| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2021/0135/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/153 |
| Огноо | 2021-01-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Л.Галав |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/153
2021 01 28 2021/ШЦТ/153
М УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,
улсын яллагч Л.Галав,
шүүгдэгч П.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М овогт П.Г яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 200 604 350 2992 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
М Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Хужирт суманд 1970 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ам бүл-5, эхнэр, 16-25 насны 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо, 00 байрны 00 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 200.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн М овогт П.Г /РД: 00000000/
Холбогдсон хэргийн талаар:
П.Г нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 00 байрны 00 тоот өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.Н -ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд шүүгдэгч П.Г мэдүүлэхдээ: Тэгээд зэрэгцээд сууж байсан чинь намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байсан. Эхнэр барьж байсан гурилын элдүүрээ өргөхөөр нь намайг цохих гэж байна гэж ойлгоод гараараа нэг удаа нүдний хэсэг рүү нь цохисон. Тэгээд гарч яваад цагдаа дуудсан байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Н ийн өгсөн: ...Би нөхөртэйгөө хамт амьдраад 28 жил болж байгаа дундаасаа дөрвөн хүүхэдтэй. Албан ёсны баталгаатай. Өмнө нь манай нөхөр П.Г нь намайг хэд хэдэн удаа зодож байсан бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байж байгаад эрүүл мэндийн шалтгааны улмаас болж сүүлийн хоёр жил хэрэглэхгүй байгаа. Тус орой 21 цагийн орчим гэртээ гэртээ хоол хийгээд сууж байтал гаднаас орж ирсэн. Миний хажууд суугаад “хэдэн цагт ирсэн” гэхээр нь “түрүүхэн ирсэн” гэж хэлээд “чи ажил хийхгүй гэртээ сууж байж хүүхэд дамжаанд нь хүргээд өг гээд 96.000 төгрөг өгсөн. Тэгээд үлдсэн мөнгийг нь дараа өгнө гээд явуулсан биз дээ, хүүхэд хүргэж өгөхгүй хариуцлагагүй юм бэ” гэж хэлсэн. Гэтэл “би хүргэж өгсөн биз дээ” гээд уурлаад байсан. Тэгснээ “чи хуушуур биш бууз хий, би гэрийн эзэн” гээд уурласан бөгөөд гэнэт миний толгой руу гараараа цохисон. ...шууд толгой руу гараараа нэг удаа цохиод нэг удаа нүд рүү цохисон. Тэгээд би гэрээс гараад явсан. Намайг зодож байхад хажууд манай гурван хүүхэд байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 9-10, 11-12-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар П.Г ын өгсөн: ... 2020 оны 10 дугаар сарын 29-ний орой эхнэр А.Н нь “маргааш 200.000 төгрөгтэй хамт сургалтад хүүхдээ 10 цаг гэхэд хүргэж өгөөрэй” гэж хэлсэн. Тухайн үед надад мөнгө байхгүй байсан ба маргааш өглөө нь би хүнээс мөнгө зээлж авчхаад хүүхдээ 10 цаг 20 минутад хүргэж өгсөн. Тэгээд би машинаараа халтуур хийж явж байгаад орой хүнээс зээлсэн мөнгөө өгчхөөд гэртээ 21 цаг 30 минут болж байхад орж ирсэн. Тэгээд би хажууд нь очиж суухад эхнэр “хуушуур хийнэ” гэсэн. Тэгэхээр нь “оройн цаг болж байна. хажуу хавийн оршин суугчид юм хэлнэ” гэж хэлээд “бууз хийчих” гэж хэлсэн. Тэгэхэд миний өөдөөс хүүхдийн мөнгө өг, хүүхэд хоцроосон байсан гээд намайг доромжилж эхэлсэн бөгөөд гэнэт намайг гурилын модоороо цохих байна гэж бодоод зүүн гараа өргөөд өөрийгөө хамгаалсан. Гэтэл нүд рүү нь цохигдсон. Яагаад тэгсэн гэхээр өмнө нь намайг цохиж, цохидог байсан. Учир нь би айдаг болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн хүний биед хийсэн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12583 дугаартай шинжээчийн:
1. А.Н ийн биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо үйлчлэлээр үүсгэгдэнэ.
З. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Шинжээч эмч Ц.Н гэх дүгнэлт /хх-ийн 16-17-р тал/,
Шүүгдэгч П.Г ын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суух газрын хорооны тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29-36-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
П.Г нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 00 тоот өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр А.Н ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Н ийн өгсөн: ...уурлаад байсан. Тэгснээ “чи хуушуур биш бууз хий, би гэрийн эзэн” гээд уурласан бөгөөд гэнэт миний толгой руу гараараа цохисон. ...шууд толгой руу гараараа нэг удаа нүд рүү цохисон. Тэгээд би гэрээс гараад явсан. Намайг зодож байхад хажууд манай гурван хүүхэд байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 9-10, 11-12-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар П.Г ын өгсөн: ..миний өөдөөс хүүхдийн мөнгө өг, хүүхэд хоцроосон байсан гээд намайг доромжилж эхэлсэн бөгөөд гэнэт намайг гурилын модоороо цохих байна гэж бодоод зүүн гараа өргөөд өөрийгөө хамгаалсан. Гэтэл нүд рүү нь цохигдсон. Яагаад тэгсэн гэхээр өмнө нь намайг цохиж, цохидог байсан. Учир нь би айдаг болчихсон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн хүний биед хийсэн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12583 дугаартай шинжээчийн:
1. А.Н ийн биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо үйлчлэлээр үүсгэгдэнэ.
З. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Шинжээч эмч Ц.Н гэх дүгнэлт /хх-ийн 16-17-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул П.Г ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
П.Г нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.Нийн нүд болон толгойн тус газар нь гараараа цохиж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байна.
Зодох гэдэг нь хүний бие махбодид халдсан байхыг ойлгох бөгөөд хүний бие махбодид халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх зэрэг хэлбэртэй байж болно.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч П.Г ын хохирогчийн нүд рүү цохиж байгаа гэмт үйлдэл, хохирогч Н.Н-ийн биед учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т ...гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлнэ,
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т ...гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг хэлнэ гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч П.Г ын үйлдсэн гэмт хэргийн хохирогч Н.Н нь түүний эхнэр буюу гэр бүлийн гишүүн байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас П.Г ын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн нь үндэслэл бүхий болжээ.
Иймд П.Г ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл хэсэг тохирсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч П.Г ын хохирогчийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Хохирогч Н.Н нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаар баримт ирүүлээгүй бөгөөд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул П.Г ыг баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв./ хх-50-р тал/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч П.Г ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч П.Г ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, П.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. М овогт П.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар П.Г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.Г ад оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 / таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, П.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол П.Г ад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ