Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/192

 

 

 

 

 

 

 

 

  2021         02          04                                    2021/ШЦТ/192

 

 

М УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

улсын яллагч С.Чимэдцэеэ /онлайнаар/,

шүүгдэгч П.М  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М овогт П.М-д  яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 200 602 450 0082 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

М Улсын иргэн, Улаанбаатар хотод 1973 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Налайх дүүргийн 0 дүгээр хороо, Уурхайчдын 00 дугаар гудамжны 00 тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 00 дугаар байрны 00 тоотод оршин сууж байгаа, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь:

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг тэнсэж 1/нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 669 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн М овогт П.М  /РД: 000000000 /,

Холбогдсон хэргийн талаар:

П.М  нь 2020 оны 05 дугаар сарын 22-ны шөнийн 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 89-10 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ц.У -тай үл ялих шалтгааны улмаас маргалдаж, түүний толгойн зүүн хэсэгт данх авч шидсэний улмаас Ц.У -ын биед зүүн зовхинд цус хуралт, зүүн зовхи, хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн зулайн хуйханд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд шүүгдэгч П.М  мэдүүлэхдээ: ...2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр шөнийн 01 цагийн үед эхнэртэйгээ маргалдаад уурандаа данх аваад шидчихсэн... гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.У-ын  өгсөн: ...2020 оны 05 дугаар сарын 22-ны 01 цагийн орчим хамтран амьдрагч П.М ад би цахим үнэмлэхийнхээ хурууны хээг өгөөд “багш нь утасдаад байна. Хүү Т  нь цахим үнэмлэхгүй болох гээд байна. ЭЕШ-д бэлдэх гээд маргааш хугацаа нь дуусах гээд байна” гэж хэлтэл “олон юм ярилаа” гээд  данх авч чулуудахад миний шанаа руу оногдож нүдэнд цус хурсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар П.М ын өгсөн: ...Би одоо он, сар, өдрийг нь санахгүй байна. 2020 оны 05 дугаар сарын үед шиг санагдаж байна. тэр өдөр би гадуур архи ууж явж байгаад шөнө гэртээ орж ирээд унтаж байсан чинь эхнэр хэрүүл өдөөд байхаар нь би тэр рүү данх аваад шидчихсэн. Тэгсэн чинь тэрний толгойных нь тэр хавьд хөмсөг нь шалбарчихсан байсан. Тэгээд би эргээд унтаад өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р тал/,

Гэмт хэргийн талаар утсаар гаргасан гомдол /хх-ийн 11-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6121 дугаартай:

1. Ц.У  биед зүүн зовхинд цус хуралт, зүүн зовхи, хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн зулайн хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

З. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч О.Б  гэх дүгнэлт /хх-ийн 25-26-р тал/,

Шүүгдэгч П.М ын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суух газрын хорооны тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 41, 45-50-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас П.М ын 2020 оны 05 дугаар сарын 22-ны шөнийн 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 00 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ц.У тай үл ялих шалтгааны улмаас маргалдаж, түүний толгойн зүүн хэсэгт данх авч шидсэний улмаас Ц.У  биед зүүн зовхинд цус хуралт, зүүн зовхи, хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн зулайн хуйханд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч П.М ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.М  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогч Ц.У  хохирол төлбөр нэхэмжлээгүй зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул П.М ад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

П.М  нь 2020 оны 05 дугаар сарын 22-ны шөнийн 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 00 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ц.У тай үл ялих шалтгааны улмаас маргалдаж, түүний толгойн зүүн хэсэгт данх авч шидсэний улмаас Ц.У  биед зүүн зовхинд цус хуралт, зүүн зовхи, хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн зулайн хуйханд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.У  өгсөн: ...2020 оны 05 дугаар сарын 22-ны 01 цагийн орчим хамтран амьдрагч П.М ад би цахим үнэмлэхийнхээ хурууны хээг өгөөд “багш нь утасдаад байна. Хүү Т  нь цахим үнэмлэхгүй болох гээд байна. ЭЕШ-д бэлдэх гээд маргааш хугацаа нь дуусах гээд байна” гэж хэлтэл “олон юм ярилаа” гээд  данх авч чулуудахад миний шанаа руу оногдож нүдэнд цус хурсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар П.М ын өгсөн: ...Би одоо он, сар, өдрийг нь санахгүй байна. 2020 оны 05 дугаар сарын үед шиг санагдаж байна. тэр өдөр би гадуур архи ууж явж байгаад шөнө гэртээ орж ирээд унтаж байсан чинь эхнэр хэрүүл өдөөд байхаар нь би тэр рүү данх аваад шидчихсэн. Тэгсэн чинь тэрний толгойных нь тэр хавьд хөмсөг нь шалбарчихсан байсан. Тэгээд би эргээд унтаад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6121 дугаартай:

1. Ц.У  биед зүүн зовхинд цус хуралт, зүүн зовхи, хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн зулайн хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

З. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч О.Б  гэх дүгнэлт /хх-ийн 25-26-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул П.М ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

П.М  нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ц.У  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байна.

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т ...гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлнэ,

            Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т ...гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг хэлнэ гэж тус тус хуульчилжээ.

            Шүүгдэгч П.М ын үйлдсэн гэмт хэргийн хохирогч Ц.У  нь түүний хамтран амьдрагч буюу гэр бүлийн гишүүн байна.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас П.М ын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн нь үндэслэл бүхий болжээ.

            Иймд П.М ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  зүйлчилсэн зүйл хэсэг тохирсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч П.М ын хохирогчийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

            Хохирогч Ц.У  нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаар баримт ирүүлээгүй бөгөөд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул П.М ыг баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв./ хх-50-р тал/

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч П.М ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч П.М ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, П.М  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Шүүгдэгч П.М  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн зэргийг харгалзан Прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. М овогт П.М ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар П.М ыг 240 /хоёр зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.М-д оногдуулсан 240 /хоёр зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

          4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй П.М  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол П.М ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.АЛТАНЦЭЦЭГ