Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/73

 

 

 

 

 

   2021         01         12                                         2021/ШЦТ/73

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

улсын яллагч Н.Уранбайгаль,

насанд хүрээгүй хохирогч С.А , түүний хууль ёсны төлөөлөгч Б.С ,

насанд хүрээгүй хохирогч Б.Э , түүний хууль ёсны төлөөлөгч Ч.М ,

өсвөр насны шүүгдэгч О.Б , түүний хууль ёсны төлөөлөгч Л.О , тэдгээрийн өмгөөлөгч Ж.Б /ҮД: / нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд хаалттай  хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт О-ын Б д холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Орхон аймагт 2003 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой,хэрэг үйлдэх үедээ “Хүнс технологийн политехникийн *** ангид суралцдаг  байсан, ам бүл- 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт *** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, М овогт О-ын Б  /РД: /.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

О.Б  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 00 цаг 02 минутын орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, “***” ХХК-ийн зүүн урд замд “Аксент” маркийн “Верна” загварын ** УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, мөн дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” мөн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож, уг автомашинд сууж явсан зорчигч 19 настай, эрэгтэй М.А н эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч 17 настай, эмэгтэй С.А , 16 настай, эмэгтэй Б.Э  нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанд өсвөр насны шүүгдэгч О.Б  мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийнхээ талаар мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүх хуралдаанд насанд хүрээгүй хохирогч С.А  мэдүүлэхдээ: Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлж хохирлоо түргэн авах хүсэлтэй байна. гэв

Шүүх хуралдаанд насанд хүрээгүй хохирогч Б.Э  мэдүүлэхдээ: Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлж хохирлоо түргэн авах хүсэлтэй байна гэв

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.А н өгсөн: ...”Оргил” худалдааны төвийн ойролцоо явж байхад Э “үхэр” гэж орилох үед би урд талын шилээр харахад үхэр өөдөөс харчихсан зогсож байсан. Тэгээд тэр үхрийг урд талаар нь тойрч гарах гэж оролдоод үхрийг шүргэх шиг болсон. Тэгээд зам дээр машин шарваад замын зорчих хойд тал руу орж онхолдсон. ...эмчилгээний зардал барагдуулсан учир гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-н 15-16-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч С.А гийн өгсөн: ...2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 15 цагийн үед Х-н гэрийн үүдэнд найзуудтайгаа уулзчихаад тэндээс би А-н хамт яваад хоолонд орчхоод 19 цагийн үед буцаж ирээд найзуудтайгаа ярилцаад Тэрэлж рүү явж амрахаар болоод тэгээд 2 машинд хуваагдаж суугаад хөдөлцгөөсөн. Би Б-н жолоодож явсан машинд сууж явсан. Бид нар Х-н аавыг Д-д хүргэж өгчхөөд буцаад 21 цаг өнгөрч байхад Дэнжийн мянгаас Эг аваад тэгээд шууд хотоос гарсан. Замдаа Хонхороос Б-г аваад замаараа онгорхой дэлгүүрээс хүнс авах гэсэн чинь дэлгүүрүүд хаалттай байсан болохоор Налайх дүүргээс нэг машин нь амралт руугаа яваад миний сууж явсан машин хүнсэндээ явахаар болоод буцаад Хонхор явсан. Тэр  үед Б жолоодоод, жолоочийн хажуу талын урд суудал дээр Э. жолоочийн хойд талд Б, жолоочийн эсрэг талын хойд талд А суугаад би А, Б хоёрын голд нь суугаад явж байсан. Би хаана явж байсныг санахгүй байна. Ямар ч байсан урд талд үхэр гарч ирээд үхрийн урд талаар нь тойроод гарах үед үхрийн толгой ширгэгдээд Б жолооны хүрдээ баруун тийш дарсан тэгээд л би цааш юу болсныг санахгүй байгаа. Нэг ухаан орсон чинь хүмүүс орилолдоод байх үед ухаан орсон тэр үед машин дотор А бид 2 байсан. Тэгээд бид хоёрыг түргэний эмч ирээд гаргасан. ...эмчилгээний зардлыг төлж барагдуулсан учир гомдол саналгүй, эмчилгээний төлбөр нийт 1.500.000 төгрөг төлсөн... гэх мэдүүлэг /хх-н 20-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч С.А гийн хууль ёсны төлөөлөгч Б.С-н өгсөн: ...2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хагалгаанд орсон. ...эхний ээлжинд жолооч хүүхдийн эцэг эхээс хагалгааны төлбөрт 1.007.000 төгрөг төлсөн, дараа нь эм авсан мөнгийг бас төлсөн байсан. Бид нарын зүгээс эмчилгээний зардалд 300.000 төгрөг гаргасан мөн 2 жилийн дараа хагалгаанд орох төлбөрийг гаргуулах хүсэлтэй байна. Өөр гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-н 21-22-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Б.Э гийн өгсөн: ...Би “-” салонд дадлага хийж байгаад 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 19 цаг 40 минутын үед гараад Дэнжийн мянгад очоод найзууд болох А, А, Х, Б, Г, Э нартай уулзсан. Тухайн өдөр Х-н төрсөн өдөр байсан болохоор Налайхын ойролцоо амралтын газарт очиж тэмдэглэнэ гэж ярилцацгааж байсан. Тэгээд А, А, М нарын хамт Б-н машинд суугаад Дэнжийн мянгаас 22 цагийн үед хөдөлсөн. Нөгөө хүүхдүүд нь Г-ийн жолоодож явсан машинд сууцгаасан. Тэгээд 2 машинтай Налайх дүүрэгт очоод хүнсээ авахаар дэлгүүрт орсон чинь Х-н мобайл банк нь болохгүй байсан. Тэгээд амралтаа захиалаагүй байсан болохоор Б-н машинд явж байсан хэдийг буц буц бид хэд энэ хавиараа болгочихно гээд буцаасан. Тэр үед 23 цаг 20 минут өнгөрч байсан. Тэгээд төв зам руу ороод хот руу явж байхад Б-н машины холын гэрэл нь муу байсан болохоор үхэр жалганаас гарч ирэхийг Б хараагүй байх, бид нар үхэр гарч ирэхэд хараад орилцгоосон боловч тэр үхрийн эврийг таг гэж мөргөөд зам дээр нэг бүтэн эргээд цааш замаас гарч унасан. Тэгээд ухаан алдчихсан байсан, нэг ухаан ороод харахад Б, М хоёр машинаас буучихсан байсан харин намайг тэнд явж байсан бололтой нэг танихгүй ах машинаас гаргасан, тэгээд түргэний тэрэг ирээд А, А 2-ыг машинаас гаргасан. Тухайн үед Б машинаа жолоодоод би жолоочийн эсрэг талын урд суудалд суугаад, жолоочийн хойд талд М, жолоочийн эсрэг талын хойд талд А, харин А, М нарын голд А сууж явсан. Б бид  хоёр  хамгаалах бүсээ бүсэлсэн байсан харин хойд талд сууж явсан хэд хамгаалах бүс бүслээгүй байсан. Би тухайн осол болох үед хаана байснаа харанхуй болчихсон байсан болохоор одоо мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-н 26-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Б.Э гийн хууль ёсны төлөөлөгч Ч.М гийн өгсөн: ...одоо баримттай 51.347 төгрөг, баримтгүйгээр эм, эмчилгээний хэрэглэл зэрэгт 448.000 төгрөг гаргасан тул одоо нийт 500000 төгрөг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг /хх-н 28-29-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Ө.Б-ын мэдүүлэг: ...нэг үхэр хальт харагдсан. Тэгээд нэг мэдэхэд л замын хажуу талд онхолдчихсон байсан. Миний биед гэмтэл учраагүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. /хх-ийн 32-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Ө.Б-ын хууль ёсны төлөөлөгч Н.З-н мэдүүлэг: ...Ө.Б-ын биед гэмтэл учраагүй, санал, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 33-34-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны яллагдагчаар О.Б ий өгсөн: ...2020 оны 10 дугаар сарын 25-ны шөнө 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ** УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа урдуур үхэр орж ирэхээр нь тэрийг тойрч явах гэж байгаад онхолдож автомашинд хамт явж байсан С.Ад хүнд хохирол, хохирогч С.А , Б.Э  нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч, харамсаж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 84-85-р тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-12-р тал/,

Хохирогч М.А н эмчилгээнд зарцуулсан хохирлын баримт /хх-ийн 143-146-р тал/,

Хохирогч С.А гийн эмчилгээнд зарцуулсан хохирлын баримт /хх-ийн 149-152-р тал/,

Хохирогч С.А гийн эмчилгээнд зарцуулсан хохирлын баримт /хх-ийн 156-158-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн  2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 12430 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. С.А гийн биед  сээрний 12-р нугалмын шахагдсан хугарал, нуруунд цус хуралт, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний гадна хэсэг, хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрлээс хамаарна. Шинжээч эмч Ч.Эрдэмболор гэх дүгнэлт /хх-н 45-46-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн  2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 13130 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. М.А н биед  баруун нүдний ухархайн гадна хананаас суурийн бага далавч, суурийн хөндий рүү үргэлжилсэн хугарал, хугарлын харалдаа чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цус хуралт, зүүн 1-р хавирганы бага зэргийн зөрөөтэй хугарал, дух, баруун нүдний зовхинд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. Шинжээч эмч Ц.Бадрал гэх дүгнэлт /хх-н 51-52-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн  2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 13221 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Б.Э гийн биед зүүн дунд чөмөгт ясны далд хугарал, зүүн чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Нандинцэцэг гэх дүгнэлт /хх-н 56-57-р тал/,

2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Мөрдөгчийн магадлагаанд: 1. О овогтой Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 00 цаг 02 минутын орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, “***” ХХК-ийн зүүн урд замд “Аксент” маркийн “Верна” загварын ** УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, мөн дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” мөн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдсон байх үндэслэлтэй байна. Мөрдөгч, Цагдаагийн ахлах дэслэгч Б.Бөхбаяр, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Насанбат /хх-н 60-61-р тал/

Хөрөнгийн үнэлгээний “АШИГ Б” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “Hyundai Verna” маркийн автомашинд учирсан хохирлыг 1.518.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан, фото зургууд /хх-н 67-67-р/ тал

Шүүгдэгч О.Б ий хувийн байдлыг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Тээврийн Прокурорын газраас О.Б  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 00 цаг 02 минутын орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, “***” ХХК-ийн зүүн урд замд “Аксент” маркийн “Верна” загварын ** УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, мөн дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” мөн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож, уг автомашинд сууж явсан зорчигч 19 настай, эрэгтэй М.А н эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч 17 настай, эмэгтэй С.А , 16 настай, эмэгтэй Б.Э  нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч О.Б ий үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Б  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогч М.А , насанд хүрээгүй хохирогч С.А , насанд хүрээгүй хохирогч Б.Э  нар нь хохирол төлбөрийн талаар  харилцан тохиролцсон зэрэг нь хуульд заасан шаардлагыг хангасан байх тул О.Б д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Б  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 00 цаг 02 минутын орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, “***” ХХК-ийн зүүн урд замд “Аксент” маркийн “Верна” загварын ** УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, мөн дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” мөн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож, уг автомашинд сууж явсан зорчигч 19 настай, эрэгтэй М.А н эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч 17 настай, эмэгтэй С.А , 16 настай, эмэгтэй Б.Э  нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч М.А , насанд хүрээгүй хохирогч С.А , насанд хүрээгүй хохирогч Б.Э  нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 13130 дугаартай, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 12430 дугаартай, 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 13221дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн магадалгаа зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул О.Б ийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр болон хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж ,

Хохирогч М.А  нь эмчилгээний зардлаа гаргуулсан гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх хүсэлтээ мэдүүлгээрээ илэрхийлсэн, М.А д энэ хэргийн улмаас баримтаар нийт 115.600 + 37.500 + 202.200 + 32.310 + 220.000 + 100.000 = 707. 610 /долоон зуун долоон мянга зургаан зуун арав/ төгрөгийн хохирол учирсан байх ба тус хохирлыг нөхөн төлсөн байх ба шүүгдэгч О.Б ийг  хохирогч М.А д баримтаар төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 143-146-р тал/

Насанд хүрээгүй хохирогч Б.Э  нь энэ хэргийн улмаас өөрт учирсан хохирлын 900 + 43.760 + 8000 + 165.500 + 7325 + 52.680 + 30.000= 307.665 төгрөгийн баримт ирүүлсэн байх ба шүүгдэгч О.Б  хохирлыг нөхөн төлсөн байна /хх-ийн 156-158-р тал/.

Насанд хүрээгүй хохирогч С.А д өөрт учирсан эрүүл мэндийн хохирлын 200.000 + 75.000 + 128.000 + 310. 000 + 1.007.225 = 1.720.225 /нэг сая долоон зуун хорин мянга хоёр зуун хорин тав/ төгрөгийн баримт ирүүлснийг шүүгдэгч О.Б  төлж барагдуулжээ. /хх-ийн 149-152-р тал/,

Хохирогч М.А , С.А , Б.Э  нарын эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учирсан тул энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлыг холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Шүүгдэгч О.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч О.Б  нь тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ  зам тээврийн осол гаргасан нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байна.

             Шүүгдэгч О.Б  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг төлөх талаар тохиролцсон зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. М овогт О-ын Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар шүүгдэгч О.Б д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар О.Б  нь гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг тус тус үүрэг болгосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Б  нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг дурдсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар О.Б д тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй О.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хохирогч М.А , С.А , Б.Э  нар нь энэ гэмтлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлыг холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Ч.АЛТАНЦЭЦЭГ