Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 314

 

 

 

2021    03    11                2021/ШЦТ/314

                                                                                                                                                                                                                                                                                         

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Бт холбогдох эрүүгийн 2106 00006 0146 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Б.Мандухайг Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 10В-Б1 тоотод байхад нь байр түрээсэлнэ гэж хуурч Хаан банкны 5035469125 тоот дансаар 150.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг холбогджээ.                                                                                             /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

         

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2106 00006 0146 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч О.Б нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Б.Мандухайгийн мөрдөн байцаалтад өгсөн:

... 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр фейсбүүкээс байр түрээслүүлнэ гэх зарын дагуу Sengee Nasanbat гэх цахим хаягтай 89061623 гэсэн дугаартай хүнтэй холбогдож 250.000 төгрөгийн өрөө байна гэхээр нь түрээслэхээр болсон. Тэгээд урьдчилгаа өг гэхээр нь 5035469125 тоот Хаан банкны О.Б гэх данс руу 5064790598 тоот данснаас 150.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд маргааш өглөө ирээд байраа үз гэж хэлсэн. Өнөөдөр өглөө фейсбүүк хаяг руу нь залгасан чинь блок хийсэн байсан мөн утасны дугаар нь холбогдохгүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/,

 

-гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/,

-ХААН банкны “2020-11-30-ны өдөр 5035469125 тоот дансанд 18:11 цагт 150.000 төгрөг шилжүүлсний дараа АТМ1527 дугаартай БЗД 8-р хороо Тэнүүн хотхоны АТМ-д 18:18 цагт 87.000 төгрөг, 18:19 цагт 60.000 төгрөгийн гүйлгээ хийсэн ...” гэх албан бичиг /хх-ийн 13/,

-О.Бын Хаан банкны 5035469125 дугаарын дансны хуулга /хх-ийн 14-15/,   

 

Шүүгдэгч О.Бын мөрдөн байцаалтад өгсөн:

Фейсбүүк хаягаар өрөө байр түрээсэлнэ гэж зар тавьсан. Тэгээд хүнтэй чаталж байгаад Данзангийн 27 дугаар байранд 1 өрөө байр 250.000 төгрөгөөр түрээслүүлнэ гэж ярьсан. Урьдчилгаа 150.000 төгрөгийг өөрийн 503354691... тоот дансаар шилжүүлж авсан. Гар утасны 87.000 төгрөгийн зээлээ төлөөд 60.000 төгрөгийг хоол хүнсэндээ зарцуулсан.

Анх удаа л ийм үйлдэл хийсэн. Хүлээн зөвшөөрч байна. Энэ үйлдэлдээ маш ихээр гэмшиж байна.  гэх мэдүүлэг /хх-ийн 8-10, 28-29/ зэрэг хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс О.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 19-20/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Түүнчлэн бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн хувьд өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр илэрч хохирогчийг төөрөгдөлд оруулж, өөрийнх нь зөвшөөрлөөр эд зүйлийг нь өөртөө авч захиран зарцуулах эрхтэй болсноор энэ төрлийн гэмт хэрэг төгс үйлдэгддэг.

Шүүгдэгч О.Б нь өөрт бусдад түрээслүүлэх байр байхгүй болохоо өөрөө сайтар ухамсарлаж байсан ч цахим сүлжээ ашиглаж, зохиомол байдлыг зориудаар  бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдүүлж өөрийн данс руу мөнгө шилжүүлэн авч өөрийн хэрэгцээнд зарцуулсан байна.

 

Шүүгдэгч О.Б нь хохирогчийг цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж шунахайн сэдэлтээр үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болно.

 

Шүүгдэгч О.Б нь иргэн Б.Мандухайд “1 өрөө байр сарын 250.000 төгрөгөөр түрээслүүлнэ. Урьдчилгаа 150.000 төгрөг шилжүүл” гэж эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн дансны хуулга зэрэг хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч О.Быг Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Мандухайд учирсан 150.000 төгрөгийн хохирол учруулсныг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдов.

 

Шүүгдэгч О.Быг гэм буруутайд тооцох болон түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй байдал, хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүх хуралдааны оролцогч нарын гаргасан дүгнэлт зэрэг нөхцөл байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг бага хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хадгалуулахаар тус шүүхийн тамгын газарт шилжүүлж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт О Быг цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Быг хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Баас 150.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Мандухайд олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий сидиг хэрэгт хавсаргуулан хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ