Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Тогтоол

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 09

 

 

Х.Гансэлэмийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн талаар

 

226/2017/00009/И

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг  ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “А” танхимд,

Нарийн бичгийн дарга Н.Энхзул,

Өмгөөлөгч Л.Батжаргал,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Лхагвасүрэн нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатарын даргалсан шүүх хуралдааны 2017 оны 3  дугаар сарын 20-ны өдрийн 181 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Лхагвасүрэнгийн давж заалдах гомдлоор Х.Гансэлэмийн нэхэмжлэлтэй “хууль бусаар хоригдсоны хохирлын 87 895 200 төгрөг, өмгөөллийн хөлс, замын зардлын 3140000 төгрөг нийт 91 035 200 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Х.Гансэлэм нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би хүн амины хэрэгт хилсээр шалгагдаж 2015 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2011 оны 6 дугаар сарын 28 хүртэл 415 хоног, 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 76 хоног, 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 01-нийг хүртэл 189 хоног нийт 680 хоног хууль бусаар цагдан хоригдож сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирсон. Мөн энэ хэрэгт өмгөөлөгчийн туслалцаа авч өмгөөлөгчийн зардал хөлс, замын зардал төлж эд материалын хохирол надад учирсан. Иймд миний бие үндэслэлгүй хоригдсоноос 2010 оны 05 дугаар сарын 09-нөөс 2011 оны 04 дүгээр сарын 05 хүртэл, 331 хоног х 108000=35 748 000 төгрөг, 2011 оны 04 дүгээр сарын 05-наас 2011 оны 06 дугаар сарын 28-нийг хүртэл 84 хоног, 2012 оны 12 дугаар сарын 12-ноос 2013 оны 02 дугаар сарын 26 хзртэл 76 хоног, 2013 оны 04 дүгээр сарын 25-наас 2013 оны 08 дугаар сарын 31-нийг хүртэл 189 хоног буюу 288*1 404 000=40 435 200 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 01-нээс 2013 оны 11 дүгээр сарын 01-нийг хүртэл 60 хоног*192 000 төгрөг нийт 11 712 000 төгрөг нийт 87 895 200 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн миний бие хууль зүйн туслалцаа авахдаа өмгөөлөгч Р.Пүрэвлхамын хөлсөнд 2 000 000 төгрөг, замын зардалд 440 000 төгрөг нийт 2 440 000, Ц.Алтанцол өмгөөлөгчийн хөлсөнд 350 000 төгрөг, замын зардалд нь 350 000 нийт 700 000 төгрөг, нийт 3 140 000 төгрөг, бүгд нийт 91 035 200 төгрөгийн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дугаар зүйлийн 389.1, 389.2.1-д зааснаар Засгийн газрын нөөц сангаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Лхагвасүрэн нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: ... Х.Гансэлэм нь тасралтгүй    01 жил 02 сар цагдан хоригдож байсан. Энэ хугацаанд ганц Х.Гансэлэм гэдэг хүн бие болон сэтгэлээр хохироогүй, түүний ард хань ижил, үр хүүхдүүд нь мөн бие махбодь болон сэтгэл санаагаар хохирч байсан. Бодит нөхцөл байдал буюу үндэслэлгүйгээр цагдан хоригдсон 680 хоногийг тухайн үеийн цалингийн доод хэмжээгээр бодож нийт хохирлыг тооцсон. Уг хэрэгт шалгагдаж байхдаа 3 өмгөөлөгчтэй байсан бөгөөд нэг өмгөөлөгчтэй хийсэн гэрээг өөрсдийн буруугаас болж үгүй хийсэн учраас Энхээ өмгөөлөгчийн зардлыг үүнд огт оруулаагүй. Өмгөөлөгч нар шүүх хурал бүрт Улаанбаатар хотоос наашаа ирж буцдаг байсан. Мөн энэ зардлыг  тэр бүр оруулж чадаагүй. Бодит зардлаа  нэхэмжилж байгаа. Тэгэхээр миний нөхөр Х.Гансэлэм нь мөрдөн байцаагч болон прокурорын буруутай үйл ажиллагааны улмаас үндэслэлгүйгээр цагдан хоригдож, бие болон сэтгэл санаагаар хохирсон тул 91 035 200 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулж өгнө үү гэж хүсч байна гэжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 181 дүгээр шийдвэрээр: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Гөрөөчин овогт Халтарын Гансэлэм /РД:СЭ79060472/-ийг 2010 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын  01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 681 хоног эрүүгийн хэрэгт хууль бусаар баривчлагдаж, цагдан хоригдож, ял шийтгэгдэж байсан болохыг тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 498.4-т зааснаар Засгийн газрын нөөц сангаас 5 974 520 /таван сая есөн зуун далан дөрвөн мянга таван зуун хорь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Гансэлэмд олгож, нэхэмжлэлээс үлдэх 85 060 680 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Х.Гансэлэмийн нэхэмжлэл нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж тус тус шийдвэрлэжээ.

Шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Лхагвасүрэн нь давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлттэй  маргаах зүйлгүй. Харин цагдан хоригдсон хоног тутамд олгох олгох мөнгөн төлбөрийг буруу тооцоолсон гэж үзэж байна. ... Цагдан хоригдсон 680 хоногийг бодохдоо тухайн үеийн цалингийн доод хэмжээг 30 хоногт хуваан тооцсоныг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд хууль бусаар хоригдсон 87 895 200 төгрөг, өмгөөллийн хөлс, замын зардлын 3 140 000 төгрөг нийт 91 035 200 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Гансэлэм нь  хууль бусаар  цагдан хоригдсоны хохиролд 87 895 200 төгрөгийг, өмгөөлөгчийн хөлс 3 140 000 төгрөг нийт 91 035 200  төгрөгийг засгийн газрын нөөц сангаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Х.Гансэлэмд   2010 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 21021147 дугаартай эрүүгийн хэрэг  үүсгэж, 2010 оны 5 дугаар сарын 09-ний  өдрөөс 2011 оны 6 дугаар  сарын 28-ны өдрийг  хүртэл 415, 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2013 оны 2 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 76, 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2013 оны 11 дүгээр 01-ний өдрийг хүртэл 189  нийт 680 хоног  шүүгчийн захирамж, шийтгэх тогтоол, магадлалаар цагдан хоригдсон /хх-1-45 х/ мөн  Хэнтий аймгийн прокурорын газрын 2014 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 5/05 дугаар тогтоолоор түүнд холбогдох эрүүгийн  210021147 дугаартай хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар “...сэжигтэн,яллагдагч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь /хх-61х/ хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар   тогтоогдож байна.

 

Иймд Х.Гансэлэмд  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1, 389 дүгээр зүйлийн 389.2.1-т зааснаар хууль бусаар 680 хоног цагдан хоригдсоны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэлтэй бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4-т зааснаар хохирлыг шаардах эрхтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.1-д  хууль бус ажиллагааны улмаас иргэний аваагүй дундаж цалин хөлс болон амьжиргааны нь үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлогыг  мөн хуулийн 390 дүгээр зүйлийн 390.2-т зааснаар улсын төсвөөс нөхөн олгохоор заажээ.

Нэхэмжлэгч нь урьд эрхэлж байсан ажил, орлогын байдлаа тогтоогоогүй, энэ талаар хэрэгт авагдсан баримтгүй тул цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний хэмжээгээр нэг сарын хугацааг тооцож, үүнийг нэг өдөрт шилжүүлэн бодох журмаар цагдан хоригдсон хоногийн хохирлыг тооцож гаргах нь хуульд нийцнэ.

 

Харин нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 21.5 хоногт хувааж хохирлыг тооцож олгох  нь зүйтэй байна.

Х.Гансэлэм нь 2010 оны 5 дугаар сарын 09- ний өдрөөс 2011 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийг дуустал 331 хоног, тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 108000 төгрөг, 108000: 21,5= 5023 нэг өдрийн хөлс,   5023х331= 1662613,

- 2011 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2011 оны 6 дугаар сарын 28-ныг хүртэл 84 хоног, 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2013 оны 2 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 76 хоног, 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2013 оны 8 дугаар сарын 31-нийг хүртэл 129 хоног бүгд 289 хоног, тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140400 төгрөг, 140400:21,5= 6530 нэг өдрийн хөлс, 6530х 289= 1887170

- 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 60 хоног, тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192000 төгрөг, 192000:21,5= 8930 8930х60= 535800 төгрөг бүгд 4621383 төгрөгийг хууль бусаар цагдан хоригдсоны хохиролд гаргуулах үндэслэлтэй байна.

Мөн Хэнтий аймгийн прокурорын газрын 2014 оны 2 дугаах сарын 19-ний өдрийн 5/05 тогтоолооор Х.Гансэлэмд холбогдох эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болж түүний цагдан хоригдсон 680 хоног хууль бус болох нь нэгэнт тогтоогдсон байхад анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.14-т зааснаар “...эрүүгийн хэрэгт хууль бусаар цагдан хоригдож, ял шийтгэгдэж байсан болохыг тогтоосугай” гэж уг хуулийг буруу хэрэглэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг хүчингүй болгож,  2 дахь заалтад зохих өөрчлөлтүүдийг  оруулах нь  зүйтэй гэж шүүх бүрэлдхүүн үзлээ.

Анхан шатны шүүх прокурорыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  31 дүгээр зүйлийн 31.1-т зааснаар төрийг төлөөлөх эрхтэй оролцуулах байтал бие даасан шаардлагыг гаргаагүй гуравдагч этгээдийн эрхтэй оролцуулсан нь зөрчилтэй боловч энэ талаар хэргийн оролцогчдоос гомдол гараагүй тул давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3  дугаар сарын 20-ны өдрийн 181 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, 2 дахь заалтын 498 дугаар зүйлийн 498.2-т гэснийг хасч, “5 974 520” гэснийг “7 661 383” гэж, “85 060 680” гэснийг “83 909 617” гэж өөрчилсүгэй.

2. Тогтоох хэсгийн 2 дахь заалтын дугаарыг 1, 3 дахь заалтын дугаарыг 2 болгосугай.

3. Шийдвэрийн бусад заалт хэсгийг хэвээр үлдээсүгэй.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч Х.Гансэлэм нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДЭНСМАА

 

                                      ШҮҮГЧИД                                               Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                           Я.АЛТАННАВЧ