| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 177/2021/0030/э |
| Дугаар | 2021/ШЦТ/38 |
| Огноо | 2021-03-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/38
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Б.Г, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х ургийн овогт Бгийн Гт холбогдох эрүүгийн 213500000022 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.з
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х ургийн овогт Бгийн Г, 1995 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, ээж, эгч, зээ дүү нарын хамт Увс аймгийн Тэс сумын 5 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар: ОО 95112512.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутагт 2021 оны 01 дүгээр сарын 29-ний орой иргэн О.Бтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч О.Бийн мэдүүлэг /хх-ийн 6, 7-р хуудас/, гэрч З.Дгийн мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/, гэрч Б.Оын мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/, гэрч Оы мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 60 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг,
Шүүгдэгч Б.Гийн өмгөөлөгчөөс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Гэрч Б.Оын мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/, гэрч Ю.Бын мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга:
1. Хохирогч О.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 29-ний орой 18:30 цагийн орчим гэртээ гал түлчхээд сууж байгаад ус авахаар хөрш айл руугаа ороход хөрш Билгээ гэх айлд Билгээгийн эхнэрийн дүү Г гэх урьд нь Ховд аймагт хамт ажиллаж байсан залуу ирчихсэн байсан. Г тэдний гэрт 2.5 литрийн пиво уугаад сууж байсан тул нэг нэгнийгээ таниад ойр зуурын зүйл яриад түүний пивыг ууж дуусгаад манай гэрт 1 шил 0.75 литрийн “Ерөөл” нэртэй архи байсныг аваад бид хоёр хамт яваад манайхаас 4 гудамжны зайтай байдаг Ггийн эгчийнд очиход цагаан сарын буузаа чимхэж байсан. Бид тэднийд архи ууж дуусгаад гэртээ харилаа гэж хэлэхэд Г явуулахгүй дахин нэг шил архи ууя, чи хамт байж бай гэж хэлээд явуулахгүй байсан. Би түүнийг орхичхоод харихаар гэрээс гараад явтал араас Г гарч ирээд чамайг хэн яв гэсэн юм дахин нэг шил архи ууя гэж хэлээд куртикнээс татахаар нь би куртикээ угз татаж аваад явах гэтэл Г дахин миний куртикнээс татаж би газарт нуруугаараа унасан. Г над дээр дарж сууж байгаад үүдэн шүд хугартал намайг нэг удаа цохисон. Би ёолоод хөрвөөгөөд хажуу тийш хараад боссон. Г намайг хаячхаад цааш эргээд явсан. Би гар утсаа халааснаасаа гаргаж эхнэр лүүгээ залгатал Г буцаж ирээд миний утас барьж байсан баруун гар луу өшиглөөд утас газарт унагаасан. Миний амнаас цус гарсан тул барьж үзэхэд үүдэн дээд шүд, хиймэл шүдний хамт хугарч унасан байсан. Би шүдээ хайгаад олоогүй тул тэр залууд хандаж чи миний шүдийг хугалчихлаа гэж хэлэхэд Г надаас уучлалт гуйгаад та цагдаад битгий хэлээч маргааш таныг эмнэлэгт аваачиж хиймэл шүд хийлгэж өгнө гэж хэлсэн. Би шүдээ хайж олж аваад тэр залууд өгөөд миний нэг шүд нь хиймэл шүд байсан, нөгөө шүд нь өөрийн ургаа эрүүл шүд байсан чи хоёр шүд хугалчихлаа гэж хэлээд 2 шүдээ өгсөн. Тэгээд Г бид хоёр эгчийнд нь ороод болсон явдлыг хэлж шүд хугалчихлаа гэж хэлэхэд тэнд байсан хүмүүс та хоёр ямар юмаа хийж маргалдаад зодолдоод байдаг юм гэж хэлж байсан. Г надаас уучлалт гуйгаад цагдаад битгий хэлээч гэж гуйхаар нь цагдаа дуудалгүй гэртээ харихад 21:00 цаг болж байсан. Би эхнэртээ тэр дороо хэлээгүй амрах гэж байтал эхнэр миний шүд унасан байхыг харчихсан юм. Тэгээд эхнэр маань цагдаад дуудлага өгсөн. Миний үүдэн дээд хоёр шүд унасан. Миний баруун талын шүд нь хиймэл шүд бөгөөд өнгөрсөн зун үүдэн дээд шүдний хооронд зай гараад байсан тул нөхүүлж нэг хиймэл шүд хийлгэсэн. Тэр хиймэл шүд миний өөр нэг унаган шүдтэй хамт хугарч унасан. Үндсэндээ миний нэг шүд хугарсан. Нөгөөх нь хиймэл байсан юм. ...Мөн өөрийн жинхэнэ нэг шүдний оронд дахин шүд хийлгэсэн зардалд нийт 500.000 төгрөгийн хохирол учирсан. Б.Г надад учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан. Одоо надад энэ хүнээс нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-р хуудас/,
2. Гэрч З.Дгийн “2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 20:00 цагт дэлгүүрээ хаачхаад ойр зуурын зүйл эмхэлж байгаад 21:00 цагт гэртээ харихад нөхөр байгаагүй. Би гэртээ дөнгөж ороод байтал нөхөр Б над руу утасдаад намайг хүн зодлоо гэж хэлсэн. Би хаана хэн зодов гэж асуутал утас нь тасарчихсан. Удалгүй 20 орчим минутын дараа нөхөр маань гэртээ орж ирсэн. Би зодуулсан гэж хэлсэн тул анзаарч харахад нүүр аманд нь ямар нэгэн хавдсан хөхөрсөн зүйл байхгүй, хамарны угалзны угаар бага зэрэг цус мэт зүйл болсон байсан. Би түүнээс хаагуур явсан юм гэж асуухад айлд гэж хэлсэн. Тэгж хэлэхэд нь үүдэн шүд нь байхгүй онгойж харагдсан. Би наад шүдээ яачихсан юм бэ? гэж асуухад нуугаад хэлэхгүй байсан. Надад урьд нь зодуулчихлаа гэж утсаар ярьсан тул хүнд зодуулж гэмтсэн юм байна гэж ойлгоод цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирэхэд Б болсон явдлыг хэлсэн. Тухайн үед үүдэн шүд хугарсан мөн үүдэн шүдний зай бөглөсөн хиймэл шүд бас хугарсан байсан. Хиймэл шүдийг өнгөрсөн зун үүдэн шүдний завсар нөхөх зорилгоор хийлгэсэн бөгөөд цоорсон хөдөлсөн зүйлгүй эрүүл шүд байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/,
3. Гэрч Б.Оын “2021 оны 01 дүгээр сарын 29-ний орой Б манайд ирээд миний дүү Гтэй юм яриад сууж байгаад харьж нүүрс хийнэ гэж хэлээд 17 цагийн орчимд явсан. Г манайд хэсэг байж байгаад гараад явсан бөгөөд орой нь бууз боож эхэлж байтал Г, Б нар архи, пиво авчихсан манайд ирсэн. Тэр үед манай эгч О ирчихсэн байсан. Тэд нар манайд архи пиво ууж байгаад 19 цаг 20 минутын орчимд Б куртикээ өмсөөд гараад явсан. Араас нь Г гарсан. Бид нар гэрт бууз чимхэж байгаад би буузаа хөлдөөхөөр гэрээс гарахад Г, Б нар хоорондоо маргалдаад гэрийн гадна, хашаан дотор зогсож байсан. Би гайгүй байгаа биз гэж бодоод гэртээ орсон. Удалгүй Г, Б 2 гэрт орж ирсэн бөгөөд Б амаа дарчихсан амнаас нь цус гарчихсан байсан. Тэгээд танай дүү намайг цохисон гэж хэлээд хиймэл шүдээ гартаа барьчихсан үзүүлж байсан. 2 шүд унасан, нэг шүд нь хиймэл байсан гэж хэлээд үзүүлсэн. Нөгөө шүдийг нь хайгаад олоогүй гэж хэлсэн. Тэгээд Б яваад өгсөн. Бийн амнаас цус гарч байсан, шүд нь унасан гэж хэлж байсан, үүдэн шүд дээд тал нь онгойж харагдаж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,
4. Гэрч Б.Оы “...Тэр өдөр үдээс хойш Г гэх миний дүү манай гэрт байж байтал урдны танил Б манайд орж ирсэн. ...Бид нар гэрт буузаа чимхэж байтал гадна хэрэлдэж ноцолдох чимээ гарахаар нь гэрээс гарахад тэр хоёр барьцалдсан зогсож байсан. Би очоод тэр хоёрыг салгаж Отгонжаргалын гэрт оруулсан. Б гэрт орж ирээд шүд уначихлаа, Г цохисон гэж хэлээд хиймэл шүд гэж үзүүлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,
5. 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “1. Үзүүлэгч О.Бийн биед гэмтэл учирсан байна. 2. Үүдэн дээд зүүн 1 дүгээр шүдний булгарал гэмтэл учирсан байна. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь өөрийнх нь зааж буй хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна. Үүдэн дээд баруун 1 дүгээр шүд хуучин үгүй байсан байна. 5. Үүдэн дээд зүүн 1 дүгээр шүдний булгарал гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварыг бага хэмжээгээр тогтонги алдагдуулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. 6. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52.1-д зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг 5 хувиар тогтонги алдагдуулна. 7. Хиймэл шүд унасан байдалд гэмтлийн зэрэг тогтоохгүй” гэх 60 дугаартай дүгнэлт /хх-ийн 22-23-р хуудас/,
7. Шүүгдэгч Б.Гийн яллагдагчаар өгсөн “...би тэр орой эгч Оы гэрт байж байтал Б тэднийд орж ирсэн. Бтой хамт гарч бие засах гэж байхдаа би Бийг урьд нь Отгонжаргалынд согтуу шөнө орой ирсэн гэж сонссон тул түүнийг хэлэхэд Б би орж болохгүй айлд орчихсон байна уу гэж хэлсэн түүнээс болж бид хоёр маргалдаад би түүнийг татаж унагаагаад нүүр лүү нь 1 удаа цохисон. Дахин зодож цохисон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/ зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Г нь Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутагт 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр үл ялих зүйлээр шалтаглан хохирогч О.Бийг зодож, улмаар хохирогчийн биед 1-р шүд мултарч унасан гэмтэл учруулсан үйл баримт болжээ.
Хохирогчийн биед учирсан 1-р шүд мултарч унасан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 60 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Г нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэм буруугийн талаар шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар маргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Хэдийгээр шүүгдэгч нь хохирогчийн нэхэмжилсэн 500.000 төгрөгөөс 200.000 төгрөгийг төлсөн. Үлдэх хохирлыг удахгүй төлнө гэж нөхөн төлөхөө илэрхийлж байгаа боловч хохирогч О.Бийн зүгээс “...одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-р хуудас/, шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд мөн дээрхтэй ижил тайлбарыг хэлж тэмдэглүүлсэн байна. Мөн хохирогчийн хувьд эмчилгээтэй холбоотой зардлын баримт хэрэгт тусгуулаагүй. Иймд шүүдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон гэрч Б.Оын “...Г нь миний төрсөн дүү юм. Бид эцэг эхээс наймуулаа бөгөөд Г бидний хамгийн бага дүү юм. Г зан араншингийн хувьд сэргэлэн цовоо зантай, хөдөө хээр амьдарч ирсэн тул найз нөхөд цөөхөн ойр хавийн нутгийн хүмүүс, үе тэнгийн залуучуудтай найзалж нөхөрлөдөг. Архи уугаад байдаггүй, тамхи татдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/, гэрч Ю.Бын “...Г нь Тэс суманд ээжтэйгээ амьдардаг, аав нь нас барчихсан. Ар гэрийн амьдралын хувьд амьжиргааны түвшингээс доогуур амьдралтай, цөөн тооны малтай, Г өөрөө тусдаа гараагүй, эхнэр, хүүхэдгүй хүн байгаа юм. Г нь айлын бага хүүхэд бөгөөд хөдөө мал маллаж өссөн. Бичиг үсэг, боловсрол байхгүй. Өөрийн гэсэн хувьд ноогдох хөрөнгө тасалж аваагүй байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/-үүд хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгч Б.Г нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан улсын яллагчаас шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс торгох ял оногдуулах саналыг тус тус гаргасан.
Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал...” зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х ургийн овогт Бгийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН