Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 400

 

М.Ш-, Г.З- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Д.Эрдэнэчимэг,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 364 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор Д.Эрдэнэчимэгийн бичсэн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 14 дугаартай эсэргүүцлээр М.Ш-, Г.З- нарт холбогдох эрүүгийн 1705013040285 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             1. Өөлд овогт М-ийн Ш-, 1990 оны 9 дүгээр сарын 23-ны Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, “Скай Ресорт” ХХК-ийн цанын баазад багш ажилтай, Баянгол дүүрэгт оршин суух бүртгэлтэй,

            - Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 259 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан /РД:/,

            2. Боржигон овогт Г-ын З-, 1992 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Япон хэлний орчуулагч мэргэжилтэй, “Голден Грөүс” ХХК-д жолооч ажилтай, Баянгол дүүрэгт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:/,

            Г.З- нь 2017 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 23а-94 тоотод М.Ш-тэй маргалдан улмаар түүнийг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

            М.Ш- нь 2017 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 23а-94 тоотод Г.З-тай маргалдан улмаар түүнийг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Баянгол дүүргийн Прокурорын газраас Г.З-, М.Ш- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй дараах мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

            - хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай Мөрдөгчийн тогтоолын удиртгал хэсэгт “...М.Ш-өөс ирүүлсэн бүртгэлийн Г-14947 дугаартай гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаж үзээд...” /хх-ийн 6/ гэсэн атлаа М.Ш- нь өргөдөлдөө 2017 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн үйл явдлын талаар дурьдаж уг өргөдлөө мөн өдрөө гаргасан /хх-ийн 8/ байгааг зөвтгөх,

            Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөн байцаагчийн тогтоолын тогтоох хэсэгт “...Бадрахын гэрт М.Шинэбаяр, Г.З- нар маргалдаж...” /хх-ийн 6/ гэж хэрэгт авагдаагүй хүний нэр бичсэн алдааг засварлах шаардлагатай.

            - гар утсанд үзлэг хийхдээ гэрч Э.Оюунчулууг оролцуулсан /хх-ийн 38/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал, амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг байцуулна. Эзэмшигчийг байлцуулах боломжгүй бол хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулж, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ” гэснийг ноцтой зөрчсөн,

            - 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хохирогчоор мэдүүлэг авсан тэмдэглэл дээр “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн Ч.Гандолгор нарт холбогдох 180500024 дугаартай хэрэгт...” /хх-ийн 53/ гэж, Г.З- нарт холбогдох хэргээс өөр хэрэгт Г.З-ыг хохирогчоор тогтоосон зөрчилтэй,

            - 2018 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн...” /хх-ийн 59-60/ гэж зүйл ангийг буруу бичсэн зөрчилтэй,

            - хохирогчоор тогтоох тухай тогтоолын сар засвартай /хх-ийн 13/,

            - шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн он засвартай /хх-ийн 64/,

            - хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлийн он сар засвартай /хх-ийн 103-105/,

            - яллах дүгнэлтийн тогтоох хэсгийн “...учруулсан, учруулсан...” гэж үг үсэг, техникийн шинжтэй алдаа /хх-ийн 112/ зэргийг зөвтгөсний дараа шүүхэд хэргийг ирүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан яллагдагчийн “ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх буюу өөрийнх нь холбогдсон гэмт хэрэг нь ямар нотлох баримтаар нотлогдож байгааг мэдэх эрх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах” эрхийг яллагдагч М.Ш-д танилцуулаагүй, эрхийг нь ноцтой зөрчсөн, мөн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр яллагдагч М.Ш-өөс мэдүүлэг авахдаа мэдүүлэг авсан гэх мөрдөн байцаагч гарын үсэг зураагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийг зөрчсөн /хх-ийн 33, 69/ байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлж хэргийг шүүхэд шилжүүлэх боломжгүй байдлыг бий болгож байна...” гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар М.Ш-, Г.З- нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

            Прокурор Д.Эрдэнэчимэг давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

            1. Хавтаст хэргийн 8 дугаар хуудсанд ...иргэн М.Ш-өөс ... “Бусдад зодуулсан” талаар өргөдөл гаргасан байх бөгөөд өргөдлийг Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Г-14947 дугаартай гомдол, мэдээллийн бүртгэлд авч тус дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Баасанбаатар гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл үйлдсэн байна. /хх-ийн 7/, Мөн өдрөө М.Ш-өөс мэдүүлэг авчээ. /хх-ийн 9-10/,

2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр тус хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Адъяабаяр нь “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” тогтоолд болсон асуудлын талаар дурьдахдаа 2017 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө М.Ш-, Г.З- нар нь хоорондоо маргалдан улмаар харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, эрүүгийн хэргийн 170501304 дугаар олгожээ.

Иймд уг гэмт хэрэг нь тухайн цаг хугацаанд үйлдэгдсэн болох нь тогтоогдож байх бөгөөд М.Ш-өөс ирүүлсэн өргөдлийг цагдаагийн байгууллагын гомдол, мэдээллийн ажилтан хүлээн авсан тухай бүртгэл болон өргөдөлд дарагдсан дардас зэргээр 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авсан болох тогтоогдож байна. Мөн мөрдөгчийн тогтоолын удирдтгал хэсэгт ...2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаж үзээд /хх-ийн 6/ гэж бичигдсэн мөрдөгчийн техникийн шинжтэй алдаа гаргасан байх ба дээрх нотлох баримтуудаар 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр буюу тухайн цаг хугацаанд өргөдлийг хүлээн авсан болох нь тогтоогдож байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.9 дүгээр зүйлд заасан заалтуудыг зөрчөөгүй байх бөгөөд ... мөн хуулийн 3 дэх хэсэгт Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоолд хэргийн бүртгэлийн дугаар, ямар гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн, уг хэрэгт хэрэг бүртгэлт явуулах үндэслэлийг тусгана. Тогтоолд хүн, хуулийн этгээдийн нэрийг холбогдуулан бичихийг хориглоно гэсэн хуулийн заалтыг зөрчөөгүй байна. /1 дэх заалтад мөн адил хамаарах/,

З. Гэрч Э.Оюунчулууны ... /М.Ш-ийн эхнэр/ ...манай нөхөр найзтайгаа уулзаад хоолоо идээд сууж байтал утас нь дуугарсан. ...Тэгсэн Золоо байна гээд яриад байсан ... “би очоод уулзчихаад ирье” гээд Ш-тэй гараад явсан. ...Тэгээд гараад явсных нь дараа миний утсанд манай нөхрийн утаснаас мессеж ирсэн, “Жиши /Ш-ийн найз жижиг Ш-/ байна” гэсэн байсан. ...Би буцаагаад байна гэж хариу бичихэд өөдөөс “цагдаа дууд, найзыг нийлээд зодчихлоо, памперсийн /Бадрахтөр/ гэрт байна” гэж хариу бичсэн ...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/ болон мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Адъяабаярын 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэрч Э.Оюунчулууны 88229792 дугаарын үүрэн телефоны гар утсанд уг утасны эзэмшигч болох Э.Оюунчулууныг өөрийг нь оролцуулан /хх-ийн 38/ үзлэг хийж, энэ тухай тэмдэглэл үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг байлцуулна...” гэсэн заалтыг зөрчөөгүй гэж дүгнэж байна.

Хохирогч М.Ш-ийн 89996761 дугаарын 2017 оны 11 сарын 03-наас 04-ныг хооронд гарсан ярианы лавлагаа 88229792 дугаараас залгасан мессэж бичсэн дуудлага, мессэжний зураг зэрэг 5 хуудас баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл зэргийг хавсаргасан болно.

4. 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэчимэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлд заасны дагуу Г.З-, М.Ш- нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэж үзэн 1705013040285 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ.

Эрүүгийн 1705013040285 дугаартай хэрэгт хохирогчоор Г.З-ыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд заасны дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар ...тайлбарлуулах, тодруулах зорилгоор эрүүгийн 1705013040285 дугаартай хэрэгт хохирогчоор мэдүүлэг авсан бөгөөд /хх-ийн 53-54/, хохирогчоор дахин мэдүүлэг авсан /хх-ийн 55-87/, нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

5. 2018  оны 1 дүгээр сарын 27-ны өдөр эрүүгийн 1705013040285 дугаартай хэрэгт гэрч Д.Энх-Амгалан /хх-ийн 59/, гэрч Б.Мэндбаяр /хх-ийн 60/ нараас мэдүүлэг авсан бөгөөд уг гэрч нарын мэдүүлэгүүдийг Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгийн үед прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дугаар хэсгийн 6.4-д заасан техникийн шинжтэй алдаа засуулах хүсэлт, мөн хуулийн 6.10-д заасан шүүх хуралдаанд шинжлэн судлах нотлох баримтын талаар дээр дурьдагдсан гэрч Д.Энх-Амгалан, Б.Мэндбаяр нарын мэдүүлэгүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэр тухай хуулийн 16.9 дүгээр зүйлийн 1.2 тухайн хэрэгт хамааралгүй нөхцөл байдлыг тодруулсан гэх үндэслэлээр мөн хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Адъяабаяр нь яллагдагч М.Ш-өөс 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр авсан мэдүүлэг, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэрч Э.Оюунчулууны 88229792 дугаарын үүрэн телефоны гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэргийг нотлох баримтаар тооцохгүй байх, Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дугаар хэсгийн 6.13 дэх хэсэгт заасан үндэслэлээр шүүх хуралдаанд шинэчлэн судлахаас татгалзах саналуудыг тус тус шүүхэд гаргасан боловч ... Шүүх ...тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлж хэргийг шүүхэд шилжүүлэх боломжгүй байдлыг бий болгож байна гэж дүгнэсэн нь хуулийн агуулгыг буруугаар тайлбарлаж, хэргийг үндэслэлгүйгээр прокурорт буцаасан гэж үзэж байна.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын явцад үйлдэх тэмдэглэлийн болон шийдвэрийн маягтыг Улсын ерөнхий прокурор батална” гэжээ.

Улсын Ерөнхий Прокурорын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/59 дүгээр тушаалын хавсралтаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын явцад үйлдэх тэмдэглэлийн болон шийдвэрийн мяагтыг баталж мөн өдрөөс эхлэн одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Тушаалын хавсралтын “Хоёр” дахь хэсгийн “Мөрдөгчөөс гаргах эрх зүйн хэлбэрийн жагсаалт МША/56-д байгаа “Яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл”-ийн маягтыг Улсын Ерөнхий Прокуророос баталж өгсөн бөгөөд уг хэрэгт мөрдөгч нь батлагдсан маягтын дагуу яллагдагчаас мэдүүлэг авч, тэмдэглэл үйлдсэн. Хэрэгт авагдсан баримтаар буюу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгийн явцад яллагдагч нарт хуулинд заасан эрх үүрэгтэй танилцсан, өмгөөлөгч авахгүй, хоорондоо сайн дураар эвлэрсэн, гомдол саналгүй талаар мэдүүлсэн. /энэ талаар бичгээр гаргасан хүсэлт хэргийн материалд хавсаргагдсан болно/

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дэх хэсэгт зааснаар Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачлагаар ...мөн хуулийн 9 дэх хэсэгт зааснаар Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ гэж заажээ.

Гэвч анхан шатны шүүхээс урьдчилсан хэлэлцүүлэг зарласан тухай хурлын товыг прокурорт ирүүлээгүй нь анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна. /2018 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн 10:15 минутад 89946969 дугаарын утаснаас шүүгчийн туслах урьдчилсан хэлэлцүүлэгийн хурал 10 цагаас болно гэж мэдэгдсэн болно/       

Эцэст нь дүгнэхэд анхан шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 364 дүгээр захирамжид дурьдсан зөрчлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарахгүй бөгөөд прокурорын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад гаргасан хүсэлтийн дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дугаар хэсгийн 6.4 дэх хэсэгт заасныг үндэслэн техникийн шинжтэй алдааг засуулах, мөн хуулийн 6.10 дэх хэсэгт заасан ...шинжлэн судлуулах нотлох баримтын талаархи прокурорын санал, хүсэлт, 6.13 нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаарх зэрэг асуудлуудыг шийдвэрлэх бүрэн боломжтой байхад хэргийн буцаасан нь үндэслэлгүй болжээ.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар прокурорын эсэргүүцэл бичсэн ба уг эсэргүүцлээ дэмжиж байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, цаашид шалгах зүйлгүй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Өөрөөр хэлбэл хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан асуудлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэж шийдвэрлэх боломжтой байна.

Иймээс М.Ш-, Г.З- нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн хуулийн 33.3 дугаар зүйлд тус тус заасан “хэргийг прокурорт буцаах” заалтууд нь шүүхийн онцгой бүрэн эрхийн нэг бөгөөд нэг ойлголт мэт боловч анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шат, цаг хугацаа, хянан шийдвэрлэх журмын хувьд тус тусдаа хуулийн зохицуулалт болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд ... шүүгч өөрийн санаачилгаар ... асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргана:”, 9 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ.” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн заалтуудыг баримтлан шүүгч “Урьдчилсан хэлэлцүүлгийн тов тогтоох тухай” захирамжийг 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр гаргасан /хх-ийн 122/ байх боловч уг захирамжийн 1 дэх заалтад “...урьдчилсан хэлэлцүүлгийг 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр ... товлосугай.” гэж, мөн 3 дахь заалтад “Урьдчилсан хэлэлцүүлгийн товыг оролцогч нарт мэдэгдэхийг шүүгчийн туслахад даалгасугай.” хэмээн тусгаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчсөн байна.

Иймд прокурор Д.Эрдэнэчимэгийн бичсэн эсэргүүцлийг бүхэлд хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, М.Ш-, Г.З- нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 364 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, М.Ш-, Г.З- нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцаасугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

                                     ШҮҮГЧИД                                                       Д.ОЮУНЧУЛУУН

                                                                                                             Н.БАТСАЙХАН