| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 183/2016/01575/И |
| Дугаар | 840 |
| Огноо | 2017-03-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 840
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 хороолол, 50/2 байр, 23 тоотод байрлах “Господинтигрёник” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 33 байр 1 тоотод бүртгэлтэй “Сайхан булган” ХХК-д холбогдох
Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Батцэнгэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Амгаланбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Господинтигрёник” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч “Господинтигрёник” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Батцэнгэл миний бие 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч “Сайхан Булган” ХХК-ийн захирал Ч.Амгаланбаатартай Налайх дүүрэг, Гордок тосгоны 5-р хороонд байрлах түрээслүүлэгчийн аж ахуйн зориулалттай хашааны зүүн талын 1 га талбайг 1 сарын түрээсийн төлбөр 600,000 төгрөг байхаар 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 5 сарын хугацаагаар түрээслэгчид 30 мянган тонн боодолтой өвс хураах, хадгалах зориулалтаар харилцан тохиролцож түрээсийн гэрээ байгуулсан. Түрээслэгч нь түрээсийн төлбөрөө сар бүрээр төлөх бөгөөд сар бүрийн 05-ны дотор “Господин тигрёник” ХХК-ийн Хаан банкны 5077100396 тоот дансанд эсхүл бэлнээр төлөхөөр тохиролцсон. Түрээслэгч нь графикийн дагуу сар бүрийн 05-ны дотор түрээсийн төлбөрийг төлөхөөр үүрэг хүлээсэн боловч 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 600,000 төгрөгийг түрээслүүлэгчийн Хаан банкны 5029106555 тоот дансанд шилжүүлсэн, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр түрээслүүлэгчийн Хаан банкны 5029106555 тоот дансанд 330,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш түрээсийн төлбөр огт төлөөгүй бөгөөд 2015 оны 12 дугаар сараас 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх 5 сарын түрээсийн төлбөр 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа 600,000 төгрөгөөр багасгаж, нийт 2,400,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч “Сайхан булган” ХХК нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Господинтигрёник” ХХК-д түрээсийн төлбөрт 2,400,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Господин тигрёник” ХХК нь хариуцагч “Сайхан булган” ХХК-д холбогдуулан 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч нь тнэхэмжлэлийн шаардлагаа 600,000 төгрөгөөр багасгаж, 2,400,000 төгрөгийг нэхэмжилж байна.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2,400,000 төгрөгийг хариуцагч “Сайхан булган” ХХК нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа байдал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 62,950 төгрөгийг урьдчилан төлсөн байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу зохигчоос улсын тэмдэгтийн хураамжийг хувиарлан гаргуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч “Господинтигрёник” ХХК нь хариуцагч “Сайхан булган” ХХК-иас 3,000,000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа 600,000 төгрөгөөр багасгаж, 2,400,000 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч “Сайхан булган” ХХК нь төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Сайхан булган” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 53,350 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Господинтигрёник” ХХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА