгүй урамшуулах замаар ажиллуулж байсан. 1995 оноос хойш одоог хүртэл мал маллаж байна.

Тухайн үед хөдөлмөрийн дэвтэрээ Хэнтий рүү явах даа ар гэрийн гачигдлаар орхиод явсан. Эргэж ирээд асууж сураглатал сургууль төгссөн үнэмлэх олдоод хөдөлмөрийн дэвтэр олдоогүй юм. ...Намайг Хэнтий аймаггийн Баян-Адарга суманд малын эмч хийж байхад зүүн бүсийг хамарсан малын халдварт өвчин гарч Хэнтий аймгийн Биндэр суманд түр хугацаагаар томилогдон ажилласан юм. Тэгээд архиваас шүүхээр миний Баян-Адарга сумтай холбоотой тушаал байдаггүй юм гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Цэцэн сартуул овгийн *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн дугаар 000002219 цэргийн алба хаасны  лавлагаа, *******гийн дугаар 365244 цэргийн батлахын хуулбар, Завхан аймгийн Дөрвөлжин сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 3/44 тоот тодорхойлолт, 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 3/45 тоот тодорхойлолт, Завхан аймгийн архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/98 тоот тодорхойлолт, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын багийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 152 тоот тодорхойлолт, Хэнтий аймгийн Архивын тасгийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн тодорхойлолт, Хэнтий аймаг Биндэр сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1981 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 93 тоот “мал сүрэгт эктопаразитын үзлэг боловсруулалт хийх тухай” захирамж, захирамжийн 1-р хавсралт, Завхан аймгийн Дөрвөлжин сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1982 оны 9-р сарын 29-ний өдрийн 39 тоот “зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” захирамж, Төв аймгийн Борнуур сумын Монгол ханд бүх гишүүн нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн тодорхойлолт, Завхан аймгийн Дөрвөлжин сумын 2-р таван жил нэгдлийн ерөнхий хорооны даргын 1993 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 03 тоот “аппаратын ажилчдыг томилох тухай” тушаал, гэрэл зураг, гэрч С.Энхбаяр, М.Баасамба, В.Бадамханд нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншиж сонсгон шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч ******* нь 1981 оны 07-р сарын 15-наас 1982 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баянадарга сумын Улаан-Од нэгдлийн Сайхан бригадад малын эмчээр, 1982 оны 09-р сарын 05-аас 1994 оны 12 сарын 31 хүртэл Завхан аймгийн Дөрвөлжин сумын 2-р таван жил нэгдлийн Цогт бригадад малын эмчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.

Шүүхэд гаргасан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодиттойгоор үнэлж дүгнэхэд ******* нь Хэнтий аймгийн Баянадарга сумын Улаан-Од нэгдлийн Сайхан бригадад 1981 оны 7-р сарын 15-наас 1982 оны 08 дугаар сарын 15-ны хүртэлх хугацаанд малын бага эмчээр ажиллаж байсан болох нь:

Хэнтий аймаг Биндэр сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1981 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 93 тоот “мал сүрэгт эктопаразитын үзлэг боловсруулалт хийх тухай” захирамж, захирамжийн 1-р хавсралт,

Гэрч В.Бадамхандын: ...******* нь Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сайхан бригадад 1981 оны 7 сарын 15-наас 1982 оны 8 сар хүртэл малын эмчээр ажиллаж байсан. Би Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сайхан бригадад *******тэй адилхан 1981 оны 7 сарын 15-наас 1982 оны 8 сар хүртэл тасралтгүй ажиллаж байсан. Тэгээд Төв аймгийн Борнуур суманд ирээд тус сумандаа өнөөдрийг хүртэл ажиллаж амьдарч байна ...гэх мэдүүлэг, хүсэлт гаргагч *******гийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул *******г Хэнтий аймгийн Баянадарга сумын Улаан-Од нэгдлийн Сайхан бригадад 1981 оны 7-р сарын 15-наас 1982 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд малын эмчээр ажиллаж байсан болохыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн ******* нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын 2-р таван жил нэгдлийн Цогт бригадад 1982 оны 9-р сарын 5-аас 1994 оны 12 сарын 31 хүртэл малын эмчээр ажиллаж байсан болох нь:

Завхан аймгийн Дөрвөлжин сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1982 оны 9-р сарын 29-ний өдрийн 39 тоот “зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” захирамжийн 2 дахь заалт: ...Хэнтий аймгаас шилжин ирсэн малын бага эмч Гүнсэн овогтой Намнансүрэнг Цогт бригадын салбарын эрхлэгч эмчээр 1982 оны 9-р сарын 5-наас эхлэн томилсугай ...гэх захирамж,

Завхан аймгийн Дөрвөлжин сумын 2-р таван жил нэгдлийн ерөнхий хорооны даргын 1993 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 03 тоот “аппаратын ажилчдыг томилох тухай” тушаал,

1983 оны Нэгдлийн үйлдвэрлэлийн үр ашиг, санхүү, эдийн засгийн байдал цаашид тавих зорилтын 6 дахь талд: ...Цогт бригадын МАА-н мэргэжилтэн эмч Намнансүрэн, зоотехникч Цэрэндулам, Буурал бригадын МАА-н мэргэжилтэн эмч Сайнцог, зоотехникч Товуужав нар мал аж ахуйг удирдах ажлыг сулруулж хайхрамжгүй хандсанаас 1983 онд 1764-2331 том мал, 1093-1986 төл хорогдуулсан байна ...гэх тэмдэглэл,

Завхан аймгийн Мал аж ахуйн мэргэжилтний зөвлөлгөөн 1994 оны 03 дугаар сарын 01-ний өдөр, арын энгээнд малын эмч ******* гэх бичиглэл бүхий гэрэл зургийн үзүүлэлт,

Гэрч С.Энхбаярын: ******* нь Завхан аймгийн Дөрвөлжин суманд 1982 оноос 1997 он дуустал Цогт бригадад малын бага эмч хийж байсан. Би тэр үед Завхан аймгийн Дөрвөлжин сумын Цогт бригадад зоо техникч /мал зүйч/ хийж байсан ... гэх  мэдүүлэг,

Гэрч М.Баасамбаагийн: Миний бие Дөрвөлжин суманд 1983-1988 он хүртэл хэсгийн төлөөлөгч байхад ******* бол малын эмч хийж байсан. Би тэр үед Завхан аймгийн Дөрвөлжийн сумын хэсгийн төлөөлөгч байсан ...гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул *******г Завхан аймгийн Дөрвөлжин сумын 2-р таван жил нэгдлийн Цогт бригадад 1982 оны 09 дүгээр сарын 05-аас 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд малын эмчээр ажиллаж байсан болохыг тогтоох нь үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүх гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх учиртайг, худал мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс санаатайгаар татгалзсан зайлсхийсэн тохиолдолд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулан мэдүүлэг авсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар дээрх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримт гэж үзэж үнэлж дүгнэсэн болно.

Харин хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн дугаар 000002219 цэргийн алба хаасны  лавлагаа, *******гийн дугаар 365244 цэргийн батлахын хуулбар, Хэнтий аймгийн Архивын тасгийн 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн тодорхойлолт, Завхан аймгийн Архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/98 тоот архивын тодорхойлолт, Завхан аймгийн Дөрвөлжин сумын Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 3/45 тоот тодорхойлолт зэрэг нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хамааралгүй нотлох баримт гэж үзэн нотлох баримтын хэмжээнд үнэлж дүгнээгүй.

Мөн 1988 оны *******гийн цалингийн түүвэр, Төв аймгийн Борнуур сумын Монголханд бүх гишүүн нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн тодорхойлолт, Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 3/44 тоот албан бичиг зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-т зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн учир дээрх баримтыг шүүх үнэлж дүгнээгүй болно.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  

       

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар Цэцэн сартуул овогт *******г Хэнтий аймгийн Баянадарга сумын Улаан-Од нэгдлийн Сайхан бригадад 1981 оны 07 дугаар сарын сарын 15-наас 1982 оны 08 дугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд малын эмчээр, Завхан аймгийн Дөрвөлжин сумын 2-р таван жил нэгдлийн Цогт бригадад 1982 оны 09 дүгээр сарын 05-аас 1994 оны 12 сарын 31-ийг хүртэлх хугацаанд малын эмчээр ажиллаж байсныг тус тус тогтоосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч *******гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ДЭЛГЭРСАЙХАН