| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2021/0136/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/154 |
| Огноо | 2021-01-28 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Х.Ням-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/154
2021 01 28 2021/ШЦТ/154
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,
улсын яллагч Х.Ням-Эрдэнэ,
шүүгдэгч О.Б , түүний өмгөөлөгч Э.З ҮД: 21-87 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт О.Б -д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 200 900 283 3013 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1986 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 35 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, ам бүл-3 нөхөр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо, Орчлон хороолол, ХД 45-р байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо 120 мянгатын 8 дугаар байрны 00 тоотод оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь
Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 355 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ял, 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар 4 сар баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг журамлан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, биечлэн эдлэх ялыг 6 сар баривчлах ялаар,
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.6 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63.1-т зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 нэг жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн, бие эрүүл, ухаан санаа бүрэн Б овогт О.Б РД: 0000000/
Холбогдсон хэргийн талаар:
О.Б нь 2019 оны 03 дугаар сард Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.М аас Австрали улсын виз гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 5.200.000 төгрөгийг өөрийн дансандаа шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд шүүгдэгч О.Б мэдүүлэхдээ: Би уг хохирогчид туслая гэж бодож мөнгийг нь авсан. Миний буруу тул нэмж ярих зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.М өгсөн ...2019 оны 03 дугаар сард надтай хамт ажиллаж байсан Б нь манай захирал Б нь “Австрали улс руу батлан даалтгүй виз гаргадаг юм. Зөндөө хүмүүс гарч байсан бөгөөд одоо 2 хүн гаргачих гэсэн юмаа гэж ярьж байна” гэж хэлсэн. Тэр үед манай нөхөр А-г Б -тай уулзуулсан. Тухайн үед Б нь “тохиролцоод явуулахаар боллоо виз энэ тэрээ тохироод ирлээ” гэж хэлсэн. 2019 оны 03 дугаар сарын сүүлээр Б нь “манай захирал Б нь Бээжин явлаа, 2 хүүхдийнхээ паспорт болон В, Ц-гийн баримтуудаа өгчих гэхээр нь хоёр хүүхдийнхээ паспорт болон В, Ц-гийн шинжилгээний хариутай хамт өгсөн бөгөөд нөхөр А нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны “Харуул Алтай” хотхонд байх үедээ “Хаан” банкны 00000000дугаартай данснаас 500.000 төгрөгийг Б гийн “Голомт” банкны 00000000дугаартай данс руу шилжүүлсэн. Түүний дагуу 2019 оны 04 дүгээр сард Б нь “урилга ирсэн гэж байна шүү урьдчилгаа мөнгөө хий гэж байна” гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гэхэд виз чинь гарчихна гэж байна гэсний дагуу би өөрийн охин Х руу яриад “Голомт” банкны 00000000 тоот данс руу 4.800.000 төгрөгийг хийчих гэж хэлсэн. Тэгээд тус өдөр манай охин нь уг мөнгийг шилжүүлсэн байсан. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 8-ны өдөр виз гарах юм байна гэж бодоод хүлээгээд байж байгаад уг хугацаа болоод Б -аас асуухад “өө хойшлогдсон байна. 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гарна гэж байна” гэж хэлсэн. ...Б-тай утсаар ярьсан чинь “наадмын дараа гарахаар боллоо” гэж хэлсэн. ...Манай нөхөр Б д “мөнгөө авъя” гэж хэлсэн чинь Б нь “миний дансыг аваад хэд хоногийн дараа хийе” гэсэн боловч Б гийн утас холбогдохгүй байсан. ...Тэгээд өмнөх Б гийн оффис дээр очиж уулзах гэсэн боловч нүүгээд явсан байсан... гэх мэдүүлэг/хх-н 17-18-р тал /
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч В.А-н өгсөн ...2019 оны 03 дугаар сарын дундуур хамт ажиллаж байсан Б нь манай нэг дүү Австрали нөхөртэй, намайг охинтойгоо хамт Австрали улс руу явахгүй юм уу надад таньж мэддэг хүмүүсийн визийг гаргачих хүмүүс байна уу намайг тэгж байна. Ахад нь бол боломж байхгүй, чи охиноо дагуулаад явчихгүй юу гэж хэлсэн. Тухайн үед өөрийн хоёр хүүхдийн гадаад паспорт болон бусад бичиг баримтыг аваачиж өгсөн. Тэгээд Б гаас юу хийдэг юм бэ гэж асуухад манай нөхөр Австрали улсын иргэн учир виз гаргахад ямар ч асуудал байдаггүй юм аа. Манай зарим хамаатан Австрали улсад очоод 2-3 жил ажиллаж байна. ...Манай нөхөр бид хоёр урилгыг явуулчихаар 14 хоногийн хугацаанд урилга нь ирээд виз нь гарчихна гэж хэлсэн. ...түүнээс хойш тогтсон хугацаандаа манай хүүхдийн виз гараагүй бөгөөд манай эхнэр цаашаа хариуцаж лавлаж асууж байсан... гэх мэдүүлэг /хх-н 19-20-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар О.Б гийн өгсөн: ...Би 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр танил Н.М -аас 4.700.000 төгрөгийг “Голомт” банкаар дамжуулан Австрали улсын виз гаргуулахаар авсан. Улмаар Н.М виз гаргуулахааргүй болсон гэж хэлээд мөнгийг нь буцааж өгч чадалгүй гадаад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 47-50-р тал/,
Шүүгдэгч О.Б гийн эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 24, 54, 57-83, 85-р тал/,
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай гаргасан хүсэлтүүд /хх-ийн 92-р тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас О.Б гийн 2019 оны 03 дугаар сард Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.М аас Австрали улсын виз гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 5.200.000 төгрөгийг өөрийн дансандаа шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт ...Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ... дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байна.
О.Б гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогчид хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул О.Б д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. /хх-н 92-р тал/
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
О.Б нь 2019 оны 03 дугаар сард Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.М аас Австрали улсын виз гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 5.200.000 төгрөгийг өөрийн дансандаа шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.М өгсөн ...“Хаан” банкны 00000000 дугаартай данснаас 500.000 төгрөгийг Б гийн “Голомт” банкны 00000000 дугаартай данс руу шилжүүлсэн. Түүний дагуу 2019 оны 04 дүгээр сард Б нь “урилга ирсэн гэж байна шүү урьдчилгаа мөнгөө хий гэж байна” гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гэхэд виз чинь гарчихна гэж байна гэсний дагуу би өөрийн охин Х руу яриад “Голомт” банкны 00000000 тоот данс руу 4.800.000 төгрөгийг хийчих гэж хэлсэн. Тэгээд тус өдөр манай охин нь уг мөнгийг шилжүүлсэн байсан. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 8-ны өдөр виз гарах юм байна гэж бодоод хүлээгээд байж байгаад уг хугацаа болоод Б аас асуухад “өө хойшлогдсон байна. 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гарна гэж байна” гэж хэлсэн. ...Б тай утсаар ярьсан чинь “наадмын дараа гарахаар боллоо” гэж хэлсэн. ...Манай нөхөр Б д “мөнгөө авъя” гэж хэлсэн чинь Б нь “миний дансыг аваад хэд хоногийн дараа хийе” гэсэн боловч Б гийн утас холбогдохгүй байсан. ...Тэгээд өмнөх Б гийн оффис дээр очиж уулзах гэсэн боловч нүүгээд явсан байсан... гэх мэдүүлэг/хх-н 17-18-р тал /
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч В.А ийн өгсөн ...Б гаас юу хийдэг юм бэ гэж асуухад манай нөхөр Австрали улсын иргэн учир виз гаргахад ямар ч асуудал байдаггүй юм аа. Манай зарим хамаатан Австрали улсад очоод 2-3 жил ажиллаж байна. ...Манай нөхөр бид хоёр урилгыг явуулчихаар 14 хоногийн хугацаанд урилга нь ирээд виз нь гарчихна гэж хэлсэн. ...түүнээс хойш тогтсон хугацаандаа манай хүүхдийн виз гараагүй бөгөөд манай эхнэр цаашаа хариуцаж лавлаж асууж байсан... гэх мэдүүлэг /хх-н 19-20-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар О.Б гийн өгсөн: ...Би 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр танил Н.М аас 4.700.000 төгрөгийг “Голомт” банкаар дамжуулан Австрали улсын виз гаргуулахаар авсан. Улмаар Н.М виз гаргуулахааргүй болсон гэж хэлээд мөнгийг нь буцааж өгч чадалгүй гадаад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 47-50-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Б нь гэмт хэргийг гэм буруугийн шунахайн сэдэлтээр санаатай үйлдсэн байна.
Хохирогчид хохирол нөхөн төлөгдсөн талаарх хүсэлтээ бичгээр илэрхийлж, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-н 91-р тал/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч О.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл, хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Б д оногдуулах торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэх хүсэлтийг гаргаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: ...шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно гэж хуульчилжээ.
Шүүгдэгч О.Б нь тодорхой ажил, орлогогүй байдлыг харгалзан торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан Прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт О.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Б г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Б д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурван/сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Б д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ