| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2021/0291/Э |
| Дугаар | 325 |
| Огноо | 2021-03-12 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | К.Чимгээ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 325
2021 03 12 2021/ШЦТ/325
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
улсын яллагч К.Чимгээ,
шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт П.Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 00000 0217 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч П.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 04 дүгээр хороо Цэргийн хотхоны 478 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч хохирогч Б.Отгонбаатартай хувийн таарамжгүй харилцаа үүсгэж маргалдсаны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний нүд рүү өшиглөж, зүүн өвдгөн дээр заазуураар зүсэж Б.Отгонбаатарын биед тархи доргилт, баруун нүдний зовхины цус хуралт, зүүн өвдөгний зүсэгдсэн шарх гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч П.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2106 00000 0217 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч П.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч Б.Отгонбаатарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан:
Хохирогч Б.Отгонбаатарын мөрдөн байцаалтад өгсөн:
“2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 20 цагийн үед найз Гантулга, Даваадорж нартай хамт 3 шил архи хувааж уусан. Тэгээд гэртээ 23 цагийн үед ирэхэд манай эхнэр П.Б гэртээ ганцаараа согтуу хэвтэж байсан. Тэгээд бид хоёр маргалдаж П.Бийг нэг удаа алгадахад над руу хүүхдийн тоглоомон машин авч шидэхэд миний баруун нүдийг онож хавдсан. Дараа нь манайг “ална” гэж хэлээд заазуур бариад дайрсан бөгөөд миний хөлийн зүүн өвдгийг зүссэн. Манай хүү Дарамгарав цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1154 дугаартай:
“Б.Отгонбаатарын биед тархи доргилт, баруун нүдний зовхины цус хуралт, зүүн өвдөгний зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо ба хурц иртэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 24-25/,
Шүүгдэгч П.Бийн мөрдөн байцаалтад өгсөн:
“...Нөхөр Б.Отгонбаатар эгчдээ мөнгө шилжүүлнэ гэж гэрээс гараад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Би түүнээс архи уусан эсэхийг асуухад “гар ариутгагч үнэртэж байгаа юм” гэж хэлсэн. 18 цагийн үед том хүүгийн хамт нүүрсэнд явах замдаа 1 шил архи аваад орж ирсэн байсан ба тухайн архийг ганцаараа уусан байсан. Хүү О.Батзэвтэй тоглож байгаад компьютерын процессор мөргөж баруун талаараа унасан. Үүнээс хойш уурлаж эхлэхээр нь би хүүхдүүдээ аваад урд айлд оруулж тавьсан. Гэртээ эргээд орж ирэхэд Отгонбаатар “чи намайг цохилоо” гэж орилоод байхаар нь баруун талын нүд рүү нь өшиглөсөн. Тэгээд эвлэрээд нүдэн дээр нь хүйтэн жин тавьж өгөхөд куртикний халаасанд байгаа мөнгөнөөс архи аваад ир гэхээр нь би 10.000 төгрөг авч гарч дэлгүүр ороод Хараа архи 1 шилийг авсан. Отгонбаатар бид хоёр хувааж ууж байх үед агсам тавьж эхлэхээр нь гал тогооны шүүгээн дээр байсан заазуурыг авч зүүн талын өвдөгний хэсэг рүү иртэй талаар нь нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/,
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, БЗДЦГ ЦХ-2, шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас, мөрдөгчийн илтгэх хуудас /хх-ийн 04-06/,
- эд зүйлийн түр хураасан тэмдэглэл хх-ийн 07/,
- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 08/,
- Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламж үйлчилгээний хуудас /хх-ийн 21-22/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч П.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 28/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 29/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 33-34/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/, хохирогч, шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 51-52/ зэрэг нотлох баримтыг судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас П.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч П.Бийн хамтран амьдрагч хохирогч Б.Отгонбаатарын эрүүл мэндэд санаатайгаар гэм хор учруулж бие махбодын хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй болно.
Гэр бүлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд гэр бүлийн гишүүн гэж өөрсдийн сайн дурын үндсэн дээр хүсэл сэтгэлийн улмаас хамт амьдрахад харилцан тэгш эрх эдэлж, үүрэг хүлээх нөхөр эхнэрийг хамааруулж хуульчилжээ.
Шүүгдэгч П.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, аюулын зэргийн үнэлгээ, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч П.Бийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Отгонбаатарын бие махбодод тархи доргилт, баруун нүдний зовхины цус хуралт, зүүн өвдөгний зүсэгдсэн шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Б.Отгонбаатар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй ба шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч П.Б нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн тамгын газарт шилжүүлэв.
Шүүх шүүгдэгч П.Бт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцож, уг байдлуудыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч овогт Пын Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бийг хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар П.Бт оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тооцож эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэргийн учир шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг заазуурыг устгуулахаар Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол П.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ