| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2021/0110/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/127 |
| Огноо | 2021-01-22 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | С.Чимэдцэеэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/127
2021 01 22 2021/ШЦТ/127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,
улсын яллагч С.Чимэдцэеэ,
хохирогч Б.Б ,
шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт Б.Д-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 200 600 000 2874 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1996 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл-4, эхнэр, 0-5 насны 2 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 39-р гудамжны 602 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Б овогт Б.Д /РД: 00000000 /.
Холбогдсон хэргийн талаар:
Б.Д нь согтуурсан үедээ 2020 оны 10 дугаар сарын 22-ны оройн 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Агора /Agora/ нэртэй караокед иргэн Б.Б тай маргалдаж түүний толгой руу гараараа цохиж, зодсоны улмаас түүний биед эрүү ясны далд хугарал, эрүүнд цус хуралт, баруун чамархай, зүүн зулай, дагзны хуйханд цус хуралт, тархи доргилт, зүүн талын доод 8-р шүдний босоо хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ: Би өөрийн буруугаас болж хохирогчид хохирол учруулсан. Өөрийн хийсэн хэрэгтээ харамсаж байна. Түр зуурын уураа барьж чадаагүйгээс боллоо гэв.
Шүүх хуралдаанд хохирогч Б.Б мэдүүлэхдээ: Би 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тэр караокены 00 руу бие засах гэж орсон. Тэгсэн чинь 00 орсон хүн нь удаад гарч ирэхгүй байсан. Тэгэхээр нь та нарыг зөндөө хүлээлээ хурдан гараач гэж хэлсэн. Нэг мэдэхэд би шалан дээр хэвтэж байсан. Тухайн үед 4-5 залуучууд байсан. Тэд нар бүгдээрээ намайг зодсон. Миний эрүүг гэмтээсэн хүн нь Д болж таарсан. Би тухайн үедээ шүд хугарчихлаа гэж бодсон. Маргааш нь гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд эрүү хугарсан байна гэсэн. Д ийг надтай холбогдох болов уу гэсэн чинь холбогдоогүй. Эрүү хугарсантай холбоотойгоор зардлууд гарч байгаа. Гомдолтой байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Б.Б ын өгсөн: ...Би өчигдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 22-ны орой 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Агора” нэртэй караокед найзуудынхаа хамтаар орж үйлчлүүлж байгаад тус караокены ариун цэврийн өрөөнд нь ганцаараа ороод бие засаад байж байгаад тус тус бие засах өрөөнд байсан залуучуудтай маргаад байх шиг байсан ба би согтуу байсан болохоор яг юунаас болоод тэр залуучуудтай маргаснаа санахгүй байна. Ингээд намайг ариун цэврийн өрөөний шалан дээр тэнд байсан залуучууд унагаагаад намайг өшиглөж байгаад гараад явцгаасан. Намайг зодсон залуучууд нь дөрвөөс таван залуучууд байсан ба нэг л 180 см орчим өндөртэй, туранхай биетэй, шар царайтай залуу байсан ба бусад нь ямар хүмүүс байсныг нь би сайн санахгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.А -ийн өгсөн: ...Би тэр өдөр үдээс хойш 17 цагийн орчим болов уу Шар хаданд өссөн найзуудтайгаа уулзацгаагаад ойрд уулзацгаагаагүй гээд ганц нэг найзууд руу ярьж уулзаад “Агро” нэртэй бааранд орж ганц нэг архи пиво ууцгаасан юм. Баарнаас гарахын үед ариун цэврийн өрөөнд ороход Д хохирогчтой маргалдаж заамдалцаад байсан. Би нэг удаа салгаснаа санаж байна. Би зарим юм аа санахгүй байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 18-20-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.Д ийн өгсөн: ...Би тэр өдөр 16-17 цагийн орчим байх Шар хаданд өссөн багийн найзууд болох 10 гаран хүнтэй уулзаж Баянзүрх дүүргийн 16 хороо “Агро” нэртэй бааранд орж ууцгаасан ба караокед нь орсон тэгээд тэнд хэсэг сууж архи пиво хэрэглэж байгаад тарцгаасан ба тарахаас өмнө бид хэдэн хүмүүс ариун цэврийн өрөөнд орсон ба ирэхгүй байсан. Би араас нь очсон. Тэгэхэд манай нэг найз С гэх хүнтэй хохирогч жаахан үг сөргөөд байх шиг байсан. Би С гаас нэг тамхи авч татаад хэрүүл маргаанаар яахав дээ гэхэд С “аятайхан байгаарай” гээд гараад явсан. Би хохирогчоос гадна ганцаараа үлдсэн байж магадгүй. Тэгээд намайг цаашаа хараад босоо 00-д шээж байхад хохирогч “гөлөгнүүдийг ганц ганц цохиод унагаана” гэж байсан. Намайг найзууд гэж мэдээгүй юм шиг байсан. Би “уучлаарай гээд байгаа юм биш үү” гэж байсан. Мөн хохирогч намайг босоо 00-д бие засаж байхад араас өвдгөөрөө ёврохоор нь “яах гээд байна” гээд куртикнээс нь бариад авсан чинь зөрүүлээд цохих гэж байгаа юм шиг сарвайхаар нь би цохих гэлээ гээд зүүн гараараа нүүрээ хаатал хаасан гаран дээрээс бариад авсан. Тэр үед би доошоо тонгойгоод баруун гараараа хоёроос гурван удаа хохирогчийг цохисон. Тэгээд байж байхад А орж ирээд салгасан. Тэр залуу салахгүй нэг хэсэг болоод салах үед нь бид нар гараад явсан. Ийм л зүйл болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 38-40-р тал/,
Гэмт хэргийн талаар иргэн Б.Б аас бичгээр гаргасан гомдол, түүнийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-3-р тал/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн: ...2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 23 цаг 21 минут 38 секунтэд эхлэх бөгөөд “Агро” баарны 1 давхрын заалны хажууд байх 00 харсан хяналтын камер болно, Тухайн 00 хаалга хагас онгорхой дотор нь хүмүүс байгаа нь харагдах бөгөөд тухайн 00-руу 23 цаг 23 мин 18 секунтэд нэлээд өндөр хар бараан саравчтай малгай болон бараан өнгийн өмд гутал цайвардуу өнгийн малгайтай цамцтай залуу заалан дундуур бүжиглэн орох бөгөөд /Уг хүн нь хохирогч Б.Б ыг зодсон гэх Б.Д /23 цаг 23 мин 58 секунтад дахин гаднаас цэнхэр өмд цагаан малгайтай цамцтай хүн 00-руу орж байна, 23 цаг 23 мин 37 секунт орчмоос хүмүүс хэрэлдэж маргалдаад 00 гарч эхэлсэн байна 23 цаг 26 мин 01 секунт орчимд мөн 2 хүн ирээд 00-д оролгүй буцаад явав. 23 цаг 27 мин 14 секунт орчимд дахин нэг хүн гаднаас ирж оров. 23 цаг 27 мин 39 секунт орчимд Б.Д 00 -оос гарч явсан ба араас нь хамт явсан 2 залуу гарч явав, түүний араас 23 цаг 28 мин 00 секунт орчимд хохирогч зодуулсан байдалтай гарч ирж байгаа бичлэг байв. Цаашид ямар нэгэн ач холбогдол бүхий бичлэг байхгүй болно, бичлэг 23 цаг 28 мин 12 секунт орчимд дуусав... гэх тэмдэглэл /хх-ийн 46-р тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12299 дугаартай шинжээчийн:
1. Б.Б ын биед эрүү ясны далд хугарал, эрүүнд цус хуралт, баруун чамархай, зүүн зулай, дагзны хуйханд цус хуралт, тархи доргилт, зүүн талын доод 8-р шүдний босоо хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтэл нь амь насанд аюул учруулахгүй.
5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна. Шинжээч эмч Т.Ч гэх дүгнэлт /хх-ийн 11-13-р тал/,
Шүүгдэгч Б.Д ид эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41-45-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.Д нь согтуурсан үедээ 2020 оны 10 дугаар сарын 22-ны оройн 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Агора /Agora/ нэртэй караокед иргэн Б.Б тай маргалдаж түүний толгой руу гараараа цохиж, зодсоны улмаас түүний биед эрүү ясны далд хугарал, эрүүнд цус хуралт, баруун чамархай, зүүн зулай, дагзны хуйханд цус хуралт, тархи доргилт, зүүн талын доод 8-р шүдний босоо хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Б.Б ын өгсөн: ...Би өчигдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 22-ны орой 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Агора” нэртэй караокед найзуудынхаа хамтаар орж үйлчлүүлж байгаад тус караокены ариун цэврийн өрөөнд нь ганцаараа ороод бие засаад байж байгаад тус тус бие засах өрөөнд байсан залуучуудтай маргаад байх шиг байсан ба би согтуу байсан болохоор яг юунаас болоод тэр залуучуудтай маргаснаа санахгүй байна. Ингээд намайг ариун цэврийн өрөөний шалан дээр тэнд байсан залуучууд унагаагаад намайг өшиглөж байгаад гараад явцгаасан. Намайг зодсон залуучууд нь дөрвөөс таван залуучууд байсан ба нэг л 180 см орчим өндөртэй, туранхай биетэй, шар царайтай залуу байсан ба бусад нь ямар хүмүүс байсныг нь би сайн санахгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.А ийн өгсөн: ... Би тэр өдөр үдээс хойш 17 цагийн орчим болов уу Шар хаданд өссөн найзуудтайгаа уулзацгаагаад ойрд уулзацгаагаагүй гээд ганц нэг найзууд руу ярьж уулзаад “Агро” нэртэй бааранд орж ганц нэг архи пиво ууцгаасан юм. Баарнаас гарахын үед ариун цэврийн өрөөнд ороход Д хохирогчтой маргалдаж заамдалцаад байсан. Би нэг удаа салгаснаа санаж байна. Би зарим юм аа санахгүй байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 18-20-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.Д ийн өгсөн: ...Би тэр өдөр 16-17 цагийн орчим байх Шар хаданд өссөн багийн найзууд болох 10 гаран хүнтэй уулзаж Баянзүрх дүүргийн 16 хороо “Агро” нэртэй бааранд орж ууцгаасан ба караокед нь орсон тэгээд тэнд хэсэг сууж архи пиво хэрэглэж байгаад тарцгаасан ба тарахаас өмнө бид хэдэн хүмүүс ариун цэврийн өрөөнд орсон ба ирэхгүй байсан. Би араас нь очсон. Тэгэхэд манай нэг найз С гэх хүнтэй хохирогч жаахан үг сөргөөд байх шиг байсан. Би С гаас нэг тамхи авч татаад хэрүүл маргаанаар яахав дээ гэхэд С “аятайхан байгаарай” гээд гараад явсан. Би хохирогчоос гадна ганцаараа үлдсэн байж магадгүй. Тэгээд намайг цаашаа хараад босоо 00-д шээж байхад хохирогч “гөлөгнүүдийг ганц ганц цохиод унагаана” гэж байсан. Намайг найзууд гэж мэдээгүй юм шиг байсан. Би “уучлаарай гээд байгаа юм биш үү” гэж байсан. Мөн хохирогч намайг босоо 00-д бие засаж байхад араас өвдгөөрөө ёврохоор нь “яах гээд байна” гээд куртикнээс нь бариад авсан чинь зөрүүлээд цохих гэж байгаа юм шиг сарвайхаар нь би цохих гэлээ гээд зүүн гараараа нүүрээ хаатал хаасан гаран дээрээс бариад авсан. Тэр үед би доошоо тонгойгоод баруун гараараа хоёроос гурван удаа хохирогчийг цохисон. Тэгээд байж байхад А орж ирээд салгасан. Тэр залуу салахгүй нэг хэсэг болоод салах үед нь бид нар гараад явсан. Ийм л зүйл болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 38-40-р тал/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн: ... 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 23 цаг 21 минут 38 секундэд эхлэх бөгөөд “Агро” баарны 1 давхарын заалны хажууд байх 00 харсан хяналтын камер болно, Тухайн 00 хаалга хагас онгорхой дотор нь хүмүүс байгаа нь харагдах бөгөөд тухайн 00 руу 23 цаг 23 мин 18 секундэд нэлээд өндөр хар бараан саравчтай малгай болон бараан өнгийн өмд гутал цайвардуу өнгийн малгайтай цамцтай залуу заалан дундуур бүжиглэн орох бөгөөд /Уг хүн нь хохирогч Б.Б ыг зодсон гэх Б.Д /23 цаг 23 мин 58 секундэд дахин гаднаас цэнхэр өмд цагаан малгайтай цамцтай хүн 00-руу орж байна, 23 цаг 23 мин 37 секунд орчмоос хүмүүс хэрэлдэж маргалдаад 00 гарч эхэлсэн байна 23 цаг 26 мин 01 секунд орчимд мөн 2 хүн ирээд 00-д оролгүй буцаад явав. 23 цаг 27 мин 14 секунд орчимд дахин нэг хүн гаднаас ирж оров. 23 цаг 27 мин 39 секунд орчимд Б.Д 00 -оос гарч явсан ба араас нь хамт явсан 2 залуу гарч явав, түүний араас 23 цаг 28 мин 00 секунд орчимд хохирогч зодуулсан байдалтай гарч ирж байгаа бичлэг байв. Цаашид ямар нэгэн ач холбогдол бүхий бичлэг байхгүй болно, бичлэг 23 цаг 28 мин 12 секунд орчимд дуусав... гэх тэмдэглэл /хх-ийн 46-р тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12299 дугаартай шинжээчийн:
1. Б.Б ын биед эрүү ясны далд хугарал, эрүүнд цус хуралт, баруун чамархай, зүүн зулай, дагзны хуйханд цус хуралт, тархи доргилт, зүүн талын доод 8-р шүдний босоо хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтэл нь амь насанд аюул учруулахгүй.
5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна. Шинжээч эмч Т.Ч гэх дүгнэлт /хх-ийн 11-13-р тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Д ийг хүний эрүүл хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Д ийн гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Б.Д нь энэ үйлдлийн улмаас хохирогчийн биед хохирол учирч болохыг урьдчилан ухамсарлах боломжтой, түүний үйлдлээс хохирогчид хор уршиг учрахыг мэдэх боломжтой байсан, уг хор уршиг учруулахыг шууд хүсэж үйлдсэнийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Д ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.Д нь хохирогч Б.Б ын эрүүл мэндэд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.
Шүүх хуралдаанд хохирогч Б.Б аас эмчилгээний зардалд зарцуулсан гэх баримтуудаас 77.900 + 48.100+ 761.480 + 7200 + 4080 + 2000 + 30.000+ 24.400 + 179.800+ 1500+ 130.000 +1000 + 1500+3000+ 38.000 +10.000+ 25.000 +30.000 + 15.000= 1.389.960 /нэг сая гурван зуун наян есөн мянга есөн зуун жаран/ төгрөгийн баримтыг эмчилгээний зардалд зарцуулсан гэж үзэх үндэслэлтэй тул шүүгдэгч Б.Д оос гаргуулан хохирогч Б.Б т олгох үндэслэлтэй байна. /хх-н 66-74-р тал/
Харин дараах баримтуудыг эмчилгээний зардалд зарцуулсан гэж үзэх үндэслэлгүй байна. 13.000 + 10.650 +40.000 +9300 + 38.650 + 6200= 117.800 төгрөг /хх-ийн 66, 68, 69, 70,р тал/
Хохирогч Б.Б нь “Смарт Енжине” ХХК-д ахлах механикаар ажилдаг 2020 оны 10 дугаар сарын 23-наас 2020 оны 11 дүгээр сар хүртэл хугацааны цалин 1.200.000 төгрөгийн цалин аваагүй талаархи баримтыг ирүүлсэн тул аваагүй цалин хөлс болох 1.200.000 төгрөгийг шүүгдэгч Б.Д оос гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна. /хх-н 65-р тал/
Хохирогч Б.Б ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, уг гэмтлээс үүдэн гарах хор уршгийг харгалзан үзэж энэ гэмт үйлдлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлыг хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох Б.Д оос жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Д ид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Б.Д ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Б.Д ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Д ийг 480 /дөрвөн зуун наян/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Д ид оногдуулсан 480 /дөрвөн зуун наян/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Б.Д оос /РД:00000000 / 1.389.960+1.200.000=2.589.960 /хоёр сая таван зуун наян есөн мянга есөн зуун жаран/ төгрөгийг гаргуулан хохирогч Балжиннямын Баатарт /РД:0000000000/ олгосугай.
6. Хохирогч Б.Б нь энэ гэмтлийн улмаас гарсан гэм хорын хохирлыг холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Д ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ