| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2017/00776/И |
| Дугаар | 785 |
| Огноо | 2017-03-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 785
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 25-140 тоотод оршин суух, Хөх хамарт овогт Самийюмчингийн Энхбаатар /РД:ШЗ74062517/-ын хүсэлттэй,
“Б.Тулгабаатар, С.Бямбажаргал нарыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Адъяахүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Энхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Тулгабаатар нь мужаан бөгөөд нэхэмжлэгч С.Энхбаатар нь 1,900,000 төгрөгийн үнэ бүхий шкаф захиалж, 994,000 төгрөгийг Б.Тулгабаатарын дансруу шилжүүлсэн байдаг. Түүнээс хойш холбоо барьж байсан боловч сүүлдээ худлаа яриад холбоогүй болсон. С.Энхбаатараас гадна захиалга өгч мөн хохирсон хүмүүс байдаг бөгөөд тэдгээр хүмүүстэй нийлж Б.Тулгабаатарын бүртгэлтэй хаягаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн байгууллага дээр очиж өргөдөл өгсөн боловч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Ингээд Чингэлтэй дүүргийн хаягаар иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаяг дээрээ оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймээс Б.Тулгабаатар, С.Бямбажаргал нарыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан юм гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.Энхбаатар нь эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Тулгабаатар, С.Бямбажаргал нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч С.Энхбаатар нь “Б.Тулгабаатар, С.Бямбажаргал нарыг эрэн сурвалжлуулж, түүний оршин суугаа хаягийг олж, тогтоосноор тавилга захиалсан мөнгөө шаардана” гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.
Б.Тулгабаатар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хүсэлт гаргагчийн хаан банкинд байрших 5003406070 тоот дансны хуулга болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.
Эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Тулгабаатарын оршин суугаа хаяг нь тодорхойгүй болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 40066 дугаартай шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.
Харин С.Бямбажаргал нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Тулгабаатарын оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хүсэлт гаргагч С.Энхбаатарын “Боржигон овогт Батбуянгийн Тулгабаатарыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг хангаж, С.Бямбажаргалыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Жич: Боржигон овогт Батбуянгийн Тулгабаатар нь /Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнжийн 28-336 тоотод бүртгэлтэй бөгөөд түүний регистрийн дугаар НЭ83091078, 99612604 утасны дугаартай гэснийг тэмдэглэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар С.Энхбаатарын хүсэлтээр эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт Батбуянгийн Тулгабаатарыг эрэн сурвалжилж, С.Бямбажаргалыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангахгүй орхисугай.
2. Боржигон овогт Батбуянгийн Тулгабаатарыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 120,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 49,800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Энхбаатарт олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА