Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 812

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туулын 15-273 тоот хаягт оршин суух, Урианхай овогт Базаржавын Гончигжав /РД:ЧД78121077/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө гудамж, Баруун 4 зам, өөрийн байранд байрлах “Барилгын политехникийн коллеж”-д  холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов. 

                                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Гончигжав нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Гончигжав миний бие Барилгын политехникийн коллежид 2001 онд мужаанаар ажилд ороод 2007 оноос мужааны мэргэжлийн багшаар ажиллах болсон. Ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын шийтгэл авагдаж байгаагүй. Миний ажлын онцлог болохоор сургалтанд хэрэглэгдэх харуул, чигдлэгч машинуудын ирийг ирлэхийн тулд Хан-уул дүүрэгт байрлах цехид хичээлийн бус цагаар ирэлсэн. Учир нь манай сургууль дээр ирлэгч машин нь байхгүй. Гэтэл ажил олгогч намайг ажлын цагаар ажил дээр байхгүй, утсаа аваагүй гээд ажил тасалсан гэж үзэн арга хэмжээ авна гэсэн болно. Миний бие хичээл таслаагүй бөгөөд хичээлдээ хэрэгтэй гээд л ирлүүлэхээр явж байсан. Амин хувийнхаа ажлыг хөөцөлдөөд яваагүй. Үүнээс болж 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/116 тоот тушаалаар ажлаасаа халагдаад байна. Хэрвээ ажил олгогч ажиллах нөхцөл боломж, техник хэрэгслээр хангасан бол өнөөдөр миний бие ийм арга хэмжээнд орохгүй байсан. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилогдож, ажилгүй байсан бүх хугацааны цалинг ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдрийг дуустал гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Зохигч талууд 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байх бөгөөд эвлэрлийн гэрээнд:  Хариуцагч “Барилгын политехникийн коллеж”  нь нэхэмжлэгч Б.Гончигжавыг нь 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн урьд эрхэлж байсан мужааны мэргэжлийн багшийн албан тушаал дээр эгүүлэн авч ажиллуулах, ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан мужааны мэргэжлийн багшийн ажил албан тушаал дээр ажиллаж эхлэх хугацаа буюу 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх 4 сарын цалинг 633,211 төгрөгөөс тооцон нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дааталын шимтгэлийг бүрэн төлж баталгаажилт хийлгэх, нэхэмжлэгч Б.Гончигжав нь ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт ажлаас халагдсан өдөр болох 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан бүх хугацаатай тэнцэх нөхөн олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.      

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Гончигжав нь хариуцагч “Барилгын политехникийн коллеж”-д холбогдуулан “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд явцад зохигчид эвлэрч, эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн байх ба уг эвлэрлийн гэрээгээр хариуцагч “Барилгын политехникийн коллеж” нь нэхэмжлэгч Б.Гончигжавыг урьд эрхэлж байсан мужааны мэргэжлийн багшийн ажилд эгүүлэн авч, 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллуулах, ажилгүй байсан хугацааны буюу  2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг сарын 633,211 төгрөгөөс тооцон төлж, баталгаажилт хийлгэхээр, нэхэмжлэгч Б.Гончигжав нь ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулан талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон      

                                                                                                                              ТОГТООХ нь:                                    

1. Нэхэмжлэгч Б.Гончигжав нь хариуцагч “Барилгын политехникийн коллеж”-д холбогдуулан “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” тухай нэхэмжлэлийн шаардлагаа гаргаснаас хариуцагч “Барилгын политехникийн коллеж” нь нэхэмжлэгч Б.Гончигжавыг урьд эрхэлж байсан мужааны мэргэжлийн багшийн ажилд эгүүлэн авч, 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллуулах, ажилгүй байсан хугацааны буюу  2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг сарын 633,211 төгрөгөөс тооцон төлж, баталгаажилт хийлгэхээр, нэхэмжлэгч Б.Гончигжав нь ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

           

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ                                    Х.ЭНХЗАЯА