Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 1000

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 38/а-502 тоотод оршин суух, Өөлд Нянган овогт Лхагвын Алтанцэцэг /РД:ШГ76070702/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 71/а-65 тоотод оршин суух, Хорго овогт Балдангийн Эрдэнэбаяр /РД:ШЗ73121095/-т холбогдох,

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Алтанцэцэг, хариуцагч Б.Эрдэнэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар  оролцов. 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Л.Алтанцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Алтанцэцэг миний бие 2009 онд Б.Эрдэнэбаяртай танилцаж, хайр сэтгэлтэй болж улмаар гэрлэнэ гэж ярилцаж байсан билээ. Гэвч 2010 онд жирэмсэн болж, намайг 6 сартай жирэмсэн байхад өөр гэр бүлтэй, салах бодолгүй гэдгээ хэлсэн. Хүүхдэд минь эцгийн хувьд хариуцлага хүлээнэ гэсэн. Миний хувьд охин Э.Аззаяа анхны хүүхэд учраас гаргахаар шийдэж, 2011 оны 7 дугаар сард төрсөн. Охин минь төрсөн цагаасаа одоог хүртэл миний асрамжинд байгаа. Охиныхоо ирээдүйн боловсрол, гэнэтийн эрсдэлд бэлэн байх зорилгоор иргэн Б.Эрдэнэбаяраас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Б.Эрдэнэбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Эрдэнэбаяр миний бие Л.Алтанцэцэгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Охин Э.Аззаяад хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг төлнө  гэв.

Шүүх хуралдаанаар: зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Алтанцэцэг нь хариуцагч Б.Эрдэнэбаярт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах  тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Л.Алтанцэцэг, Б.Эрдэнэбаяр нар 2009 онд танилцаж, тэдний дундаас 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдөр охин Э.Аззаяаг төрүүлсэн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээ /хэргийн 5 дахь тал/ болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Зохигчдын дундаас төрсөн охин Э.Аззаяа одоо 6 настай, төрсөн цагаасаа эхлэн эх Л.Алтанцэцэгийн асрамжид байгаа ба хариуцагч Б.Эрдэнэбаяр нь охин Э.Аззаяагийн эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрч маргахгүй байна.

Охин Э.Аззаяаг эхийнх нь асрамжид үлдээхийг нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алин нь хүлээн зөвшөөрч, маргаагүй, хариуцагч Б.Эрдэнэбаяр нь охин Э.Аззаяад хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байх тул эцэг Б.Эрдэнэбаяраас хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан  Охин Э.Аззаяаг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна. 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх,  эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх...эрхтэй”. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхэд нь  саад учруулахыг хориглохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй байна.     

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон   

                                                                                                                     ТОГТООХ нь:  

 

            1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин Э.Аззаяаг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Эрдэнэбаяраас сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Эрдэнэбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот дансанд олгосугай. 

            3.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                Х.ЭНХЗАЯА