| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Надмидын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 177/2018/0029/Э |
| Дугаар | 14 |
| Огноо | 2018-04-19 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 14
Т.О нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Б.Дамба, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Э.Ууганзаяа, шүүгдэгч Т.О, Б.Х, Б.Хын өмгөөлөгч Ө.Нарантуяа, нарийн бичгийн дарга А.Тамираа нарыг оролцуулан
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолтой, Т.О, Б.Х нарт холбогдох эрүүгийн 1735002120006 дугаартай хэргийг шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1991 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт Наранбулаг сумын 3 дугаар багт оршин суух, регистрийн дугаар ОЗ91020211, Булгадар овогт Т.О.
Монгол Улсын иргэн, 1999 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, аав, ээж, эгч дүүгийн хамт Улаангом сумын 5 дугаар баг 18-07 тоотод оршин суух, регистрийн дугаар ОМ99072212, Шаавай овогт Б.Х.
Т.О, Б.Х нар нь 2017 оны 12 дугаар сарын 08-ны шөнө Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс тоёота аллион загварын саарал өнгийн 06-83 УВХ улсын дугаартай автомашин ашиглаж хохирогч Ц.Алимаагийн эзэмшлийн ногооны талбайн 20 метр урттай төмөр тор хулгайлж нийт 90000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Шаавай овогт Б.Х, Булгадар овогт Т.О нарыг машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар шүүгдэгч Б.Х, Т.О нарт тус бүрт нь 1/нэг/ жил хорих ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар 4-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Х, Т.О нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Б.Х, Т.О нарын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох 1.1 метрийн өргөнтэй, 20 метрийн урттай төмөр торыг улсын орлого болгож, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан багаж зэвсэг болох 18.5 см урттай бор өнгийн хуванцар иштэй халив 1 /нэг/ ширхэг, 15 см урттай, улаан өнгийн бариултай бахь 1 /нэг/ ширхэг, 1.2 метр урттай, 50 см өргөнтэй модон шат 1 /нэг/ ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устагаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт битүүмжилсэн тоёота аллион загварын 0683 УВХ улсын дугаартай авто машин битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Л.Бямбацогтод буцаан олгож,
Шүүгдэгч Б.Х, Т.О нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Х, Т.О нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах”-аар тус тус шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүухийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх Б.Х нарыг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй мөн түүний гэм буруутайн хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдсон гэж дүгнээд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, түүний гэм бурууд 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсэн.
Миний үйлчлүүлэгч Б.Х 18 нас 2 сартайдаа эрүүгийн хэрэгт сэжиглэгдэж Б.Х нь одоогийн байдлаар Увс аймгийн Политехник коллежид суралдаг ба ээж, эгч, дүү нарын хамтаар Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багт оршин суудаг урьд өмнө хэрэгт холбогдож байгаагүй.
Тохиолдлын чанартай хэрэгт холбогдсон, анх удаа гэм хэрэгт холбогдож ял шийтгэсэн түүнийг сурах нөхцлөөр хангахад туслан түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Прокурор Давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 35 дугаар шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй тул шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Б.Хын өмгөөлөгч Ө.Нарантуяа: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч үйлчлүүлэгч Б.Хын хамтаар давж заалдах гомдол гаргасан.
Б.Х нь Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багт аав ээжийн хамт оршин суудаг ба Улаангом политехник коллежид сурдаг ба тухайн хэрэгт холбогдохдоо 18 нас 2 сартай байсан. Миний үйлчлүүлэгчид тэрхүү төмөр тор нь хэрэггүй байсан түүнийг хулгайлах зорилго байгаагүй.
Хүргэн ах Т.Оөд нь тэрхүү төмөр тор нь хэрэг болсон учраас хадам дүү Б.Хыг хамт явахыг гуйсны улмаас хамт явж энэхүү хэрэгт холбогдсон.
Б.Х нь сургуульд сурч байгаа мөн анх удаа хэрэгт холбогдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн байдаг.
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх бичгийн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд Б.Хыг машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хорих ялаар шийтгэсэн.
Өмгөөлөгч миний бие Б.Хыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байгаа боловч нөгөө талаас энэ үйлдэл нь гэмт хэргийн шинж, хэлбэрийг агуулсан гэж үзэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинж чанар, хэлбэрийн төдий хангасан тохиолдолд түүний хор уршиг, үйлдэл эс үйлдэхгүйг гэмт хэрэгт тооцохгүй гэсэн хуулийн зохицуулалт байгаа.
Давж заалдах шатны шүүхээс энэхүү хуулийн зохицуулалтыг миний үйлчлүүлэгчид халдаан шийдвэрлэж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Б.Х: “Би гэмт хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна. Тухайн үед Т.О тор өргөлцөөд өг гэхээр нь би хамт явж торыг нь өргөж машинд нь тавьж өгсөн.
Миний сурч боловсрох нөхцлийг хангаж миний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний бие аав ээжийн хамт амьдардаг ба Т.Оөд энэхүү тор нь хэрэгтэй байсан ба надад ямар ч хэрэггүй зүйл байсан. Иймд надад оногдуулсан ялыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч Б.Х түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарын давж заалдах гомдлыг үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянан хэлэлцэв.
Прокурорын газраас Т.О, Б.Х нарыг 2017 оны 12 дугаар сарын 08-ны шөнө Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс автомашин ашиглан бусдын эд зүйл хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд ирүүлсэн байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Т.О, Б.Х нарын гэм бурууг хянан хэлэлцэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс тогтоол нь хууль ёсны болж чадаагүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэж гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийг ойлгохоор хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 1-д уг хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулахаар тус тус хуульчилсан байна.
Гэтэл анхан шатны шүүх Т.О, Б.Х нарыг машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо уг машин механизмийн үнийг албадан гаргуулаагүй байх тул хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна.
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж өөрчлөж болох боловч анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулаагүй албадлагын арга хэмжээг хэрэглэх боломжгүй гэж үзэн тогтоолыг хүчингүй болгосон болно.
Мөн Т.О, Б.Х нарын гэмт үйлдлийн замаар олсон 1.1 метрийн өргөнтэй, 20 метрийн урттай төмөр тор нь хууль ёсны эзэмшигчид очсон эсэхийг тодруулахгүйгээр /уг тор нь хаана байгаа нь тодорхойгүй/ улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр нь биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэх шаардлагад нийцээгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж байгаа тул энэ удаа шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарын “хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү “ гэх гомдолд дүгнэлт хийгээгүйг тэмдэглэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Т.О, Б.Х нарт холбогдох хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол Т.О, Б.Х нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
Гомдол , эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЖАМБАЛСҮРЭН
ШҮҮГЧИД Б.ДАМБА
Н.МӨНХЖАРГАЛ