Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 221/МА/2022/0709

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“АБ” СӨХ-ны

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2022/0605 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ж давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ж

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч “АБ” СӨХ

Хариуцагч Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 12 дугаар тогтоолын 2 дахь хэсгийн “Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13-р хороолол, 1 дүгээр байрны 0 тоот өрөөг иргэн Л.М хувьчилсан хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2022/0605 дугаар шийдвэр

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Н

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ж

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б

Хэргийн индекс: 128/2022/0376/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2022/0605 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Орон сууц хувьчлах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.6, 13 дугаар зүйлийн 13.1, 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.1, 24 дүгээр зүйлийн 24.1 хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “АБ” Сууц өмчлөгчдийн холбооны Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд холбогдуулан гаргасан “Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 12 дугаар тогтоолын 2 дахь хэсгийн “Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13-р хороолол, 1 дүгээр байрны 0 тоот өрөөг иргэн Л.М хувьчилсан хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ж дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “2.1.1 Шүүхээс Баянзүрх дүүргийн 15-р хороо, 13-р хороолол, 1-р байрны "0" тоот орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн баримтуудаар анх өмчилж авсан иргэдийн нэр дээр бүртгэлтэй,  тус хувийн хэргийн баримтад нэхэмжлэгчийн 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 45-р албан бичгээр дээрх байрыг хувьчлахыг зөвшөөрсөн, уг зөвшөөрөл мөн Нийслэлийн орон сууц хувьчлах товчооноос гаргасан нэхэмжлэгчийн зүгээс дэмжиж байсан байдал СӨХ-ны даргаар ажиллаж байсан Д.Г гэх хүнээс шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн тайлбараа дэмжиж гаргасан нотлох баримтууд нь үндэслэлгүй болох нь тогтоогдож байна гэжээ. Гэтэл шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасны дагуу үнэлэх ёстой. Тодруулж хэлбэл тухайн нотлох баримт нь хууль ёсны өмчлөгч нарын хүсэл зоригийг бүрэн илэрхийлж байгаа эсэхийг анхаарах ёстой. Өмнө СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан хүний дан ганц тодорхойлолт тухайн холбооны дээд хүчин чадалтай шийдвэр болж чадах уу? гэдгийг шүүх тодорхойлох ёстой байсан. Учир нь сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна." гэж заасны дагуу холбооны эрх барих хурал хийсэн эсэх мэдээлэл байхгүй байхад яагаад тухайн үед тамга эзэмшиж байсан хүний шийдвэрийг үндэслээд нийт сууц өмчлөгч нар зөвшөөрсөн гэдэг дүгнэлт хийгээд байгаа нь ойлгомжгүй байна.

2.1.2. Нөгөө талаар СӨХ-ны гүйцэтгэх захирал сууц өмчлөгч нарын дундын өмчлөлийн хэсгийг захиран зарцуулж, хэн нэгэнд өмчлүүлэх, хувьчлах шийдвэрийг дэмжих эрхтэй этгээд үү? Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд гүйцэтгэх захирлын эрх хэмжээг хуулиар тодорхойлсон бөгөөд энд тийм эрх хэмжээ байхгүй байна. СӨХ-ны удирдах зөвлөлийн хувьд ч мөн адил ийм эрх хэмжээ байхгүй. Харин 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 20/6 дугаартай бүх гишүүдийн хурлын тогтоол, тэмдэглэлийг нэхэмжлэгчийн зүгээс хэргийн материалд хавсаргаж өгсөн бөгөөд сууц өмчлөгч нар өөрийн эрхийн дагуу тухайн хувьчилсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж буцаан авч, зориулалтын дагуу эзэмшиж ашиглахаар шийдвэрлэсэн тухай шийдвэрийг холбогдох нотлох баримтаар гаргаж өгсөн атал шүүх уг баримтыг үнэлэхгүйгээр барахгүй өмнө нь дэмжсэн гэх дүгнэлт хийгээд байгаа нь илт үндэслэлгүй байна.

2.1.3. Шүүх шийдвэрийнхээ үндэслэлд Монгол Улсын Их Хурлын тогтоол, Засгийн газрын тогтоолыг тус тус үндэслэж төрийн өмчийн хөрөнгөөр баригдсан орон сууцны үйлчилгээний өрөөг хувьчилсан талаар дүгнэжээ. Гэтэл дээрх үл хөдлөх хөрөнгийн хэсэг нь үйлчилгээний өрөөнд хамаарах хэсэг биш юм. Тодруулж хэлбэл магадлан шинжлэх 7-р хэсэг (хавтаст хэргийн 31-р талд хэсгийн дүгнэлтэд тухайн орон тухайн хэсгийг барилгын зургаараа хүүхдийн тэрэг унадаг дугуй тавих зориулалттай хэсэг гэж дүгнэсэн бөгөөд энэ хэсэг угаасаа үйлчилгээний өрөө биш байхад тохижуулж, засварлаад өрөө болгож улмаар хувьчилсан байдаг.

Энэ мэт хууль, тогтоомжийг хэрэгжүүлэхдээ өнгөц дүгнэж, үйлчилгээний өрөөний зориулалттай бус хэсгийг шууд үйлчилгээний өрөө гэж тайлбарлаад хувьчилсан шийдвэрийг илт зөвтгөсөн үндэслэл муутай шийдвэр гаргажээ.

2.1.4. Мөн шүүх гаргаж өгөх боломжгүй нотлох баримтыг хэргийн оролцогчоос гаргаж өгөөгүй тул өөрийн тайлбараа дэмжиж чадахгүй байна тайлбар нь үндэслэлгүй гэдэг дүгнэлт хийжээ. Тодруулбал Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн Зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15-р дугаар зүйлд тухайн хэсэг нь сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн талбай гээд тодорхойлсоор байгаа атал үүнийгээ нотлох баримтыг гаргаж өгсөнгүй гэжээ. Энэ хэсэгт улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй тул өмчлөгч гэж үзэх боломжгүй гэдэг дүгнэлтийг хийсэн нь хууль хэрэглээний хувьд ч нотлох баримт үнэлэхэд ач холбогдол өгөөгүй харагдаж байна. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа дээрх хуулийн зохицуулалтын дагуу сууц өмчлөгч нар нь орон сууцны дундын өмчлөлийн талбайд өмчлөгчөөр бүртгэгдэх хууль зүйн боломж байхгүй. Нөгөө талаар сууц өмчлөгч нар нь өөрсдийн өмчлөх эрхээ энэ хууль болон Иргэний хуульд заасны дагуу хэрэгжүүлэх хууль зүйн боломжтой атал шүүхээс нотлох баримттай холбоотой илт үндэслэлгүй дүгнэлтүүдийг хийж байгаа нь тухайн шийдвэр хууль ёсны болсон гэж үзэх боломжгүй байна.

3.1.1 Анхан шатны шүүх хянах ёстой зүйлээ хянаагүй. Өөрөөр хэлбэл тус акт нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж байгаа байдалд биш үйл явдалд дүгнэлт хийсэн. Үүгээрээ шийдвэр хууль ёсны болж чадаагүй.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зуйлийн 15.1.1-д “орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө зэрэг эд хөрөнгө хамаарна" гэж 15.4-т "Сууц өмчлөгчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчилнө" мөн Иргэний хуулийн 108 дугаар зуйлийн 108.4-т "Дундаа хамтран өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ бусад бүх этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тэдгээрийн хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлын үүднээс бусдад шилжүүлэх буюу өөр хэлбэрээр захиран зарцуулж болно" гэж заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хариуцагч зөрчсөн гэж буруутгах боловч энэ тохиолдолд дээр дурдсан Монгол Улсын Их Хурлын тогтоол, түүнийг үндэслэж гарсан Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангаж төрийн өмчийн хөрөнгөөр баригдсан Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 1 дүгээр байрны "0" тоот өрөөг “АБ” СӨХ-ны дундын өмч байсан гэж үзэх боломжгүй, төрийн өмчийн хөрөнгөөр бариагүй гэж нэхэмжлэгчийн зүгээс маргаагүй, мөн тус байрны өмчлөгч болохыг тогтоосон баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, үүнийгээ ч нэхэмжлэгчийн зүгээс нотлоогүй, зөвхөн хуулийн дээрх заалтыг үндэслэн маргаан бүхий тушаалыг хүчингүй болгуулахаар маргасан нь дээр дурдсан үйл баримтуудаар үгүйсгэгдэж байна" гэжээ.

3.1.2. Энэ хэсэгт шүүх дээрх хуулийн заалт хэрхэн үгүйсгэж байгаа талаар үндэслэл няцаалт, дүгнэлт хийгээгүй байна. Түүнчлэн төрийн өмчийн хөрөнгөөр бариагүй гэж маргаагүй гэж шүүхээс үзэж байгаа нь тус хэрэгт хамааралгүй. Учир нь тус орон сууцыг төр хувьчлалд шилжүүлж, иргэд өөрт ногдох хэсгийн өмчлөгч болсноор энэ барилгын өмчлөгч нар дундаа эзэмшиж ашиглах эрхтэй хэсэг нь сууц өмчлөгч нарын дундын өмчид хамаарна. Тодруулбал нэгэнт нийтийн зориулалттай орон сууцны байранд 2 ба түүнээс дээш иргэн сууц өмчилж эхэлснээр тухайн орон сууцны орчны газар болон орон сууцны зориулалттай бус хэсэг нь дундын өмч болж төрийн өмч байхаа болино. Шүүхээс гарах шүүхийн шийдвэрийг танилцуулахдаа шүүхээс Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн зохицуулалтыг энэ тохиолдолд хэрэглэхгүй, нийслэлийн орон сууц хувьчлах товчооны шийдвэр нь Орон сууц хувьчлах тухай хууль, Улсын Их хурлын 2003 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 27-р тогтоолд нийцсэн гэдэг тайлбар хийдэг.

Орон сууц хувьчлах тухай хуулийн 1 дүгээр зүйлд "Энэ хууль тогтоомж Иргэний хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ" гэж заасан бөгөөд хуулиар заасан хэм хэмжээний дагуу хувьчлах шийдвэрийг гаргах ёстой байсан. Өөрөөр хэлбэл төрийн өмчийн орон сууцыг хувьчлахдаа энэ хуульд заасны дагуу хувьчлах тухай заасан буюу хуулийн дагуу хувьчлахаар тусгасан байна.

3.1.3. Гэтэл Орон сууц хувьчлах тухай хуульд маш тодорхой байдлаар эдгээр хууль дараах хууль тогтоомжид нийцнэ гэж тусгасан ч шүүх орон сууц хувьчлах тухай хуульд нийцэж байгаа тул бусад хууль тогтоомжийн зохицуулалт хамааралгүй гэх дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй. Нөгөө талаар орон сууц хувьчлах тухай хууль тогтоомж бол зөвхөн төрийн өмчийн орон сууцыг хувьчлахтай холбоотой харилцааг зохицуулах харин нийтийн зориулалттай орон сууцанд байгаа орон сууцыг хувьчлахтай холбоотой харилцаа зохицуулах боломжгүй бөгөөд дундын өмчлөлийг захиран зарцуулах харилцаа Иргэний хууль болон сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжоор зохицуулагдах болно.

3.1.4. Шүүх маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх ёстой атал зөвхөн үйл явдалд дүгнэлт хийж байгаа нь тус шүүх хянах ёстой зүйлд биш өөр асуудалд дүгнэлт хийсэн. Ингэхээр тус шийдвэр Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс гарах ёстой шийдвэр биш. Тодруулж хэлбэл тухайн дундын өмчлөлийн талбайн хэсэгт Сууц өмчлөгчдийн холбооны өмчлөх эрхийн гэрчилгээ байхгүй байна. Сууц өмчлөгчдийн холбоог өмчлөх эрхгүй этгээд гэж үзнэ. Мөн бусад этгээдэд олгосон хууль ёсны гэрчилгээ байхгүй байна гэдэг дүгнэлт хийдэг. Гэтэл Сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн хэсэгт өмчлөх эрхийн гэрчилгээ олгох хуулийн зохицуулалт байхгүй.

Харин Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15-р зүйлд энэ хэсэг нь дундын Өмчлөлийн хэсэгт хамаарахаар нэгэнт хуульчилсан тул хуулийн дагуу дундын өмчлөлийн хэсэгт хамруулахаар байгаа.

3.1.5. Гэтэл шүүх бодит байдалд хууль зүйн дүгнэлт огт хийлгүйгээр бодитоор нэхэмжлэгч этгээдэд олгосон өмчлөх эрхийн гэрчилгээ байхгүй тул хувьчилсан нь зөв гэж тайлбарладаг. Гэтэл гуравдагч этгээд гэрчилгээ гаргах болсон үндэслэлд оновчтой тайлбар хийдэггүй. Түүнчлэн Орон сууц хувьчлах тухай хуулийн 4 дугаар зүйлийн 4.1-д “Орон сууц хувьчлахад нийтийн зориулалттай орон сууцны байшингийн /цаашид "орон сууц" гэх/ нэг сууц /өрөө/-ыг түүнийг эзэмшигчдэд тухайн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгийн хамт сайн дурын нь үндсэн дээр, нэг удаа үнэгүй, зөвхөн орон сууцны зориулалтаар, хувьчлах ажлыг төр, олон нийтийн хяналтын дор ил тод явуулах зарчмыг баримтална” гэж маш тодорхой заасан бөгөөд цаашид дундын өмчлөлийн эд хөрөнгийг захиран зарцуулахдаа сууц өмчлөгч нарын зөвшөөрөл, сайн дурын үндсэн дээр бусдад дамжуулах шийдвэрийг гаргахаар хуульчилсан байхад сууц өмчлөгч нараас огт зөвшөөрөл аваагүй, холбооны эрх барих дээд байгууллага буюу бүх гишүүдийн хурлыг зохион байгуулахгүйгээр нэг иргэнд өмчлүүлснийг хууль бус гэж маргасан. Шүүхээс энэ орон сууц өмчлөгч нарын зөвшөөрөл, санал огт байхгүй байхад хэрхэн нэг иргэнд өмчлүүлсэн шийдвэрийг үндэслэл бүхий болсныг тайлбарлах хууль зүйн тайлбар анхан шатны шүүхийн шийдвэрт байхгүй байна.

3.1.6. Орон сууц хувьчлах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хууль төрийн өмчийн орон сууцыг хувьчлахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад үйлчилнэ" гэж тодорхойлжээ. Тэгэхээр шүүхээс орон сууц хувьчлах товчооны шийдвэр нь зөв гэж дүгнэсэн нь тухайн орон сууцанд сууц өмчилж байгаа иргэн бүр төрийн өмчийн орон сууцанд амьдарч байгаа гэдгийг харуулж байгаа юм. Энэ нь одоогийн бодит байдалд нийцэхгүй бөгөөд хэрэв шүүхээс тухайн орон сууцны байрыг одоог хүртэл төрийн өмч гэж үздэг бол энэ тухай баримт яагаад хэргийн материал байхгүй байгаа вэ гэдэг нь ойлгомжгүй. Шүүхээс нөхцөл байдлыг тодруулахаар шийдсэн бол энэ байрны сууц болгоныг хэн эзэмших эрхтэй түүний дагуу дундын өмчлөлийн хэсэг нь хэнд ногдох гэдгийг тодорхойлох боломжтой байсан ч ийм ажиллагааг хийгээгүй.

3.1.7. Улмаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Орон сууц хувьчлах тухай хуулийн 11 дүгээр зүйлд "Орон сууц хувьчлах товчоо орон сууц хувьчлах ажлыг хэрэгжүүлэхдээ дараах бүрэн эрхтэй гэж узэн хариуцагч байгууллага гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхолыг /Сөх/ зөрчилгүйгээр БЗД, 15-р хороо, 13-р хороолол, ** байрны ** тоот орон сууцыг өмчлүүлэхийг зөвшөөрсөн шийдвэр гаргасан гэжээ.

3.1.8. Гэтэл бодит байдал нь гуравдагч этгээд болох “АБ” СӨХ эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх нэхэмжлэгчийн эрх ашиг тухайн захиргааны акт гарах үед зөрчигдөөгүй гэж үзсэн үндэслэл нь тодорхой биш.

3.1.9. Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлд хуулиар тусгайлан иргэнд хувьчлах орон сууцыг тодорхойлсон Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны **-р байр энэ хуулийн хувьчлах орон сууцад хамаарахгүй. Иймд хамааралгүй, төрийн өмч биш орон сууцыг хувьчилсан Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2014 оны 12 тогтоолын холбогдох хэсэг нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөөр байтал нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах хууль зүйн үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. “АБ” сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ гэх/ нь “Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 12 дугаар тогтоолын 2 дахь хэсгийн “Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13-р хороолол, ** дүгээр байрны ** тоот өрөөг иргэн Л.М хувьчилсан хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргажээ.

3. Анхан шатны шүүх Монгол Улсын Их Хурлын 2003 оны 27 дугаар тогтоол, түүнийг үндэслэн гарсан Монгол Улсын Засгийн газраас 2004 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Үйлчилгээний өрөөг шилжүүлэх тухай” тогтоолыг хэрэгжүүлж, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13-р хороолол, **-р байрны ** тоот орон сууцанд хүн амьдрах боломжтой нөхцөл, шаардлагыг бүрэн хангасныг эрх бүхий этгээдээр тогтоолгосны үндсэн дээр хариуцагч Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо нь хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу гуравдагч этгээдэд өмчлүүлэхийг зөвшөөрсөн шийдвэр гаргасан нь Орон сууц хувьчлах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 13 дугаар зүйлийн 13.1, 18 дугаар зүйлийн 18.1-д нийцсэн, маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны  ашиг сонирхол нь зөрчигдөөгүй талаар дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ж давж заалдах гомдолдоо “... орон сууц хувьчлах тухай хууль тогтоомж бол зөвхөн төрийн өмчийн орон сууцыг хувьчлахтай холбоотой харилцааг зохицуулах харин нийтийн зориулалттай орон сууцанд байгаа орон сууцыг хувьчлахтай холбоотой харилцааг зохицуулах боломжгүй, дундын өмчлөлийг захиран зарцуулах харилцаа Иргэний хууль болон сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжоор зохицуулагдана, ....Сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн хэсэгт өмчлөх эрхийн гэрчилгээ олгох хуулийн зохицуулалт байхгүй, ... сууц өмчлөгч нараас огт зөвшөөрөл аваагүй, холбооны эрх барих дээд байгууллага буюу бүх гишүүдийн хурлыг зохион байгуулахгүйгээр тухайн үед тамга эзэмшиж байсан хүний шийдвэрийг үндэслээд нэг иргэнд өмчлүүлсэн нь хууль бус. Энэ талаар оршин суугчид хуралдаж, дундын өмчлөлийн техникийн өрөөгөө буцааж авах талаар дэмжсэн хурлын шийдвэр, тэмдэглэлүүдийг өгсөн байхад шүүх үнэлээгүй” гэжээ.

6. Хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий “0” тоот өрөө нь анхнаасаа тухайн барилгын “хүүхдийн тэрэг, унадаг дугуй тавих” зориулалтаар баригдсан хэсэг байх бөгөөд үүнийг тухайн орон сууцны барилгад зайлшгүй байх ёстой техникийн болон үйлчилгээний өрөө буюу Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасан “орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө . . . зэрэг эд хөрөнгө”-д хамаарна гэж үзэхээргүй байна.

Өөрөөр хэлбэл, уг өрөөг хувьчилсны улмаас оршин суугчдын болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй.

7. Мөн хариуцагч Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд хүргүүлсэн “АБ” СӨХ-ны захирлаар тухайн үед ажиллаж байсан Д.Гийн 2014 оны 45 дугаар албан бичигт “... тухайн СӨХ-нд жижүүрээр ажилд орж 12 жил тасралтгүй ажилласан, ... СӨХ-ийн тэргүүний ажилтан Л.М-д ** байрны “**” тоот өрөөг хувьчилж өгөхийг зөвшөөрөв” гэж, тус СӨХ-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэрт “... лифтчин Л.М-ын амьдралыг дэмжиж ** тоот өрөөг хувьчилж өгөх нь зүйтэй” гэж тэмдэглэгдсэн байдал, гэрчийн мэдүүлэг зэргийг “АБ” СӨХ буюу нэхэмжлэгч нь тухайн үед хувьчлахыг зөвшөөрч, дэмжиж байсан талаар анхан шатны шүүх зөв үнэлсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2022/0605 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ж давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

      ШҮҮГЧ                                                               Н.ДОЛГОРСҮРЭН

                                              ШҮҮГЧ                                                               А.САРАНГЭРЭЛ

                                             ШҮҮГЧ                                                                С.МӨНХЖАРГАЛ