Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 1003

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 40/Д-80 тоотод оршин суух, Хиад боржигон овогт Рэгзэнгийн Нямжав /РД:ЧП58041008/-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 60-39 тоотод үйл ажиллагаа явуулдаг, “Говийн заяа” ХХК, 

Хариуцагч: Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 13-218 тоотод үйл ажиллагаа явуулдаг, “Эм Жэй Би Ай” ХХК нарт холбогдох,

            8,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.Нямжав, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Алимаа, “Говийн заяа” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхцэцэг, “Эм Жэй Би Ай” ХХК-ийн төлөөлөгч С.Баасанхүү,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов. 

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Нямжав нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14/А/Б байрны зүүн тал болон 98 дугаар цэцэрлэгийн баруун талд тус дүүргийн Засаг даргын 1999 оны Б/235 тоот захирамжаар газар эзэмших зөвшөөрөл авч, 18 м.кв талбайд өөрийн хөрөнгөөр /бетон, тоосго, төмөр зэрэг материалаар/ 47 тоот гражийг барьж, 14 жилийн турш газар эзэмших шаардлагыг зохих журмаар биелүүлэн ашигласан. Гэтэл 2015 оны 3 дугаар сараас 6 дугаар сард миний гражийн зориулалтаар эзэмшиж байсан газар дээр /мөн тэр орчим гражийн зориулалтаар эзэмшиж байсан 80 гаруй граж байсан бөгөөд эдгээр гражуудын газрыг бүхэлд нь хамарсан байсан/ “Эм Жэй Би Ай” ХХК автомашины 5 давхар зогсоолын барилга барихаар холбогдох байгууллагаас зөвшөөрөл авч, тэр хавьд ашиглаж байсан гражуудын газрыг чөлөөлөх тухай шаардах хуудас гражийн хаалган дээр наасан байсан. “Эм Жэй Би Ай” ХХК нь автомашины нэгдсэн зогсоолын барилга байгууламж барихын тулд тэр хавьд граж эзэмшиж байсан дээрх тооны иргэний газрыг чөлөөлүүлж, гражийг нурааж, оронд нь шинээр барих 5 давхар зогсоолдоо автомашины зогсоол өгөхөөр тохиролцон гэрээ байгуулсан байсан.

....2016 оны 4 дүгээр сард “Говийн заяа” ХХК-ийн захирал Ш.Ариунтуяа, менежер Ч.Баттулга нартай уулзаж гэрээ байгуулах гэж 2 өдөр яваад, компанийн бичиг баримтгүй, бүрдэл хангалтгүй гэсэн үндэслэлээр гэрээ байгуулж чадаагүй учраас “Эм Жэй Би Ай” ХХК-ийг төлөөлж менежер Ч.Баттулгатай миний эзэмшлийн гражийн барилгын үнэ 8,000,000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өгөхөөр харилцан тохиролцож, баталгаа гарган, нотариатаар батлуулсан. Гэвч 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр болж, би “Эм Жэй Би Ай” ХХК-ийн захирал С.Баасанхүү, “Говийн заяа” ХХК-ийн захирал Ш.Ариунтуяа, мөн энэ 2 компанийн менежер Ч.Баттулга нартай утсаар ярьж, өөрийн биеэр очиж уулзан, баталгаа гаргасны дагуу 8,000,000 төгрөгийг авья гэхэд өгөх боломжгүй гэсэн хариуг удаа дараа надад өгч, одоо болтол баталгааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Иймд баталгааны гэрээгээр хүлээсэн үүрэг болох 8,000,000 төгрөгийг хариуцагч “Эм Жэй Би Ай” ХХК болон “Говийн заяа” ХХК-иас гаргуулан миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.  

Зохигч талууд 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байх бөгөөд эвлэрлийн гэрээнд:  Нэхэмжлэгч Р.Нямжав нь хариуцагч “Эм Жэй Би Ай” ХХК болон “Говийн заяа” ХХК -аас 8,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч “Эм Жэй Би Ай” ХХК-аас татгалзаж, хариуцагч “Говийн заяа” ХХК нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 8,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.      

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.Нямжав нь хариуцагч “Эм Жэй Би Ай” ХХК болон “Говийн заяа” ХХК нарт холбогдуулан 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигчид эвлэрч, нэхэмжлэгч Р.Нямжав нь хариуцагч “Эм Жэй Би Ай” ХХК болон “Говийн заяа” ХХК-иас 8,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч “Эм Жэй Би Ай” ХХК-аас татгалзаж, хариуцагч “Говийн заяа” ХХК нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 8,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулан талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон      

                                                                                                                             ТОГТООХ нь:                                    

1. Нэхэмжлэгч Р.Нямжав нь хариуцагч “Эм Жэй Би Ай” ХХК болон “Говийн заяа” ХХК нараас 8,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч “Эм Жэй Би Ай” ХХК-аас татгалзаж, хариуцагч “Говийн заяа” ХХК нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 8,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Говийн заяа” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 142,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Нямжавт олгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

           

 

 

                                     ДАРГАЛАГЧ                                    Х.ЭНХЗАЯА