Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 233

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн зөрчил хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны “3” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, 

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч И.Х , М.Т, 

Гомдлын шаардлага: “...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагч И.Х , М.Т нарын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 8-5 дугаартай Зөрчлийн хэрэг үүсгэсэн тогтоол болон 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 551  дугаартай шийдвэр буюу 5000.000 төгрөгөөр торгох шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлыг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч И.Х , М.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г шүүхэд ирүүлсэн гомдолдоо:

“...Тус компани нь байгууллагын дотоод төлөвлөгөөт ажлын хүрээнд жил болгон хийдэг ШТС-уудад шатахууны савнуудыг соруулж цэвэрлэх, битүүмжийг шалгах, солих үүнтэй холбоотой шугам хоолойг солих, засварлах, бусад тоног төхөөрмжүүд болон ШТС-ын байгууламжуудад хийх шаардлагатай ажлууд, зарим ШТС-уудын хүчин чадал хошууны тоог нэмэгдүүлэх зорилгоор түгээгүүрийг шинэчлэн солих зэрэг ажлуудыг оны өмнөөс төлөвлөн нийслэлийн Онцгой байдлын газарт урьдчилан мэдэгдэн улсын байцаагчаас зөвшөөрөл авсны үндсэн дээр тэдний хяналтан дор үе шаттайгаар хүн хүч, багаж тоног төхөөрөмжийнхээ хүрэлцээнд тулгуурлан батлагдсан төлөвлөгөө хуваарийн дагуу засвар үйлчилгээний ажлуудыг улирлын байдалд зохицуулан хийж байсан. Энэ хугацаанд манай компанийн бүх ШТС засвартай байгаагүй ба засварчид, машин техник, тоног төхөөрөмжийнхөө хүрэлцээнд тулгуурлан төлөвлөгөөт хуваарийн дагуу ШТС-уудад засвар үйлчилгээнүүд хийгдэж байсан. Эдгээр засвар үйлчилгээний ажил нь тус компаний дотоод ажил байсан тул шатахууны хязгаарлалтыг огт хийгээгүй юм.

Мөн дээрхи хугацаанд тус компанийн шинээр нэвтрүүлсэн ШТС-уудын картын хөнгөлөлтийн систем, түүний программ, төхөөрөмжүүдэд гэмтэл гарч төхөөрөмжийн эд ангийг /плат/ солих засвар үйлчилгээний ажлыг яаралтай хийх зайлшгүй шаардлага гарсан. Үүнийг жил бүрийн төлөвлөгөөт засвартай хамтатган "И” ХХК-аар засвар үйлчилгээг хийлгэсэн ба одоо ч энэ ажил нь үргэжлэн хийгдэж байна. Энэ цаг хугацаанд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шалгалт хийсэн. Бидний зүгээс энэ талаархи тайлбарыг амаар болон бичгээр тодорхой өгсөн.

Гэтэл улсын байцаагчид санаатайгаар шатахууны хязгаарлалт хийсэн гэж дүгнэсэн нь бодит байдалтай огт нийцэхгүй бөгөөд санаатайгаар үйлдсэн үйлдэл гэж үзэх үндэслэлгүй байхад Зөрчлийн хэрэг үүсгэн торгох арга хэмжээ авч бидний хууль ёсны эрх ашгийг хохироож байна.

Манай зүгээс ШТС-ын түгээгүүрийн төхөөрөмжид гэмтэл гарсан, мөн төлөвлөгөөт засвар үйлчилгээ хийгдэж байгаа талаар хэрэглэгч нарт тодорхой хэлж ойлгуулж байсан. Гэтэл мөн л бодит байдлыг гуйвуулан Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг үндэслэн торгуулийн шийтгэл ноогдуулсан нь хуулийн үндэслэлгүй юм. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчих, мөн зүйлийн 1.1-д үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч барааны талаар үнэн зөв, бодитой мэдээллээр хэрэглэгчийг хангах талаар заасан байдаг атал Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагч нар нь шатахууны хязгаарлалт болон үнэтэй холбоотой мэдээлэлийг өгөөгүй гэж хуулиар хүлээгээгүй үүргийг ШТС-ын ажилтан нараас шаардан хууль бус үндэслэлээр буруутгаж, шийтгэл ноодуулсаныг хууль зөрчсөн, хууль бус шийдвэр гэж үзэж байна.

Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагч И.Х , М.Т нарын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 8-5 дугаартай Зөрчлийн хэрэг үүсгэсэн тогтоол болон 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 551  дугаартай шийдвэр буюу 5000.000 төгрөгөөр торгууль ноогдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

“Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г гомдлоо дэмжиж шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

 “...Т ХХК 2017 оноос эхэлж Тэс картыг гаргаж тэс хөнгөлөлтийн карт гэсэн урамшуулал бодит хөнгөлөлт үзүүлэх программыг нэвтрүүлсэн. Үүнийг “И” ХХК-тай хамтран гэрээний үндсэн дээр хэрэгжүүлсэн. Гэтэл энэ хэрэгжүүлсэн программд тухайн цаг хугацаанд өвлийн улиралтай холбоотой гэмтэл доголдол үүссэн. "Т" ХХК-ийн нэвтрүүлсэн энэ хөнгөлөлтийн карт  хэрэглэгчдэд бодит хөнгөлөлт үзүүлдэг бөгөөд үүнд "Т" ХХК  700 гаруй мянган долларын хөрөнгө зарцуулсан байдаг. ШТС болгон дээрээ нэмэлт төхөөрөмж суурилуулсан байдаг. Энэ нь борлуулалт хийхэд тоон үзүүлэлт гардаг шиг хажууд нь мөн тийм тоолуур тавьсан. Энэ нь бодит литр тутамд нь 50 хүртэл төгрөгийн урамшуулал үзүүлдэг төхөөрөмж юм байрлуулсан.

Мөн энэ картаараа "Т" ХХК-иас зарласан бусад хөнгөлөлт урамшуулалт хөтөлбөрт хамрагдах боломжтой. Нөгөө талаас "Т" ХХК энэ хөнгөлөлт үзүүлсэн тооцоог бүх санхүүтэйгээ холбож хянах байдаг. Энэ системээрээ дамжуулан карт эзэмшигчийн мэдээллийг хүлээн авч хэн гэдэг хэрэглэгч хаанаас, хэзээ хэдэн төгрөгийн урамшуулал эдэлснийг  бүх мэдээллийн санг бүрдүүлж нэг жил гаруй ажиллаж байсан.

Энэ системд гэмтэл гарсан учир "Т" ХХК-ийн борлуулалтыг зогсоохоос  зайлшгүй шаардлага үүссэн. Платууд нь гэмтсэн, төв сервер болон худалдан борлуулалтын  үйл ажиллагаа хянагдахаа байсан. Үүнтэй холбоотой “И” ХХК-иас яаралтай арга хэмжээ авъя, платуудыг солъё, шаардлагатай газар халаалт тавья. Танайх ШТС ажиллагааг түр зогсоох шаардлагатай гэж мэдэгдсэн.

Энэ хугацаанд бүх ШТС-д энэ байдал үүсээгүй. Тодорхой ШТС-дад дийлэнх газарт нь үүссэн. Ачааллаасаа шалтгаан зарим ШТС зүгээр байсан. Харин зарим нь бүр гацсан асуудал үүссэн. Ийм байдал үүссэн тул "Т" ХХК-ийн зүгээс жил бүр хийдэг дээр дурдсан засвар үйлчилгээний ажлыг энэ хугацаанд хамтад нь хийхээр зарим ШТС-ын ажлыг түр зогсоосон юм.

Энэ байдлыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч санаатайгаар шатахууны хязгаарлалт хийсэн дүгнэсэн. Энэ талаар тайлбар холбогдох материалуудыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарт тодорхой тайлбарлаж хэлсэн боловч бодит байдалд нийцээгүй дүгнэлтээ албажуулж Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн  1.1-д заасныг үндэслэн торгуулийн шийтгэлийг ногдуулсан.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарын ногдуулсан шийтгэлийн хуудсын үндэслэл нь Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйл хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчих мөн хуулийн 1.1-д үйлдвэрлэгч, худалдагч, бараа нийлүүлэгч, барааны талаар үнэн зөв бодитоо мэдээллийг хэрэглэгчид ханган гэж заасан.

Гэтэл  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар шатахууны хязгаарлалт, үнэтэй холбоотой мэдээллийг хэрэглэгчид өгсөнгүй гэж дүгнэлт хийж тус компанийн ШТС-ын ажилтнуудаас ийм шаардлага, дүгнэлтийг хийж хувиар хүлээгээгүй үүргийг хууль бус үндэслэлээр буруутгах шийтгэл ногдуулсныг хууль бус шийдвэр гэж үзэж байна” гэв.

 Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч И.Х , М.Т нараас гомдолтой холбоотойгоор шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“... Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын "Хэрэглэгчийн мэдээллийн ******* төв”-д хэрэглэгчдээс “Зарим компанийн шатахуун түгээх станцууд хязгаарлалт хийгээд байна” гэсэн мэдээлэл ирүүлсний дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1/19 дугаартай удирдамж баталж шуурхай ажлын хэсэг гарч нефтийн бүтээгдэхүүний жижиглэн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын үйл ажиллагаанд анх хяналт шалгалт хийсэн. Үзлэг шалгалтыг хийхэд “Т” “М”, “С " ХХК-иуд хязгаарлалт хийсэн, үйл ажиллагаа нь доголдсон нөхцөл байдал тогтоогдсон.

Иймд нарийвчилсан хяналт шалгалтыг чиглэл бүрээр хийх агентлагийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05/1 дугаартай удирдамж дахин батлагдаж Хэрэглэгчийн эрхийг хамгаалах болон Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийг шалгасан. Өөрөөр хэлбэл Засгийн газраас байгуулагдсан газрын тосны бүтээгдэхүүйий хангамж, үнийг зохицуулах эрх бүхий зөвлөлийн шийдвэр нэг мөр гараагүй байхад шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг нэмэгдүүлэх, ингэхдээ борлуулалтаа хязгаарлаж, хэрэглэгчийг хясан боогдуулах замаар засвартай, нөөц байхгүй, төвөөс түр үйл ажиллагаагаа зогсоо гэсэн гэх зэрэг тодорхойгүй байдлаар үйл ажиллагааныхаа доголдлыг арилгахгүй, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж байж болох үйлдэлд хяналт шалгалт хийсэн.

Эдгээр хяналт шалгалтын хүрээнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу “Т" ХХК-д холбогдох илэрсэн зөрчлийн шинжтэй үйлдлийг прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн 185******* дугаартай зөрчлийн хэрэг нээн прокурорын хяналтан дор нарийвчлан шалгаад Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэн таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000,0 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

“Т” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “... тус компани нь байгууллагын дотоод төлөвлөгөөт ажлын хүрээнд жил болгон ШТС-уудад Нийслэлийн онцгой байдлын газрын улсын байцаагчаас зөвшөөрөл авч улирлын байдалд зохицуулан засвар үйлчилгээний ажлуудыг хийсэн, эдгээр засвар, үйлчилгээний эжил нь тус компаний дотоод ажил байсан тул шатахууны хязгаарлалтыг огт хийгээгүй юм” гэсэн тухайд;        

Хяналт шалгалт хэд хэдэн үе шаттайгаар хийгдсэн. Эхлээд хяналт шалгалтын явцад “Т” ХХК-ийн зүгээс “манайх нийт 100 гаруй ШТС-тай, Улаанбаатар хотод 26 байгаагаас эхний ээлжинд 6 ШТС-ын үйл ажиллагааг нь зогсоож, мөн ШТС- ууддаа 30000 төгрөгнөөс дээш худалдан авалт хийхгүй гэсэн хязгаарлалтыг хийсэн” гэдэг тайлбарыг өгч байсан. Энэ үйл явц газар дээр нь хийсэн үзлэг шалгалт болон хэрэглэгчдээс ирсэн гомдол, мэдээлэл, тайлбараас харахад ийм төрлийн хязгаарлалт хийж байсан нь олон талаар тогтоогдож байдаг. Энэ нь зөвхөн хэргийн баримтанд авагдсан материалуудаас гадна нийтэд илэрхий бусад баримтуудаар хангалттай тогтоогддог.

Тухайлбал, “Т” ХХК-ийн борлуулалтын газрын захирал н.Ч, ерөнхий захирал Б.Б******* нар манай компани шатахууны хязгаарлалт хийсэн. Хязгаарлалт хийсэн шалтгаан нь нөөц багассан үнэ, тариф өөрчлөгдсөн гэсэн тайлбарыг хэлж байсан атал шүүхэд огт хязгаарлалт хийгээгүй мэтээр дурдсан нэхэмжлэл гаргасан үндэслэлгүй байна.

Ашигт малтмал, газрын тосны газраас тогтмол албан хэрэгцээнд нэгтгэн гаргаж ирүүлсэн шатахууны нөөцийн мэдээллээр 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 38 хоногийн нөөцтэй үүнээс А-80 автобензин 68, Аи-92 автобензин 46, дизелийн түлшний 28 хоногийн нөөцтэй байсан ба шатахууны үнийн хувьд Улаанбаатар хотод дунджаар А-80 автобензин 1470, АИ-92 автобензин 1630, дизелийн түлш 1720 төгрөгөөр худалдаалагдаж байсан. Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн шатахууны нөөцийн үлдэгдлийн мэдээгээр “Т” ХХК-ийн үлдэгдэл нөөц хэвийн хэмжээнд байгаа нь харагдаж байна.

Нийслэлийн Онцгой байдлын газрын ахлах байцаагч С.Эаас авсан тайлбарт: “Т” ХХК-иас 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн албан бичгээр ШТС-уудад засвар, технологийн өөрчлөлт хийхтэй холбоотойгоор гагнуурын ажил хийх тухай албан бичгийг ирүүлсэн. Нийслэлийн онцгой байдлын газрын удирдлагаас цохож өгсөн өдөр нь тухайн өдөртөө мэдэгдлийг бичиж хүргүүлсэн. Онцгой байдлын байгууллагын гал түймрийн хяналтын байцаагч нар Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3, 21.1-т заасны дагуу барилга байгууламжийн хийц бүтээц, цахилгаан шугам сүлжээ, технологийн өөрчлөлт хийх тохиолдолд дүгнэлт гаргадаг. Энэ дүгнэлт мэдэгдэл бол зөвшөөрөл биш. Хууль тоггоомж, норм, дүрэм, стандартыг мөрдөж ажиллахыг анхааруулсан баримт бичиг юм" гэж мэдүүлсэн болон ШТС-уудад олгосон гал түймрийн улсын хяналтын байцаагчийн мэдэгдлийг хүсэлт хүлээн авсан даруй тухайн өдөртөө нэгэн зэрэг бичиж олгосон нь зөрчлийг халхалах оролдлого гэж үзэхээс заавал буюу хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх үндэслэл хараахан болохгүй байгаа юм.

“Т” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч хуулийн зөвлөх Ж.Гээс авсан мэдүүлэгт “Бусад компани шатахуун зарахгүй байгаагаас болон хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр шатахууны хязгаарлалт хийлээ гэсэн мессеж олон нийтэд хүрсэн, импортоор орж ирж байгаа шатахууны үнэ жижиглэнгийн үнээс үнэтэй болсон, ШТС-ууд дээр аж ахуйн нэгж, үйлчлүүлэгч нар ирж их хэмжээгээр авах болсонтой холбоотойгоор манай компаний борлуулалт хариуцсан захирал н.Ч нь өргөн хэрэглээний автобензинийг 30.000 төгрөгөөс дээш худалдаалахгүй гэсэн шийдвэр гаргасан. Энэ нь тухайн нөхцөл байдалд тохируулсан, арга хэмжээ байсан гэж хяналт шалгалтын явцад мэдүүлж байсан бол шүүхэд огт хязгаарлалт хийгээгүй мэтээр илт зөрүүтэй нэхэмжлэл гаргаж байгааг үндэслэлгүй байна гэж үзэж байна.

“Т" ХХК-иас тус компанийн шинээр нэвтрүүлсэн ШТС-уудын картын хөнгөлөлтийн систем, урамшуулал түүний программ, төхөөрөмжүүдэд гэмтэл гарч, төхөөрөмжийн эд ангийг солих, засвар үйлчилгээний ажлыг яаралтай хийх зайлшгүй шаардлага гарсан. Үүнийг жил бүрийн төлөвлөгөөт засвартай хамтатган “И” ХХК-иар засвар үйлчилгээг хийлгэсэн гэсэн тухайд;

“И” ХХК-ны ерөнхий захирал Б.Уаас авсан тайлбарт: “Т ХХК-ний шатахуун түгээх станцуудын түгээгүүрийн системийг засварлах ямар шалтгаан байгаа вэ гэхэд хэд хэдэн шалтгаан байна. Бензиний үнэ өсөөд байгаа учраас хөнгөлөлтийн картаар 50 төгрөг хямдруулдаг байсныг 30 төгрөгөөр хямдруулдаг болгох, борлуулалтын мэдээг интернетээр явдаг байсныг мессежээр явуулдаг болгох, түгээгүүрүүд доторх платууд хөлдөөд эхэлсэн учраас халаагч суурилуулах ажилтай холбоотойгоор засварын ажил хийж байна” гэж мэдүүлсэн байдаг. Мэдүүлгийг шинжлэн судлахад тухайн үйл явцтай холбоотой хязгаарлалт хийх бие даасан үнэслэл, шалтгаан болохгүй байна. Тэрээр мөн нэхэмжлэлдээ “өнөөдөр ч адил энэхүү засвар, үйлчилгээ үргэлжлэн хийгдсээр байгаа” гэж мэдүүлсэн байгаа ба “Т” ХХК-ийн зүгээс цаг үеийн нөхцөл байдал бүрийг өөрт ашигтай байдлаар гуйвуулан тайлбарлаж байна гэж үзэхэд хүргэж байна.         

“Т" ХХК-иас манай зүгээс ШТС-ын түгээгүүрийн төхөөрөмжид гэмтэл гарсан, мөн төлөвлөгөөт засвар үйлчилгээ хийгдэж байгаа талаар хэрэглэгч нарт тодорхой хэлж ойлгуулж байсан гэсэн тухайд;

Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.1-д “үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч барааны талаар үнэн зөв, бодитой мэдээллээр хэрэглэгчийг хангах” талаар заасан байдаг. Үүндтэй холбогдуулж хуулийн хэрэгжилтийг хангахад чиглэсэн олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байсан. Үүнд:

Монгол Улсын Засгийн газраас шатахууны үнийн тогтвортой байдлыг татварын бодлогоор зохицуулж ирсэн ба 2017 оны 10 дугаар сарны 16-ны өдрийн 309 дүгээр тогтоолоор татварын хувь хэмжээг өөрчилсөн. Ингэхдээ уламжлал байдлаар ШӨХТГ-ын дарга, Улсын Ерөнхий байцаагч Б.Лхагвад шатахууны хангамж, үнийн тогтовортой байдлыг хангахад чиглэсэн хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгосон.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Т” ХХК нарын аж ахуй эрхлэгчдээс үүсэлтэй шатахууны зохиомол хомсдол, хязгаарлалт, үйл ажиллагааны доголдолтой холбогдуулан Засгийн газрын “Шатахууны хангамж, үнийг зохицуулах төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөл”-ийг яаралтай хуралдуулах саналыг зөвлөлийн дарга Уул, уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Зт албан бичгээр хүргүүлсэн, зөвлөлийг хуралдаж нэг мөр шийдвэр гаргах хүртэл аж ахуйн нэгжүүдийг аливаа үнэ, тарифын өөрчлөлт хийхгүй байх, зохиомол хомсдол бүхий хязгаарлалтын шинжтэй үйлдэл гаргахгүй байх, хэрэглэгчид бодит мэдээлэл өгөх, төөрөгдөл үүсгэхгүй байх талаар мэдэгдэл хүргүүлсэн.

“Т” ХХК-ийн ШТС-ээр явж газар дээр нь шаардлага тавьж ажилласан. Гэтэл ШӨХТГ-аас тавьж буй шаардлагыг биелүүлэн хэрэглэгчдэд үнэн зөв, бодит мэдээлэл өгөх болон үйл ажиллагааны доголдол, хязгаарлалтыг таслан зогсоох талаар ямар ба арга хэмжээ аваагүй. Түүнчлэн “Т” ХХК-иас өгсөн мэдээллүүд үндэслэлгүй, өөр хоорондоо зөрүүтэй, бодит байдалд нийцэхгүй байгаа юм.

“Т” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч, хуулийн зөвлөх Ж.Гээс авсан мэдүүлэг засвар хийж буй талаар ШТС-ын эрхлэгч, түгээгч нар хэрэглэгч нарт албан ёсны мэдээллийг өгөх албан тушаалтан биш, хэрэглэгчдэд мэдээлэл өгөөд байх цаг байхгүй, мэдээлэл өгөх үүргийг компаний удирдлага өгөх үүрэгтэй” гэж мэдүүлсэн. Үүнийг шинжлэн судлахад шатахууны хязгаарлалт хийсэн талаар хэрэглэгчдэд үнэн, бодит мэдээлэл өгөөгүй нь тогтоогдож байдаг ба энэхүү үйдэл нь Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.1-д “үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч барааны талаар үнэн зөв, бодитой мэдээллээр хэрэглэгчийг хангах" гэж заасныг зөрчсөн болох нь тоггоогдож байдаг.

Мөн шатахуун бол нийгэм, эдийн засгийн суурь үнийг бүрдүүлж байдаг, шууд нөлөөлөл үзүүлэх боломжтой, стратегийн ач холбогдол бүхий бараа, бүтээгдэхүүний нөөцийн жагсаалтад багтдаг, төрөөс зохицуулалттай, тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлдэг онцлогтой бүтээгдэхүүн байдаг.

Гэтэл "Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Бид хэрэглэгчдэд ойлгуулсан” гэж байгаа нь тодорхой бус, үндэслэлгүй, харин ч эсрэгээрээ нийгэм, эдийн засагт маш их хэмжээний бухимдал, сөрөг үр даалгаврыг бий болгосон үйлдэл байсан бөгөөд тус аж ахуйн нэгжийн хувьд голлох байдлаар оролцсон байдаг.

“Т” ХХК-ийн хувьд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1-д "Оролцогч зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны талаар прокурорт гомдол гаргаж болно.”, мөн зүйлийн 7-д “Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасан прокурорын шийдвэрт гомдол гаргахгүй." гэж зааснаас үзвэл зөрчлийн хэрэг нээхтэй холбоотой гомдлыг прокурорт гаргах боломжтой байсан ба гомдол гаргаагүй байна. Мөн нэхэмжлэлд зөрчлийн хэрэг нээсэн тогтоолыг хүчингүй болгохтой холбоотой ямар нэг үндэслэл дурдаагүй байх атал зөрчлийн хэрэг нээсэн тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “хууль сахиулах, гэмт хэрэг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа”, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад ... захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно" гэж заасан байгааг анхаарч үзэхийг хүсье” гэжээ.

Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч И.Х  шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

“... Зөрчлийн хэрэг шалгагдаж бараг 4 сар болж байна. Гэтэл энэ хугацааны дараа эдгээр үйл баримт нотлогдож байна. "Т" ХХК  50 төгрөгийн урамшуулалт үзүүлж байсан картаа явцын дунд 30 төгрөг болгосон. 50 төгрөгийн урамшууллыг 30 төгрөг болгохын тулд “И” ХХК-д засвар ажил хийсэн. 50 төгрөг унахад нэг программаар уншигдах бөгөөд одоо 30 төгрөгийн  урамшуулал үзүүлж байгаа. 50 төгрөгөөр очдог мессеж 30 төгрөгөөр очдог болох, санхүү бүртгэл дээр нь программ ингэж уншигдахын тулд  засвар  хийгдсэн.  Энэ засварын байдлаар хязгаарлалт хийж  цаг хугацааны хувьд давхцуулж өмнө  хаалт тавьсан гэж үзэж байна” гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

“...Хамгийн анх 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1800******* төвд мэдээлэл ирсэн. Энэ төв нь 3 оператор ажилтан, мөн газар дээр нь асуудлыг шийдвэрлэх шуурхай бүлэг гэж ажилладаг. Тухайн өдөр ТВ9 телевизийн Монгол коммент нэвтрүүлгээр ийм төрлийн мэдээлэл цацагдсан. Үүнийг цаг алдахгүй шалгах ёстой гэж агентлагийн дарга нь тухайн өдөртөө удирдамжаа баталж шалгасан байдаг. Маргааш нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр тухайн мэдээлэлд агуулагдаж байсан 3 байгууллага буюу “М” ,”С ”, “Т” ХХК-д шалгалт хийсэн. Шалгалтаар энэ 3 байгууллага шатахууны хязгаарлалт хийсэн байна. Үүнийг нарийвчлан шалгах ёстой гэж яригдсан. "Т" ХХК нь анх газар дээр нь очиж тайлбар мэдүүлэг авсан. Энэ нь хэрэгт авагдсан байгаа.

"Т" ХХК нийт 126 салбартай ч 100 нь орон нутаг 26 нь Улаанбаатар хот орчим үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 6  ШТС–ыг хязгаарлалтад хамруулж шатахуун түгээх станцад хязгаарлалт хийсэн гэж тайлбар, мэдүүлэг өгсөн байдаг. Үүнээс гадна энэ нь нийгэмд илэрхий болсон процесс юм. 6 шатахуун түгээх станцад А92 болон дизель түлшинд 30 мянган төгрөгөөс дээш худалдан авалд хийлгэхгүй гэж хязгаарласан. Хяналт шалгалт хийгдэж урт хугацаанд үргэлжилсэн. Ингэж урт хугацаанд шалгалт явсан нь олон талын хүчин зүйл нөлөөлсөн.

Үүний хамгийн гол зүйл нь төрөөс тусгай зохицуулалттай, нийгэм эдийн засагт шууд үр дагавар бий болгодог, тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулдаг онцгой салбар. Үүний хүрээнд маш олон шаардлага тавигддаг. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үүнийг огт хариуцахгүй, хамааралгүй гэсэн зүйл хэрэгт авагдсан байдаг. Бүх холбогдогч этгээдүүдээс мэдүүлэг авсан.

Хязгаарлалт нь цааш засвартай гэж тодорхойлсон байдлаар явсан. Улаанбаатар хотын ШТС болон хот орчмын бусад ШТС аажим аажмаар шатахууны хязгаарлалтад нэгдэж байсан. "Т" ХХК-ийн хязгаарлалтаас гадна бусад компаниуд хязгаарлалтад татагдаж оролцож байсан. Энэ үйл явц 1 сар гаран 45 хоногийн хугацаанд Монгол Улс шатахууны хомстолд бүрэн орж нефть импортлогч компанийн хараанд бүрэн орсон.  

"Т" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон хяналт шалгалтын явцад 2 үндэслэлээ дурдсан байдаг. Үүнд  нэгт засвартай гэдэг энэ нь  Онцгой байдлын  ерөнхий газраас зохих зөвшөөрөл авч хийсэн гэж тайлбарладаг.  Шалгалтын явцад засвартай гэсэн тайлбарыг маш олон удаа өгч байсан.  Голчилж мэдээлэл технологийн картаа ярьдаг. Хэрэг шалгах явцад энэ нь бага зэрэг нөлөөлсөн гэж үздэг.

Зохицуулалттай салбар гэдэг утгаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэд сайдаар ахлуулсан, Загийн газраас тусгайлан байгуулагдсан төр хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оруулсан гурвалсан зөвлөл ажилладаг. Анх шалгалт хийж эхэлсэн үндэслэл нь Зөрчлийн тухай хуулиар капитал хийх замаар борлуулалтаа хязгаарласан байна гэж гол хяналт шалгалт хийж эхэлсэн оны төгсгөлд шалгалт хийсэнтэй холбоотой энэ ноцтой үйл явдлыг зохицуулах үүрэгтэй субъектэд нь анхаарлыг нь хандуулж шийдлийг нь гаргая гэж  тус хариуцсан зөвлөлийн анхаарлыг хандуулъя гэж тухайн зөвлөлд энэ асуудлыг авч хэлэлцэхийг албан бичгээр санал хүргүүлсэн. Энэ саналын дагуу зөвлөл хэдэн хэдэн удаа хуралдаж зохих шийдвэрүүдийг гаргаж байсан. Гэтэл төрөөс тодорхой арга хэмжээ авч байхад аж ахуй нэгж байгууллагууд хэрэгсдэггүй. "Т" ХХК нь зургаан ШТС хязгаарлалт хийж байсан бол энэ нөхцөл байдлыг улам  даамжруулж төрөөс тавьж байгаа шаардлагыг биелүүлэхгүй энэ байдлыг улам хурцдуулсан. Сүүлдээ "Т" ХХК нь бүх ШТС-ынхаа цонхон дээр засвартай гэсэн бичиг нааж зогсолт хийсэн.

Засвартай гэсэн нөхцөл байдлыг газар дээр нь очиж шалгахад засвар хийж байгаа нь тогтоогддоггүй. Энэ нь хэдэн хэдэн үзлэгээр болон гарын үсэг зурж  баталгаажсан гэрчийн мэдүүлгээр тогтоосон. Хэд хэдэн удаагийн үзлэг хийхэд дандаа зөрөөд байна гэсэн тайлбар өгдөг. Зөрөөд байгаа бол яг засвар хийж байгаа газартай нь танилцъя гэхэд танилцуулаагүй, хавтаст хэрэгт засвар хийж байсан тухай баримт авагдаагүй. Мөн засвартай гэсэн тайлбар цонхон дээрээ наасан нь хэрэглэгчдэд хангалттай мэдээлэл өгч чадахгүй юм.

Энэ бүгдийг нийтэд нь авч үзвэл шатахууны нөөц багассан, нөөц байхгүй, засвартай гэж маш олон тайлбар хэлдэг. Нөөцийн агуулахад шалгалт хийсэн баримт хэрэгт авагдсан байгаа. Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг томоохон шатахуун түгээх станцын агуулахад үзлэг хийсэн. Энэ үзлэгийн хийхдээ улсын хилээр нэвтэрсэн шатахуун түгээх  байгууллагуудын шатахуун хаана байна гэж Ашигт малтмал, газрын тосны газрын нөөцийн талаар бодитой үнэн мэдээллээр хангаж байсан. 40, 30, 38, 41 хоногийн нөөцтэй гэж мэдээлэл өгч байсан. Зарим өдөр нөөцийн хэмжээ ихсэж байсан. Үүнээс харахад дандаа нэг сараас дээш нөөцтэй байсан байдаг.

Агуулахад нь очиж хэмжилт хийж үзэхэд ялангуяа "Т" ХХК-ийн бүрэлдэхүүн компанийг онцолж хэлэхэд “О” ХХК  750 тоннын АИ92 шатахууны нөөцтэй байсан. Энэ нь тухайн үед бусад компанийн нөөцөөс хамгийн их нөөцтэй нь байсан.

Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчаас авсан тодруулга байна. 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр бүгдийг нь нэг дор Онцгой байдлын ерөнхий газраас засвартай гэсэн улсын байцаагчийн мэдэгдэл гаргасан байдаг. Энэ нь  Олон нийтийн өмнө хүлээсэн үүргээсээ татгалзах буюу зохиомол хомстол үүсгэхийг зөвтгөх нотлох баримт болж байна. Ингэхдээ засвар хийж болно. Гэхдээ аюулгүй байдлыг сахихыг анхааруулсан бичиг өгснөөс биш зөвшөөрөл өгөөгүй юм” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

          Гомдол гаргагч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын нэр бүхий улсын байцаагч нарын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 8-5 дугаартай Зөрчлийн хэрэг үүсгэсэн тогтоолыг хүчингүй болгуулах тухай” гомдлын шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан гомдолд үл хамаарахаас гадна Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасан “хууль сахиулах, гэмт хэрэг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа” нь захиргааны байгууллагын үйл ажиллагаанд үл хамаарч захиргааны хэргийн шүүхийн харьяалан хянах маргаан биш байна. 

Иймд гомдлын энэ шаардлагыг хуульд тусгайлан заасан гомдлоор үүсэх хэрэг, маргаанд хамаарахгүй, захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж үзэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3: “шүүгч дараахь үндэслэлээр гомдол хүлээн авахаас татгалзана”, 54.3.1-д: “энэ хуулийн 54.1.1, 54.1.2, 54.1.4-54.1.7-д заасан шаардлагыг хангаагүй”, мөн хуулийн 54.1.1: “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж заасны дагуу хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Шүүх, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11: “гомдол гэж хуульд тусгайлан зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл ...”, мөн хуулийн 112 дугаар зүйл: тусгай журмаар шийдвэрлэх маргаан, 112.4: “дараах төрлийн маргааныг анхан шатны шүүх 30 хоногийн дотор шийдвэрлэнэ”, 112.4.3: “хуульд тусгайлан заасан гомдлоор үүсэх хэрэг, маргаан”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2: “Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар  зүйлийн 6.7, 6.10, ... 6.16, ...6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар  зүйлийн 6.16: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 9.10, 10.1, 10.2 дугаар зүйл ... дэх хэсэгт заасан зөрчил”, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 2: “оролцогч энэ хуулийн 1.8 дугаар  зүйлийн 6.7, 6.10, ... 6.16, ... 6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ” гэж зааснаар эрх бүхий улсын байцаагч болох Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нараас гомдол гаргагч “Т” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчиж, 1.1: “үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч барааны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах” зөрчлийг гаргасан гэж үзэж, таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох албадлагын арга хэмжээ авсныг уг зөрчилд холбогдогдогч “Т” ХХК-ийн зүгээс арга хэмжээ авсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдол гаргасныг хүлээн авч, гомдол гаргагчийн шаардлага түүнд хамаарах шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, гомдлыг хариуцагч нараас эс зөвшөөрч гаргасан тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан тэдний болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар зэрэгт дүгнэлт хийж шийдвэрлэв.

Хариуцагч эрх бүхий улсын байцаагч нар нь Зөрчлийн тухай хуульд зааснаар хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн, хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг харьяаллын дагуу хянаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх, улмаар шийтгэл оногдуулах эсэх талаар шийдвэр гаргахаар байна.

Хариуцагч эрх бүхий улсын байцаагч нар нь “Т” ХХК-ийн шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын баталсан удирдамжийн дагуу 2017 оны 12 сарын 28, 2018 оны 1 сарын10, 2018 оны 1 сарын 12, 2018 оны 1 сарын 1-ний өдрүүдэд тус тус хяналт шалгалт хийж, тус компанийн шатахуун түгээх салбарууд нь “хэрэглэгчдэд ижил цаг хугацаанд үйлчлэхгүй, ямар шалтгаанаар шатахууны хязгаарлалт хийсэн талаар бодит мэдээлэл өгөхгүй тодорхойгүй шалтгаанаар үйл ажиллагаагаа зогсоосон, хязгаарласан байдалтай” байсан болох нь аудио бичлэг, фото зураг, газар дээр нь хийсэн үзлэг, тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзээд 2018 оны 2 сарын 13-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 551  дугаартай шийтгэлийн хуудсаар таван мянган нэгжээр /таван сая төгрөг/ торгох албадлагын арга хэмжээ авсан байна.

Холбогдогч “Т” ХХК-ийн зүгээс шатахууны хязгаарлалт хийгээгүй, тус хугацаанд компанийн шинээр нэвтрүүлсэн шатахуун түгээх станцуудын картын хөнгөлөлтийн систем, түүний программ, төхөөрөмжүүдэд гэмтэл гарч төхөөрөмжийн эд анги буюу плат солих засвар үйлчилгээний ажлыг гүйцэтгэсэн, компанийн дотоод төлөвлөгөөт ажлын хүрээнд жил болгон хийдэг шатахууны савнуудыг соруулж цэвэрлэх, битүүмжийг шалгах, солих үүнтэй холбоотой шугам хоолойг солих, засварлах зэрэг ажлуудыг оны өмнөөс төлөвлөн Нийслэлийн Онцгой байдлын газарт урьдчилан мэдэгдэн улсын байцаагчаас зөвшөөрөл авсны үндсэн дээр тэдний хяналтан дор хүн хүч, багаж тоног төхөөрөмжийнхээ хүрэлцээнд тулгуурлан хуваарийн дагуу засвар үйлчилгээний ажлуудыг улирлын байдалд зохицуулан хийж байхад арга хэмжээ авсан нь бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй гэж маргаж байна.

Дээр дурдсанаар хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын эрх бүхий байцаагчид нь Зөрчлийн тухай хуульд харьяалуулан заасан зөрчилд тооцох, шийтгэл оногдуулах замаар шударга ёсыг тогтооход анхаарч, ингэхдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх аижллагааг харьяаллын дагуу гүйцэтгэх /хуулийн 1.8 дугаар  зүйлийн 6.16/, зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх /хуулийн 2.3 дугаар зүйлийн 1.2/, зөрчлийн хэрэг нээх /хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.4/, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах /хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5/, холбогдогч, түүний хууль ёсны төлөөлөгчийг тогтоох /хуулийн 3.8 дугаар зүйлийн 1.2/, түүнчлэн зөрчил шалгах ажиллагааг дээрх хуулийн 4.8 дугаар  зүйлд зааснаар мэдүүлэг авах, 4.13 дугаар зүйлд зааснаар тэмдэглэл үйлдэх, зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг сунгах зэргээр гүйцэтгэсэн болох нь 185******* дугаартай захиргааны зөрчлийн хэрэг түүнд авагдсан баримт, хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Гэхдээ Зөрчлийн хэргийн 34-38-р хуудсанд авагдсан үзлэгийн ажиллагааг хийж тэмдэглэл үйлдэхдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг хангахгүйгээр буюу прокурорын зөвшөөрөлгүйгээр явуулсан байна. Тодруулбал, эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг нээж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасны дагуу буюу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2: “зөрчил шалгах ажиллагаа нь зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, ... эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, ... ажиллагаанаас бүрдэнэ”, мөн зүйлийн 3: “эрх бүхий албан тушаалтан энэ хуульд прокурорын зөвшөөрлөөр явуулахаар зааснаас бусад ажиллагааг явуулах шийдвэрийг бие даан гаргана”, мөн хуулийн 4.2 дугаар зүйлийн 1: “эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасан прокурорын зөвшөөрлөөр явуулах ажиллагааны саналыг тухайн ажиллагааг явуулахаас 24 цагийн өмнө прокурорт хүргүүлнэ”, 4.3 дугаар зүйлийн 1: “эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг тогтоох зорилгоор үзлэг хийнэ”, 4.3 дугаар зүйлийн 2: “орон байранд прокурорын зөвшөөрлөөр үзлэг хийнэ” гэж заасныг анхаарч үүний дагуу нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх шаардлагатай байна.

Уг үзлэгийн тэмдэглэлд Зөрчил шалган шийдвэрлэх тухай 4.3 дугаар зүйлийг удирдлага болгон үзлэг хийсэн гэж бичсэн байгаа боловч үзлэгийг хэзээ, ямар нөхцөлд хийснээ бичээгүй, мөн хуулийн 4.2 дугаар зүйлийн 1-д зааснаар эрх бүхий албан тушаалтан прокурорын зөвшөөрөл авахаар хандсан баримт байхгүй, хойшлуулшгүй тохиолдолд үзлэгийн ажиллагааг явуулсан гэдэг нь тогтоогдохгүй байна.

Иймд шүүхээс эрх бүхий албан тушаалтан /улсын байцаагчид/ зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүй үүгээрээ Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчмыг алдагдуулсан, гомдлын шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Хариуцагч нар нь “бид хуулийн дагуу прокурорын хяналтан дор зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулсан” гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй юм. 

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3: “энэ зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан зарчим нь гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй”, мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.9: “шүүх гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэлт нотлох баримт цуглуулахгүй” гэснээр зөвхөн гомдол гаргагч болон хариуцагч захиргааны байгууллагаас гаргасан баримтанд тулгуурлан хэргийг шийдвэрлэснийг тэмдэглэж байна.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан төлөөлөн гомдол гаргагчийн “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч И.Х , М.Т нарын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 8-5 дугаартай Зөрчлийн хэрэг үүсгэсэн тогтоолыг хүчингүй болгуулах тухай” гомдлыг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5, 4.1 дүгээр зүйлийн 3-т заасныг баримтлан “Т” ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч И.Х , М.Т нарын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 551  дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.3, 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар  зүйлийн 108.2-т зааснаар  шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 У.БАДАМСҮРЭН