| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2021/0111/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/128 |
| Огноо | 2021-01-22 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | С.Чимэдцэеэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/128
2021 01 22 2021/ШЦТ/128
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,
улсын яллагч С.Чимэдцэеэ,
шүүгдэгч В.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан Х овогт В.О яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 200 600 000 2824 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1973 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл-2, ах О хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 13 дугаар байрны 18 тоотод оршин суух хаягтай , улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1586 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, бие эрүүл ухаан санаа бүрэн Х овогт В.О /РД: 000000000 /.
Холбогдсон хэргийн талаар:
В.О нь согтуурсан үедээ 2020 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Алтан-Өлгий 000 тоот бүхий иргэн А.О -ын эзэмшлийн байшингийн цонхыг хагалж буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байрт нэвтэрч бусдын эзэмшлийн шаазан аяга, тавгийн иж бүрдэл, төмөр халбага, сэрээний бүрдэл, болор шигтгээтэй төмөр ээмэг, зүүлт, бөгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 53.640 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд шүүгдэгч В.О мэдүүлэхдээ: Тухайн үед хөдөө самарт явж ирсэн болохоор хэдэн төгрөг байсан. Манай ах ээлжийн ажил хийдэг. Байрны хүмүүстэй хамт архи ууж хоносон. Тэгээд өглөө нь ахыг нь ээлжнээсээ буусан гэхээр нь загнах байх гэж бодоод гэрээсээ гарсан. Их согтуу арай гэж хөл дээрээ тогтоод Монел руу найзындаа очих санаатай явсан. Би тэр айлд архи уугаад унтаад өгсөн байсан. Хулгай хийх бодол байгаагүй архи уугаад согтчихсон байсан болохоор айлд орж унтах санаатай явсан. Тэгсэн нэг мэдсэн юмнуудыг нь боочихсон байж байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч А.О ын өгсөн: ...Би нөхөр хүүхдийн хамт 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Офицерт байх гэр рүүгээ яваад Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо. Алтан Өлгийн 000 тоот гэрээ цоожлоод эзэнгүй үлдээсэн ба өнөөдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 09 цаг 50 минут орчим би нөхөр Э хамт ирэхэд жижиг өрөөний цонх хагарсан, хашааны хаалга онгорхой байхаар нь хаалгаа онгойлгоод ороод ирэхэд хамаг эд хогшил тараасан байсан ба жижиг өрөөнд ороод ирэхэд согтуу үл таних 40 орчим насны эрэгтэй хүн миний хүүгийн куртикыг өмссөн байдалтай согтуу унтаж байхаар нь сэрээхэд энгэртээ манайд байсан гар утасны хогнууд, ээмэг, бөгжний хаягдал зэргийг халаасалсан байсан тул цагдаа дуудаж өгөөд явуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Э өгсөн: ...2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 10 цагийн орчим Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Алтан-Өлгийн 000 тоот гэртээ эхнэр А.О ын хамт очсон. Эхлээд мэдэлгүй хашааныхаа хаалгаар ороход манай нохойны үүрний хойд хэсэгт байдаг цонх хагарсан байсан. Тэгэхээр нь хулгайч орсон байна гэж бодоод хаалгаа онгойлгоход хаалганы цоож эвдрэл гэмтэлгүй байсан. Тэгээд гэрт ортол байшингийн коридороос авхуулаад өрөөн доторх эд зүйлийг онгичоод ундуй, сундуй болгоод хаячихсан байсан. Өрөөнүүдээ үзээд хамгийн сүүлд баруун урд байрлах жижиг өрөөнд ортол тараагаад хаячихсан хувцаснууд дунд 40-45 орчим насны эрэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай сууж байсан ба хажуудаа хар өнгийн уутанд будаатай аяга тавгийн ком, гуулин гүц, хүүхдийн сваровский шигтгээтэй хос ээмэг, зүүлт, бөгж байсан. Тэгэхээр нь эд зүйлээ буцааж аваад цагдаа дуудаад нөгөө залууг хүлээлгэж өгөөд явуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р тал,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар В.О ын өгсөн: ...2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелд байх найз О гэрт очсон. О бид хоёр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарантуул олон улсын худалдааны төвөөс хайлш, төмөр бугуйвч аваад тэрийгээ гудамжинд зардаг. Тухайн өдөр захаас бугуйвчаа аваад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Жуков худалдааны төвийн автобусны буудал дээр зогсож байгаад дахиад найз О д очихоор болсон. О бид хоёр “Сэржим” нэртэй 0.75 литрийн замаасаа дэлгүүрээс авч уусан. Өмнө нь бид хоёр бугуйвчаа зарах гэж явж байхдаа архи уучихсан байсан. О гэрээс нэлээн орой гарсан ба цагийг нь санахгүй байна. Тэгтэл нэг хүн сэрээхээр нь босоод хартал айлын цонх хагалаад байшинд нь ороод унтсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 72-75-р тал/,
Гэмт хэргийн талаар гаргасан гомдол /х-ийн 1-р тал/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-9-р тал/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 41-42 дугаар тал/,
Шүүгдэгч В.О ын эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, шүүхийн шийтгэх тогтоол болон хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 39, 48-52, 54, 61-66, 67-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүй, бусдын эзэмшлээс нууцаар авахыг ойлгоно.
Хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үеэс төгссөнд тооцдог.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
В.О нь согтуурсан үедээ 2020 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Алтан-Өлгий 000 тоот бүхий иргэн А.О ын эзэмшлийн байшингийн цонхыг хагалж буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байрт нэвтэрч бусдын эзэмшлийн шаазан аяга, тавгийн иж бүрдэл, төмөр халбага, сэрээний бүрдэл, болор шигтгээтэй төмөр ээмэг, зүүлт, бөгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 53.640 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч А.О ын өгсөн: ...хамаг эд хогшил тараасан байсан ба жижиг өрөөнд ороод ирэхэд согтуу үл таних 40 орчим насны эрэгтэй хүн миний хүүгийн куртикыг өмссөн байдалтай согтуу унтаж байхаар нь сэрээхэд энгэртээ манайд байсан гар утасны хогнууд, ээмэг, бөгжний хаягдал зэргийг халаасалсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Э өгсөн: ...гэрт ортол байшингийн коридороос авхуулаад өрөөн доторх эд зүйлийг онгичоод ундуй, сундуй болгоод хаячихсан байсан. Өрөөнүүдээ үзээд хамгийн сүүлд баруун урд байрлах жижиг өрөөнд ортол тараагаад хаячихсан хувцаснууд дунд 40-45 орчим насны эрэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай сууж байсан ба хажуудаа хар өнгийн уутанд будаатай аяга тавгийн ком, гуулин гүц, хүүхдийн сваровский шигтгээтэй хос ээмэг, зүүлт, бөгж байсан. Тэгэхээр нь эд зүйлээ буцааж авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р тал,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар В.О ын өгсөн: ...нэг хүн сэрээхээр нь босоод хартал айлын цонх хагалаад байшинд нь ороод унтсан байсан. ...би хийсэн хэрэгтээ гэмшиж, ухаарч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 72-75-р тал/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-9-р тал/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 41-42 дугаар тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул В.О ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг заасан байдаг бол мөн зүйлийн 2 дахь хэсэгт тус гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилсан байдаг.
Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжид бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг бусад аргаад нэвтрэн орсныг ойлгоно.
Хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн бол хохирлын хэмжээг харгалзахгүй болно.
Гэмт хэргийн завдалт гэдэг нь гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл буюу эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн этгээдийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг туйлдаа хүрээгүй бол завдсан гэж үздэг.
Шүүгдэгч В.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн А.О ын эзэмшил, өмчлөлийн байшингийн цонхыг хагалж нэвтрэн орж, хувцас эд зүйлийг нь өмсөж, халаасалсан байхад гэрийн эзэд ирж гэмт үйлдлийг таслан зогсоож цагдаагийн байгууллагад шүүгдэгч В.О-ыг хүлээлгэн өгсөн байна.
Баянзүрх дүүргийн Прокуророос шүүгдэгч В.О ын бусдын 53.640 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлахыг завдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий зохих зүйл хэсгийг журамлан тухайн гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий болжээ.
Иймд О -ын гэм буруугийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч В.О нь энэ гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
В.О нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо шууд биет байдлаар буцаан өгчээ.
Хохирогч А.О ад учирсан хохирол бүрэн нөхөн төлөгдсөн, энэ талаарх баримтаа хэрэгт хавсарган ирүүлсэн байх тул шүүгдэгч В.О ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-н 79-81-р тал/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч В.О т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: ...согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж хуульчилжээ.
Шүүгдэгч В.О нь хулгайлах гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн байна.
Шүүгдэгч В.О нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1586 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан ба торгуулийн ялыг төлж төлбөргүй болсон болох нь шүүхийн шийтгэх тогтоол, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээд төлбөргүй болохыг тодорхойлсон тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул нэмж нэгтгэх ял шийтгэлгүй байна. /хх-н 61-67-р тал/
Шүүгдэгч В.О т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хохирогчид учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл, хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж болно гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч В.О нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзлээ.
Шүүгдэгч В.О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х овогт В.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар В.О ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар В.О т оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, В.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд В.О т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол В.О т цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ