Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/48

 

 

 

 

 

 

 

 

    2021        01          07                                   2021/ШЦТ/48

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

улсын яллагч А.Сайнбаяр,

шүүгдэгч Б.А  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ц.С  овогт Б.А  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *** дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Завхан аймгийн *** суманд 1998 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ  *** Дээд сургуульд оюутан байсан гэх,  ам бүл -3  эмээ, өвөөгийн хамт *** тоотод оршин суух хаягтай,  улсаас  авсан  гавьяа  шагналгүй, урьд ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн Ц.С  овогт Б.А /РД: 00000000/.

Холбогдсон хэргийн талаар:

Б.А  нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.А ийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.А  мэдүүлэхдээ:  Би хичээлийнхээ хажуугаар таксинд явдаг. Би 10 дугаар сарын 24-ний өдрийн орой гэрээсээ гараад Тэнгис кино театр орохоор явж байсан чинь тэр эгч гараа өргөөд зогсож байхаар нь машиндаа суулгаад Улиастайн гүүрнээс Жуковын автобусны буудал хүртэл явсан. Очоод таксины мөнгө хэдэн төгрөг болсон гэхээр нь 5000 гэсэн чинь тэр эгч өгөхгүй гэсэн. Тэгэхээр нь би цагдаагийн газар очъё гээд цагдаагийн газар руу явж байсан чинь тэр эгч согтуу машины рүль  булаагаад зогс гээд байхаар нь би зам чөлөөлөөд зогссон чинь тэр эгч буугаад явчихсан. Би араас нь очоод  тэр эгчийг мөнгөө өгөөч гэсэн гартаа мөнгөтэй байж өгөхгүй байсан. Намайг заамдаж байхдаа мөнгө хаясан юм шиг байна лээ мөнгийг нь мэдэхгүй. Би таксиныхаа мөнгөний оронд тэр эгчийн гар утсыг аваад, тэр эгчид өөрийнхөө утасны дугаарыг өгөөд мөнгөө өгөөд утсаа аваарай гэж хэлээд явсан гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.А ийн өгсөн: ...Би 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр найз М.А-тай  хамт Улиастайн эцэст байх гэрт нь 0.75 литрийн “Хараа” нэртэй архи уучихаад тэднийхээс 19 цагийн орчимд Хангамжийн автобусны буудал дээрээс таксинд суугаад Дотоод хэргийн их сургуулийн автобусны буудал дээр буух гээд хэлэхэд 4000 төгрөг болсон гээд байсан. Уг нь тэр хоёрын хооронд 2000 төгрөг гардаг юм. Тэгээд тэр залуу шууд намайг цагдаад өгнө гээд байсан. Тэгэхээр нь би “тэгий тэгий” гээд Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст ирэх юм болов уу гэж бодсон чинь шууд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Жуковын “ ХААН” банкны эсрэг талын байрнууд дунд очоод намайг буу гэсэн тэгэхээр нь би буухад нөгөө залуу чинь намайг дагаж буугаад миний гарт байсан гар утсыг булаагаад авсан. Тэгээд би тэр залуутай ноцолдоод дийлэхгүй гар утсаа алдсан. Тэгээд би танай хэлтэст өргөдөл гаргаж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 13-16-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.А ийн өгсөн: ...Би 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 20 цагийн орчимд байхаа тухайн өдрийг санахгүй байна. Би 0000 улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгсэлтэй Улиастайгаас “Тэнгис” кино театр орох гээд явж байсан. Тэгээд явж байтал Улиастай гүүрэн дээр нэг эмэгтэй хүн такси барихаар гараа өргөөд зогсож байсан. Би тэр эмэгтэйн хажууд очиж зогсоод хаашаа явах талаар асуухад “13 дугаар хороолол орно” гэж хэлсэн. Ингээд би тэр эмэгтэйг миний явах замын чиглэлтэй ижил болохоор суулгасан. Бид хоёр Жуковын автобусны буудал дээр явж байхад нөгөө суусан эгч “ингээд зогсчих” гэж хэлсэн. Би хариуд нь “5000 төгрөг боллоо” гэж хэлсэн чинь нөгөө эмэгтэй “яахаараа 5000 төгрөг болдог юм” гэж хэлсэн. Би тэгэхээр нь “та явсан км-ээ хараач” гэж хэлсэн. Тэгсэн нөгөө эгч “энэ хүртэл 2000 төгрөг гардаг юм” гээд уурлаад сууж байгаад “хоёулаа цагдаагийн байгууллага оръё” гэж хэлэхээр нь Жуков дээрээс буцаж эргээд Баянзүрх дүүргийн цагдаагийн газар орно гэж хэлсэн. Ингээд явж байтал нөгөө эгч “зогс” гэж хэлээд машины жолоо булаахаар нь би зүүн хүрээний хажуу талын “Төрийн банк”-ны хажуугаар яваад орон сууцад тулаад зогсоход нөгөө эгч миний машинаас буусан. Би төв замаа чөлөөлж зогсоод нөгөө эгчийн араас буугаад мөнгөө хувцаснаас нь татахад нөгөө эмэгтэй намайг заамдаж аваад ойр хавьдаа байгаа хүмүүс рүү “цагдаа дуудаарай” гээд орилоод байсан. Би хариуд нь “эгчээ та мөнгөө өгчих” гэж хэлсэн чинь нөгөө эгч 20000 төгрөг атгасан гараараа намайг заамдаж зогсож байгаад “20000 төгрөгөө хаячихлаа” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр нөгөө хаясан гэх 20000 төгрөгөө ойр хавьдаа хайгаад олоогүй. Би нөгөө эгчид хэлэхдээ “эгчээ өгчих, дараа нь та над руу залгаж байгаад утсаа аваарай” гэж хэлсэн. Тэгсэн нөгөө эгч надад утсаа өгөхгүй байсан. Би нөгөө эгчийн гарт байсан “Samsung A-11” маркийн цагаан өнгийн гар утсыг гараас нь булаагаад аваад өөрийнхөө машинд байсан цаасыг аваад 00000000  гэсэн дугаарыг бичиж өгөөд явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-9 дүгээр тал/,

Хохирогч Ш.А -ийн  “Samsung A-11” маркийн  гар  утсыг 431.100 төгрөгөөр үнэлсэн “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 21-22 дугаар тал/,

Шүүгдэгч Б.А ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 34-35 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.А ийн 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.А ийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хорих ял шийтгэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч Б.А ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.А  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогч Б.А т учирсан хохирол төлбөр төлөгдсөн зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Б.А д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.А  нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.А ийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.А ийн өгсөн: ...Би 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр найз М.А  хамт Улиастайн эцэст байх гэрт нь 0.75 литрийн “Хараа” нэртэй архи уучхаад тэднийхээс 19 цагийн орчимд Хангамжийн автобусны буудал дээрээс таксинд суугаад Дотоод хэргийн их сургуулийн автобусны буудал дээр буух гээд хэлэхэд 4000 төгрөг болсон гээд байсан. Уг нь тэр хоёрын хооронд 2000 төгрөг гардаг юм. Тэгээд тэр залуу шууд намайг цагдаад өгнө гээд байсан. Тэгэхээр нь би “тэгий тэгий” гээд Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст ирэх юм болов уу гэж бодсон чинь шууд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Жуковын Хаан банкны эсрэг талын байрнууд дунд очоод намайг буу гэсэн тэгэхээр нь би буухад нөгөө залуу чинь намайг дагаж буугаад миний гарт байсан гар утсыг булаагаад авсан. Тэгээд би тэр залуутай ноцолдоод дийлэхгүй гар утсаа алдсан. Тэгээд би танай хэлтэст өргөдөл гаргаж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 13-16-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.А ийн өгсөн: ...Би 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 20 цагийн орчимд байхаа тухайн өдрийг санахгүй байна. Би 0000 улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгсэлтэй Улиастайгаас “Тэнгис” кино театр орох гээд явж байсан. Тэгээд явж байтал Улиастай гүүрэн дээр нэг эмэгтэй хүн такси барихаар гараа өргөөд зогсож байсан. Би тэр эмэгтэйн хажууд очиж зогсоод хаашаа явах талаар асуухад “13 дугаар хороолол орно” гэж хэлсэн. Ингээд би тэр эмэгтэйг миний явах замын чиглэлтэй ижил болохоор суулгасан. Бид хоёр Жуковын автобусны буудал дээр явж байхад нөгөө суусан эгч “ингээд зогсчих” гэж хэлсэн. Би хариуд нь “5000 төгрөг боллоо” гэж хэлсэн чинь нөгөө эмэгтэй “яахаараа 5000 төгрөг болдог юм” гэж хэлсэн. Би тэгэхээр нь “та явсан км-ээ хараач” гэж хэлсэн. Тэгсэн нөгөө эгч “энэ хүртэл 2000 төгрөг гардаг юм” гээд уурлаад сууж байгаад “хоёулаа цагдаагийн байгууллага оръё” гэж хэлэхээр нь Жуков дээрээс буцаж эргээд Баянзүрх дүүргийн цагдаагийн газар орно гэж хэлсэн. Ингээд явж байтал нөгөө эгч “зогс” гэж хэлээд машины жолоо булаахаар нь би зүүн хүрээний хажуу талын “Төрийн банк”-ны хажуугаар яваад орон сууцад тулаад зогсоход нөгөө эгч миний машинаас буусан. Би төв замаа чөлөөлж зогсоод нөгөө эгчийн араас буугаад мөнгөө хувцаснаас нь татахад нөгөө эмэгтэй намайг заамдаж аваад ойр хавьдаа байгаа хүмүүс рүү “цагдаа дуудаарай” гээд орилоод байсан. Би хариуд нь “эгчээ та мөнгөө өгчих” гэж хэлсэн чинь нөгөө эгч 20000 төгрөг атгасан гараараа намайг заамдаж зогсож байгаад “20000 төгрөгөө хаячихлаа” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр нөгөө хаясан гэх 20000 төгрөгөө ойр хавьдаа хайгаад олоогүй. Би нөгөө эгчид хэлэхдээ “эгчээ өгчих, дараа нь та над руу залгаж байгаад утсаа аваарай” гэж хэлсэн. Тэгсэн нөгөө эгч надад утсаа өгөхгүй байсан. Би нөгөө эгчийн гарт байсан “Samsung A-11” маркийн цагаан өнгийн гар утсыг гараас нь булаагаад аваад өөрийнхөө машинд байсан цаасыг аваад 00000000  гэсэн дугаарыг бичиж өгөөд явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-9 дүгээр тал/,

“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 21-22 дугаар тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.А ийн бусдын эд хөрөнгийн илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас  Б.А -ийн  гэм буруугийн  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн  яллах дүгнэлт  үйлдэн шүүхэд  ирүүлсэн байна.

Шүүгдэгч  Б.А  нь  хохирогч Ш.А ээс  таксины  хөлс  төлөөгүй  гэх шалтгаанаар түүний өм ч болох  гар утсыг  илээр, хууль бусаар өөрийн  өмчлөлд шилжүүлж  буй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг  агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  эрүүгийн  хариуцлага  хүлээлгэх үндэстэй байна.

Шүүгдэгч Б.А  нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

            Шүүгдэгч Б.А  нь хохирогч Б.А т учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.А ийг бусдад баримтаар төлөх төлбөргүй гэж үзэв.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 1.2-т заасан    гэмт хэргийн  улмаас учруулсан  хохирлоо  нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Шүүгдэгч Б.А  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан Прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ц.С  овогт Б.А  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийн илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А  ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.А  нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг дурдсугай.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Б.А ийн тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй Б.А  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.АЛТАНЦЭЦЭГ