| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2021/0267/Э |
| Дугаар | 311 |
| Огноо | 2021-03-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 311
2021 03 11 2021/ШЦТ/311
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
улсын яллагч Э.Ариунболд,
нарийн бичгийн дарга Б.Дариймаа,
шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Д.Батсүх нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Бын Мид холбогдох эрүүгийн 2006 03737 2752 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М нь 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөтгөл зах дээр байрлах буудалд хувийн таарамжгүй харилцааны улмаас Т.Элбэгсайхантай маргалдан улмаар баруун гараараа нүүрэн тус газар луу нь 1 удаа цохиж, нүүр хэсэг лүү нь толгойгоороо мөргөж, гэдэс, нүүр хэсэг лүү хөлөөрөө 6 удаа өшиглөж, толгой, нүүр хэсэг рүү нь гараараа 5 удаа цохиж, 1 удаа баруун нүд рүү тус тус өвдөглөж биед нь баруун зулайн хуйханд оёдол бүхий шарх, баруун зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун чамархайд зөөлөнд эдийн няцрал, зүүн чихний дэлбэн, цээжний баруун хажуу хэсэг, баруун мөрөнд цус хуралт, баруун чихний хөхлөг сэртэн, цээжинд зулгаралт бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2006 03737 2752 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч Б.М нь иргэн Т.Элбэгсайханы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:
Хохирогч Т.Элбэгсайханы мөрдөн байцаалтад өгсөн:
...2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 08 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ховдын жолооч нарын буудал руу ороод миний машиныг худалдаж авна гэсэн хүнд машинаа зарчхаад 1 шил архи авхуулаад, архинаас хүмүүст амсуулаад байж байсан чинь Цагаанаа ах гаднаас орж ирээд надад хандан чи Нарантуул дээр олон жил болцон юм уу гөлөг минь гээд намайг ундаатай саваар цохиод, баруун гараараа нүүрэн тус газар цохиод, би ахаа яаж байна аа гэтэл намайг үргэлжлүүлэн нүүр лүү толгойгоороо мөргөхөд би газар унасан. Босох гэхээр гэдэс, нүүр лүү хөлөөрөө 6-7 удаа өшиглөсөн. Миний толгойноос цус гарсан. Хажууд байсан 1 хүн түүнийг аваад гарсан. Би доошоо ариун цэврийн өрөө ороод цусаа угаачхаад машин дээрээ очтол Цагаанаа над дээр дахиж ирээд миний толгой, нүүр хэсэг рүү 5-6 удаа цохиод, 1 удаа баруун нүд рүү өвдөглөсөн. Манай ах ирж цагдаа дуудсан. Ямар ч шалтгаангүйгээр намайг Цагаанаа зодсон учир гомдолтой байна. Миний баруун нүд нээгдэхгүй байна. Толгой баруун талдаа хагарсан, нүүрний баруун тал хавдартай байна. Цагаанаа нь 8 тонны машинтай хот хооронд явдаг гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,
Батлан Хамгаалахын эмгэг судлал, Шүүх эмнэлгийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 47 дугаартай:
...Т.Элбэгсайханы биед баруун зулайн хуйханд оёдол бүхий шарх, баруун зовхинд зөөлөнд эдийн няцрал, цус хуралт, баруун чамархайд зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэн, цээжний баруун хажуу хэсэг, баруун мөрөнд цус хуралт, баруун чихний хөхлөг сэртэн, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Т.Элбэгсайханы биед учирсан гэмтлүүд нь ГССҮТ-ийн эмнэлгийн баримт бичиг болон биед хийсэн үзлэгийг үндэслэн үзэхэд 24-48 цагийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 13-14/,
Шүүгдэгч Б.Мийн мөрдөн байцаалтад өгсөн:
2020 оны 08 дугаар сарын 24-25-ны хооронд Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд ачаа ачиж очсон юм. Тухайн үед би Нарантуул захын өргөтгөлийн хажууд байх Чандмань төв буудалд байрлаж байсан.
2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Нарантуул зах дотор байрлуулсан байсан өөрийн тээврийн хэрэгсэл дээр байж байгаад байрлаж байсан буудлын өрөөндөө байж байхад гаднаас хохирогч Т.Элбэгсайхан ганцаараа 1 шил 0,75 л архи барьчихсан орж ирээд надад хийж өгөхөөр нь би уухгүй гэхэд чи наад архиа уучих, чи хэзээ ийм болчихсон юм гээд байхаар нь ... Т.Элбэгсайханыг чи одоо өрөөнөөс гараа наад өрөөнд чинь жолооч нар унтаж амардаг юм гэж хэлэхэд тэрээр надад хандаж “чи надаас мөнгө авах уу гуйранч минь” гэхээр нь би түүнийг барьж аваад нүүрэн тус газар, цээж, баруун мөр хэсэг рүү нь гар, хөлөөрөө цохисон юм. Тухайн үед би Т.Элбэгсайханыг хэдэн удаа гap, хөлөөрөө цохисноо мэдэхгүй байна.
...Т.Элбэгсайхан нь 2020 оны 11 сард хэдний өдрийг сайн санахгүй байна, хашаандаа тээврийн хэрэгсэлдээ засвар хийж байхад надтай уулзаад би жаахан архи уучихлаа дүүдээ 50,000 төгрөг өгчих гэхээр нь 50,000 төгрөг өгөөд явуулсан. Дахиж бид хоёр уулзаагүй.
Би Т.Элбэгсайханыг барьж аваад нүүрэн тус газар, цээж, баруун мөр хэсэг рүү нь rap, хөлөөрөө цохисон юм. Тухайн үед би Т.Элбэгсайханыг хэдэн удаа гap, хөлөөрөө цохисноо санахгүй байна. Гap, хөлөөрөө цохиж зодсон, гэмтлийг би үүсгэсэн гэх мэдүүлэг / хх-ийн 22-23/,
-гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 4-5/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Мөн хавтаст хэргээс шүүгдэгч Б.Мийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39/, оршин суугаа хаягийн “... Ховд Жаргалант 5-р баг, Буянт, 10 мянгат 3 гудамж 15 тоот...” гэх тодорхойлолт /хх-ийн 40/ зэрэг нотлох баримтуудыг мөн шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Б.Мийн иргэн Т.Элбэгсайханы бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Т.Элбэгсайхан нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй байх бөгөөд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Б.Мийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Б.Мид ял оногдуулахад хуульд тусгайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, шүүгдэгч Б.Мийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа байдал болон хуульд заасан дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлийг харгалзан тухайн зүйлд заасан торгох ялыг дундаж хэмжээгээр оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.М нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Бын Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар Б.Мид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ