Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 781

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 100 айл, 23 байрны 2 тоотод оршин суух, Хаад боржигин овогт Батсуурийн Дашнамжил /РД:ХГ82061911/-ын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 67-66 тоотод оршин суух, Хатигин овогт Бат-Эрдэнийн Өлзийдэлгэр /РД:ЧЗ85030860/-т холбогдох

Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Дашнамжил, хариуцагч Б.Өлзийдэлгэр, хэлмэрч П.Сайнбаяр, А.Цэнгэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов. 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Б.Дашнамжил шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Дашнамжил миний бие 2002 онд Б.Өлзийдэлгэртэй анх танилцаж, 2006 онд гэр бүл болж, гэрлэлтээ батлуулсан. 2008 онд том хүү Д.Идэрхангай төрж, 2010 онд бага хүү Д.Идэржавхлан төрсөн. Бид хоёр хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй учраас эхнэрийн аавынд эсвэл манай өвөөгийнд амьдардаг байсан. Гэтэл эхнэр Б.Өлзийдэлгэр 4 жилийн өмнөөс өөр хүнтэй болж, хамт амьдарч байгаа бөгөөд тэр хүний хүүхдийг төрүүлсэн. Бага хүү Д.Идэржавхлан миний хүүхэд биш болох нь шинжилгээгээр тогтоогдсон, хариу нь Б.Өлзийдэлгэрт байгаа. Том хүү Д.Идэрхангайг ч бас эцэг тогтоох шинжилгээнд оруулах хүсэлтэй байна. Бидэнд эд хөрөнгийн ямар нэг маргаан байхгүй, хоёр хүүхдийг эхнэр Б.Өлзийдэлгэрийн асрамжид өгөх хүсэлтэй байна. Би өөрөө группт байдаг, тогтсон эрхэлсэн ажилгүй тул хүүхдийн тэтгэмж төлөх бололцоогүй тул харгалзан үзнэ гэдэгт найдаж байна. Иймд бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв. 

Хариуцагч Б.Өлзийдэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2002 онд танилцаж, 2006 онд гэр бүл болсон. 2008 онд намайг төрсний дараа маргалдаад тусдаа хэсэг байсан. Бид 2 хааяа уулзаад хааяа тусдаа гэх мэтээр амьдардаг байсан. Бага хүү Д.Идэржавхланг чиний хүүхэд биш гэж би өөрт нь хэлж байсан. Түүнээс болж маргаан эхэлсэн. Хамт амьдарч чадахгүй байнга маргалддаг байсан. Түүнээс хойш би өөр хүнтэй хамтран амьдарч 2 хүүхэд дахин гаргасан тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. 2 хүүхдээ өөрийн асрамжинд авч амьдарна. Том хүү Д.Идэрхангайг өөрийнх нь хүүхэд биш гэдгийг Б.Дашнамжилд хэлж байсан. 2 хүү болох Д.Идэрхангай, Д.Идэржавхлан нарын аав нь Б.Дашнамжил биш учраас хүүхдийн тэтгэлэг авахгүй, бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Шүүх хуралдаанаар: зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Дашнамжил нь хариуцагч Б.Өлзийдэлгэрт холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Б.Дашнамжил, Б.Өлзийдэлгэр нар 2002 онд танилцаж, улмаар 2006 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гэрлэлтийг хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэн, гэр бүл болж, хамтран амьдарч эхэлсэн байх ба тэдний  хамтын амьдралын хугацаанд  буюу 2008 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүү Д.Идэрхангай, 2010 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүү Д.Идэржавхлан нарыг төрүүлсэн болох нь №1735 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ /хэргийн 7 дахь тал/, Г-584 дугаартай  хүүхдийн төрсний гэрчилгээ /хэргийн 8 дахь тал/ зэрэг бичмэл нотлох баримт, зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагааг хийсэн боловч тэд цаашид хамтран амьдрах боломжгүй гэж эвлэрхээс татгалзсан байх тул  талуудыг эвлэрүүлэн зуучлах ажиллагааг  2016 оны 03 дугаар сарын 09-ны өдөр дуусгавар болгосон байна /хэргийн 9 дэх тал/.

             Гэрлэгчид 2011 оноос эхлэн тус тусдаа амьдарч эхэлсэн байх ба хариуцагч Б.Өлзийдэлгэр нь өөр хүнтэй гэр бүл болж тэдний дундаас хүүхэд төрсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Иймд гэрлэлт цуцлуулахыг гэрлэгчдийн хэн алин хүлээн зөвшөөрч маргахгүй байх ба тэд цаашид хамтран амьдрах боломжгүй нөхцөл байдлыг харгалзан үзэж Б.Дашнамжил, Б.Өлзийдэлгэр нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

            2008 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Д.Идэрхангай болон 2010 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн хүү Д.Идэржавхлан нарын эцэг нь Б.Дашнамжил биш болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 10068 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хариуцагч Б.Өлзийдэлгэрийн тайлбараар тогтоогдож байх ба хүү Д.Идэрхангай, Д.Идэржавхлан нарыг эхийнх нь асрамжид үлдээхийг зохигчийн хэн алин зөвшөөрч маргахгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу хүү Д.Идэрхангай, Д.Идэржавхлан нарыг эх Б.Өлзийдэлгэрийн асрамжид үлдээж шийдвэрлэв.

Хариуцагч Б.Өлийдэлгэр нь “нэхэмжлэгч Б.Дашнамжил нь хүү  Д.Идэрхангай, Д.Идэржавхлан нарын эцэг биш учраас тэтгэлэг нэхэмжлэхгүй” гэснийг  болон зохигч эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.  

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон   

                                                                                                                  ТОГТООХ нь:  

            1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Хаад боржигин овогт Батсуурийн Дашнамжил /РД:ХГ82061911/, Хатигин овогт Бат-Эрдэнийн Өлзийдэлгэр /РД:ЧЗ85030860/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

            2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2008 оны 3 дугаар сарын 02-ны өдөр  төрсөн хүү Д.Идэрхангай, 2010 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн хүү Д.Идэржавхлан нарыг  эх Б.Өлзийдэлгэрийн асрамжид үлдээсүгэй.

            3.Нэхэмжлэгч Б.Өлзийдэлгэр нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, зохигч эд хөрөнгийн маргаангүй гэснийг тус тус дурдсугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Өлзийдэлгэрээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Дашнамжилд олгосугай. 

            5.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.

            6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Х.ЭНХЗАЯА