| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2016/06399/И |
| Дугаар | 976 |
| Огноо | 2017-04-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 976
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 70-0-3 тоотод оршин суух, эмэгтэй, Шарнууд овогт Гэндэнсүрэнгийн Шинэхүү /РД:НЬ82012883/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон, Баян-Өндөр 3 дугаар баг, Уурхайчин 3 тоотод оршин суух, Амарсайханы Алтангэрэл /РД:АА82050512/-д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Шинэхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Шинэхүү миний бие хариуцагч А.Алтангэрэлтэй 2003 онд танилцаад бидний дундаас 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр охин Ш.Анужинг төрүүлсэн бөгөөд өдийг хүртэл зөвхөн өөрийн хайр, асрамжинд өсгөн хүмүүжүүлж 12 жил болсон. Энэ хугацаанд түүний эцэг болох А.Алтангэрэл нь охиндоо бие сэтгэлийн болоод мөнгө санхүүгийн туслалцаа үзүүлж байгаагүй, эцэг хүний үүргээ ухамсарлаж байгаагүй. Иймд А.Алтангэрэлээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар: зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Шинэхүү нь хариуцагч А.Алтангэрэлд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүхээс хариуцагч А.Алтангэрэлд шүүх хуралдааны товыг түүний нэхэмжлэлд дурдсан болон нэхэмжлэл гардан авахдаа тэмдэглүүлсэн “Орхон, Баян-Өндөр 3 дугаар баг, Уурхайчин 3 тоот” хаягаар болон түүний ажлын газар болох “Зэвсэгт хүчний 186 дугаар анги”-д баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Г.Шинэхүү, А.Алтангэрэл нар нь 2003 онд танилцаж, тэдний дундаас 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр охин Ш.Анужинг төрүүлсэн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээ /хэргийн 7 дахь тал/, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч А.Алтангэрэл нь 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Ш.Анужинг өөрийнх нь хүүхэд гэдэгт эргэлздэг гэж марган шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасны дагуу тус шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн захирамжаар шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн боловч шинжээч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 04/1174 дугаартай албан бичгээр ...нэхэмжлэгч Г.Шинэхүү, хариуцагч А.Алтангэрэл нар нь шинжлүүлэгч хүүхдийн хамт өнөөдрийг хүртэл эцэг тогтоох шинжилгээнд дээж өгөөгүй гэх шалтгаанаар шинжилгээ хийх боломжгүй гэж захирамжийг буцаасан тул хүсэлт гаргагч А.Алтангэрэл нь эцэг тогтоох шинжилгээ хийлгүүлэх хүсэлтээсээ татгалзсан гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Хариуцагч А.Алтангэрэл нь охин Ш.Анужинг өөрийн хүүхэд биш гэдгээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул “ ...миний хүүхэд гэдэгт эргэлзэж байна...” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
Охин Ш.Анужин 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн бөгөөд одоо 12 настай, төрсөн цагаасаа эхлэн эх Г.Шинэхүүгийн асрамжид байсан ба асрамжийн асуудлаар зохигч маргахгүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч А.Алтангэрэлээс хуульд заасан хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан охин Ш.Анужинг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх...эрхтэй”. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин Ш.Анужинг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг А.Алтангэрэлээс сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Алтангэрэлээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Шинэхүүд олгосугай.
3.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА