Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/181

 

 

 

 

 

 

 

 

   2021        02          03                                   2021/ШЦТ/181

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

улсын яллагч К.Чимгээ,

шүүгдэгч Д.Х , түүний өмгөөлөгч  Н.Г  ҮД: 03-46 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б  овогт Д.Х холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 200 604 099 0020 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1977 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо 00 байрны жижүүрээр ажиллаж байсан, ам бүл-1 ганцаараа Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгой 00 дугаар гудамжны 00 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн  2 дугаар хороо 00 байрны 00 тоотод оршин суух , улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь

Сүхбаатар дүүргийн шүүхийн 1995 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 387 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн  131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 / нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1/нэг/  жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 1996 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 91 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3  /гурван / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1998 оны 6 дугаар сарын 15-ны өдөр шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 260 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2003 оны 6 дугаар сарын 17-ны өдөр шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 272 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 11 жил хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 7 дугаар сарын 3-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдаж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн Б  овогт Д.Х /РД: 00000000/.

Холбогдсон хэргийн талаар:

Д.Х  нь 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 26-4 дүгээр байрны жижүүрийн өрөөний үүдэнд хохирогч С.О -тэй маргалдаж, түүнийг зодож С.О ийн эрүүл мэндэд нь зүүн хөмсөг, дээд уруул, буйланд шарх, зүүн дээд зовхинд цус хуралт, дээд уруул, зүүн шуунд зулгаралт, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Х  мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ  гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийн талаар ярих зүйлгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.О ийн өгсөн: ...өнөөдөр буюу 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 17 цагийн үед Х-гийн байдаг Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 26-4 дүгээр байрны жижүүрийн байранд орсон юм. Би жоохон архи уучихсан байсан учир уур хүрээд согтуу жижүүрийн байранд нь очоод хаалгыг нь тогшсон чинь дотор нь өөрөө байгаа мөртлөө хаалга онгойлгохгүй байхаар нь би хаалгыг нь өшиглөчихсөн юм. Тэгтэл Х нь гарж ирээд намайг түлхэж газар унагаасан, тэгээд 2 гараараа миний нүүр лүү хэд хэдэн удаа цохисон бөгөөд тэнд байсан мод болон төмрийг барьж аваад миний бие болон нуруу, толгой цээж рүү хэд хэдэн удаа цохисон. Бас хөлөөрөө өшиглөж дэвсэж байсан. Би өмнөөс нь ямар нэг эсэргүүцэл үзүүлж чадаагүй, согтуу байсан. ...Х  өөрөө хаалга онгойлгоод гараад ирсэн бөгөөд үүдэнд байсан шалны модоор толгой хэсэг рүү чиглэлтэй цохисон, тэгэхээр нь би зүүн гарны шуугаараа толгойгоо хамгаалж цохилтыг хаасан. Тэгтэл гар хүчтэй өвдөж мод нь хугарчихсан. Тэгсэн Х   буцаж жижүүрийн байр руу очоод үүдэнд төмөр иштэй шүүрийг шүүрч аваад ахиад миний толгой хэсэг рүү чиглэлтэй цохихоор нь би гараараа ахиж хаагаад газар унаад өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 8-10, 11-12, 56-57-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.С-ийн өгсөн: ...2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн орой байсан байх манай байрны жижүүр Д.Х  миний утас руу залгаад О  согтуу орж ирээд өрөөний хаалга өшиглөөд эвдчихлээ хаалга түгжиж болохгүй болчихлоо гэж хэлсэн. Тэгээд юу болсон талаар асуухад би дриллийг нь авчихсан байсан юм тэрийгээ нэхэж орж ирээд хаалга эвдчихээр нь би маргалдсан мөн намайг цохиж авах гэхээр нь заамдалцаж аваад барьцалдсан хогны шүүрээр нэг удаа толгой руу нь цохичихлоо гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Г.Х  ыг өгсөн: ...намайг цохих гээд гараа далайхаар нь би цааш нь түлхсэн чинь О  цааш унахдаа өрөөнд хана түшүүлээд тавьсан байсан хогийн шүүрийг мөргөөд уначихсан. ...би хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдлийн улмаас бусдын биед хохирол учирсанд харамсаж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 52-53-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 11336 дугаартай шинжээчийн:

1. С.О ийн биед  зүүн хөмсөг, дээд уруул, буйланд шарх, зүүн дээд зовхинд цус хуралт, дээд уруул, зүүн шуунд зулгаралт, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ш.Ц  гэх дүгнэлт /хх-ийн 20-21-р тал/,

Шүүгдэгч Д.Х ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар болон хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 25, 28-36, 40-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Д.Х ын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 26-4 дүгээр байрны жижүүрийн өрөөний үүдэнд хохирогч С.О тэй маргалдаж, түүнийг зодож С.О ийн эрүүл мэндэд нь зүүн хөмсөг, дээд уруул, буйланд шарх, зүүн дээд зовхинд цус хуралт, дээд уруул, зүүн шуунд зулгаралт, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч Д.Х ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Х  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогч С.О  нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Д.Х т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Д.Х  нь 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 26-4 дүгээр байрны жижүүрийн өрөөний үүдэнд хохирогч С.О тэй маргалдаж, түүнийг зодож С.О-ийн эрүүл мэндэд нь зүүн хөмсөг, дээд уруул, буйланд шарх, зүүн дээд зовхинд цус хуралт, дээд уруул, зүүн шуунд зулгаралт, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.О-ийн өгсөн: ...өнөөдөр буюу 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 17 цагийн үед Х-гийн байдаг Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 00 дүгээр байрны жижүүрийн байранд орсон юм. Би жоохон архи уучихсан байсан учир уур хүрээд согтуу жижүүрийн байранд нь очоод хаалгыг нь тогшсон чинь дотор нь өөрөө байгаа мөртлөө хаалга онгойлгохгүй байхаар нь би хаалгыг нь өшиглөчихсөн юм. Тэгтэл Х нь гарж ирээд намайг түлхэж газар унагаасан, тэгээд 2 гараараа миний нүүр лүү хэд хэдэн удаа цохисон бөгөөд тэнд байсан мод болон төмрийг барьж аваад миний бие болон нуруу, толгой цээж рүү хэд хэдэн удаа цохисон. Бас хөлөөрөө өшиглөж дэвсэж байсан. Би өмнөөс нь ямар нэг эсэргүүцэл үзүүлж чадаагүй, согтуу байсан ... Х  өөрөө хаалга онгойлгоод гараад ирсэн бөгөөд үүдэнд байсан шалны модоор толгой хэсэг рүү чиглэлтэй цохисон, тэгэхээр нь би зүүн гарын шуугаараа толгойгоо хамгаалж цохилтыг хаасан. Тэгтэл гар хүчтэй өвдөж мод нь хугарчихсан. Тэгсэн Х   буцаж жижүүрийн байр руу очоод үүдэнд төмөр иштэй шүүрийг шүүрч аваад ахиад миний толгой хэсэг рүү чиглэлтэй цохихоор нь би гараараа ахиж хаагаад газар унаад өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 8-10, 11-12, 56-57-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.С ийн өгсөн: ...2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн орой байсан байх манай байрны жижүүр Д.Х  миний утасруу залгаад О  согтуу орж ирээд өрөөний хаалга өшиглөөд эвдчихлээ хаалга түгжиж болохгүй болчихлоо гэж хэлсэн. Тэгээд юу болсон талаар асуухад би дриллийг нь авчихсан байсан юм тэрийгээ нэхэж орж ирээд хаалга эвдчихээр нь би маргалдсан мөн намайг цохиж авах гэхээр нь заамдалцаж аваад барьцалдсан хогны шүүрээр нэг удаа толгой руу нь цохичихлоо гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Г.Х  ыг өгсөн: ...намайг цохих гээд гараа далайхаар нь би цааш нь түлхсэн чинь О  цааш унахдаа өрөөнд хана түшүүлээд тавьсан байсан хогийн шүүрийг мөргөөд уначихсан. ...би хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдлийн улмаас бусдын биед хохирол учирсанд харамсаж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 52-53-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 11336 дугаартай шинжээчийн:

1. С.О ийн биед  зүүн хөмсөг, дээд уруул, буйланд шарх, зүүн дээд зовхинд цус хуралт, дээд уруул, зүүн шуунд зулгаралт, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ш.Ц  гэх дүгнэлт /хх-ийн 20-21-р тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Х ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Д.Х  нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

            Хохирогч С.О  нь гэмт хэргийн улмаас хохирсон талаараа мэдүүлж байгаа боловч хавтаст хэрэгт өөрт учирсан хохирлын талаарх баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй тул шүүгдэгч Д.Х ыг бусдад баримтаар төлөх төлбөргүй гэж үзэв.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.Х т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Х  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Шүүгдэгч Д.Х  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан Прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б  овогт Д.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Х 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Х т оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй Д.Х  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Х т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.АЛТАНЦЭЦЭГ