Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/357

 

 

 

 

 

 

 

 

 

  2021        03          18                                       2021/ШЦТ/357

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,  

улсын яллагч С.Чимэдцэеэ,

шүүгдэгч Б.А. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Б.гийн А.т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2106 00156 0221 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, бичиг, албан хэргийн ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхойгүй ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт оршин суух, Б. овогт Б.гийн А..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А. нь 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Г.Нямдоржийн эзэшмлийн Тоёота Карина маркийн 98-53 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн толь, гэрлийг эвдэж, 465.000 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.            

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Г.Нямдоржийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Үнэнбаярын эхнэр над руу залгаад “А. чамайг намайг зам дээр орхиод явсан гээд чиний машины толийг хагалаад, эвдээд байна, хурдан ир” гэхээр нь очсон чинь А. гэртээ харихаар явчихсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,

- Гэрч Э.Эрдэнэсувдын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр манай гэрт Багабанди, Хосоо, А., Нямдорж, Нямаа, манай нөхөр бид нар “Сэнгүр” нэртэй пиво хувааж уусан ба дүү Тэмүүжингийн найз охин Номин ирж байна гэхээр нь А., Нямдорж, Нямаа нар Цайзаас очиж авахаар явсан. Тэгээд хэсэг хугацаа өнгөрсний дараа А. над руу залгаж, нөгөө хоёр чинь намайг хөөгөөд буулгачихлаа, таксинд суугаад явж байна, таксины мөнгө байхгүй, тосоод аваач гэхээр нь би гэрийн ойролцоо байдаг дэлгүүрийн гадна очиж тосож аваад гэрийн гадаа ирсэн чинь А. “яахаараа ингэж хүнийг харанхуй шөнө машинаасаа хөөж буулгадаг юм” гээд Тоёота Карина маркийн 98-63 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн талын толийг гараараа цохиж угаар нь хугалж, зүүн урд талын гэрэл дохиог өшиглөж хагалсан. Мөн зүүн урд крыло руу өшиглөхөд нь би болиулж гэртээ авч орсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25/,

- Б.А.ийн яллагдагчаар өгсөн: “2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Эрдэнэсувдын 6 найзтай хамт гэрт нь “Сэнгүр” нэртэй 1 хайрцаг пиво уусан. Ингээд 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 01 цагийн орчимд Нямдорж, Нямдаваа нарын хамт Цайз  худалдааны төв рүү Приус 20 маркийн тээврийн хэрэгслээр найз Номинг очиж авах гэж явж байснаа болиод хороолол явна гэхээр нь би бууна гэсэн чинь буулгахгүй гээд надтай маргалдаж байгаад намайг буулгасан. Тэгээд би таксинд суугаад Э.Эрдэнэсувдын гэрийн ойролцоо байдаг дэлгүүрийн гадна Э.Эрдэнэсувдтай уулзаж гэрт нь очиход Тоёота Карина маркийн 98-63 УНН улсын дугаартай Нямдоржийн тээврийн хэрэгсэл байсан бөгөөд надад хороолол явлаа гэж худлаа хэлсэнд нь уурлаж, уг тээврийн хэрэгслийн толийг гараараа цохиж угаар нь хугалж, зүүн урд талын дохиог өшиглөж хагалсан. Мөн зүүн урд крыло руу хэд хэдэн удаа өшиглөхөд хамт явсан найз Эрдэнэсувд боль гэж болиулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/,

- “Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.А. нь 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Г.Нямдоржийн эзэшмлийн Тоёота Карина маркийн 98-53 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн толь, гэрлийг эвдэж, 465.000 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Б.А.т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           Б.А. нь 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Г.Нямдоржийн эзэшмлийн Тоёота Карина маркийн 98-53 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн толь, гэрлийг эвдэж, 465.000 төгрөгийн  хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Г.Нямдоржийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Үнэнбаярын эхнэр над руу залгаад “А. чамайг намайг зам дээр орхиод явсан гээд чиний машины толийг хагалаад, эвдээд байна, хурдан ир” гэхээр нь очсон чинь А. гэртээ харихаар явчихсан байсан.” гэх мэдүүлэг,

- Гэрч Э.Эрдэнэсувдын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр манай гэрт Багабанди, Хосоо, А., Нямдорж, Нямаа, манай нөхөр бид нар “Сэнгүр” нэртэй пиво хувааж уусан ба дүү Тэмүүжингийн найз охин Номин ирж байна гэхээр нь А., Нямдорж, Нямаа нар Цайзаас очиж авахаар явсан. Тэгээд хэсэг хугацаа өнгөрсний дараа А. над руу залгаж, нөгөө хоёр чинь намайг хөөгөөд буулгачихлаа, таксинд суугаад явж байна, таксины мөнгө байхгүй, тосоод аваач гэхээр нь би гэрийн ойролцоо байдаг дэлгүүрийн гадна очиж тосож аваад гэрийн гадаа ирсэн чинь А. “яахаараа ингэж хүнийг харанхуй шөнө машинаасаа хөөж буулгадаг юм” гээд Тоёота Карина маркийн 98-63 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн талын толийг гараараа цохиж угаар нь хугалж, зүүн урд талын гэрэл дохиог өшиглөж хагалсан. Мөн зүүн урд крыло руу өшиглөхөд нь би болиулж гэртээ авч орсон.” гэх мэдүүлэг,

            - Б.А.ийн яллагдагчаар өгсөн: “2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Эрдэнэсувдын 6 найзтай хамт гэрт нь “Сэнгүр” нэртэй 1 хайрцаг пиво уусан. Ингээд 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 01 цагийн орчимд Нямдорж, Нямдаваа нарын хамт Цайз  худалдааны төв рүү Приус 20 маркийн тээврийн хэрэгслээр найз Номинг очиж авах гэж явж байснаа болиод хороолол явна гэхээр нь би бууна гэсэн чинь буулгахгүй гээд надтай маргалдаж байгаад намайг буулгасан. Тэгээд би таксинд суугаад Э.Эрдэнэсувдын гэрийн ойролцоо байдаг дэлгүүрийн гадна Э.Эрдэнэсувдтай уулзаж гэрт нь очиход Тоёота Карина маркийн 98-63 УНН улсын дугаартай Нямдоржийн тээврийн хэрэгсэл байсан бөгөөд надад хороолол явлаа гэж худлаа хэлсэнд нь уурлаж, уг тээврийн хэрэгслийн толийг гараараа цохиж угаар нь хугалж, зүүн урд талын дохиог өшиглөж хагалсан. Мөн зүүн урд крыло руу хэд хэдэн удаа өшиглөхөд хамт явсан найз Эрдэнэсувд боль гэж болиулсан.” гэх мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.А.ийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч гомдол саналгүй, хохирол төлөгдсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Б.А. нь бусдад төлөх төлбөргүй болно.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч Б.А.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б. овогт Б.гийн А.ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А.т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Ариунтугалагт оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, Б.А. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Б.А.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА