| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2021/0012/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/16 |
| Огноо | 2020-12-25 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/16
2020 12 25 2021/ШЦТ/16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Санаасайхан,
улсын яллагч А.Сайнбаяр,
шүүгдэгч Ч.Б, Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан Т овогт Ч-ийн Б, Д овогт Н-ийн Б нарт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 200 600 000 2829 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1987 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл-5 эхнэр 3-11 насны 3-н хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Дунд Тасганы 9 дүгээр гудамжны 93 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 13-5-р байрны 38 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн Т овогт Ч-ийн Б /РД: 00000000/,
2. Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1987 оны 12дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, дөрвөд дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ “Монголиа ривер аутфиттерс” ХХК-д орчуулагч ажилтай байсан, ам бүл-4 эхнэр 3-10 насны 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зуун модны 1 дүгээр гудамжны 101 тоотод оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн Д овогт Н-ийн Б /РД: 0000000000/ нар,
Холбогдсон хэргийн талаар:
Ч.Б, Н.Б нар нь бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “Плорис” хотхоны 57/а/ байрны 805 тоотод дуудлагын дагуу ирсэн цагдаагийн албан хаагч Э.У, Б.Ш нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.Б нь мэдүүлэхдээ: Би архи уусан байсан тул тухайн үед болсон явдлыг сайн санахгүй байна. Хэргийн талаар ярих зүйлгүй гэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Б нь мэдүүлэхдээ: Тэр өдөр гэр бүлийн найзууд уулзацгаасан юм. Тэгээд цагдаагийн тавьсан шаардлагыг эсэргүүцсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.У-ын өгсөн: ... 2020 оны 10 дугаар сарын 31-ний орой 19 цаг 30 минутад У-116 чиглэлд жолооч цагдаа дэд ахлагч Б.Ш-ийн хамт үүрэг гүйцэтгэхээр ажил хүлээлцэж авсан. Улмаар 2020 оны 11 дүгээр сарын 01-ний 00 цаг 44 минутад Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо “Плорис” хотхоны 57/а/ байрны 805 тоот айлын хүмүүс найрлаад амраахгүй байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу 00 цаг 55 минутад уг дуудлагад очиж 8 давхарт гарахад коридорт уг тоотын дуу чимээ сонсогдож байсан. 805 тоот руу орохоосоо өмнө энгэрийн камераа асаагаад хаалгыг нь тогшиход нэг эмэгтэй хүн онгойлгосон. Дотогш яваад ороход хөгжмөө чанга тавьсан 3 эрэгтэй, 3 эмэгтэй ширээн дээгүүр архи согтууруулах ундааны зүйл тавьсан байдалтай 5-6 орчим насны хүүхдүүдийн хамт байсан. Уг хүмүүст хөгжмөө унтраахыг сануулж гэрийн эзэн нь хэн бэ гэж асууж эзнийг нь орц руу авч гарсан. Тэгээд уг хүнд гаргасан зөрчлийн талаар хууль сануулж байтал гэрт байсан бусад хүмүүс 3 эмэгтэй, 2 эрэгтэй гарч ирээд орилж дайрсан юм. Тус айлд ороход нэг залуу ирээд “та нар миний хувийн өмчид халдсан. Манайд орж ирэх эрх байхгүй лалрууд, пиздаанууд минь зайлцгаа” гээд дайрч эхэлсэн юм. Урт үстэй цэнхэр футболктой залуу нь миний цээжин тус газарт хоёр удаа өшиглөсөн. Уг залуу дэд ахлагч Б.Шинэзоригийн цээжин тус газарт хоёр удаа өшиглөсөн. Нөгөө залуу нь толгойн тус газар нэг цохисон бөгөөд дахин цохих гэхэд нь бултаж байсан. Удалгүй эхнэрүүд нь авч орсон бөгөөд тэр хооронд нэмэлт машин дуудаад эхнэрүүдийг нь ярилцаж авч гадаа гарч үлдээгээд нэмэлтээр ирсэн машины алба хаагч нартай хамт орж эсэргүүцэл үзүүлсэн хоёр залууг авч гаран У121 саатуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Ш-ийн өгсөн: ... 2020 оны 11 дүгээр сарын 01-ний 00 цаг 44 минутад Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо “Плорис” хотхоны 57/а/-805 тоот айлын хүмүүс найрлаад амраахгүй байна гэсэн дуудлага ирсэн. Би улиастай 116 чиглэлд дэслэгч Э.У-ын хамт үүрэг гүйцэтгэж байсан учир уг дуудлагад 00 цаг 55 минутад очсон. Орц руу ороход хөгжим нь чанга коридорт сонсогдож байсан тэгээд хаалгыг нь нүдэхэд нэг эмэгтэй онгойлгосон бөгөөд уг айлд ороод хөгжмөө унтраачих гэж хэлж унтраалгасан. Тус айлд ороход уг хүмүүс бүжиглэж байсан бөгөөд нэг залуу ирээд “Та нар миний хувийн өмчид халдсан. Манайд орж ирэх эрх байхгүй лалрууд, пиздаанууд минь зайлцгаа” гээд бүгд дайрч эхэлсэн юм. Гэрийн эзнийг нь дуудаад коридорт гаргаж ирээд хууль тайлбарлаж дуудлага ирсэн талаар хэлэхэд гэрт байсан хүмүүс гарч ирээд дайрч эхэлсэн юм. Урт үстэй цэнхэр футболктой залуу нь эргүүлийн офицер У-г цээжин тус газар нь хоёр удаа өшиглөхөөр нь би салгаж холдуулсан. Тэгсэн богино үстэй саарал футболктой залуу нь намайг толгойн тус газар нэг цохисон бөгөөд дахин цохих гэхээр нь бултсан. Удалгүй урт үстэй залуу нь хүүхдээ тэвэрч гарч ирээд миний цээжин тус газар хөлөөрөө жийсэн тэгтэл эхнэрүүд нь авч орсон. Тэр хооронд нэмэлт машин дуудаад эхнэрүүдийг нь ярилцаж авч гадаа гарсан. Нэмэлтээр ирсэн машинтай зөрж ороод эсэргүүцэл үзүүлсэн хоёр залууг авч гаран У121 эрүүлжүүлэх байранд саатуулсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Ч.Б-ийн өгсөн: ...Тухайн үеийн зүйлийг би сайн санахгүй байна. Ундрахбаяр шаардлага тавьж байсан бөгөөд тухайн үед торгуулийн арга хэмжээ авна гэснийг эсэргүүцэж байснаа санаж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Н.Б-ын өгсөн: ...2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэр бүлийн хамт найзындаа очсон. Тэгээд хоол унд идээд сууж байтал хаалга тогшсон бөгөөд цагдаа нар ирсэн байсан. Тухайн үед хөрш айлаас нь цагдаа дуудсан байсан бөгөөд цагдаа нар шаардлага тавьсан бөгөөд маргалдаж, шаардлага биелүүлээгүйн улмаас эрүүлжүүлэгдсэн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р тал/,
Шуурхай удирдлагын тасаг-Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 2-р тал/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 5-р тал/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээс: /хх-ийн 6-7-р тал/,
Хохирогч Э. У, Б. Ш нарын бичгээр ирүүлсэн хүсэлт хх-н 64-р тал
Шүүгдэгч Ч.Б-н иргэний үнэмлэхний лавлагаа,оршин суугаа газрын тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 48-56-р тал, /
Шүүгдэгч Н.Б-н иргэний үнэмлэхний лавлагаа,оршин суугаа газрын тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 40-47 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ч.Б, Н.Б нар нь бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “Плорис” хотхоны 57/а/ байрны 805 тоотод дуудлагын дагуу ирсэн цагдаагийн албан хаагч Э.У, Б.Ш нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.
Шүүгдэгч Ч.Б, Н.Б нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Б, Н.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогч Э.У, Б.Ш нар нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Ч.Б, Н.Б нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Ч.Б, Н.Б нар нь бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “Плорис” хотхоны 57/а/ байрны 805 тоотод дуудлагын дагуу ирсэн цагдаагийн албан хаагч Э.У, Б.Ш нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.У, Б.Ш болон яллагдагчаар өгсөн Ч.Б, Н.Б нарын мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Б, Н.Б нар нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Хохирогч Э.У, Б.Ш нь гэмт хэргийн улмаас хохирсон талаарх баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй тул шүүгдэгч Ч.Б, Н.Б нарыг бусдад баримтаар төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ч.Б, Н.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Б, Н.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Б, Н.Б нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан Прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Т овогт Ч-ийн Б, Д овогт Н-ийн Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр Ч-н Б, Н-н Б нарт тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Ч.Б, Н.Б нар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Б, Н.Б нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг сануулсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Ч.Б, Н.Б нарын тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ч.Б, Н.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэрэг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.Б, Н.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ