| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2021/0356/Э |
| Дугаар | 391 |
| Огноо | 2021-03-24 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Л.Галав |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 391
2021 03 24 2021/ШЦТ/391
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
улсын яллагч Л.Галав,
шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.Бг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 00000 0290 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч О.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хороо 76 дугаар байрны авто гаршийн үүдэнд хохирогч С.Ахботагийн гээсэн Нуавэй Пи 30 Лайф маркийн гар утсыг бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас 720.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Бг холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад О.Б нь алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч С.Ахботагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр оройн 20 цагийн орчим өөрийн оршин суудаг 76 дугаар байрны гадна гарш руу орох үедээ Нуавэй Ри 30 Лайф маркийн гар утсыг гээсэн байсан. Би эгчийн машинд байгаа гэж бодоод тайван байсан ба машинд байхгүй гэдгийг мэдээд гэрээс гарч машинаас буусан газраа үзэхэд тэр газарт байгаагүй. Өөрийн 88104575 дугаарт залгахад эхэндээ дуудаж байснаа сүүлдээ холбогдохгүй болсон. Би 76 дугаар байрны хяналтын камерыг шүүж үзэхэд машинаас буухдаа гар утсаа унагаагаад үл таних хүн аваад явсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 08/,
“Дамно” хөрөнгө үнэлгээний компанийн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн БЗД3-21-44 дугаартай:
“2019 оны 06 дугаар сард Юнител группээс худалдан авч байсан Хуавэй Пи 30 Лайф маркийн гар утсыг 720.000 төгрөгийг үнэлэв” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14-15/,
- Иргэн С.Ахботагийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 04/,
- эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 18-19/,
- хохирогчийн Юнител компаниас Хуавэй Пи 30 Лайф загварын гар утсыг худалдан авсан тухай 17080092 дугаар гэрээ /хх-ийн 30/,
- мөрдөгчийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн тэмдэглэл /хх-ийн 44/,
- хохирогчид эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх-ийн 52/,
Шүүгдэгч О.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“Би гэрээсээ гараад 76 дугаар байрны хүнсний дэлгүүрээс бүтээгдэхүүн худалдаж авахаар явах замд Хуавэй Пи 30 Лайф загварын хар өнгийн корпустай, цэцэгтэй гэртэй гар утас газар байхаар нь авсан. Тухайн үед ойр орчимд хүн байхгүй байхаар нь тухайн гар утсыг аваад халаасандаа хийсэн. Үзэхэд гар утас унтарсан байсан. Дэлгүүр ороод гэртээ хариад гар утсыг асаахад пин код нэхэхээр нь доторх Юнителийн сим картыг авч хогийн саванд хаяад өөрийн Юнителийн 86820823 дугаартай сим картыг хийж асаахад гар утас дэлгэц нь кодтой байсан. 5-6 хоног хүн асууж сураглахгүй байхаар нь 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Тэди төвийн гар утас засварын газар очиж хамгаалалтын кодыг 30.000 төгрөгөөр тайлуулж өөрийн сим картаа хийж барьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлын тухай: О.Бгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 36/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 37-39/, Зэвсэгт хүчний 326 дугаар анги буюу шүүгдэгчийн ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 40/, шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 50/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй байх ба тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас О.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Б нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч О.Бг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, ажил эрхлэлтийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт Оийн Бг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч О.Б нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ