Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 844

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 56/б-12 тоотод оршин суух, Боржигон овогт Ганжуурын Хишигдэлгэр /РД:ХЖ69071863/-ийн хүсэлттэй,

Э.Доржсүрэнг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Хишигдэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Г.Хишигдэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Хишигдэлгэр миний бие Баянзүрх дүүргийн Иргэний анхан шатны шүүхэд Э.Доржсүрэнд холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь тухайн Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны хаяг нь дээрээ байдаггүй гэсэн хорооны Засаг даргын тодорхойлолт ирж, миний нэхэмжлэлийг буцаасан. Иймд Э.Доржсүрэнг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

           Хүсэлт гаргагч Г.Хишигдэлгэр нь эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Доржсүрэнг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Хүсэлт гаргагч Г.Хишигдэлгэр нь “Э.Доржсүрэнг эрэн сурвалжлуулж, түүний оршин суугаа хаягийг олж, тогтоосноор хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргана” гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.

Э.Доржсүрэн нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан итгэмжлэл болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах зохицуулалт байх ба Э.Доржсүрэн нь албан ёсны бүртгэлтэй хаяг болох Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулан 2 хэсэг 11-496 тоот хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны  өдрийн 101/ШЗ2016/32062 дугаартай захирамжаар тогтоогдож байна.

             Иймд эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Доржсүрэнгийн оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хүсэлт гаргагч Г.Хишигдэлгэрийн “Э.Доржсүрэнгийн эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. .

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон  

                                                                                                                     ТОГТООХ нь:                                                                                                     

             1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Г.Хишигдэлгэрийн хүсэлтээр эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Харчин овогт Эрдэнэбаярын Доржсүрэн /РД:ИС87122513/-г эрэн сурвалжилсугай.

             2. Харчин овогт Эрдэнэбаярын Доржсүрэн /РД:ИС87122513/-г эрэн сурвалжилж, түүний  оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст  үүрэг  болгосугай.

             3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

 

                                    ДАРГАЛАГЧ                               Х.ЭНХЗАЯА