| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 177/2021/0034/э |
| Дугаар | 2021/ШЦТ/41 |
| Огноо | 2021-03-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 2021/ШЦТ/41
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ш ургийн овогт Бгийн Бод холбогдох эрүүгийн 2135000000033 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ш ургийн овогт Бгийн Б, 1981 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Увс аймгийн Зүүнговь сумын Тохой багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: ОД81071233.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Б нь Увс аймгийн Зүүнговь сумын 4 дүгээр багийн нутагт иргэн Ц.Лгийн гэрт 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө түүнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар эрүүгийн 2135000000033 дугаартай хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Ц.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...эхнэр хүүхдүүдийн хамтаар амрах гэж байтал гаднаас Ш гэх манай нутгийн залуу согтуу орж ирээд “манай үхэр байна уу?” гэж надаас асуухаар нь би “танай үхэр байна, танайх үхрээ авахгүй юм уу, аль эсвэл үхрийнхээ баасыг түүж аваарай” гэж хэлэхэд Ш уурлаж “чиний мэддэг газар гэж юу байдаг юм” гэж агсам согтуу тавьж эхлэхээр нь “би өөрийн газраа мэдэж байна, чи манай өвөлжөөний хажууд мод буулгасан биз дээ” гэж хэлээд бид хоёр барьцалдаад авахад эхнэр босож ирээд бид хоёрыг салгаад гараад явах хооронд Ш намайг гал дээр байсан данхтай цайгаар толгой руу нэг удаа цохитол би хэсэг хугацаанд манараад сэргэтэл Ш намайг орон дээр хоолой боосон байхад эхнэр гаднаас орж ирээд салгаж Шг гэрээс гаргаж явуулсан. Тэгээд би гараараа амаа барьтал амнаас цус гарсан байдалтай байхаар нь шүдээ үзэхэд дээд талын урд шүднээс нэг шүд хугарсан, нэг хиймэл шүд унасан, нэг шүд хөдөлсөн цус гарсан байхаар нь миний шүдийг цохисон байна гэж эхнэрт хэлсэн. Тэгээд цусаа угаачхаад унтаж амарсан. Маргааш нь буюу 2021 оны 02 дугаар сарын 09-ний орой Баруунтуруун сумын эмнэлэгт очиж хэвтэн эмчлүүлсэн. Тухайн эмнэлэгт үзүүлэхэд үүдэн шүдний нэг шүд хугарч, нэг шүд хөдөлсөн байна гэж хэлсэн. Тэгээд нэг хөдөлсөн шүд болон хугарсан шүдний ёзоорыг эмчээр авхуулсан. Мөн тухайн эмнэлэгт 6 хоногт хэвтэн эмчлүүлсэн. Тухайн үед надаас уучлалт гуйсан зүйл байхгүй. Би Ш /Б/ миний шүд хийгээд өг гэж хэлэхэд 400.000 төгрөг байна, үүнийг өгье гэж хэлсэн... ” гэх мэдүүлэг /хх-25-29-р хуудас/,
2. Гэрч А.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ц.Л Шд “хандан танай үхэр хэвтэр дээрээ байна, үхрээ тууж аваад яваарай” гэж хэлэхэд Ш босож ирээд манай нөхрийг заамдаад авахаар нь би очиж салгаад гэрээс гарч утасны сүлжээ харчхаад эргээд ороод иртэл Ш манай нөхрийг галын дээд талд дээр нь гараад суучихсан цохиж байхаар нь би салгах гээд очтол намайг түлхсэн. Дахин очоод салгах гээд надад хүч хүрээгүй болохоор том хүүхэдтэйгээ хамтарч Шг гэрээс гаргаад явуулчхаад буцаж ороод нөхөр Ц.Лг харахад амнаас нь цус гарсан нэг шүд нь хугарсан, толгойн араас нь цус гарч байхаар нь усаар угааж өвчин намдаах эм өгсөн. Тэгээд нөхрөөсөө “чамайг юугаар цохисон юм” гэж асуухад данхтай цайгаар намайг цохисон гэж хэлсэн. Тэгээд бид нар унтаж амраад өглөө нь Баруунтуруун сумын хүн эмнэлэг рүү дуудлага өгч Ц.Лг өгч явуулсан. Ц.Лгийн өөрийнх нь эрүүл 1 шүд хугарсан, 1 шүд нь хөдөлсөн 1 хиймэл шүд нь урд байсан гээсэн байсан. Ш гэх хүн цохисноос үүдэн 1 шүд хугарч, 1 шүд нь хөдөлсөн. Мөн толгой ар хэсэгт бага хэмжээгээр цус гарсан. Ш гэх хүнтэй 2020 оны өвөл манай буурь дээр хамт өвөлжсөн бөгөөд 2020 оны 12 дугаар сард манай өвөлжөөний хажууд өвөлжөө гарган гээд машинтай мод буулгасан. Тэгээд бид нар өвөлжөөг энд гаргаж болохгүй манай өвөлжөөний даац хэтэрч байна гэж хэлэхэд хүчээр өвөлжөө барих мод буулгасан. Ш гэгч шинэ жилийн дараа байх согтуу ирж агсам согтуу тавьж энэ өвөлжөө минийх та хоёт юу байдаг юм, өвөлжөөг чөлөөлж өг гэж хэл амаар доромжлоод явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 30-33-р хуудас/,
3. Гэрч Г.Оын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 08-ны шөнийн 02-03 цагийн хооронд гэртээ амарч байтал гэрийн хаалга цохиод байхаар нь босож онгойлгоод гэртээ оруулахад Ш согтуу орж ирээд аймгийн сайн малчины цайнд очоод ирлээ архи өг гэхээр нь би Шд “архи чамд өгөхгүй” гэсэн. Тэгвэл гэр лүүгээ явна гэж хэлээд гадаа мотоциклоо асаах гэтэл уг мотоцикл нь асахгүй болохоор нь гэрт орж ирээд сууж байгаад хувцастайгаа газраар унтаж амарсан. Тэгээд өглөө болоод үхэрт явж ирэхэд Ш гэрт байхгүй гараад явсан байсан. Тухайн орой Ш нь Улаанаа буюу Лтэй зодолдсон талаар ямар нэгэн зүйл хэлээгүй. Би 2021 оны 02 дугаар сарын 08-ны орой нь ойр хавийн хүмүүсээс бяруу олдохгүй болохоор Лгийн утас руу залгаад бяруугаа асуутал эхнэр нь Лг Ш зодож шүдийг нь цохисон гэж хэлэхээр нь мэдсэн өөр зүйл мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/,
4. 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...1. Үзүүлэгч Ц.Лгийн биед гэмтэл тогтоогдлоо. 2. Тархи доргилт, зүүн зулай чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, үүдэн баруун дээд 2 дугаар шүд, зүүн дээд 1 дүгээр шүдний булгарал, үүдэн баруун дээд 3 дугаар шүд, зүүн дээд 2 дугаар шүдний сулрал, баруун сарвууны ард зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтлүүд нь 2021 оны 02 дугаар сарын 09-нд үүсчихсэн байсан талаар амбулаториор эмчлүүлэгчдийн картад бичигдсэн байна. 5. Тархи доргилт, зүүн зулай чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба үүдэн баруун дээд 2 дугаар шүд, зүүн дээд 1 дүгээр шүдний булгарал гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр тогтонги алдагдуулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1, 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. 6. Ц.Лгийн үүдэн баруун дээд 1 дүгээр шүдний буйл мөлгөр байх тул дээрх 2 шүднээс өмнө буюу хуучин унасан байсан байна. Энэ нь одоогийн гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй. 7. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52.2-д зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг 10 хувиар тогтонги алдагдуулна...” гэх 97 дугаартай дүгнэлт /хх-ийн 44-46-р хуудас/,
7. Шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “....Л бид хоёр зэргэлдээ айл байдаг бөгөөд тухайн орой айлын цайнд очоод уг айлаас Ц.Л бид 2 хамт гарч Ц.Л түрүүлээд гэр лүүгээ явсан ба би араас тэдний гэр лүү явах замдаа үхрээ харчхаад очсон ба Ц.Лгийн гэрт орох үед Ц.Л эхнэр хүүхэдтэйгээ байсан. Тэгээд гэрт ороод сууж байтал Ц.Л надад хандан “та манай үхрийн хэвтэр дээрээс үхрээ авахгүй юм уу?” гэхээр нь би “наад үхэр чинь байж байг” гэж хэлээд бид хоёр хоорондоо маргалдаж улмаар барьцалдаж аваад Ц.Л миний дээр гарахаар нь би “яасан овоо юм бэ” гээд Ц.Л дээр гарсан. Тэгээд цаашаа яг юу болсон гэдгийг сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар нь гал дээр байсан цайны данх авч байсан гэдгийг санаж байна. Өөр зүйл санахгүй байна. Маргааш нь Ц.Лгийн гэрт очиход эхнэр нь намайг та манай нөхрийг данхаар цохиж шүдийг нь хугалсан гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54-р хуудас/ зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Б нь тус шүүхэд хандаж “Миний бие шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан байх бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах...” эрхтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүн, хуулийн этгээд хуульд заасны дагуу хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх боломж нөхцөл, цаг хугацаагаар хангагдана” гэж заасны дагуу түүний хүсэлтийг хүлээн авсан болно.
Шүүгдэгч Б.Б нь Увс аймгийн Зүүнговь сумын 4 дүгээр багийн нутагт 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө хохирогч Ц.Лтэй хувийн таарамжгүй харилцаа буюу үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар хохирогчийн биед тархины доргилт зүүн зулай чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, үүдэн баруун дээд 2 дугаар шүд, зүүн дээд 1 дүгээр шүдний булгарал, үүдэн баруун дээд 3 дугаар шүд, дээд 2 дугаар шүдний сулрал, баруун сарвууны ард зулгаралт гэмтлүүдийг учруулсан үйл баримт болжээ.
Хохирогчийн биед учирсан үүдэн баруун дээд 2 дугаар шүд, зүүн дээд 1 дүгээр шүдний булгарал, үүдэн баруун дээд 3 дугаар шүд, дээд 2 дугаар шүдний сулрал гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1, 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 97 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Бийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг шүүгдэгч Б.Б нөхөн төлсөн болох нь хохирогч Ц.Лгийн “...Б.Б бид хоёр сайн дураар ярьж тохиролцож, хохирлоо бүрэн барагдуулсан тул надад гомдол санал байхгүй мөн нэхэмжлэх зүйл байхгүй учраас энэхүү хэргийг хурдан шуурхай шийдэж өгнө үү...” гэх тодорхойлолт /хх-ийн 17-р хуудас/, шүүгдэгч Б.Боос хохирогч Ц.Лд 1.000.000 төгрөг шилжүүлсэн ХААН банкны дансны хуулга /хх-ийн 18-р хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон гэрч Д.Згийн “Б.Бод ямар нэгэн муу зуршил байхгүй. Мөн хүнд их тусархуу, хүмүүстэй нээлттэй харьцдаг, дөлгөөн тайван зантай, хүнтэй зөв харьцдаг, нийтэч зантай хүн байгаа юм. Б.Б нь гурван хүүхэдтэй бөгөөд гэр бүлийн харилцаа нь тогтвортой, амьдралын төлөө явж байгаа зөв хүмүүжилтэй хүн юм. Би Б.Быг аав ээжийн үгэнд сайн ордог, гэрийн хүмүүжил бол сайн гэж боддог” мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/, гэрч Т.Эын “Б.Быг таньдаг бөгөөд 2010 оноос хойш найз нөхөд болж нэг нэгнийхээ гэрт орж гардаг найзуудын хамааралтай. Б.Бод ямар нэгэн муу зуршил байхгүй. Мөн дөлгөөн тайван зантай, хүнтэй зөв харьцдаг, хүмүүстэй нийтэч зантай хүн байгаа юм. Б.Б нь гурван хүүхэдтэй бөгөөд гэр бүлийнхээ харилцаа нь тогтвортой, гэр бүлийн уур амьсгал нь энгийн нэг монгол айл шиг байдаг” мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66-р хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг харгалзан хяналтын прокурор А.Анхбаяр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болох нь хавтаст хэргийн 79-р хуудаст авагдсан прокурорын саналаар тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн шүүгдэгч Б.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг,
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш ургийн овогт Бгийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бод өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН