| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2021/0189/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/185 |
| Огноо | 2021-03-17 |
| Зүйл хэсэг | 21.2.2., |
| Улсын яллагч | Ж.Энх-Амгалан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2021/ШЦТ/185
2021 03 17 2021/ШЦТ/185
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,
Улсын яллагч Ж.Энх-Амгалан,
Шүүгдэгч Э.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Бд холбогдох эрүүгийн 2109000000276 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Жаргалант 14-348 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Алтайн 28-169 тоотод байрлах нийтийн байранд оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Э.Б нь хэрэг бүртгэлтийн 0554 дугаартай гэмт хэргийн талаарх гомдлыг шалгах явцад 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хохирогчоор тогтоогдож үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа мэдүүлэг өгөхдөө “Анхбаяр намайг хүчиндэх гээд байхад би болиоч гэж орилсон... Анхбаярын миний толгой руу нэг удаа цохисон. Цохиулснаас болж чих толгой өвдөж байна. Шүлс залгихаар хатгаж өвдөж байна. Бас намайг багалзуурдсан, багалзуурдсанаас болж миний хоолой өвдөж байна” гэж Б.Анхбаярыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн, түүнийг гүтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 1909021150194 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Э.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө бүх зүйлээ ярьсан. Анхбаяр бид хоёр бэлгийн харьцаанд орсон нь үнэн. Би нөхөр Ганхөлөгөөс айсандаа Анхбаяр намайг хүчирхийлэхийг завдсан гээд дуудлага өгсөн. Тухайн үед Анхаа намайг нүдээ ирмээд дуудаад байсан. Тэгэхээр нь дагаад гэрт нь ороод бэлгийн харьцаанд орсон. Өмдөө өмсөж байхад манай нөхөр Ганхөлөг хаалганы завсраар харчихаад хаалга нүдээд орж ирээд намайг гэртээ дагуулж ороод “яасан” гэхээр нь “Анхаа намайг хүчиндэх гээд оролдлоо” гээд хэлчихсэн. “Цагдаа дууд” гэхээр нь би гэрээс гарч яваад гудамжинд явж байсан хүнээс утсыг нь гуйгаад дуудлага өгсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-11 дүгээр хуудас/,
2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Э.Б мөрдөн байцаалтад хохирогчоор мэдүүлэхдээ “...Анхбаяр манай өрөөнд орж ирээд надад “хоол хийлцээдэх” гээд дагуулаад өрөө рүүгээ оруулсан. Өрөө рүүгээ оруулангуут шууд хаалга түгжээд намайг орон дээрээ дараад тэр үед өмсөж байсан бэлтгэлийн өмд шувталсан. Анхбаяр намайг хүчиндэх гээд байхад би “болиоч” гээд орилоход миний нөхөр сонссон болоод 01 номер өрөөнд ороод ирсэн. Миний нөхөр орж ирэхэд Анхбаяр миний нөхөрт “юу ч болоогүй, хоол хийлцсэн” гэж хэлсэн. Тэр өрөөнөөс гараад би автобусны буудал дээр очоод хүнээс гар утас гуйгаад цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,
Гэрч Б.Ганхөлөг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр манай нийтийн байрны 1 давхарт оршин суудаг Анхбаяр гэх залуу нь 2 шил Сэржим нэртэй 0.75 литрийн архи аваад Анхбаярын гэрт орж манай эхнэр болох Бямба, Анхбаярын эхнэр Цацрал, манай ах Лодойсамбуу бид 4 хувааж уусан. Би өөрийн эхнэртэйгээ 3 номерын гэртээ ороод орон дээрээ хэвтэж байсан чинь Анхбаяр гэх залуу манай гэр рүү орж ирээд манай эхнэрийг “хамт ороод хоол хийлцээд өг” гээд цуг гараад явсан. Манай эхнэр удалгүй орилохоор нь би Анхбаярын хаалгыг онгойлгох гэтэл цоожтой байхаар нь хаалгыг нүдэж байгаад онгойлгосон. Манай эхнэр Бямба надад хандан “Анхбаяр намайг хүчиндэх гэж оролдсон. Миний толгой руу цохисон” гэж хэлээд цагдаа дуудахаар гараад явсан. Би Анхбаярын гэрт яг юу болсон гэдгийг нь мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар хуудас/,
Гэрч Б.Анхбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би өчигдөр орой гэртээ байж байхад Ганхөлөг, Улаанаа буюу Бямба хоёр орж ирээд манай эхнэр хоол хийгээд бид дөрөв нийлээд хоёр шил Сэржим нэртэй 0,75 гр архи хувааж уусан. Дуусаад би эхнэрийгээ 21 цаг өнгөрч байхад таксинд суулгаж өгчихөөд буцахдаа нэг шил архиж аваад гэр рүүгээ орохдоо Ганхөлөгийнд орсон чинь тэр хоёр унтаж байсан. Тэгэхээр нь би гэр рүүгээ ороод хоол хийж идэнгээ архиа задлаад ууж байхад гаднаас Улаанаа орж ирээд “ганц татуулчихаач” гэхээр нь нэг хийж өгөөд бид хоёр уугаад сууж байхад Улаанаа буюу Бямба “хоёулаа нууц амраг болъё” гээд бид хоёр бэлгийн харьцаанд орсон. Тэгээд байж байтал Ганхөлөг ах гаднаас орж ирээд “янхан минь орооч” гээд эхнэрийгээ дагуулаад орсон. Би хаалгаа цоожилчихоод архи уугаад байж байтал цаг гарангийн дараа Улаанаа “найз нь яг хүчиндүүлэх гэж байна, хөлдөж үхлээ” гээд орж ирээд манай плитканд дулаацахаар нь “чи хаачаад ирж байгаа юм” гэсэн чинь “автобусны буудал орж тамхи хайсан юм” гэснээ “архинаас чинь байна уу” гэхээр нь “байхгүй, тамхи байна, хувааж татчихаад гэр рүүгээ ор” гэсэн чинь Улаанаа манайхаас гарч байхад нэг залуу хоёр цагдаа дагуулчихсан “нөгөө хүүхэн чинь энэ байна” гээд орж ирээд манай хаалгыг шагайчихаад хаахаар нь би хаалгаа түгжээд байж байтал хаалга нүдэхээр нь онгойлгосон чинь хоёр цагдаа “чи босоод ир, хувцасаа өмс явна” гээд дагуулж яваад эрүүлжүүлэх байранд хүргэсэн. Би хүчиндэхийг завдаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-30 дугаар хуудас/,
Шүүгдэгч Э.Бямбын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 60 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 56 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 59 дүгээр хуудас/, гэрч Б.Батаагийн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/, гэрч М.Сайхнаагийн мэдүүлэг /хх-ийн 35-37 дугаар хуудас/, шүүгдэгч Э.Бямбын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 76-77 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь хэрэг бүртгэлтийн 0554 дугаартай гэмт хэргийн талаарх гомдлыг шалгах явцад 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хохирогчоор тогтоогдож үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа мэдүүлэг өгөхдөө “Анхбаяр намайг хүчиндэх гээд байхад би болиоч гэж орилсон... Анхбаярын миний толгой руу нэг удаа цохисон. Цохиулснаас болж чих толгой өвдөж байна. Шүлс залгихаар хатгаж өвдөж байна. Бас намайг багалзуурдсан, багалзуурдсанаас болж миний хоолой өвдөж байна” гэж Б.Анхбаярыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн, түүнийг гүтгэсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Б.Анхбаяр, гэрч Б.Ганхөлөг нарын мэдүүлэг, 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Э.Бямбын хохирогчоор өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл Э.Б нь “хохирогчоор мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгснөө өөрөө болон гэрч нар гэрчилж мэдүүлсэн” болох нь тогтоогдсон тул хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Бямбын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч Э.Бямбыг хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хэрэгт хохирол тогтоогдоогүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Э.Бямбыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Бд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Ийнхүү шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хэдий ч шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх болон согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус бүрээр авах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Б нь, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, нийгэмд зөв, шударга, амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Бг хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Э.Бд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, мөн хууль, зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус бүрээр авсугай.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Б нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ял оногдуулах болохыг тайлбарласугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН