Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 04

 

Хадгаламж банк ХХК дахь банкны эрх 

хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, Ц.Уугантуяад 

холбогдох иргэний хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Я.Алтаннавч, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хийв. 

 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга С.Бат-Очир 

Хариуцагч Ц.Уугантуяа, түүний өмгөөлөгч Д.Зулаа нар оролцов. 

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 154 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Хадгаламж банк дахь банкны эрх хүлээн авагч Ч.Аварзэдийн давж заалдах гомдлоор түүний “Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 8886700 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Уугантуяад холбогдох иргэний хэргийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч  Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Хадгаламж банк дахь банкны эрх хүлээн авагчаас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон тайлбартаа:  Зээлдэгч Б.Жаргал, Ц.Уугантуяа нар нь Хадгаламж банктай 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулж, 6000000 төгрөгийн зээлийг сарын 2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээл авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 1261037, зээлийн үндсэн хүүнд 657113 төгрөг, нийт 1918150 төгрөг төлсөн. Зээлдэгч Б.Жаргал нь 2013 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нас барсныг бүртгэлийн газрын 4601000052 дугаарт бүртгэжээ. Иймд хамтран зээлдэгч Ц.Уугантуяаг цалингийн зээлийн гэрээнд заасны дагуу зээл төлөхийг банкны зүгээс удаа дараа шаардаж, боломжит хугацааг өгсөн боловч, цалингийн зээлийг төлж барагдуулаагүй. Иймд 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээл 4738963 төгрөг, зээлийн үндсэн хүү 3471558 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 676179 төгрөг нийт 8886700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Уугантуяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Би 2011 онд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Энержи компанид ажилд орсон юм. Би талийгаач Б.Жаргалтай садан төрөл болон хувийн ямарч холбоогүй хүн. Түүний ах Батболд “цалингийн зээл учраас чамд ямар ч хамаагүй” гэж байгаад гарын үсэг зуруулсан. Би энэ зээлнээс нэг ч төгрөг аваагүй. Энэ зээлийн барьцаа хөрөнгө нь төрөл төрөгсдөд нь байгаа. Номинцэцэгийг хариуцагчаар татаж тайлбар аваагүй, нотлох баримтын дийлэнх байгаа газрын шүүх хэргийг шийдвэрлэхээр байтал хэргийн харьяалал зөрчиж нэхэмжлэл гаргасан байна. Энэ зээлийг 2012 онд авсан, надад зээл чинь төлөгдөөгүй гэж нэг ч хүн холбоо бариагүй, анх 4000000 төгрөг авна гэж надад хэлж байсан. Гэтэл одоо 6000000 төгрөг болсон байна. Тухайн үед нь нэхэж шаардаж байсан бол би төлөх л байсан шүү дээ гэв.

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 154 дүгээр шийдвэрт: Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, Цогтбаатарын Уугантуяад холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 8.886.700 /найман сая найман зуун наян зургаан мянга долоон зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

 

Нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч Ч.Аварзэд давж заалдах гомдолдоо: … Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох зохицуулалттай. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хууль болон гэрээнд заасны хугацаанд гүйцэтгэх ёстой. Зээлийн гэрээний 3.3-т зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээх тул үүрэг гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.3-д зааснаар өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна. Нөгөө талаар анхан шатны шүүх нэхэмжлэгч 2013 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүргийг шаардаагүй байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна гэж дүгнэсэн нь зөрчилтэй дүгнэлт болж байна. Учир нь шүүх зээлийн гэрээний хавсралтаар тогтоосон зээлийн эргэн төлөлтийн хуваарь тус бүрээс хөөн хэлэлцэх хугацааг тоолох ёстой гэсэн дүгнэлт хийх тохиолдолд нэхэмжлэгч нь 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш хугацаанд хамаарах зээлийн эргэн төлөлтийг хариуцагчаас шаардах эрхтэй, уг шаардлагыг гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй байсан. Дээрх үндэслэлүүдээр гомдлыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.         

ҮНДЭСЛЭХ нь:

 

Зохигчдын хооронд 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 6000000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан ба зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу сар бүр үндсэн зээл, хүүд 318000 төгрөг төлж дуусгахаар тохиролцсоны зэрэгцээ зээлдэгч Б.Жаргалын хамтран үүрэг гүйцэтгэгчээр Ц.Уугантуяа оролцжээ.

Нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК-ийн Банкны эрх хүлээн авагч “зээлдэгч Б.Жаргал 2013 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нас барсан” тул хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.Уугантуяагаас үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүү бүгд 8886700 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл ирүүлснийг хариуцагч “би зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн, гэхдээ зээлээс нэг ч төгрөг аваагүй,  нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэжээ.

Зээлдэгч Б.Жаргал нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаандаа биелүүлж байсан ба 6 дугаар сарын 3-нд төлөх зээл, хүүгээ 5 дугаар сарын 22-ны өдөр  урьдчилан  төлсөн,  түүнээс  хойш  зээл  төлөгдөөгүй  болох  нь  зээлийн эргэн 

төлөлтийн хүснэгтээр нотлогдож байна. / хх-16 /

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т ... шаардах эрх нь эрх зөрчигдсөн, зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс, түүнчлэн мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.4-т шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тус тус хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор хуульчилжээ.

Зээлдүүлэгч “Хадгаламж банк” ХХК-ийн зээлдэгч  зээлийн төлөлт хийгдэх 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн дараагийн өдөр буюу 04-ний өдрөөс эхлэн зөрчигдөж байгаа ба тус банкийг энэ өдрөөс эрхээ зөрчигдсөнийг мэдсэн гэж үзэхийн зэрэгцээ нэхэмжлэгчийн шаардах эрх түүний үйлдэлтэй шууд хамааралтай байна. Хадгаламж банк ХХК болон түүний эрх хүлээн авагч 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах хүртлээ хариуцагч  Ц.Уугантуяагаар  зээл төлүүлэх талаар шаардаж /хаяг, утас/ байснаа нотлох баримтаар нотлоогүй байна. 

Нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэснээс 5 сар 23 хоног хэтэрсэн байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “зээлийн эргэн төлөлтийн  хугацаа 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дуусах учир хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй" гэсэн гомдол ирүүлснийг шүүх дээрх үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна. 

Харин шүүх “Хадгаламж банк” ХХК-ийн Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ шүүхийн зардлыг шийдвэрлээгүй орхигдуулсныг, мөн хөөн хэлэлцэх хугацааны холбогдох зарим заалтуудыг дутуу баримтласныг нэмж тус тус зөвтгөх нь зүйтэй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэсний дагуу нэхэмжлэгчээс нөхөн төлүүлэх шүүхийн зардалд 157137 төгрөг гаргуулан  төрийн санд олгох үндэслэлтэй байна.

Түүнчлэн шүүх нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2, 76.4 дэх заалтуудыг нэмж баримтлах нь зүйтэй гэж үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж 

шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2, 167.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг.Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 154 дүгээр шийдвэрийн тогтоох хэсэгт доорх нэмэлт, өөрчлөлтийг оруулсугай.

 

1.Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1” гэсний ард ”76.2, 76.4” гэж  нэмсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан “Хадгаламж банк” ХХК-ийн Банкны эрх хүлээн авагчаас шүүхийн зардалд 157137 /Нэг зуун тавин долоон мянга нэг зуун гучин долоо/ төгрөг гаргуулж төрийн санд олгосугай. 

 

Хоёр. Шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

Гурав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл Хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                О.БААТАРСҮХ

                                              ШҮҮГЧИД                                Я.АЛТАННАВЧ

                                                                                               Д.БАЙГАЛМАА