Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/401

 

 

 

 

 

 

 

 

 

  2021        03          25                                  2021/ШЦТ/401

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.М-т холбогдох эрүүгийн 2106 00560 0403 дугаартай хэргийг шүүх 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Мөнх төгрөг” ХХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл 2, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 22 дугаар гудамжны 390 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 7 дугаар хороо 87-2 тоотод оршин суух, гавъяа шагналгүй,

        урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ХХ0000000, Б.М.

 

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

        Шүүгдэгч Б.М нь 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамтран амьдрагч Б.Энхтуулыг хардаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн нүүрэн, гар, хөлөн тус газар нь гараараа олон удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас  гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-3/, хохирогч Б.Энхтуулын өгсөн мэдүүлэг /хх-7-8/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 1194 дугаартай дүгнэлт /хх-13-14/, Б.М-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-33-34/, шүүгдэгч Б.М-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-18/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Б.М нь 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамтран амьдрагч Б.Энхтуулыг хардаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн нүүрэн, гар, хөлөн тус газар нь гараараа олон удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Энхтуулын өгсөн “...Тэндээ хоночихоод өглөө 11 цагийн үед гэртээ ирсэн чинь найз залуу Б.М нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай унтаж байсан. Мөн хамт манай охин Номуундарь хамт байсан юм. Тэгээд би охин Номуундарь аваад аавындаа очъё гэж бодоод машины түлхүүрээ асуухаар Б.М-ыг сэрээсэн юм. Тэгсэн чинь Б.М босож ирээд намайг цээж рүү гараараа түлхээд, хэл амаар доромжлоод байхаар нь охин Номуундарийг авч гараад аав Батсүхийн гэрт аваачиж өгсөн юм.  Тэгээд байж байсан чинь Б.М нь дахин дахин залгаад “хүрээд ярилцъя” гэж хэлээд над руу залгаад байсан ба бид хоёр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Вокзалын ойрхон уулзсан чинь Б.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай машин бариад явж байсан ба намайг машинд суулгаад гадуур маш удаан хугацаатайгаар явсан. Мөн өчигдрийн хамт хоносон найз Цэндхорлоо руу залгаж “танай найз залуутай уулзъя” гэж байнга залгаад уурлаад л байсан юм. Тэр үед Б.М нь намайг Цэндхорлоогийн найз залуутай хардаад байсан юм. Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 22а байрны ертөнцийн зүгээр зүүн талд тоосгон гараашны үүдэнд машин байрлуулсан юм. Тэгээд машины байрлуулсныхаа дараа машинаасаа Хараа нэртэй 0.5 литрийн архи гаргаж ирээд ганцаараа уугаад байхаар нь тайвшруулах гэж олон дахин удаа хэлээд ямар ч нэмэргүй, над руу агсам тавиад байсан. Тэгээд л эхлээд миний толгой, хөл, гар руу гараа атгаж байгаад олон удаа цохисон. Би уг нь гараараа хамгаалаад байсан. Тэгээд сүүлд тэсэхгүй цээж рүү нь хөлөөрөө өшиглөсөн чинь дахиад л миний нүүр, толгой хэсэг рүү цохиод байсан ба тэр үед миний хамраас цус гараад тогтохгүй байхаар нь машинаас нь буугаад зугтаагаад гүйж байсан чинь ардаас ирээд дэгээдэж унагаасан. Тухайн газрын ойролцоо явж байсан хүмүүс “болиоч” гэж орилж байсан бөгөөд би “City car wash” машины угаалгын газрын ойролцоо ТҮЦ-рүү орж зогсож байгаад өөрийн 80711177 дугаараас Цагдаагийн байгууллагын 102 дугаарт дуудлага өгсөн юм. Миний хамар мурийсан, хавдсан, хөхөрсөн, толгой өвдөж байна, бөөр өвдөж байна, баруун талын гар хөл тэр чигтээ өвчтэй байна” гэх мэдүүлэг /хх-7-8, 40/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 1194 дугаартай дүгнэлтэд:

1. Б.Энхтуулын биед хамар ясны цөмөрсөн хугарал, баруун нүдний дотор булан, доод зовхи, баруун бугалга, баруун шуу, баруун сарвуу, баруун гуя, баруун шилбэ, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-13-14/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.М-ын яллагдагчаар өгсөн: “...Сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-33-34/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-3/,

         Шүүгдэгч Б.М-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-18/ зэрэг болно.

 

          Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

Иймд Б.М нь 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамтран амьдрагч Б.Энхтуулыг хардаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн нүүрэн, гар, хөлөн тус газар нь гараараа олон удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчил үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрх байдлаар шүүгдэгч Б.М-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Хохирогч Б.Энхтуул нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлбөргүй гэж үзсэн бөгөөд үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

Шүүх хялбаршуулсан журмаар Б.М-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б.М-ыг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар Б.М-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

          5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, Б.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

           6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

    7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

         8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС